Цуглан суух хэцүү бутран тарах амархан хэмээх дөрөв дүгээр бүлэг - 2/3

32 7 0
                                    


         Сяолю хэсэг амраад, арай гэж босож суув. Толгой эргэж, нүд нь харанхуйлаад, хөл нь алхахын эцэсгүй өвдөнө.
Цочиж сэрсэн хэрэмнүүд энд тэндээс толгой цухуйлган түүнийг ажна. Сяолю мишилзэн тэднийг харж,
- Юугаа харсан юм бэ? Бүтэлгүйтэж байхыг минь харж байна уу? Би муугаа харуулсан юм биш ээ, би зүгээр л бага чулуугаар их чулууг хөдөлгөсөн юм. Юутай ч дараагийн удаад тэр мангас толгойттой уулзахад тэр намайг бяцалж алъя гэхээргүй болсон.
Үүр цайхаас өмнө Арвандолоо түүнийг хайн ирлээ. Сяолю баахан хугарсан мөчрүүд дунд атийн хэвтэж байлаа. Тэрээр тун чиг өрөвдөлтэй дорой харагдавч урууланд нь инээд цухалзана. 
           Арвандолоо доош суун түүний толгой нүүрэнд наалдсан хатсан өвс, хагдарсан навчсыг болгоомжтойгоор түүн авч хаяна. Сяолюгийн цамцны захны цаанаас хүзүү нь ил гарч түүн дээр нь харагдахтай үгүйтэй хоёр шүдний ором харагдана. Бараан улаан өнгөтэй ором,  хальт харахад уруулын хэлбэр дүрстэй мэт.   
Сяолюгийн аньсага жоохон чичирхийлж,
- Арвандолоо? гээд нүдээ нээн,
- Би дахиад л явж чадахаа больчихлоо гэж Арвандолоо руу харан ичгүүргүй инээмсэглэн хэллээ.
Арвандолоо түүнийг үүрэхээр суухад, Сяолю томоотойгоор түүний нуруунд үүрүүллээ.
Сяолю гурван хоног амарч тэнхрээд, таяг тулаад явж болохтой зэрэг Хөгшин Мүгээр хэдэн янзын хоол бэлдүүлээд Шюанийг "Ирж архи уу" гэж урив.
Шюань яг товлож тохирсон цагтаа ирлээ. Сяолю найр тавин үйлчилж бүх хүнд архи хийж барилаа. Хөгшин Мү, Шорлог хоёр, нэжгээд аяга архи уугаад бие нь арагш годройтон ухаан алдан унтацгаалаа.
Шюань Сяолю рүү инээмсэглэн харна. Арвандолоо чимээ аниргүй Сяолюгийн хажууд сууна.  Сяолю,
- Нэг гуйх хэрэг гараад чамайг урьсан юм.
- Юу тэр билээ.
- Шорлог Сан Тянь Эртэй гэрлэхийг хүснэ. Чамд төвөг удаж энэ хэргийг бүтээж өгөхийг хүсье.
Шюань юм хэлэхгүй сууна.
Сяолю үнэн сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйж,
- Магадгүй гүехэн нөхөрлөлөөс хэт их зүйл хүсэж байгаагаа мэдэж байна, гэвч энд Шорлогийн нэгэн насны амь амьдрал яригдаж байгаа болохоор би нүүрээ ширлэн чамаас гуйхаас өөр арга алга.
- Лю ах яагаад намайг тус болж чадна гэж бодсон билээ.
- Би Анянь та хоёрыг жинхэнэдээ хэн болохыг мэдэхгүй, гэвч та нар бол жир нэгэн хүмүүс биш гэдгийг бол мэдэж байна. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн сониуч зангаа дийлэлгүй тандаж үзсэн, тэгж яваад чамд баригдсан даа. Шюань ах энэ удаад надад тусална гэвэл, би хожим заавал хариу тус барих болно хэмээн Сяолю тал засан түүнийг "Шюань ах" гэж хүндэтгэн хэллээ. Шюань Арвандолоо уруу нэг хараад,
- Анянь бид хоёр амар тайван аж төрөхийг л хүснэ.
- Тийм тийм, тэгэлгүй яах вэ. Би ойлгож байна, цаашид та нарт ердөө төвөг удахгүй.
Шюань түүнийг ширтэхэд, Сяолю хариу инээмсэглэн,
- Би Чин Шүй тосгонд хорь гаран жил амьдарсан, би бол ердөө л би хэмээлээ.
Шюань босоод гарахдаа,
- Хуримдаа намайг урихаа мартав.
Сяолю магнай тэнийн мишээж,
- Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэлээ.
Хөгшин Мү бүүр түүрхэн сэргэж,
- Та нар ... би яагаад хурдан согтож орхив оо?
Сяолю хэхэ инээд алдан,
- Хэн таныг тэгж сандарч уу гэсэн юм бэ? Дараа архи уухдаа эхлээд хоол сайн идэж бай, гэснээс та маргааш очиж Тянь Эрийг гаргаж аваарай.
