Chapter 6: Ending

260 22 0
                                    

...Өглөө болж нар манджээ. Гадаа шувуудын жиргээн сонсогдож хүмүүс чангаар инээлдэн ярилцана. Үүний хажуугаар машины давхих, сигналдах чимээ Хусогд сонсогдож өчигдрийн ганцаардсан, айдас хүйдсээр бялхсан орчныг ор мөргүй арилсан гэдгийг батлах мэт болов. Хусог сэрмэгцээ хар дарсан зүүдээ санаж байсан ч аажмаар мартаж эхэллээ. Хэлэн минутын туршид хөнжилдөө өчигдрийн болсон явдлыг бас там тум санаж байгаа зүүднийхээ тухай эргэцүүллээ. Энэ бүхэн нь яг л зүгээр нэг үзээд өнгөрсөн кино, уншсан ном шиг нь тийм л нэг хар бараан өнгө аясыг илтгэсэн дурдатгал мэт. Өчигдрийн эцэс төгсгөлгүй цутган асгарч байсан бороо ор мөргүй арилж оронд нь үүлгүй шахам цэлмэг тэнгэрээс нарны дулаан илч ээж байх нь тэр. Гадаа аз жаргалтай амьдрал буцалж байна уу гэлтэй. 

Хусогийн санаанаас өчигдрийн бүх муу муухай үйл явдал арчигдан алга болж байсан ч өнөөх улаан хослолтой этгээд л түүний санаанд бүр тодоос тод үлдэж орхио юу гэлтэй  бараг л нүдэнд нь харагдаж байв. Яг л зүүд шиг санагдаж байсан ч тэр хачин бүсгүй өөрт нь цэцэг бэлэглэснийг санав. Ганцхан ширхэг нүцгэн улаан сарнай. Хусог цэцгийн хийсэн шилэн ваар луугаа харав. Аймшигтай. Хусог үнэхээр нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх улаан сарнай чинь улаан биш хар сарнай болчихсон байх нь тэр. Уг нь өчигдөр яалт ч үгүй л улаан байсан тэрхүү өнчин ганц сарнай яахаараа хар өнгөтэй болчихсон байдаг билээ. Хусог ийнхүү цэцгийн өнгө хувирсан шалтгааныг үнэндээ л бодоод олсонгүй. Эсвэл угаасаа л хар өнгөтэй цэцэг байсныг өчигдөр улаан болгож харсан нь тэр үү? Хэн мэдлээ. Ямартай ч улаан гэж итгэж байсан өнөөх цэцэг нь хар өнгөтэй харагдаж байна.Хусог урьд өмнө нь хэзээ ч ийм хар өнгөтэй цэцэг харж байсангүй. Улаан өнгийн цэцэг хайр сэтгэл, цагаан нь хүндэтгэл илэрхийлдэг бол хар өнгө юуг илэрхийлдэг байж таарах вэ? Лав л сайныг илэрхийлэхгүй санагдана. Тэгээд бас дээрээс нь тэр хар цэцгэнд үхэж хорчийсон шинж ердөө ч алга. Уг нь үхсэн байсан бол үхээд өнгө нь хувирчээ гэж дүгнэж болмоор байсан ч үнэндээ тийм боломж байсангүй. Гэнэт Хусогийн санаанд түүний урьд шөнийн зүүд орлоо. Тэрээр зүүдэндээ сагс дүүрэн хар сарнай гэртээ авчирсан шүү дээ. Тэгээд тэр сарнай нь муу ёр, үхэл зөгнөж байсан. Хусогийн бүх сэтгэл зүрх нь дахиад л айдас жихүүдэст бүрэн эзэмдүүлээд ирэв. Өчигдрийн тэр үл ойлгогдох муу ёрын муухай орчин өөрийг нь үхэлд бэлдүүлсэн, үхлийн өмнөх мөч байв уу. Гэнэт гар утасных нь мессежний хонх дуугарч Хусогийг бага зэрэг цочоон бодлыг нь сарниуллаа. Эхнэрээс  нь мессеж иржээ. Томилолтынхоо ажлыг хойшлуулаад одоо гэртээ ирж байна гэсэн байв. Хусог өөрийн хайртай эхнэрээ зөндөө их хүлээж болсон явдлуудын тухай нэгд нэгэнгүй ярихыг хүсч байсан боловч тэсэлгүй гарч тосохоор яарав. Гартаа тааралдсан хувцсаа өмсөөд хөлдөө пүүз углаад гарах гэтэл жижиг өрөөнөөс нь эмээгийн нь ёолон гинших нь сонсогдож байснаа нэгэн хүнд юм түсхийтэл унах чимээ дуулдлаа. Хусогийн сэтгэлд шөнийн зүүдтэй нь холбоотой айдас дахин амилан босч ирэх нь тэр. Хусог эмээгийнхээ өрөө рүү орохыг хүссэнгүй. Учир нь ... тийм ээ, магадгүй зүүдэнд нь үзэгдсэн шиг үхчихсэн биз. “Юу ч сонсоогүй, мэдээгүй хүн болоод л гараад гүйчихье. Намайг гарсан хойно л эмээ унасан байгаа биз” гэж өөртөө хэлээд хаалганыхаа замаган түгжээг аа.Хусогийн  зүрхний цохилт түргэсэн гар нь үл мэдэг чичирхийлнэ. Ингээд гараад явах нь зөв үү, буруу юу гэсэн бодол түүнийг ээрэн хоргоож, ийнхүү тээнэгэлзэхэд хүргэжээ. Гэсэн ч Хусог эцсийн эцэст хаалгаа түлхэн гадагш гарлаа. Эмээгээ үхэж байна гэж зүүдэлсэн тэр зүүд нь үнэхээр биелсэн гэдгийг хоёр нүдээрээ харахаас айсан нь тэр биз. Хусогийн хамаг бие нь дагжин чичирч харц нь тогтохгүй дальдчин шатаар аажимхан доошилж байв. Гэтэл Хусогийн нүдэнд хана шатанд үсэрч наалдсан цусан толбууд хаа сайгүй байгаа нь өртөв. Тиймээ яг л өчигдрийн зүүд биеллээ олох нь тэр үүе 
Зүүд... зүүд... зүүд... Хараал идсэн тэр зүүд. Бас өчигдрийн улаан хослолтой  бүсгүй, хэн ч байхгүй мэт харанхуй ганцаардмал орчин, ганц ширхэг нүцгэн хар сарнай, тасралтгүй цутгасан хүйтэн бороо. Энэ бүхэн юуг зөгнөх нь энэ вэ?  

