Урдуур минь хэн нэгэн орж ирэхэд цочсондоо бага зэрэг арагш ухрав. Гэхдээ хэн гэдгийг нь хараад би инээмсэглэсэн юм. Тэр бүжиглэсэн чигтээ над руу харж инээчхээд буцан эргэж харлаа. Одоо би түүний царайг толинд тод харж байгаа аж. Эргэж харсан ч тэр надад тод харагдана. Надад нуруугаа харуулсан ч би түүнийг харж чадахаар байв.
Бүжгийн өрөөнд бид хоёул байх ба өмнө нь ярьж тохиролцоогүй ч гэлээ хөгжимд яг нэгэн зэрэг хөдөлж байх аж. Би улайрсаар түүнийг арагш над руу ойртоход нь нэг гарынх нь бугуйгаас зөөлөн атгав. Тэр өөрийн аясаар гар дор минь эргэлдэх нь тэр. Тэгснээр түүний хурц үнэртэй үсний үнэр эргэн тойронд минь улам тархав. Хурц ч гэлээ надад их таалагдсан юм. Үснийх нь үнэрийг авахдаа би инээмсэглэхгүй байж чадсангүй.
Өөрийн мэдэлгүй доош суухтай зэрэгцэн тэр улам эрч хүчтэй бүжиглэж эхлэв. Тэр аяд бэлдсэн мэт л тохирон хөдөлж байх нь бас л миний анхаарлыг татсан хэрэг.
Бидний өмнөх уулзалт түүнд татагдахад хэтэрхий богино байсан гэж үү?
Надад лав одоо 1 секунд байсан ч хангалттай мэт санагдаж байна.
Би бодолдоо хөнгөхөн инээчхээд босон, түүнтэй нэгдэв. Түүнийг нэг эргэж харан, над руу инээхэд нь би толгой дохилоо. Таалагдаж байгаа гэдгээ л илэрхийлэхийг хүссэн юм.
Ая дуусахтай зэрэгцэн бид бие биеэ ширтэн зогсох ба би түүний гаран дээр зөөлөн үнсэв. Түүнийхээ дараа гарыг нь тавихад тэр доод уруулаар минь хэдэн хуруугаа гүйлгэж байгаад удаанаар гараа буулгалаа. Тэгэх явцдаа нүүрэнд нь инээмсэглэл тодорсон байхыг би ажиглав.
Хэвийн амьсгалах хүртлээ бид тэндээ бие биеэ ширтэн зогслоо. Ямар нэгэн үг, дохио, хөдөлгөөн гээд юу ч хэрэг байсангүй. Бидний нүд л бие биетэйгээ яриад авах нь тэр. Энэ л хангалттай. Надад хэтэрхий нандин санагдах аж.
Түүний нүдэн дэх олон сая бодолд би төөрөх шиг болов. Гэвч би надад юу хэлэхийг нь хичээгээд байгааг ойлгож авсан юм.
Тэр цааш явсаар үүргэвчээ барин буцан миний өмнө ирж зогсов. Үүргэвчээ ухсаар надад жижигхэн дэвтэр болон үзэгтэй бариулах нь тэр. Сүүлдээ түүний гарт ч ижил дэвтэр, бал харагдлаа.
"Өмнөх өдөр надад юу гэж хэлэх гээд байсан юм?"
Нүдний минь өмнө тод харагдах цэвэрхэн бичгийг би түүний гараас харж байв. Эхлээд ямар ч байсан уруулаа мушилзууллаа.
"Би мартаж орхиж"
Хариуг минь тэр хараад уруулаа нэг тал руугаа мушилзуулан дахин хэдэн зүйлийг жижиг дэвтрийнхээ дараагийн хуудас дээр бичив.
"Хмм, сонирхолтой л юм..."
Магадгүй тэр намайг худлаа ярьж буйг мэдэж байгаа юм болов уу? Тийм бол энэ миний боломж л гэсэн үг. Би түүний энэ чанарт улам татагдах болов.
"Марк... Миний нэр"
"Ойлголоо, Марк"
"Харин чиний нэр?
Хэдийн асуултынхаа хариуг мэдэж байсан ч би асуусан хэрэг.
Тэр бодож байгаа бололтой, сүүлдээ таахын аргагүй инээмсэглэл нүүрэндээ тодруулчхаад дараагийн хуудсыг дэлгэв. Уруулд нь байх чамин зүйл дахиад л миний нүдэнд тусах нь тэр. Тэр нарны хар шилээ толгой дээрээ тогтоожээ. Хар өнгө түүний шашин гэвэл би лав гайхахгүй.
"Магадгүй дараагийн удаа"
Цаас руу ширтэн, түүний хариултыг олон давтаж унших тусам дотор минь нэг зүйл асах шиг болов. Түүнд татагдахгүй байх шалтгаан надад үлдэхгүй бололтой. Тэр цааш явж гитар барихаасаа өмнө над руу нэг ирмэсэн аж.
Тийм ээ, дараагийн удаа. Хэдэн жилийн турш би ийм хариулт авах байсан ч надад таалагдах биз.
Би хэдийн түүний сэтгэлийг уншаад дуусчихсан аж.
---