- Гэхдээ ...
- Би таныг очиж ав гэсэн бол зүгээр л очоод ав аа.
Хуйчүнь өргөөнд жирийн үед Хөгшин Мү хэрэг явдлыг мэддэг мэт харагддаг ч Сяолю жинхэнээсээ үг хэлэхэд Хөгшин Му үг дуугүй дагадаг байлаа.
Дараа өдөр нь хөгшин Мү биеэ бэлдэж аваад, зүүн инжирт модот гудамжинд очин хүнээ зольж авахаар явлаа. Эмсийн хүрээлэнгийн эзэн Хөгшин Мүгийн хэлсэн үнийг шууд л зөвшөөрөөд оронд нь Сяолю тэдэнд жирэмслэлтээс хамгаалах эмийн жор үнэгүй өгөхөд болчихно гэв. Хөгшин Мү баярлан тэр дор нь тэдний тавьсан саналыг хүлээн зөвшөөрлөө.
Хөгшин Мү боол худалдсан гэрээ бичгийг жин тан болгож аваад, Сан Тянь эрийг дагуулан Хуйчүнь домчийн газартаа эргэн ирлээ. 
Шорлог нүдэндээ ч итгэхгүй Сан Тянь эрийг гөлрөөд, төд удалгүй хамар нь шархиран нүд нь чийгтэж ирээд доош тонгойн нэг сүрлэн хайрцаг аваад,
- Би бэр эгчийнд очоод чамд тэднийхээс хэдэн хувцас зээлж аваад ирье гэж бүдүүн хадуунаар хэлэв.
Сяолю тэднийг мишээн харж,
- Ногоо цагаа авч ирээд, сайхан хоол хийж орой хэдүүлээ тэмдэглэцгээе гэж Хөгшин Мүд хэллээ.
Ёстой тэгье гээд Хөгшин Мү ногооны сагсаа аваад баяр хөөртэйгөөр гаран явлаа.
Сяолюгийн царай гэнэт хүйтэн болон,
- Би чамайг үхсэнээс дор байдалд оруулж чадна гэдэгт чи итгэж байна уу? гэж Сан Тянь эрд хэллээ.
Сан Тянь эр сандарч мэгдэлгүй алгуур суугаад, - Би итгэж байна. 
- Чи яг хэний хүн юм бэ?
Сая Тянь эр дооглонгуйгаар өөрийнхөө нүүрийг илээд,
- Лю ах миний энэ үзэмжийг арай өндөр үнэлээд байна уу? Та миний байсан газарт ямар их өрсөлдөөнтэй байдгийг мэддэггүй юм байна, эр хүмүүсийн хүсэл сонирхлыг ч мэддэггүй бололтой!
- Чи ямар санаатай Шорлогийг өөртөө татсан юм бэ? Би л лав чамайг өөрөө түүнд татагдсан гэж бодохгүй байна.
- Би 13 наснаасаа үйлчлүүлэгч хүлээж авч эхэлсэн. Хорь гаруй жилд олон л эрчүүлтэй учирлаа. Шорлогт учиргүй илүү гараад байх юм үгүй ч, зөвхөн тэр л намайг эхнэрээ болгон авахыг хүссэн гээд залгуулан,
- 3 сарын өмнө нэг эрэгтэй хүн над дээр ирээд, надад их мөнгө амлаж Шорлогийг өөртөө тат гэсэн. Би бол эмсийн хүрээлэнд нэг их өндөр байр суурьтай хүн биш. Одоо л мөнгө сайн хураахгүй бол хөгшин болоод өлбөрч үхэх вий гэж айгаад түүний тавьсан саналыг зөвшөөрсөн. Шорлог эмэгтэй хүн амталж үзээгүй тул би түүнд жоохон нүүр өгч эмэгтэй хүний амтыг мэдрүүлэн хэд хоноход л тэр заавал намайг эхнэрээ болгон авна гэж хатуу амлалт өгч эхэлсэн. Би 13 настайгаасаа л ийм үг сонсохоороо нэг болсон болохоороо түүний хэлснийг ердөөсөө ч юман чинээ бодоогүй. Гэтэл та нар намайг үнэхээр тэндээс золин авлаа. Эзэн маань намайг өөрт нь хэлэлгүйгээр эр хүнийг урхидлаа гэж уурлаад албаар үнийг минь өндөр хэлж миний хэрэгт саад хийх гэсэн. Гэтэл өчигдөр орой надад санал тавьсан тэр эрэгтэй хүн дахин ирээд надад мөнгө өгөөд бидний хоорондын наймаа дууслаа гэж хэлсэн. Тэгээд намайг хэрвээ Шорлогтой суухыг зөвшөөрвөл, түүний өгсөн мөнгийг нь эзэндээ өгөөд өөрөө өөрийгөө зольж гаргаж болно гэсэн.
- Чи тэр эрэгтэйг таних уу?
Сан Тянь эр толгой сэгсрэн,
- Лю ах мэдэх байлгүй, хутагт нар болоод чөтгөр шулмууд төрхөө хувиргаж чаддаг. Би бол зүгээр л нэг эгэл жирийн хүн. Сан Тянь эр сөхөрч суугаад залгуулан,
- 20 жилийн турш дууч эм хийсэн миний сэтгэл зүрх нэгэнт хатуужин чулуужсан. Одоо ч гэсэн би Шорлог намайг ад үзэлгүй үүрд надтай хамт нэгэн насыг өнгөрөөнө гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ би азаа туршаад үзэхийг хүснэ. Хэрвээ Шорлог үнэхээр надтай нэг насыг өнгөрөөе гэж байгаа бол гээд Сан Тянь эр тэнгэрт гараа өргөөд,
- Би ч гэсэн нэгэн сэтгэлээр түүнтэй хамт байна хэмээн андгайллаа.
Сяолю Сан Тянь эр рүү харан юм хэлсэнгүй.
Сан Тянь эр толгой бөхийлгөн,
- Зүрх сэтгэл хүйтэн хөндий болсноор алив зовлон бэрхшээлээс зайлсхийдэг болдог. Гэвч түүний хажуугаар аз жаргалаас ч бас зайлсхийдэг болдог юм байна. Би үнэхээр хэн нэгэн эрэгтэй хүн гарч ирээд намайг буцаан 12 жилийн өмнөх шиг минь болгож миний сэтгэлийг жоохон ч гэсэн зөөлрүүлээсэй гэж хүснэ. Нулимсны хажуугаар бас баярлуулж догдлуулдаг байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ Шорлог үнэхээр тэр хүн мөн юм бол, би түүнийг өөрийн амьдралаас ч илүү хайрлаж явах болно.
Шорлог Батгатыг татаж чангаасаар хоёул хамт гүйн орж ирлээ. Бэргэн хэлэхдээ ... гээд Сан Тянь эрийг Сяолюгийн өмнө газар сөгдөн сууж байхыг Шорлог хараад гайхан сэтгэл нь зовнисон байдалтайгаар Сяолю рүү харна.
Сяолю инээд алдан,
- Яасан? Сүйт бүсгүй чинь надад сөхөрч мөргөж байна. Чи дургүйцээд байна уу? гэлээ.
Шорлог Сан Тянь эр рүү нэг хараад, нүүр нь улайн инээвхийллээ. Сан Тянь эр нуруун дээрээс нь хүнд ачаа авч хаясан аятай бие нь сулбайгаад ирэв. Хэсэг азнасхийгээд, сая Сяолюд ном ёсны дагуу мөргөлөө. Мөргөж бараад Сан Тянь эр тэргүүнээ өргөхөд нь нүдэнд нь нулимс хурсан байлаа.
Сяолю гар ширвэн,
- Хоол хийж чадах уу? Чадахгүй бол гал зууханд очиж Хөгшин Мүгээс суралц! хэмээлээ.
Оройн хоолны дараа, Шорлог Сан Тянь эр хоёр голын эргээр алхаж зугаалахаар гарав. Хүйтэн салхи хүчтэй салхилахыг тэр хоёр үл тоон хамтдаа ярилцан аажуу уужуу алхсаар.
Сяолю таяг тулаад тэдний араас холхон даган алхаж, Арвандолоо хажууд нь дагалдана.
Сяолю дахин далан долоон үгтэй болж,
- Үнэндээ, энэ бол их сонирхолтой мөрий юм. Тянь эр Шорлогийг түүнтэй үнэн сэтгэлээсээ насан турш хамт байна гэдэгт итгэлгүй байгаа. Түүний Шорлогт өгсөн хайр сэтгэл бол жинхэнэ хайр биш, гэтэл түүнийг нь Шорлог мэдэхгүй. Тянь эр түүнд сайн байх тусам Шорлог ч түүнд улам сайн болно байх.  Тянь эр Шорлог түүнд улам сайн болохыг мэдэрвэл, түүний хуурамч сэтгэлд нь аандаа жинхэнэ гал ноцож тэр нь үүрдийн сэтгэл болно байх. Эцэст нь хуурамч сэтгэл ч жинхэнэ сэтгэл болон хувирна. Гэхдээ энэ хооронд эрсдэл гарахгүй гэж ам гарч боломгүй. Тянь эр өөрийн сэтгэлийг мөрийнд тавиад азаа туршиж үзэж байна. Хэрэв Шорлогийн сэтгэл эргэж орхивол энэ хоёр хүний нэг нь үхэж байж л дуусах байх даа. Би урт удаан амьдрах тул тэднийг хэрхэн төгсөхийг мэдэж чадна гэж Сяо Лиү инээмсэглэн  хэллээ.
Арвандолоо урд талдаа зэрэгцэн явж буй хоёрын араас харангаа,
-Шюань, яагаад?