Одоо аягүй бол орцны гадаа гармагц өмнөх машин зам дээр арав орчим насны жаахан эрэгтэй хүүхэд машинд мөргүүлж хол шидэгдэх байх даа. Ээ бурхан минь, битгий л тийм юм болоосой доо. За байз тэр жаахан хүүхэд машинд мөргүүлсний дараа би үргэлжлүүлэн юу зүүдэллээ. Хусогийн ухаан санаа самууран хямарч өөрийгөө хянах чадваргүй товчхондоо бол хагас галзуурлын байдалтай хүн цусан зам татуулсан чулуун шатаар аажимхан доошилсоор. Хусогд энэ хэдэн болсон явдалд автаад зүүднийхээ төгсгөлийг үнэндээ л санаж чадахгүй байв.”Одоо хүүхэд машинд мөргүүлнэ дээ яана аа”гэсэн бодол Хусогийн сэтгэлийг эрхгүй шаналгаж ухаан санааг нь бүр бодит ертөнцөөс тусгаарлаж орхижээ. Хусог орцны үүдэнд гарч ирлээ. Гадаа хэдийн нартай дулаахан байгаа ч өчигдрийн борооноос үлдсэн шавар шалбааг энд тэндгүй тогтсон харагдана. Тэгтэл энэ үед байшингийн булан тойроод нэгэн sonata маркийн авто машин гарч ирсэн ч харин өнөөх зүүдэнд нь уг машинд дайруулсан хүүхэд харагдсангүй. Хусогийн дотор уужрах шиг болоод зам хөндлөн гарч цааш алхлаа. Тэрээр эхнэр лүүгээ л хамгаас ир яарч түүндээ тэврүүлээд сэтгэлээ тайвшруулахыг маш ихээр хүсч байв. Гэнэт Хусогийн ард тас хийх чимээ гарснаа машины огцом тоормослох чимээ үргэлжлүүлэн дуулдлаа. Хусог сонссондоо бүрэн итгэлтэй байсан ч эргэж харахыг хүссэнгүй. 
... Нэг л мэдэхнээ Хусогийн хоёр нүднээс нулимс цувж царай нь цонхийн цайрчээ. Тэрээр гар утсаа гартаа атгасан байх бөгөөд мессеж ирэх дуунаар утсаа нээж харлаа. Ямартай ч эхнэрээс нь мессеж ирсэн байсныг мэдсэн ч тэндээ чухам юу гэж бичсэнийг уншаад ойлгосонгүй. Хусогийн хамаг ухаан санаа нь ард нь дуулдаж байгаа “Яана аа үхчихлээ... Тархи нь гоожиж байна шүү дээ. Түргэн дуудаарай. Хөөрхий минь жаахан хүүхэд байна шүү дээ” гэх мэт олон хүмүүсийн сандралдан бачимдсан чанга яриан дээр л төвлөрч байв. Хусог тэссэнгүй бололтой. Утсаа халаасандаа хийгээд хоёр гараараа чихээ таглан гүйчихэв. Хусог нэг л мэдэхнээ өөрийнхөө суудаг байрны зэргэлдээх хажуугийн байрыг тойрон эргэжээ. За байз өчигдөр шөнө энэ зүүд, тийм ээ үүний дараа юу болсон билээ. Санахгүй байна аа, санахгүй байна. Гэхдээ л энүүхэнд ойрхон байна. Жаахан сэжүүр л гарах юм бол шөнийн хар дарсан зүүдээ одоо санахад бэлэн байна.  

Хамаг сэтгэл нь хямарсан тэрээр осол болсон газраас холдож чадсан гэж бодоод чихээ тагласан гараа сая нэг буулгалаа. Тэгмэгц хаа нэгтэйгээс “Хусогаа” хэмээн өөрийг нь дуудахад тэрээр эхнэрийнхээ хоолойг төвөггүйхэн танив. Хусог баярлан хөөрч, хамгийн хайртай хүнээ харцаараа хайн, инээмсэглэн зогссоор эхнэрээ өөр лүү нь ирж явааг олж харлаа. Хусог баярласандаа эгээтэй л уйлчихсангүй. Гэтэл эхнэр нь наанаасаа холдооч ээ хэмээн гараа саван хашхирахад Хусог өчигдөр шөнийхөө зүүдний төгсгөлийг санаж өөрийгөө машин зам дээр зогсож байгаагаа сая мэдлээ...........

Red flower||Completed||Where stories live. Discover now