Тусгай зочдын хэсэг

243 36 3
                                    

Маргааш нь би үүрийн 5 цагт босож өндөг чанаад хажуугаар нь шарсан талх, нимгэн хэрчсэн улаан лооль бэлдэв. Тэр барагтаа л бол гэртээ хооллодоггүй бололтой, хөргөгчинд нь өглөөний цайнд л ашиглаж болмоор бага сага зүйлсээс өөр юм байсангүй. Хэдий ганцаараа амьдардаг эр ч гэлээ шүүгээнд нь давснаас өөр амтлагч байгаагүй нь намайг бүр гайхшруулж орхилоо.

Түүний гэрт толгой хорогдож байгаагийнхаа төлөө ямар нэг зүйл хийж өгөх ёстой мэт санагдавч эхнэр шиг нь өглөөний цай бэлдэж, хувцсыг нь угаахаас өөр хийж чадах зүйлгүйдээ эмзэглэнэ. Үнэндээ эдгээрийн алийг нь ч хийж өгөх шаардлагагүй ч эмэгтэйчүүд ийм л байдаг хойно доо. Эргэн тойрныхондоо санаа тавих, гэр орны ажлыг үүрэг мэт хүлээж авах нь эмэгтэй хүний байгалийн өгөгдөл үү аль эсхүл нийгмээс бидэнд олон зууны туршид тулгасаар бүр дадал болгож өгсөн зүйл үү, мэдэхгүй. Аль нь ч байлаа гэсэн..гунигтай л юм.

Яг л төсөөлж байсанчлан Сан 6 гэхэд сэрүүлэггүй босоод намайг гал тогоонд байгааг анзаарсан шинжгүй бэлтгэлийн нимгэн шортоо угламагцаа мишок руугаа зүглэв. Тэгээд гэнэт нүднийх нь буланд сүүтэгнэсэн зүйлээс цочив уу гэлтэй, үл мэдэг хирдхийснээ төдөлгүй зөөлөн мишээл тодрууллаа.

-Өглөөний мэнд, эрт босжээ? 

-Мхн..зүгээр л яагаад ч юм эрт сэрчихлээ. Би өглөөний цай бэлдсэн..хүсвэл..

Залуу эр ширээн дээрхийг харснаа эелдгээр толгой дохин "Бэлтгэлээ хийчихээд идье. Намайг хүлээлгүй цайлж байсан ч болно оо. Баярлалаа" гээд гараа бинтээр ороож эхэллээ. 

...

-Чи орой ахиад тулаантай юу? 

Лиз өөртөө үлдсэн цөөн хэдэн воноо шавхан байж авсан найруулдаг кофегоо оочлонгоо хэдийн хөрсөн шарсан талхнаас үмхэлнэ.

-Харин ээ, төлөвлөсөн юм байхгүй ч шууд очоод тулалдсан ч болно л доо. Гэхдээ өчигдрийнх шиг өндөр бооцоо авахгүй байх

-Гэхдээ өчигдрийн цохилт нэлээн эвгүй байх шиг байсан. Одоо зүгээр үү? 

Залуу эр лимонтой уснаасаа балгаад "Тиймэрхүү юм ямар ганц нэгээр тогтох биш дээ" хэмээн тоомжиргүй бувтнав.

Яагаад бид ийм хөндий болчихов оо? Эсвэл би л ганцаараа тэгж мэдрээд байна уу? Би түүнд төвөгтэй байгаа юм болов уу? Тийм л байх. Ингэхэд би яагаад ингэтлээ түгшээд байна аа.

Сан хэсэг чимээгүй сууснаа гэнэтхэн "Нээрээ Лиз, ингэхэд чи оюутан уу?" гэх нь тэр. 

Бүсгүй ч толгой дохиод "Энэ жил 2 дугаар дамжаанд орно" гэснээ хүндээр санаа алдлаа.

[ YOUNGBLOOD ]Where stories live. Discover now