Шөнө дунд болохоос хагас цагийн өмнө бүсгүйн утсанд өдөржин хүлээсэн нэгнээс нь зурвас ирэх нь тэр.
"Салхилах уу? Очоод авъя, Рики"
Лиз ухасхийн босож Саны гэртээ өмс гэж өгсөн футволкыг тайлж шидээд гадуур хувцсаа өмсөх гэснээ дороо зогтусах нь тэр. Жаал охин ганц ээлжийн жийнс, малгайтай цамцаа хэдхэн цагийн өмнө угаачихсан шүү дээ. Хүрээд үзвэл шал нойтон хэвээр.
Бүсгүй стресстсэндээ хөлөө дэвсэлж нүүрээ үрчийлгэх зуур буйдан дээр ор засаж байсан Сан гайхсан шинжтэй нэг хөмсгөө өргөн "Ямар нэг юм болоо юу? Ийм орой гарах гэж байгаа юм уу?" гэхэд Лиз тэр дор нь "Чиний хэлснээр 24 цагийн дэлгүүрт ажилд ороод..шөнийн ээлжтэй байснаа таг мартчихаж" хэмээн дуржигнуулах нь тэр.
Бяцхан худалч минь дээ, чи тэр дэлгүүр дээр очиж уулзаа ч үгүй шүү дээ.
Залуу эр ч бүсгүйн адил сандарч шүүгээ рүүгээ ухасхийлээ.
-Ажлын хувцас гэж юу өмсөх ёстой гэсэн юм? Миний хувцаснууд чамд таарахгүй л байх, гэхдээ юу ч гэсэн өмсөж үзээд болохоор бол өмсөөд яв. Яаж ийм шөнө нойтон хувцастай явах вэ дээ. Хэд хоногоос хоёулаа зах оръё. Эсвэл чи гэрээсээ юмнуудаа авчрах уу?
Лиз бухимдсан чигтээ "Надтай ярих ч үгүй байгаа хүмүүс гэрийнхээ босгоор давууллаа юу?" хэмээн бувтнаад ямар ч бичиггүй хар футволк, ижил өнгийн өмд цамц хослуулж өмсөөд өмднийхөө шуумгийг өөртөө тааруулан дээш шуулаа. Дажгүй шүү.
Ингэхэд би өдийг хүртэл Рикитэй яг ижилхэн хувцастайгаа л уулзаад байсан хэрэг үү? Ичиж үхэх нь ээ.
Жаал охин толины өмнө эргэлдсээр, үсээ самнасан болчихоод өөрт байхгүй будагнуудаа эрж эцэст нь вазелинаар уруулаа өнгөлөөд яаран гарав.
Яалт ч үгүй ажилд орохгүй бол болохгүй нь. Нүүрээ будаагүй яасан ч олон хоносон юм.
Тэрбээр Рикитэй байгаагаа Санд харуулахыг хүсээгүйдээ биш харин ч Сан тэр хоёрын толгой хоргоддог газрыг Рики хараад гутах вий гэсэндээ залуу эзэнтнийг зам дагуу автобусны буудал дээр ирэхийг хүсжээ.
"Ирчихлээ"
Бүсгүй шинээр ирсэн зурвасыг хармагцаа алхаагаа хурдасгасан ч 2 байрны завсраар гараад шууд Рикитэй харц тулгарч орхилоо. Залуу эр түүнээс хорин алхмын цаана дунд зэргийн жийп машинаа тулан зогсох агаад урьдынхаасаа ялгаатай нь энэ удаад биед эвтэйхэн хар цамц, өмд өмссөн нь бүсгүйтэй ижилссэн ч гэж жигтэйхэн. Шаргал үст нүүр дүүрэн мишээл тодруулан Лизийн зүг алхахад бүсгүй зүрхний цохилт нь түргэсээд ирэхийг мэдрэв. Тэр баглаа цэцэгтэй иржээ.
YOU ARE READING
[ YOUNGBLOOD ]
FanficШар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.