07.

424 62 16
                                    

JAEMIN POV

Хүн бусдад илчилж чадахгүй нууцтай болох үед сэтгэлдээ нэг хар нүхийг үүсгэдэг байх. Тэгээд тэр хар нүх бага багаар бүхэл биеэр нь тархсаар цаг хугацаа өнгөрөхөд улам томорч эцэст нь өөрийнхөө үүсгэсэн харанхуйдаа бүрэн идэгдэж дуусна. Сэтгэлдээ нэгэнт харанхуйг тээсэн болохоор гэрэлд байх хүртэл тухгүй санагдаж зөвхөн харанхуй, тэгээд хүйтэн л таатай мэдрэмж төрүүлэх болно.

Хэзээнээс ч юм харанхуйд, хатуу шалан дээр ингээд хэвтэх минь л надад тухтай санагддаг болсон юм. Гэхдээ тухтай гэхээсээ илүү хангалттай гэх нь зөв байх. Хэн ч мэдэхгүй байсан ч би өөрийн гэм буруугаа хэтэрхий сайн мэдэж байгаа учраас халуун дулаан, зөөлөн сайханг хүртэх эрхгүй мэт санагдана. Нэгэнт бусдыг хуурах болсон ч ядаж өөрийгөө ч болтуйгай хуурахыг хүсэхгүй байна. Тиймээс надад энэ л хангалттай.

Хэчнээн хичээсэн ч Жэнугийн талаар бодохгүй байж чадахгүй, бас гуниглахгүй байж чадахгүйгээ ойлгосон болохоор би зүгээр л бодол санаандаа бууж өгөхөөр шийдсэн юм. Магадгүй зарим зүйлсийг зүгээр л мөрөөр нь орхисон нь илүү амар байдаг бололтой.

Өдөр болсон бүхэн санаанд минь ороход би өөрийгөө шоолж инээхгүй байж чадсангүй. Би үнэхээр төсөөлөлдөө автчихаад бүх нөхцөл байдлыг мартчихсан явж байжээ. Тэр мөчид Жэну ч бас намайг санасан байх, намайг хараад баярлах байх, дэргэд минь ирээд гараас минь атгах байх гээд найдчихсан хүлээж байсан.

Харин Жэну надад бодит байдлыг ойлгуулсан ч, түүнд гомдох сэтгэл төрж байгааг мэдэхдээ би дахиад л өөрийгөө ямар их сул дорой болохыг мэдэрсэн юм. Үнэндээ хүйтэн үгсээр сэтгэлийг нь шархлуулж түрүүлж түлхсэн хүн нь би өөрөө байтал одоо надад түүнд гомдох сэтгэл төрсөн нь утгагүй хэрэг.

Ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч өвдөөд байна. Дахиад л цээжинд минь өвдөлт мэдрэгдэж байна.

Тэглээ ч Жэну буцаад ирвэл бүх асуудлыг мартаад түүний гараас атгаж чадна гэж үү. Одоо ч миний гар өргөстэй хэвээрээ байхад түүнийг дахиад өвтгөх хэрэг үү.

Цагаа хараад аль хэдийн шөнийн нэг цаг болсныг мэдээд би хэдий чадахгүй байсан ч унтах хэрэгтэй гэж бодсоор шалнаас өндийв. Өрөөний буланд тавьчихсан байсан кофены сав, усны савнуудыг аваад хогийн саванд хийчхээд гарах гэж байтал өмнө минь хаалга нээгдлээ.

Коридорын гэрэл араас нь тусч царай нь харанхуйлж байсан ч Жэнуг олж хараад би өөрийгөө дахиад л төсөөлөөд байна уу даа гэж хүртэл бодов. Тэр өмнө минь ирээд намайг тэврэх мөчид л бодитой мэдрэгдэж, түүнийг үнэхээр ирчихсэн гэдгийг би ойлгох аж.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now