- Тэр зурвас хоёр удаа ирсэн. Жонгүгийг алуурчин болохоор болгоомжтой бай гээд.. Мэдээж би зүгээр л тоглоом гэж бодсон ч.. зүгээр л тоохгүй өнгөрөөе гэсэн ч тэр бүх зүйл яах аргагүй таараад байсан. Т-Тэр масктай алуурчин Жонгүг юм шиг санагдаад байна.. Утгагүй сонсогдож байгааг мэдэж байгаа ч.. яагаад ч юм тэгж бодогдоод үнэхээр хэцүү байна.
Ширээний эсрэг талд, эгц өөдөөс нь харж суугаа Тэхёныг ийн сандарч мэгдсэн байдалтай дуржигнуулж гарахад ярианаас нь утга учиртай зүйл ерөөс олж хараагүй Жимин гайхах бухимдах зэрэгцэн дэмий л түүн рүү галзуу хүн рүү харж байгаа аястай ширтэж эхлэв.
- Х-Хөөе! Ким Тэхён! Чи чинь галзуурчихаа юу? Чи яаж тийм зүйл.. Жонгүгийг яаж тэгж.. Үнэхээр байж боломгүй юм гэж түүнийг арай ядан хэлсний дараа Тэхён хэсэгхэн дуугаа хурааснаа гэнэтхэн харайн босоод өрөө рүүгээ явж орсноо төд удалгүй гүйхийнхээ хэрээр хүрч ирээд гар утсаа түүний өмнө тавьчихаад дэргэд нь зогссон бөгөөд Жимин хүссэн хүсээгүй дэлгэцэн дээр тодрох зүйлс рүү харцаа шилжүүллээ.
- Чи Ким Тэжүг санаж байгаа биздээ? Жонгүгийг дасгалжуулагчийг.. Тэр үед тэмцээнд орох эрхийг нь хасуулснаас болоод Жонгүг түүнтэй гар зөрүүлчихсэн байсан даа.. Тэгтэл удалгүй тэр үхчихсэн. Чи тэр хүнийг санаж байгаа биздээ?
Түүний яриатай зэрэгцэн утасны дэлгэцэн дээр буй аллагын талаарх мэдээний гарчиг, хэргийн газрын болон хохирогчийн зургийг олж хараад үнэхээр л нэгийг санах шиг болсон ч Жимин хоолой засаад эрүү өргөн Тэхёны нүүр өөд хараад,
- Тэгээд юу гэж? Маргалдсан байлаа гээд тийм зүйл болчихдог юмуу? Тэр угаасаа хөгийн амьтан байсан. Хэн ч тийм зүйл хийсэн байж болно. Чи арай иймхэн зүйлээс болоод Жонгүгийг..? хэмээн өгүүлснээ үгээ дуусгаж чадалгүй шүлсээ залгилсаар харцаа буруулав.
Багагүй хугацааны турш мэддэг байсан сайн найзаа ингэж хачин авирлаж байж боломгүй зүйлс ярьж байгаад Жимин нэг л итгэж өгөхгүй байгаа нь энэ..
Тэхён ч түүний өөрт нь үл итгэх энэ байдлыг ажаад утсаа шүүрэн авснаа ахин өөр зургууд гарган ирж Жимины нүүрэнд тулган барьсан бөгөөд айдас дүүрэн нүдээр түүн рүү дүрлийтэл ширтэнгээ үгээ эвлүүлж ядсаар ахин ам нээх аж.
- Тэгвэл И Жина. Жонгүгийн экс найз охиныг таньж байгаа биздээ? Тэр мөн биздээ? Хоёр жилийн өмнө, зул сарын дараахан бид муудалцаад Жонгүг уурласандаа нэг хүнтэй утсаар яриад гараад явчихсан. Түүнийг явсан тэр шөнө тэр охин үхчихсэн байсан. Энэ ч бас тохиолдол гэжүү? Камерт үлдсэн энэ дүрс ч бас уу? Энэ Жонгүгтай адилхан харагдахгүй байна гэжүү? Дараа нь Пак Жисү, Мин Хана, И Жиа, Пак Хэин.. Бүгд түүний таньдаг эмэгтэйчүүд байсан. Бас-
Эцэст нь түүний яриаг бүр ойлгохоо ч байсан, аль эсвэл сонсохыг ч хүсээгүй Жимин боль хэмээн чангаар хашхирсаар ухасхийн босож ирмэгцээ утсыг нь гараас нь шүүрч аваад хана руу шидэж орхисон бөгөөд үнэнхүү уураа дарж ядан буй бололтой нударгаа зангидан хүндээр амьсгалсаар шал тийш ширтэн зогсоно.
