- А-Ахиад хэн бэ? С-Солиотой юм!! Ямар юм нь над руу ийм зүйл явуулаад байгаа юм бол? Хэн нэгэн бидний хуримыг бусниулах гээд байгаа юм байх даа? Надад ийм дайсан байдаг билүү? Аль эсвэл Жонгүгт? Ямартай ч.. үнэхээр хэн нэгэн бидний хуримыг эсэргүүцээд байх шиг байна.. Тийм л бололтой..
Амнаас үг унагах тутамд дуу нь намссаар сүүлдээ авиа төдийхөн чимээ гаргаж дөнгөх Тэхён орон дээр лагхийн суумагцаа хэдхэн алхмын зайд байх компьютерийн дэлгэц рүү цоо ширтэн хэсэг суулаа.
"Масктай алуурчин" гэх бичиг дөнгөж саяхан уншсан мэйлийнх нь төгсгөлд тодрон харагдах агаад энэ яг ямар учиртайг мэдэхгүй ч огтоос хэрэггүй хоосон зүйл аль эсвэл чухал хэрэгцээтэй мэдээллийн аль нь болохыг тэр тааж ядах аж.
- Э-Энэ юу юм бол? Жонгүгтай ямар хамаатай гэж? Алуурчин.. Цуврал алуурчин гэнэ ээ? Байж боломгүй юм.. Тэр тийм хүн биш.. Миний сүйт залуу тийм зүйл хийх нь битгий хэл дэвжээн дээр л биш бол хэзээ ч хэнд ч гар хүрч байгаагүй хүн.. Мэдээж тэр биш. Гэхдээ шалгаад үзэхэд юу нь болохгүй гэж?.. Зүгээр л хайгаад үзэхэд..
Ийн өөртэйгөө ярилцан байснаа уг бодлоосоо цочих шиг ч болсон Тэхён хацар руугаа хүчтэйхэн алгадаж өөрийгөө ухаан оруулах аядчихаад хурдхан шиг босон уг мэйлийг устгачихаад өөр зүйлд сатаарах гэсэн мэт зурагт үзэн сууна.
Уянгын драма, хөгжөөнт нэвтрүүлэг, цаг үеийн мэдээ гээд юу ч үзсэн харц нь зурагтын дэлгэцэнд туссан болохоос биш оюун санаа нь тэр аймшигтай зурвасанд бүрмөсөн төвлөрчихөөд буй хөөрхий залуу эцэст нь тэсгэл алдаж утсаа шүүрэн аваад сүйт залуу руугаа залгалаа.
- Байна уу? Хайраа?
- Б-Байна уу? Жонгүгаа.. юу хийж байгаа юм?
- Бэлтгэл дээр л байна. Яг завсарлага авчихаад чам руу зурвас бичих гэж байлаа. Юу хийж байна даа? Ахиж хөөсөн чихэр идээгүй биздээ? гэх хайртынхаа халамжилсан үгс болоод сайхан хоолойг дуулаад бага ч атугай тайвширсан гэх үү аль эсвэл оюун санаа нь арай л саруулаар сэтгэх болсон гэх үү Тэхён инээмсэглэх аядсанаа түүнд хариулт өгнө.
Ийн хэсэг нялуун үгс хаялан эцэстээ нэгэн рүүгээ агаарын үнсэлт илгээгээд дуусгасан дуудлагын дараагаар Тэхён сэтгэл санаа нь арай л дээрдсэн мэт уртаар амьсгалчихаад ерөөсөө л энэ тэнэг зүйлийг мартъя гэх өөдрөг бодлынхоо дүнд урууландаа мишээл тодруулах хэдий ч нэг л дээрдэж өгөөгүй хэвээр..
Ямартай ч тэрээр сая л өлссөнөө анзаарсан бололтой идэх зүйл олж авахаар галын өрөөг зүглэн хөргөгчөө онгичих явцдаа "Масктай алуурчин" гэх үгийг олж сонссон бөгөөд тэр даруйдаа ухаан жолоогүй гүйн үүдний өрөөнд явж очин зурагтынхаа өмнө зогсоно.
Тийм ээ, тэр буруу сонсоогүй байв..
"Ард иргэдийн айдас болоод буй Масктай алуурчин" гэх гарчигийг доороо хадаад хоёр хүн ярилцан суух хэлэлцүүлэг бололтой зүйл зурагтаар гарах агаад Тэхён ч хэсэгтээ чих тавин тэдний яриаг сонсохдоо чухам юунд нь тэгж их татагдаад буйгаа үл мэднэ.
Төд удалгүй тэр ахиад л утгагүй бодлоо няцаан толгой сэгсэрч буйдан дээр хаясан удирдлагаа шүүрч авмагцаа зурагтаа өөрчлөхөөр зэхэн эргэж харахдаа сонссон зүйлээс нь үүдэн хамаг бие нь таг хөшиж орхих шиг..
"Хоёр жилийн өмнөөс идэвхитэй аллага үйлдэж цагдаа нараас амжилттай нуугдаад буй масктай алуурчин өнгөрсөн зургаан сарын хугацаанд алга болчихоод байсан ч зургаа хоногийн өмнө ахин хэрэг үйлдсэн. Энэ удаад Сөүлийн Дунжагу дүүрэгт. Урьд нь энэ газарт түүнтэй холбоотой хэрэг бүртгэгдэж байгаагүй шүүдээ. Энэ талаар та.."
Яг зургаа хоногийн өмнө Инчонд байдаг эцэг эхтэйгээ уулзана гэж гарч яваад маргааш нь ирсэн Жонгүгийн талаар тэр санасан нь энэ байлаа..
YOU ARE READING
-Life Is a Game of Survival- || END
Fanfiction"Сүйт залуу чинь цуврал алуурчин" Хүсэн хүлээсэн хурим нь товлогдсон өдрөөс хэдхэн сарын өмнө уг захидлыг хүлээж авсан Тэхёны амьдрал тэрхэн хоромд орвонгоороо эргэж орхижээ... Эцсийн эцэст амьдрал гэдэг чинь ердөө л амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш...