Гэнэтхэн асгарсан борооноос болж гудамж эзгүйрэхэд ганц л охин хоргодох газраа олж ядан шалбааг дундуур шал пал хийлгэн гүйнэ. Оройн 22 цаг өнгөрсөн тул зоогийн газрууд хаалгаа барьж тээр тэнд үзэгдэх 24 цагийн дэлгүүрээс өөр онгорхой дэлгүүр хоршоо ч олдохоосоо өнгөржээ.
Бүсгүйн замд цөөн хэдэн уушийн газар таарсан ч тэд харваас дөнгөж ахлах сургуулиа төгссөн болов уу гэмээр жаал охиныг оруулах нь юу л бол.
Лиз гудамжны төгсгөлд ирсэн хойноо л сая нэг тогтож зогсоод нүдээ онийлгон эргэн тойрноо ажиглалаа. Тэр багын л дасгал сургуулилтаас хол хүүхэд байсан болохоор ч тэр үү, жаахан гүйгээд л бахардан өвдгөө тулна.
Ахиад 10 минут л энэ бороонд цохиулбал тэр 3 хоногийн өмнө эцэг эхтэйгээ дэлхийн төгсгөл ирсэн аятай хэрэлдэж, хаалга савж гарснаа ор тас мартаад ээж рүүгээ залгаж уйлахаар байв. Тэр үед тэгтлээ ойр өсөөгүй аав нь түүн рүү чөтгөр шүгэлсэн эмийг харж буй мэт айдас, жигшил дүүрэн нүдээр ширтэж байснаа хацар дээр нь хурууны мөр үлдтэл чанга алгадаж орхисон билээ.
Охин тасралтгүй хацар, шанааг нь даган урсах уснаас залхан гараараа нүүрээ саравчлаад 50 метрийн зайд хаалганы завсраар ёлтойх гэрэл рүү эргэлзэнгүй алхлаа. Хачирхалтай нь тийш дөхөх тусам хөөрсөн эрчүүлийн баргил дуу, шилэн аяга модон ширээтэй хавсрахтай хоршин дуулдана. Хонх жингэнэж хажуугаар нь хэн нэгэн хөлөө дэвслээд ч байх шиг.
Зодоон болоод байгаа юм байх даа?
Бодит байдал бүсгүйн төсөөллөөс хол зөрсөнгүй, агуулах маягийн 2 давхар байгууламжийн тэг дунд нь нэг их өндөрлөөгүй боксын дэвжээ байрлах агаад түүнийг тойрон эрчүүд "тулаанд" автан дороо дэвслэн орилолдох аж. Тулаан талдаа орсон бололтой, 2 давхрын тавцанг оролцуулаад ойролцоогоор 200 орчим хүн байсан ч шалба норсон жижигхэн охиныг тоож харах хүн ганц ч байсангүйд Лиз дотроо олзуурхан нүргэлсэн олны дунд уусав.
Эл агуулах иймэрхүү утгагүй "зодоон" зохион байгуулахад л зориулагдсан бололтой, агааржуулалт тохижилтдоо төдийлөн ач холбогдол өгөөгүй нь илт. Эрчүүдийн хөлс, заар, шар айрагны эхүүн үнэртэй холилдон хана туурганд нь хүртэл шингэжээ. Босгыг нь давав уу үгүй юу, дунд сургуулийн сагсны тэмцээний үеэр заал руу ороход мэдрэгддэг тэр бохир, халуун агаар нүүр рүү тургина.
Лиз урьд нь иймэрхүү газар орж үзээгүй ч бороо татрахаас нааш хоноглох газар хайх бэрх тул хүссэн хүсээгүй нойтон цамцаа тайлж атгаад хурсан олны дундуур зүсэн дэвжээ рүү дөхлөө.
YOU ARE READING
[ YOUNGBLOOD ]
FanfictionШар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.