- Би өмнө нь тэднийд шөнөөр нууцаар орж тахианы мах хулгайлж идэх тэр үеэс л тэр намайг өөр санаатай байх гэж хардсан. Тянь эрийг явуулж миний ард хэн байгааг тандах гэсэн хэрэг. Би хэрвээ эргүүтэн Шянлюгаас тусалцаа хүссэн болж гэм цаашид том асуудал үүсэх байж. Тэр одоо ч гэсэн надад бүрэн дүүрэн итгэхгүй байгаа. Гэвч хүний сайныг ханилан байж гэдэг дээ, би үнэхээр л цэв цэвэрхэн юм чинь юунаасаа айх вэ дээ.
Тэдэнтэй хамт хүйтэн салхинд даараад яах вэ, хоёулаа буцья гээд Сяолю таягаа Арвандолоод өгөөд, хаха хэхэ инээн хоёр гараа алдлан нэг хөл дээрээ дэвхрэн дэвхцэн  буцлаа. Хашааны хаалган дээр ирээд, босгон дээгүүр үсрээд орхитол чулуун шаланд тогтсон нимгэн мөсөн дээр халтиран, арагш Арвандолоогийн энгэрийг налан уналаа.
Сяолю Арвандолоогийн гараас таягаа аван түшиж босох гэтэл, таяг газарт унан, Сяолю  хий агаар самардаад дахин Арвандолоогийн өвөрт уналаа.
Хоёул өөд өөдөөсөө харан хэсэг чимээгүй зогслоо.
Нөгөө юу ... баярлалаа гэж Сяолю хэлээд ганц хөл дээрээ үсэрсээр өрөө рүүгээ орлоо.
        Хаврын дунд сар болж, цэцэгс дэлгэрэхэд Хөгшин Му Шорлог Сан Тянь эр хоёрын хуримыг хийлээ.
Хуримыг цомхон хийж, Шорлогийн найзалж нөхөрлөдөг хэдэн нөхдийг нь л урив. Гахай нядлагч Гао бас Шюань ирэв. Дахин бие давхар болсон Чүнь Тао гэдсээ цүдийлгэн инээмсэглэн сууна, Харин Сан Тянь эртэй яриа үл өрнүүлнэ. Охин нь хааяа Сан Тянь эрийн хажууд очиход Чүнь Тао түүнийг хурдхан татаад,
- Эгчдээ битгий саад бол гэж сануулна.
Шорлог их баярласан байх тул олон зүйлийг анзаарч үл харна. Гэвч түүний хөөртэй инээд, өрөөнд байгаа хүмүүсийг хөгжөөн баясгана.
Сяолю нугасны хүзүү мөлжингөө хүмүүсийг мишээн харна. Энэ бол гашуун чихэрлэг  холилдсон энгийн амгалан амьдрал. Чухам чихэрлэг цай юу, гашуун цай юу гэдгийг бол харин тэнгэр талыг нь, үлдсэн талыг нь хүн өөрөө хариуцна.  
Хурим дундаа орж байтал Анянь аажуу алхан орж ирлээ.
Сяолю хурдхан өрөөг гүйлгэн харахад, Арвандолоо харагдахгүй болсон байв.
Хөгшин Мү халуун дотноор Анянийг тосон урихад, Анянь Хөгшин Мү уруу толгойгоо дохих төдий болоод Шюанд хандан,
- Шюань ахаа, Хайтан таныг ийшээ хуримын дарс хүртэхээр ирсэн гэсэн үнэн байжээ хэмээлээ.
Аняний Шорлог, Сан Тянь эр хоёрыг харах харцанд огтхон ч нуухыг оролдоогүй илэрхий үл тоомжирлосон төрх тодорно. Баярласандаа ухаан балартах шахах Шорлог хүртэл түүнийг нь анзаарлаа. Шорлогийн царай барайгаад ирэв, харин Сан Тянь эр зовнисонгүй, учир нь тэр Анянийг энд байгаа бүх хүнийг, Сяолю, гахай нядлагч Гао, Чүнь Тао, бүр Чүнь Таогийн охиныг хүртэл хамтатгаад бүгдийг нь тоомсорлохгүй байгааг тэр дор нь анзаарлаа.
  Аняний тэрхүү бүхнийг дээрээс харсан, цаанаасаа бүгдийг үл тоомсорлох байдал нь тэнд байгаа хүмүүсийг бүгдийг эвгүй байдалд оруулав. Гахай нядлагч өөрийгөө жир нэгэн өмхий үнэртэй гахай нядлагч, бие нь байнга муухай үнэртэй явдаг гэдгийг санаж, Чүнь Тао болохоор түүний хумсан завсар угаагаад ч арилахаа больсон хар зураастай болохоо гэнэт саналаа... .
Шорлог, Батгат хоёр гараа чанга атган сууна. Анянь харин юу ч хийж, юу ч хэлсэнгүй.
Тэр зөвхөн цэх шулуун зогсоод тэнд байгаа хүмүүсийг харна.
Сяолю өөрийн эрхгүй түүнийг биширч, <<Энэ охин хаана хүмүүжсэн юм бол? Ийм боловсон, журамтай хэр нь яаж ингэж бардамнаж чаддаг байна аа. Бүгдийг дээрээс харан, бүх хүнийг үл тоомсорлон байгаа ч тэгэх нь түүний түмэн зөв мэт сэтгэгдэл төрүүлэх  нь юуных вэ>> гэж бодлоо.
Шюань босоод, явахаар завдахад Анянь харин нэг гарын алчуур гаргаж ирэн сандал дээр тавьж дээр нь суугаад,
- Шюань ахаа, би ийм хурим үзэж байгаагүй, тэд нарыг үргэлжлүүл гэж хэл гэлээ.  Сяолю золтой л цусаар тургисангүй. Шорлог ширээ шаахыг шахахад Сан Тянь эр түүнийг болиулаад,
- Бид энэ авхайд архи барих хэрэгтэй юм биш үү гэж инээмсэглэн хэллээ.  Анянь,
- Би уухгүй, танай хундага цэвэрхэн биш балиар бохир харагдаж байна гэж цэмцгэнэн хэллээ.
Сяолю сэтгэл дотроо чимээгүйхнээр, <<Би түүнд найр тавьж байх болно,  найр тавьж байх болно ... >> гэж давтана.
Шюань Шорлогийн гараас архийг аваад, нэг хөнтрөн ууж дуусгалаа. Анянь хөмсөг зангидсан боловч юм хэлсэнгүй. Харин ширээн дээрх хоол цайг сониучирхан харж, Хөгшин Мүд хандан,
- Сонсоход, хуриман дээр зассан ширээн дэхь идээ будааны хэр баян тансгаас сүйт бүсгүйд үзүүлж буй хүндэтгэл харагддаг гэсэн. Та нар ийм муу юмс бэлдсэнийг харахад шинэ бэрдээ их л дургүй байх нь ээ! гэлээ.
Хүний арга аяыг эвтэйхэн олчихдог Сан Тянь эрийн царай хүртэл хувьсхийлээ. Сяолю яг одоо бушуухан энэ зочдыг үдэж явуулъя гэж шийдээд, Шюань Анянь хоёрт хандан, 
- Та хоёр дахиад жоохон суухгүй юм уу! Үгүй юу! За тэгвэл яв даа! Аажуу хариарай, гаргаж өгч харин чадсангүй! гэлээ.
Шюань Анянийг татан босгоод гадагш явахдаа Сяолюгаас уучлал эрлээ. Анянь Сяолю рүү дүрлийн харж,
- Чамтай таарах бүрд, яршиг төвөг болж байх юм, хэрвээ ах хориогүй бол би чамайг ташуурдуулах байсан юм.
Сяолю ч гэсэн <<Хэрвээ ах чинь байгаагүй бол би ч гэсэн чамайг алгадаж унагах байсан>> гэж сэтгэлдээ хэлнэ.
         Шюань, Анянь хоёр явснаар Сяолю сая санаа нь амарлаа.
Тэр байшин тойроод, тариалангийн талбайг өнгөрөн, голын зүг явлаа. Өвс хэдийнээ ногоороод цэцэгс дэлгэрчээ. Арвандолоо голын эрэгт усны урсгалыг нь харан сууж байлаа. Сяолю түүний ард очиж зогсоод,
- 6 жилийн өмнө чи яг тэр шугуйд хэвтэж байсан гэлээ.    
Арвандолоо эргэн түүнийг харж, уруулдаа инээмсэглэл тодруулан, 
- 6 жил гэж хэллээ.
Сяолю мишилзэн түүний хажууд суугаад,
-  Батгат Шорлог хоёр хүртэл чамайг энэ Хуйчүнь домчийн газарт баймгүй хүн гэдгийг чинь мэддэг. Шюань ч гэсэн хараад мэдэж байгаа. Тэгээд ч тэр угаасаа намайг бас хардаж сэрддэг. Чамайг ч гэсэн тандуулахаар хүн явуулах л байх.
- Аанха."
Арвандолоогийн тунгалаг харцанд үл мэдэг инээд тодорно. Тэр намуун дөлгөөн, тайван амгалан, ертөнцийн алив бүхнээс гадуур орших мэт хэр нь бас хажуугаар нь уулс хангайн цэцэгс, салхины сэвэлзээ, цэнгэг ус тэр бүгдтэй нэгэн цул мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Сяолю санаа алдаад, үнэндээ Арвандолоо бол өөр нэгэн төрлийн тэртээ дээр орших,  бүхнийг дээрээс харагч хүн. Аняний байгаа байдал нь Сяолюгийн унтууцлыг төрүүлж түүнийг алгадаж унагах сэдлийг төрүүлдэг бол, харин Арвандолоогийн тэр байдал бол эсрэгээрээ Сяолюд түүнийг ноолж, түүнд өөрийнхөө амьсгалыг шингээж, түүнийг хэзээ нэгэн өдөр жинхэнээсээ салхины аясаар үгүй болж, тэнгэрийн үүл мэт сарнин алга болгохгүй байлгамаар санагдуулдаг байв.    
Сяолю газраас нэгэн чулуу аваад, хар хүчээрээ гол уруу шидээд, голоос үсэрхийлсэн ус Арвандолоогийн нүүрээр нэг болохыг хараад, сэтгэл ханан инээж гарлаа. Арвандолоо алчуур гарган нүүрээ арчих гэтэл Сяолю,
- Арчиж болохгүй гэж дээрэнгүй тушаан хэллээ.  
Арвандолоо гайхавч, түүний үгэнд орон нүүрээ арчихыг болив. Харин алчуураараа Сяолюгийн нүүрэнд үсэрсэн усны дуслуудыг арчина.
Цагаан бүргэд Өдөн бөмбөлөг усны мандалтай зэрэгцэн нисэн ирлээ. Шянлю инээх инээхгүйн хооронд тэр хоёрыг харна.
Сяолю гялс гээд босож урагш хэд алхаад, эргэж харан Арвандолоод хандан,
- Чи түрүүлээд харьж бай! гэж хэллээ.
Арвандолоо сэрэмжлэн, явахыг хүсээгүй боловч, захны завсраар цухуйх тэр үнсэлтийн ул мөрийг санаад, толгой гудайн чимээгүй эргэн явлаа.
Сяолю усан дунд зогсоод, ташаагаа тулан Шянлю өөд харж,
- Дахиад л бэлэг авч ирээ юу? гээд <<Барьцааны хүн дахин нэгээр нэмэгдсэн шүү>> гэж сануулахаар түүнийг ирж гэж бодлоо.
Өдөн бөмбөлөг нисэн ирэхэд, Шянлю гараа сунгаж Сяолю түүнээс нь барин бүргэдийн нуруун дээр авиран гарлаа. Бүргэд яах ийхийн зуургүй үүлэн дунд нисэн орлоо.
Сяолю бүргэдийн нуруун дээр хэвтээд доош харахад, Өдөн бөмбөлөг доошлон нисэж, Сяолюд газар дээрх өнгө төрх тодхон харагдана. Тэд ийнхүү ниссээр их далайд хүрлээ. Өдөн бөмбөлөг баярлаж хөөрөн дээш дүүлэн нисэж, огцом хэд эргэлдэхэд, Сяолю сүнсний хүч нь сул дорой тул бүргэдийн хүзүүнээс тас зуураад, царай нь цайж цэхийгээд Шянлюд,
- Би эндээс унаж үхсэнээс чамд хамаг цусаа юүлүүлж үхсэн нь дээр.
- Чиний сүнсний хүч яагаад ийм сул дорой юм бэ?” гэж Шянлю асуув.
- Тэр муу үхэж байсан үнэг миний сүнсний хүчийг гадагшлуулахгүйн тулд, дараа нь идэхэд амар байлгах гэж эмээр намайг хордуулаад, сүнсний хүчийг минь аажим аажмаар судас шөрмөсөнд минь шингээсэн.
- Сүнсний хүчээ алдах өвдөлтийг ясаа цөмлүүлж, чөмгөө соруулах өвдөлттэй адил хэцүү гэдэг. Миний тэр 40 ташуурдалт чамд хөнгөджээ, дараагийн удаад өөр хэрэгсэл олох хэрэгтэй юм байна.
Сяолю царай нь цонхийн,
-  Дуу дуулж сурахтай адилтгах нь шив дээ, дуулах тусам хоолой яруусахтай адил гэж санаа юу? Тэр үед тэгж их өвдсөн болохоор, би өвдөхөөс үхтлээ айдаг, жирийн хүмүүсээс илүү их айдаг!
Шянлю Өдөн бөмбөлгийг гарын алгаар цохилоход, Өдөн бөмбөлөг дахиж галзуурсангүй, томоотойгоор жигд тогтвортой нислээ. Сяолю санаа нь амраад, болгоомжтой босож суулаа.
Өдөн бөмбөлөг их удаанаар бас машид жигд тогтвортой ниснэ. 
Шянлю баярлаж гуньж буй нь мэдэгдэхгүй, царай нь тогтуун ус мэт царцаж, харц нь хий хоосон агаарыг ширтэнэ.
- Чиний сэтгэл санаа онцгүй байгаа юм уу? гэж Сяолю түүнээс асуулаа.
- Торонд хоригдсон тэр 30 жилээ чи яаж тэсэж өнгөрүүлсэн юм бэ? гэж Шянлю нам дуугаар хариу асуулаа.
- Анхандаа би байнга зугтахыг оролддог байсан. Түүнийг эсэргүүцэж, харааж, уурлуулдаг байсан. Сүүлдээ би түүнийг уурлуулахаас айж, гэхдээ бас дуугүй түүний үгэнд орохгүйг хичээж бүр амиа егүүтгэхийг хүртэл оролдсон. Гэвч хэд хэдэн удаа оролдоод бүтээгүй. Тэгээд түүнээс хойш би хувь тавилантайгаа эвлэрч, шаналал дундаас баясал хайж тэр үхэж байсан үнэг энэ удаад ямар сэжгийн зүйл авч ирж надад өгөх гэж байгааг тааж хүлээн өөрөө өөртэйгөө мөрий тавьдаг болсон. Тэгээд эцэст нь би түүнийг улам ихээр үзэн яддаг болж, галзууртлаа түүнд хорсож үзэн яддаг болсон. Би арга сийлж хоронд орох орц цуглуулж, өөрийгөө хордуулах хор найруулаад, түүнийг намайг идэх үед би хийсэн хороо уугаад улмаар түүнийг хордуулъя гэж бодох болсон.
Сяолю Шянлюгийн хажууд ойртон суугаад,
- Хүний сэтгэл санаа гэдэг их хачин зүйл шүү. Аз жаргалтай эсвэл гунигтай байх, зовлонтой эсвэл жаргалтай байх нь бүгд өөр хүнтэй харьцуулагдсанаар илэрдэг. Жишээ нь хэн нэгэн хүн өдөржин ажиллаж ядраад, ганцхан бин идсэн гэж бодъё. Гэтэл тэр хүн гудамжинд зөндөө гуйлгачин үхсэн байхыг харвал өөрийгөө азтайд тооцож, өөрийгөө бас чиг гэж гайгүй амьдарч байна гэж бодон, сэтгэл санаа нь тайвширч амгалан болно. Гэтэл тэр хар багаасаа найзалж өссөн нөхөд нь бүгд баяжиж томроод торгон дээл өмсөж, махтай шөл уун, зарц хүүхнээр асруулж байхыг харвал тэр өөрийгөө ёстой новшийн амьдарч байна даа гэж бодон сэтгэл санаа нь авах юмгүй болно. Чи надаар миний өнгөрсөн гунигт түүхийг илүү их яриулмаар байна уу? Би аль болох өрөвдөлтэй болгон ярьж өгч болно шүү. Чи өнгөрсөн түүхийг минь сонсоод тэнгэрийн дор хамгийн новшийн зүйл гэж байдаггүй. Харин бүүр ч илүү азгүй түүх л гэж байдгийг мэдэж авч болно.
Шянлю гараа өргөн Сяолюг чимхэх гэтэл, тэр нүдээ аниад зөнгөөрөө атирч нугдайлаа. Энэ бол урьд өмнө нь олон удаа зодуур нүдүүр амссан хүний л хийх үйлдэл байлаа.
Шянлю гараа алгуур буулгаад, Сяолюгийн хүзүүн дээр гараа тавилаа.
Сяолю түүнийг түүнд гар ч хүрсэнгүй, ам ч хүрсэнгүйг мэдээд айхаа болин,
- Чи өнөө орой нэг л өөр байх чинь. Чи өмнө нь далайд амьдардаг байсан уу” гэж асуулаа.
Шянлю түүнд хариу хэлсэнгүй. Өдөн бөмбөг алгуур доошлон далайн мандалтай зэрэгцэн ниснэ. Шянлю гэнэт бүргэдийн нуруун дээрээс шууд л далайн усан дээр алхан бууж, гайхалтай хөнгөн зөөлөн явж эхэллээ.
Тэр Сяолюд гараа өгөхөд Сяолю хурдхан түүний гараас атгаад бүргэдийн нуруунаас буулаа. Өдөн бөмбөг уснаас айдаг тул хурдхан далавчаа дэвэн, далайн мандлаас холдон элэн халин нисэж одлоо.
Шянлю Сяолюгийн гараас хөтлөн салхи сөрөн далайн давлагаа дээгүүр намуухан алхана.
Эргэн тойронд өчүүхэн ч гэрэл гэгээ байхгүй, тэнгэр хав харанхуй, далайн мандал ч гүн харлан, урд талд юу ч байхгүй, ард хойно ч хов хоосон, тэнгэр газрын дунд дэндүү уудам, зөвхөн салхины сэвшээ л давлагаа үүсгэн байна. Сяолю өөрийгөө өчүүхэн жижигхэн хорхой мэт мэдрэн, дараагийн давлагаа л түүнийг бүрхэн нөмрөн авч одох мэт санагдан, өөрийн мэдэлгүй Шянлюгийн гарыг чанга атгалаа.
Шянлю гэнэт зогсоход, Сяолю түүнийг яагаад зогссоныг мэдсэнгүй боловч юу ч хэлсэнгүй. Зөвхөн өөрийн мэдэлгүй Шянлюгийн биед ойртон дөхөж, Шянлюд хань болон хамтдаа дорно зүгийг чимээгүй хараачлан зогслоо.
Удалгүй, далайн мандлаас дув дугуй саран авхай мандаж, мөнгөлөг туяагаа сацруулан дээш хөөрлөө. Сяолю тэнгэр газрын үзэсгэлэн гоод бахдан, сэтгэл дэхь хатуу бүрхүүл нь ч дагаад уяран зөөлрөх шиг боллоо.
Далайн сэвшээ шивнээг даван Шянлюгийн хоолой сонсогдож,
-Тэнгэр газрын савслага дунд ийм сайхан үзэмж байхад амьдрал өөрөө үнэ цэнэтэй.
