Лиз өмнөх шигээ дэвжээнд тулах шахам зогсчихоод Саны хөдөлгөөн бүрийг амьсгаа даран ширтэнэ. Өмнөх тулаанаас ялгаатай нь жаал охин гайхширч догдлохын оронд байж суухын аргагүй түгшиж өвдөг нь чичрэн алганд нь хөлс дааварлах аж.
Энэ айдас бүсгүй залуу тулаанчтай найз нөхөд мэт дотноссон тул түүнийг бэртэхвий хэмээн санаа зовсноос бус харин ч ямар нэг зүйл болох гээд ч байгаа юм шиг муу ёрын совин татсанаас үүдэлтэй адын мэдрэмж гэлтэй.
Хонх жингэнэн эхний үе завсарлалаа.
Хөвгүүн урьдын адил хөлсөндөө нэвт норон нүүрэндээ ганц хоёр цохиулснаас болж шанаа нь үл мэдэг хавдсан ч шуудхан буланд очиж амрахын оронд дэвжээг тойрон нүдээрээ Лизийг хайна. Тэгээд олмогцоо бүсгүйг түүн рүү хариу инээмсэглэх хүртэл жаахан хүүхэд шиг гараа савчин даллаад өмнөх тулаан дээр ч түүнд элдэв юм шивнээд байсан эрээн цамцтай эрийн зүг яаран гүйв. Өчигдөр тэр тахь шиг хар цагаан судалтай цамц өмссөн байсан бол одоо барын эрээн хээтэй цамц өмсжээ.
Гэвч бүсгүйд Санаас илүү өрсөлдөгч нь анхаарал татам байлаа. Хөвгүүнээс нэлээд өндөр ч дэндүү гэмээр туранхай тэр залуу дэвжээн дээрх нийтлэг бахим ах нартай харьцуулахад жулдах ч яагаад ч юм Санд ямар нэг муу зүйл хийхээр улайрж байх шиг.
Анх тулаан эхлэхэд л ойлгомжтой байсан. Инээд нь, харц нь, өвчин мэдэрдэггүй аятай гараа өчүүлчихээд хүртэл бууж өгөлгүй яс хугарам эрсдлээс зүтгэж гарсан нь гээд. Лиз лав энэ чөргөр залууг сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн гэж хэлэхгүй.
Сан шиг эрэлхэг хүмүүс үргэлж л ойрын хүрээллийнхнийхээ толгойны өвчин байсаар ирсэн. Дүрэмгүй зодоонд оролцдог, мотоцикл дээр хамгаалалтын хэрэгсэлгүй морддог, хэзээ мөдгүй нурж мэдэх балгасны дээвэр дээр шөнийн тэнгэрийг ажиглахаар гардаг, үүрээр гадуур зугаалахдаа утсаа хэзээ ч авдаггүй гээд өөрийнх нь амь хүртэл өөрийнх нь биш юм шиг аашилдаг энэ мэт адал явдалд дурлагчид үргэлж л өвдөж зовсон хойно нь сэтгэлээ өвтгөн өөрсдийг нь асрах дотны хүмүүсийнхээ тухай хэзээ ч боддоггүйгээрээ нэгэн төрлийн амин хувиа хичээгчид байдаг билээ.
Бүсгүйн бодлыг тасалдуулан хонх жингэнэнэ. Лиз өнөөх өндөр эрийн шийдэмгий харцыг хараад хирдхийх шиг болов.
Түүний нүд өчигдөр оройн тулааны үеэрх Саных шиг, гэхдээ илүү хорон..тэгсэн хэр нь догшин юм.
Жаал охин дүрэмгүй зодооны талаар нэг их зүйл мэдэхгүй ч тоглолтыг , тамирчдын хөдөлгөөнийг нэлэнхүйд нь уншиж байв. Үйл явц дотор буй хүнд харахгүй зүйл олон байдаг ч хөндлөнгийн хүмүүс үргэлж бүхнийг гаднаас нь аждаг тул жижиг сажиг зүйлсийг ч олж харж чаддаг юмсанж.
YOU ARE READING
[ YOUNGBLOOD ]
FanficШар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.