You're Late

212 50 13
                                    

Уулзана гэж тохирсон цагаасаа хэдэн хором хоцорсон тул би яарсаар төв дэх өрөөний бүх хаалгыг дэлгэж түүнийг байгаа эсэхийг шалган явж байлаа. Өнөөдөр би түүний цааш харан төгөлдөр хуур тоглож байх төрхтэй таарсан юм. Энэ өдрийн өмнөхөн түүнийг хийл барьсан байгааг нь харсан санагдана. Би жижиг сандал тавин түүний хажууд суув. Тэр намайг ирэхийг мэдсэн ч өөрийн нандин цагтаа саад хийсэнгүй үргэлжлүүлэн тоглосоор. Түүний хажууд суусан даруйдаа би төгөлдөр хуур дээр байх бичгийг харав. Түүний надтай харьцахдаа хэрэглэдэг дэвтэр дээр хэдэн зүйл бичээстэй байх аж.

"Та хоцорлоо"

Хэлсэнчлэн уулзахаар товлосон цагаасаа нэлээн хоцорсон тул би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ... Би түүний энэ зан намайг ихээхэн татдаг гэж хэлсэн дээ.

Би зүүн гараараа түүний баруун гарыг зогсоон, өөрийн баруун гараар аяыг бүтэн болгоход туслав. Энэ явдал хэн, хэнд маань таалагдах болно. Бидний харилцаа хөгжмөөр эхэлж, магадгүй одоо ч хөгжим дээр цэцэглэж байгаа гэхэд буруудахгүй биз. Бид яг л нэг хүн мэт төгөлдөр хуурын аяыг эгшиглүүлж байгаа нь гайхалтай хэрэг. Нэг мэдэхэд би түүний мөрийг дэрлэсэн чигээр хөгжмөө тоглож байх аж. Бидний дунд өндрийн зөрүү тийм ч их байдаггүй юм л даа. Урт амьсгаа авсаар түүний анхилуун үнэрийг өөртөө шингээж авах шиг болов. Болдог бол түүний хувцас, эдлэл, хэрэглэл гээд ямар нэгэн зүйлийг хулгайлах юм сан. Өдөржингөө биедээ наан, цаг тутамд үнэрийг нь таашаахгүй юү.

Нүдээ удаанаар анихдаа би дахин нэг урт амьсгаа авав. Нэмж хэлэхэд би энэ аяыг нүдээ аньсан байхдаа ч тоглож чадахаар сайн мэддэг юм. Харанхуйд бүх биеэр минь тархан, шингэсэн гэмээр түүний үнэрийг би дүрслэх гэж үзэв. Бидний хамтдаа эгшиглүүлж буй аятай зэрэгцэн төсөөллийн ертөнцөд минь үзэсгэлэнт цэцэг, навчис дэлбээлж эхэллээ. Өнгө, өнгийн туяа бүхэлд нь тэднийг гэрэлтүүлж буй нь зуны улирлын нар мандах үеийг надад санагдуулах нь тэр. Яагаад нар жаргахаас илүү мандах үе нь вэ гэвэл... Тэр надад дөнгөж мандаж буй нар мэт санагддаг юм. Жаргаж байгаа нар гэвэл эвгүй сонсогдохгүй байна гэж үү?

Мөн би шөнийн тэнгэрт гялалзах оддоос илүү өдрийн наранд гэрэлтэх цэцэгсийг сонгох байсан. Яагаад өөрсдийнхөө хажууд байх цэцэгсээс асар хол байх оддыг илүүд үзээд байдаг юм бол?

Инээдтэй нь тэр одоо хүртэл өөрийн биеэр надад нэрээ хэлж амжаагүй л байна. Бүр инээдтэй зүйл гэвэл би түүний нэрийг анхны өдрөөс л мэдэж байсанд байгаа аж.

Өмнө нь хэдэн удаа дурдсандаа мэдэхгүй байна. Түүний надаар тоглоом хийж буй байдалд нь би юу, юунаас ч илүү дуртай.

Ая төгсөхтэй зэрэгцэн би нүдээ нээв. Тэр толгойгоо бага зэрэг эргүүлэн надтай ойртох ба миний хамаг анхаарал түүний тормолзох урт сормуус дээр тогтох нь тэр. Урагш гараа явуулсаар Люси төгөлдөр хуур дээр байх дэвтэр, үзгээ авлаа. Түүнийг ямар нэгэн зүйл бичиж эхлэхэд өнөөх анхаарал маань түүний сул тавьсан байх уруул дээр тогтчихов.

"Би цаг барьдаггүй хүмүүсийг үзэж чаддаггүй. Гэхдээ... Та миний юунд дуртайг мэддэг тул өөр арга алга"

Уруулаас нь харцаа салган, түүний бичсэн зүйл рүү харан хөнгөхөн инээчхээд, үзгийг нь түүнээс аван, адилхан хуудсан дээр хариу бичлээ.

"Уучлаарай"

Удалгүй түүнийг гараараа ямар нэгэн дохио өгөхөд би цочиж орхив.

"Чи надад таалагдаж байна"

Үүнийхээ дараа тэр дэвтэр дээрээ "Би энэ дохионы утгыг олох болно. Тэр өдөр та надад хэлсэн шүү дээ" хэмээн бичихэд нь би инээмсэглэн ахин өнөөх дохиог түүнд хийж үзүүлсэн юм.

"Чи надад таалагдаж байна"

---

Love TalkWhere stories live. Discover now