Жимин юу болох нь тодорхой мэдэгдэхгүй ч цус шиг толботой тэр зүйлийг хэсэг гайхшран ширтсэнээ ингэх цаг байхгүй гэдгийг өөрт сануулсаар түргэхэн цүнхэндээ чихчихээд өрөөнөөс гарлаа.
Тэхён харин үүднээс хэдхэн алхмын зайд өөдөөс нь айдас хийгээд гайхшрал хосолсон нүдээр ширтэн зогсож байснаа түүний хувцсаа сольчихоод ир, явцгаая гэхийг сонсоод дуугүйхэн дэргэдүүр нь зөрөв.
Энэ зуур тэр сүйт залуутай нь хэд хоног хамт байхаар болсон талаар зурвасыг Жонгүг рүү илгээсэн ба ингэхдээ сэтгэл санааных нь хувьд багахан гэхээс ч илүү асуудал байгаа талаар дурдаж санааг нь зовоохыг хүссэнгүй.
Зүгээр л хурим нь болохоос өмнө хамтдаа хэсэг хугацааг өнгөрөөх гэсэн юм гэх хүсэлт..
Ямартай ч тэр өдөр Жимин Тэхёныг дагуулан гэрээс нь гарч зогсоолд орхисон машиндаа суулгаад ганцаар амьдардаг гэрийнхээ зүг хөдлөхөд тэдний хоорондох уур амьсгалд яг таг нийцсэн мэт цаг агаар угтав.
Гялалзах ёстой одод нь хаашаа ч юм далд орчихсон мэт харанхуй тэнгэр, эргэн тойрны эл хуль бүхнийг хамах мэт ширүүн салхи, дээр нь нэмээд аадар бороо.
Өдөрхөн л цэлийж байсан тэнгэр, гэгээлэг өнгөөр тодорч байсан гадаах орчин ийм болсныг анзаараагүй хэдий ч яг одоо тэдний хэн хэнд нь энэ тийм ч чухал бус санагдана.
Үе үехэн ухаан санаа нь орж гарч бодол нь хаа нэг тийшээ тэнэж одох мэт санагдах ч Жимин цор ганц жолоо барихдаа л анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсээр байсан бөгөөд золоор замдаа ямар нэг асуудал гаргачихгүйхэн шиг гэрийнхээ гадаа иржээ.
Машинаа зогсоолд үлдээчихээд нэг гартаа цүнхээ атгаж нөгөө гараараа Тэхёныг хөтөлсөөр байрныхаа үүдээр явж ороод лифтэнд суусныхаа дараа л тэр сая нэг юм амсхийж саруул ухаанаар болж буй үйл явдлыг тунгаахтайгаа болох шиг.
Лифтнээс буугаад коридороор алхан гэрийнхээ үүдийг түлхүүрдэн онгойлгоод дотогш ормогцоо гэрлийн унтраалга дарж асаахтайгаа зэрэгцэн цүнхээ газар хаячихаад хайш яйш алхалсаар үүдний ойролцоох буйдан дээр унасан тэрээр яг л унтчихсан юмуу хөдөлгөөнгүй хэвтлээ.
Харин Тэхён яг л дуулгавартай тэжээвэр амьтан шиг энэ бүх хугацаанд чимээгүйхэн түүнийг дагаж явсаар байсан бөгөөд Жиминыг ийн үйлдэл гаргахыг хараад хэзээний л ямар нэг зүйлд бодлоо төвлөрүүлэхдээ ийм авир гаргадгийг нь мэдэх тул нэг их юм бодсонгүй бололтой угаалгын өрөө рүү явж оров.
YOU ARE READING
-Life Is a Game of Survival- || END
Fanfiction"Сүйт залуу чинь цуврал алуурчин" Хүсэн хүлээсэн хурим нь товлогдсон өдрөөс хэдхэн сарын өмнө уг захидлыг хүлээж авсан Тэхёны амьдрал тэрхэн хоромд орвонгоороо эргэж орхижээ... Эцсийн эцэст амьдрал гэдэг чинь ердөө л амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш...