7. Хар эрвээхэй

187 7 0
                                    

Түймэрт автах сүмийн дэргэдүүр өндөр хэргэм зэрэгтэй язгууртнууд цуглан зогсоно. Тэдний харц хөнгөмсөг бөгөөд юуг ч үл ажрах мэт одоо ч галд шатах хөөрхий сүнснүүдийг ширтэнэ.

Сүм гэх энэ газар үнэндээ бүхий л хорон муу шингэсэн чөтгөрийн үүр юм. Хар тамхи, биеэ үнэлэлт, хүний наймаа, боолчлол гэх мэт ертөнцийн бүхий л бузар цугласан бохир ордон.

Язгууртнуудын харц сүмийн дээвэр дээр хүлүүлсэн хэзээ мөдгүй шатах духан дээрээ мэнгэтэй хүү рүү чиглэнэ. Хүүгийн харцанд айдас болон уур хилэн зэрэгцэхийн сацуу өөрийг нь тамшаалан ширтэх олон хүмүүс рүү үзэн ядалтын нулимс цийлгэнүүлэн харлаа. Тэгсэн ч амь гуйна.

"Намайг... авраач"

Түүний амандаа бувтнах шахан хэлсэн үг нь хэний ч сонорт хүрсэнгүй. Удалгүй халуун галын дөл биеийг нь бүчин авахад арьсыг нь нэвчин шарах хурц галын илч биеийг нь маш удаанаар тамлан зовоолоо. Хүү үхсэнгүй. Тэгсэн ч түүнд хугацаа нэг их үлдсэнгүй.

Өөрт нь амьдрах найдвар байхгүйг ухаарсан хүү хаанаас нь ч юм орилон тарчлах үгсээ хэллээ.

Хүү хамаг чангаараа "Бурхан та нарыг өршөөн хэлтрүүлэхгүй! Нүглийн чинь төлөөс үе удмаар чинь харааг тун! Би заавал буцаж ирэх болно-" гэсээр чимээгүй болов.

Язгууртнуудын дунд зогсох шаргал үстэй настайвтар эмэгтэй жуумалзан "Амь гуйх байтал биднийг хараагаад үхэх шив. Энд байгаа бүх хүмүүст удахгүй ирэх эрлэгийн элчийн тэврэлтийг бэлэглэе" гэсээр сүйх тэрэг рүүгээ эргэн явлаа.

Тэнд цугласан олон удалгүй таржээ.

Маргааш гэхэд сонингоор дүүрэн "Хараагдсан сүм" гэх мэдээ хотоор дүүрэн шуурга шиг л дайраад өнгөрнө.

Ард иргэд айдаст автан сандарцгаана.

Гэтэл..
Галан дээр тос гэгчээр..

"Духан дээрээ тэмдэгтэй төрсөн хүүхдүүдийг бүгдэнг нь хороо!"

Гэх эзэн хааны тушаал гэнэтхэн бууж олон ч өрх айлын эмгэнэлт явдал эхэллээ. Духан дээрээ мэнгэ эсвэл ямар нэгэн тэмдэг бүхий зүйлтэй хүүхдүүдийг нь нас харгалзахгүй хороох болов.

Арван мянган амь хальсны дараа эзэн хаан сая нэг санаа амрав.

Арван мянган гэр бүл одоо ч хүүхдийнхээ үхэлд гашуудаж дуусаагүй байхтай зэрэгцэн ордонд томоохон найр болохоор болсон нь арван мянган айлыг цочроож орхив.

One shotsWhere stories live. Discover now