Шөнөжингөө уйлснаас болоод хавдаж орхисон нүд өглөө нь багахан арчлаад л хэвийн болчихдог.. Яг л бие организм маань хүртэл энэ бүгдэд дасал болж орхисон мэт.
Өнөөдөр энэ гэр бүлийн хамгийн дотны холбоотон гэж болмоор Ян захирлын хүүгийн хуримын өдөр учир очихоос өөр аргагүй болох нь.
Дөнгөж хорь гарч байгаа тэдний хүү Дуёонтой хааяахан холбоо тогтоодгийн хувиар ийн эрт хуримлаж буй нь гэр бүлийн бизнестэй нь ямар нэг ач холбогдолтой болов уу хэмээн таамаглаж байснаа би батлаад амжсан.
Ийм зүйл удахгүй надад ч тохиолдож мэднэ.
Угаас зугтан зайлах аргагүй хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр арга үгүй бололтой.
Өчигдөр дуулгасан сэрэмжлүүлгийн маань дагуу Жимин надаас алхам ч холдохгүй хэмээх ам өчиг өгсөөр өөр хоёр хамгаалагчийн хамтаар бид хуримын ордон руу явж очсон бөгөөд чинээлэг гэдэг нь өмссөн хувцаснаас нь илт илэрхий ажиглагдах хүмүүсээр дүүрэн танхимд заларцгаав.
Би ч мөнөөх л гайхалтай эелдэг инээмсэглэлээ нүүрэндээ наагаад энэ тэрүүгээр эргэлдэн таних танихгүй бүхий л хүнтэй мэндэлж явахдаа энэ бүх төвөгтэй зүйлс хэзээ дуусгавар болох бол хэмээх бодлоос үүдэн хүндээр санаа алдаад амжлаа.
Миний хувьд асар удаан өнгөрсөн мэт санагдах цаг хугацааны дараа л ашгүй нэг юм зочдын хөл хөдөлгөөн намжин бүгд суудалдаа сууцгаасан байх бөгөөд намуухан хөгжим эгшиглэж эхлэхтэй зэрэгцэн тайзан дээр хөтлөгч гарч ирж зогсоо нь хуримын ёслол эхэлснийг илтгэнэ.
Энэ зуур сүйт залуутай хараахан мэндэлж баяр хүргэж амжаагүй байсан тул би Жимины хамтаар гол танхимыг орхиж Дуёоны байрлаж байгаа хувцас солих өрөө рүү явж очлоо.
Жимин хаалгаар өнгийн хурц хараагаараа эргэн тойрныг сайтар ажчихаад ямар нэг сэжиг бүхий зүйл олж хараагүй бололтой толгой дохьмогцоо үүдэнд үлдсэн бол би дотогш явж ороод том тольтой ширээний өмнө утсаа оролдож суугаа залуугийн анхаарлыг татах гэсэндээ нэрийг нь дуудав.
Дуёон ч хоолойг минь сонссон даруйдаа утсаа халаасалчихаад өрөөний багана адил хөдөлгөөнгүй зогсоо хоёр хамгаалагч залууд гарахыг тушаачихаад инээмсэглэх аядсаар босож ирснээр өрөөний голд уулзалдсан бид хөнгөхөн тэврэлдэн мэндэлцгээсэн бөгөөд угаас түүний энэ гундуухан байдлаас үзэхэд сүйт бүсгүй нь хүссэн нэгэн нь биш болох нь илт ойлгомжтой байсан тул би энэ талаар нь дурдалгүй орхив.
YOU ARE READING
-BLAZE- || JJK
RandomЧи яг л дүрэлзэж буй гал шиг. Дулаахан хэрнээ аюултай. Чи яг л мөс шиг. Хүйтэн хэрнээ таатай. Teku~2021.04