Гүзээлзгэнэтэй сүү

264 42 1
                                    

24 цагийн дэлгүүрийн үүдэнд суунгаа гүзээлзгэнэтэй сүү, самартай шоколад идэх Сан, Лиз хоёрыг зөрж өнгөрөх хүмүүс хосууд гэж андууран хоорондоо жиг жуг хийж эсхүл дороо жуумалзаад амжина. 

-Чи тэгээд үнэхээр 2 хүний эсрэг үзэж байсан юм уу? 

-Тийм гээд байхад даа, бүр өнөөдрийн ахаас ч том биетэй байсан гээд бод

Залуу эрийн үл мэдэг аялгатай яриа, чанга дуу, юунд ч санаа зовдоггүй мэт бахдам инээд аниргүй шөнийг амьдруулах чадалтай аж. 

Анх уулзсан хүндээ зодооны түүхээ ярих мэдрэмжгүй залуу түүнээс өөр байдаг болов уу? Гэхдээ яагаад ч юм.. хөгжилтэй гэдэг нь.

-Гэхдээ яагаад ийм аюултай зүйл хийдэг юм? Хүнд бэртвэл хэцүү шүү дээ. Ялангуяа ийм залуугаараа..байз, нээрээ чи хэдтэй юм?

-20. Энэ жил 20 хүрсэн. Харин чи?

Бүсгүй сүүнээсээ нэг балгаад "19" гэхээс өөрийг хэлсэнгүй. Тэгснээ гэнэтхэн хүндээр санаа алдлаа. Уур амьсгал өөрчлөгдчих шиг. Гэсэн ч Сан түүнээс элдвийг шалгааж улам гуниглуулахыг хүссэнгүй, дэмий л хэрэгтэй хэрэггүй юм хамж шимж ярьсаар.

-Дөнгөж арван естэй байж хөгшин хүн шиг ярьж гэнэ. Харин ч залуу тусмаа ингэж амьдрах хэрэгтэй. Тэгээд ч тогтмол дасгал хөдөлгөөн хийж байвал стрессээ гадагшлуулаад амьдрал амттай, нойр ч бөх болчихдог юм. Бас дайчин чанар нэмэгдвэл хөгийн зүйлсэд амархан бууж өгөөд байхгүй

Лиз энэ мэт "эерэг" зөвлөгөөг цээжилтлээ сонсож байсандаа ч тэр үү, чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Ширээн дээрх шоколаднаас 3 нүд үлдэж сүү ч савныхаа ёроолд тулжээ. Тэд хэсэг чимээгүй суусны эцэст Сан "Чи ахиад юм идмээр байна уу? Зайрмаг ч юм уу? Би тулааны дараа чихэрлэг зүйлээр өөрийгөө шагнадаг юм" гэхтэй зэрэгцэн тэдний хамт байх цагийг таслан зогсоохоор ахин бороо дусалж эхлэх нь тэр.

Хүү харамсангуй доод уруулаа хазлах зуур Лиз ч өөрийн эрхгүй урвайна.

-Одоо явбал бороо ширүүсэхээс өмнө автобусны буудал орчих байх. Юу ч гэсэн би чамайг дөхүүлээд өгье

Сан өндийхдөө бэлтгэлийн цүнхээ нэг талдаа мөрөвчлөхөд бүсгүй ч толгой сэгсрэнгээ нойтон цамцаа атгаад бослоо.

-Одоо автобус зогсчихсон байх, тэгээд ч надад..очих газар байхгүй

Лиз хүүгийн санааг чилээхгүй гэсэндээ дөлгөөн мишээл тодруулавч харцанд нь тэр гэхийн тэмдэггүй гуниг санаашралын хосолмол шинж бүрджээ. Гэсэн ч Сан бүсгүйн төсөөлж байсан шиг гайхаж эсвэл санаа зовж байгаа юм шиг худал үгс цувуулсангүй, зүгээр л "мм" гэснээ цүнхээ уудлав. Тэгээд ханцуй нь элэгдсэн юүдэнтэй цамц гаргаж ирэн бүсгүйд нөмөргөлөө. 

-Юу вэ? Чамд хуурай цамц байсан юм бол яагаад түрүүнээс хойш өөрөө өмсөөгүй юм? Тэгж их хөлөрчихөөд салхинд цохиулбал хатгаа авдаггүй юм гэхэд хоолой чинь өвдөнө биздээ?

-Мартчихжээ

Мартсан ч юм биш л дээ. Зүгээр л тохиромжтой цаг ирвэл чамд өгье л гэж бодсон юм. Одоо ч үс чинь нойтон байна шүү дээ. 

Бороо ширүүсэхэд тэд хоёул тэнгэр өөд ширтлээ. Зузаан хар үүлс тэнгэрийг бүрхэх нь энэ бороо мөддөө зогсохгүйг илтгэнэ. 

Санаандгүй учралаар танилцсан хүнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй яриа өрнүүлж үзсэн үү? Ер бусын тухтай мэдрэмжинд умбах зуур толгойд ийм бодол төрнө. "Аан, амьдралд ийм хүмүүс ч гэсэн тохиодог байх нь. Сайхан юм аа"

-Гэнэт ингэхээр чамд эвгүй байна байх л даа. Гэхдээ хүсвэл..манайд очих уу? Юу, нөгөө..Шөнөжин бороо орох шинжтэй. Тэгээд ядаж үүр цайхаар явсан ч болно шүү дээ. Мэдээж чи хүсвэл..

-Ойлголоо

Юу ч бодолгүй хэлчихлээ. Золиг гэж, янз бүрийн нүд халтирмаар хэрэг өчнөөн сонсож байсан байж тэгье гээд хэлчих гэж. Гэхдээ энэ залууд итгэж болох ч юм шиг. Тэгээд ч би чинь насанд хүрсэн хүн шүү дээ. 

Лиз түгдрэн барин үгээ зөөх Саныг өхөөрдөн инээмсэглэнэ. Сандруу юм аа. Гэхдээ сонирхож байгаа хүнийхээ хажууд хэн ч байсан тэнэг болчихдог биздээ?

-Гэхдээ танай гэрийнхэн дургүйцэх юм биш үү? Гэнэт хүн дагуулаад ирэхээр

-Би ганцаараа амьдардаг болоод удаж байна

Эрчүүдийн толгойд юу эргэлддэгийг бид бүгд мэдэх ч эгзэгтэй мөчид болгоомжлолоо гээдэг. Ямар нэг юм болох юм шиг санагдаад, сайхан зүйл тохиох гэж байгаа ч юм шиг мэдрэгдээд ердөө л тэгж мэдрэгдсэн болохоор аз нь таарвал кино зохиол шиг адармаатай хайрыг бүтээнэ гэх гэгээн төсөөлөлдөө итгэдэг. Эцэстээ амьдрал өөрөө мөрийтэй тоглоом биш гэж үү? Эрсдлийг хүлээх чадамжтай нь л хэзээ нэгэн цагт хүссэндээ хүрдэг.

Дөнгөж насанд хүрэгчдэд анхааруулах нь.

Одоо хэн ч чамайг эвийлэхгүй. Сонголт бүрт чинь шагнал дагалддаг бол төлөөс нь ч гэсэн ирж мэднэ. Тэр төлөөс нь юу ч бай, давж гарахаас өөр аргагүй.

[ YOUNGBLOOD ]Where stories live. Discover now