Урьд өмнө түүний ийм бухимдангуй төрхийг тоотой хэдэн удаа л харж байсан Тэхён айх гайхах зэрэгцэн дуугаа хураасан бөгөөд гэнэтийн уг үйлдлийнх нь учир шалтгааныг ойлгож ядсаар дэмий л түүний зүг бүлтгэнэн байлаа.
Жимин ч өөрийгөө арай ядан тайвшруулж гүнзгий гэгч нь амьсгалсаар арай л дээрдэхийн цагт зэмлэнгүй харцаар Тэхёныг нэвт цоолох мэт хэсэг ширтсэнээ хүндээр санаа алдах нь цаанаа л нэг зовнил дүүрэн.
- Хэлэх үг ч олдохгүй байна. Яагаад? Яаж? Яаж.. ийм байж боломгүй зүйл төсөөлснийг чинь үнэхээр ойлгохгүй нь. Чи зүгээр биш байна, Тэхён. Чи яавч зүгээр биш байна. Явцгаая. Чи ийм байдалтай Жонгүгтай уулзаж болохгүй. Түүнтэй ярилцаж ч болохгүй. Энэ утгагүй зүйл чинь түүнийг ямар их өвтгөхийг чи төсөөлж байна уу?
Өөрийнх нь үг чихэнд нь хүрч байгаа үгүйг мэдэхгүй ч нүд цавчилгүйгээр өөдөөс нь юуг ч үл өгүүлэх хоосон харцаар ширтээ найзыгаа яав ч хэвийн бус байгаад бат итгэлтэй болсон Жимин ахин цаг гарздахыг хүсэлгүйгээр түүнийг хүлээж бай хэмээчихээд унтлагын өрөө рүү нь явж орлоо.
Тийн эргэлзэх ч сөхөлгүйгээр Жонгүгийг ирэхээс өмнө ухаан мэдрэлгүй шахуу байгаа сүйт залууг нь дагуулж явахаар шийдсэн тул хувцасны шүүгээг нь ухан ганц хоёр өдөр өмсчихөөр хувцсыг нь шүүрэн авч өөрийн үүргэвчиндээ хийв.
Юунд ч юм ихэд яаран сандарч байсан тэрээр үүргэвчнийхээ цахилгааныг татчихаад утсаа хайн халаасаа ухах явцдаа хүрэмнийхээ халаасанд байсан балыг алдаж орхисон ба шалан дээр унасан бал өнхөрсөөр хувцасны шүүгээний доогуур яваад орчих нь тэр.
Жимин ч амандаа бувтнасаар шалан дээр өвдөглөн суугаад шүүгээний доорх жижиг хэдий ч бугуй нь багтчихаар зайтай хэсэг рүү гараа шургуулснаа гялгар ууттай зүйл атган гаргаж ирээд юу болохыг нь ч мэдэлгүйгээр тэр зүйлийг гайхшран харна.
Гялгар уутан дотор ямар нэг хар өнгийн даавуун зүйл байсан ба хамгийн хачирхалтай нь уутны буланд улаан өнгийн толбо үзэгдэх нь түүний анхаарлыг татаад амжив.
- Ц-Цус??
teku_jin
210714
YOU ARE READING
-Life Is a Game of Survival- || END
Fanfiction"Сүйт залуу чинь цуврал алуурчин" Хүсэн хүлээсэн хурим нь товлогдсон өдрөөс хэдхэн сарын өмнө уг захидлыг хүлээж авсан Тэхёны амьдрал тэрхэн хоромд орвонгоороо эргэж орхижээ... Эцсийн эцэст амьдрал гэдэг чинь ердөө л амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш...