Түрээсийн байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайн савлуур дээр Сан, Лиз 2 зэрэгцэж суугаад лаазтай шар айраг шимнэ. Талбайн гэрэлтүүлэг эвдрээд 2 сар болсон ч засагдаагүй хэвээр, эцэг эхчүүд ч бүрий болсноос хойш хүүхдээ гэрээсээ гаргахаа больжээ.
Үён замын голоос буцсан болохоор аниргүйг эвдэж хөгжөөх нэгэн ч үгүй, тэдний дунд гагцхүү зуны намуухан шөнө хөнгөн гунигтай хоршин зонхилно.
Сан ер бусын чимээгүй байх агаад энэ нь хориотой цохилтоос авсан гэмтэл түүний бүх эрч хүчийг ховх сорсноос болсон уу эсхүл тэр угаас ийм хүн байгаад бүсгүйтэй танилцсанаасаа хойш жаахан ч гэсэн хөгжилтэй хүний дүр эсгэж байсан ч юм уу мэдэхгүй. Баяр хөөр, дэврүүн авир түүнийг орхин оджээ.
Залуу эр 2 дах шар айргаа дуусгаад лаазыг нь базаж хөл дороо тавилаа. Дутуу цахилгаандсан бэлтгэлийн гар цүнхнээс 2 боодол мөнгөн дэвсгэрт цухуйна.
-Яагаад тэгж хэлсэн юм?
-Юуг?
Хөвгүүн үл ялиг инээмсэглээд "Яагаад Үёнд өөрийгөө миний найз охин гэж хэлсэн юм?" хэмээн асуултаа лавшруулав.
-Мэдэхгүй ээ, зүгээр л тэгээд хэлчихсэн. Хэл хальтирчихсан төдий
-Сонирхолтой л юм
Лиз энэ яриаг цааш үргэлжлүүлэхийг хүссэнгүй, халаасаа уудлан өнөөх шаргал үстээс авсан нэрийн хуудсаа хөвгүүний зүг сунгав.
-Чамайг залуустай хамт бооцооны мөнгө хувааж байхад Рики гэдэг залуу ирээд үүнийг өгсөн юм. Тэр тамирчдаас нь нэг хүн гарчихсан гээд чамайг мэргэжлийн тулаан сонирхож байвал "улаан" талбайд ирээрэй гэсэн
Залуу эр өнөөх нэрийн хуудсыг нухацтай гэгч нь харснаа ахин нэг шар айраг задаллаа. 3+1 урамшууллын эцсийн лааз энэ ажгуу.
-Рики..Рики..Тэгэхээр корпорац намайг элстэй уут болгохыг хүсжээ дээ? Тэр ямар нэг хангамжийн тухай ярьсан уу? Байрлах газар, цалин бас хоол өгнө гэнэ үү? Хах
-Юу гэсэн үг юм? Тэр чамайг мэргэжлийн тамирчин болохыг хүсэж байвал ирээрэй л гэсэн. Тиймэрхүү хангамж байдаг бол сайн л биздээ, ойр зуурын юманд санаа зовохгүй хүссэнээ хийж чадна шүү дээ
Сан нүдээ эргэлдүүлэн "Над шиг хүнийг мэргэжлийн тамирчин болгохоор сонирхох юм гэнэ. Ямар буяны байгууллага байгаа биш дээ" гэхэд бүсгүй өөрийн эрхгүй хөмсөг зангидлаа.
-Чи лав миний мэдэх хамгийн сайн тулаанч. Яагаад өөрийгөө ингэж дорд үзээд байгаа юм? Мэргэжлийн тулаанч болох чиний мөрөөдөл биш юм уу?
-Миний өмнөөс миний мөрөөдлийг шийдээд л..
Ичмээр юм..Би яагаад ингэж бодоогүй юм бол? Би түүний хувьд зүгээр л нэг танихгүй хүн шүү дээ. Юуг нь ч мэдэхгүй байж дотно юм шиг аашилчихлаа.
Чүэ Сан. Энэ залуугийн нэрнээс өөрийг мэдэхгүй хэр нь би өөрийгөө түүний найз охин гээд итгэчихсэн явж байсан юм байх даа? Тэг ингэ гэж заагаад л солиорчихож. Тийм ээ, яг солиорчихсон байж.Сан өөрийгөө бага зэрэг бүдүүлэг аашилж буйг ухаарсан бололтой гүнзгий амьсгаа аваад тайвнаар ярьж эхлэв.
-Чи энэ бизнесийн тухай сайн мэдэхгүй болохоор хэтэрхий гэгээн төсөөлөлд автаад байх шиг байна. Рики намайг мэргэжлийн тамирчин болгох гэж улаан талбайд дуудах хүн биш ээ. Зүгээр л компанийнхаа тамирчдын бэлтгэл хангагч болгох гэж байгаа юм. Чам дээр ирсэн тэр шаргал үст Солонгосын топ 10 корпорацийн нэгнийх нь өв залгамжлагч. Тэрний хувьд бидний хоолоо олж иддэг хууль бус дэвжээ оройг нь хөгжилтэй өнгөрүүлэхэд тусалдаг хөнгөн зугаа л төдий. Тийм хүн корпорацийг нь төлөөлөх тулаанчийг хогийн цэгээс сонгоно гэж үү? Үгүй л болов уу?
-Үнэхээр л тийм том газар юм бол бэлтгэл хангагч нь болсон ч одоогийнхоосоо аюулгүй бас цалин өндөртэй байна биздээ?
Залуу эр бухимдан ярвайсан ч нүүрний хувирлаа барих гэж хичээнэ.
-Лиз, өдөрт хэдэн арван цагаар нэг хүний бэлтгэлийн мишок болж нүдүүлчихээд дараа нь дэвжээн дээр тулалдаж буйг нь зурагтаар үзэх л жинхэнэ дор зүйл. Ойлгож байна уу? Хэн нэгний сүүдэрт насан туршдаа амьдрах. Чи адгийн нөхцөлд амьдардаг байж болох ч залуу нас чинь адгийн байдлаар үрэгдэх ёсгүй шүү дээ
Надтай харьцуулахад тэр төлөвшсөн нэгэн байлаа. Үзэл бодол гэх үү үнэт зүйл гэх үү, ямартай ч Санд нэг тийм суралцмаар нандин чанар байдаг байсан юм.
Лиз хөнгөн мишээгээд утсаа шалгахад гэр бүлийнхэн нь түүнтэй холбоо барих ямар ч оролдлого хийгээгүй нь илт. Бүсгүйн толгойд "Тэгээ, тэг зайлж үз. Насанд хүрсэн хүн гэж томроод байгаа юм бол одоо өөрийнхөө толгойг өөрөө мэдэхгүй юу. Одооноос чиний хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөлөө хийнэ үү бидэнд ямар ч хамаагүй" гэх аавынх нь ширүүн үгс зурсхийв.
Цаг шөнө дундыг заажээ. Одоо түүнийг орогнуулах газар олдохгүй нь мэдээж. Ахиад л 24цагийн дэлгүүрүүдээр шөнөжин хэсүүчлэхээс өөр аргагүй.
Би ч арчаагүй амьтан юм даа.
Лиз залуу эрийн зүг горьдлого тээсэн нүдээр ширтэнэ.
-Сание, боломжтой бол би танайд ахиад хэд хонож болох уу?
YOU ARE READING
[ YOUNGBLOOD ]
FanficШар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.