-Ямар ч сайхан үзэмжийг байнга харвал бас л уйтгартай, хэн нэгэн хүн надтай хамт таашаахгүй л бол сонирхол төрөмгүй. Үзэмж хэзээд үхмэл, хүн л түүнд утга учир өгдөг гэж Сяолю бувтнан хэллээ.
Шянлю түүний бувтнааг сонссон эсэхийг мэдэхгүй, ямартай ч түүнд хариу хэлсэнгүй. 
Хамгийн үзэсгэлэнтэй мөч дуусгавар болж, Шянлю ч Өдөн бөмбөлгийг дуудан тэд буцлаа.
Шянлюгийн нүүрэнд ядарсан шинж тодрон нүдээ анин сууна.
- Чи юунд сэтгэл уруу байгаа юм бэ? гэж Сяолю түүнээс асуулаа.
Шянлю түүнийг тоосонгүй.
Сяолю :
- Жу Руны хүү дотор газарт эрх мэдлээ тогтоосноос хойш тэнд байдал тайван тогтуун болж байгаа. Төр барих хаан эрт оройгүй Гүнгүн жанжны учрыг олно. Тэнгэрийн доорх байдал нэгэнт өөрчлөгдөшгүй болсон, нэг хүний санаагаар саад хийх арга үгүй. Би бодохдоо чи аль болох хурдхан зугатсан нь дээр гэж санах юм. Үнэндээ чи бол зүгээр л нэг чөтгөр, хүн хүний зэвүүцэл дургүйцлийг төрүүлдэг есөн толгойтой чөтгөр. Шэнь Нончуудын тэр ихэрхэг бардам зангаар бол чи тэдний нүдэнд бол тэр нөгөө юу юунд ч ... хүрэхгүй нөгөө юу байх. Тийм байхад чи яасан гэж тэр Шэнь Нон армийн журамт цэргийн төлөө санаа тавьж байдаг юм бэ? Гүнгүнийг дагалаа гээд чамд юу олж наалдах юм бэ? Чи хэрэв эрх мэдэлд дуртай бол нэг мөсөн Гүнгүнээс урваж түүнийг худалдаж орхиод хаанд дагаар орсон нь ...
Шянлю нүдээ нээхэд түүний нүдний цөцгий нь чөтгөр төрхөндөө орж, цусан улаан өнгөтэй болсон байлаа. Сяолю түүний харцанд ээрэгдэн, бие нь нэгэн үл үзэгдэх хүчинд автан, огтхон ч хөдлөх аргагүй болж, хамраас нь цус гоожиж, хумсных нь завсраас цус шүүрэн ирэв.
- Миний бу... руу ....
Шянлю нүдээ аньхад Сяолюгийн бие урагш годройтон бүргэдийн нуруун дээр яг л базсан алчуур мэт амьдын шинжгүй гулдайн унав. Чиншүй тосгонд ойртон ирэхэд, Өдөн бөмбөг удаанаар алгуур доошлон нисэхэд, Сяолю арайхийн босч суугаад, хамар амныхаа цусыг арчаад нэг ч үг хэлэлгүй голын усанд цүлхийн унан орлоо.
Сяолю голын усанд хэвтээд, ус түүний цусыг угаан урсгана.
Тэнгэрт гарсан сарыг ажихад сар харин чимээ аниргүйгээр бүх дэлхийг туяагаараа гэрэлтүүлэн байлаа.

Орчуулагчийн тайлбар
Жу Рун
祝融 Zhu Rong
Хятадын эртний домогт гардаг дүр. Улаан хаан хэмээх цолтой. Галын бурхан гэгддэг, өмнийн бурхан, өмнө далайн бурхан зэргээр нэрийддэг. Таван махбодийн бурхны нэг. Түүх домогт түүнийг янз бүрээр дүрсэлдэг бөгөөд зарим эх сурвалжид бол түүнийг Янь хааны удам угсаа гэсэн байх нь бий.
Уул усны домогт тэмдэглэснээр түүнийг адгуус амьтан биетэй, хүний нүүртэй гэж дүрсэлсэн байдаг. 2 луу хөлөглөдөг. Тэнгэрийн хаанаас шууд зарлиг сонсдог.

“Түүхэн тэмдэглэл” -д дурдсанаар бол тэр бол Чу овгийнхний өвөг дээдэс гэж гардаг байна.  楚人 Chu ren 
Чу улс гэдэг нь НТӨ 223 оныг хүртэл 800 гаруй жил оршин тогтносон улс. Газар нутаг нь яг хаанаас хаа хүртэл оршин байсан гэх мэтийг одоогоор бүрэн судалж тогтоогоогүй байгаа бололтой.

Тэр үед Монголын газар нутаг дээр ямар улс байсан тухай wikipedia-гаас судлаад үзэхэд :

[ Хүннү улс (хят. 匈奴, Xiōngnú) нь НТӨ 209 – НТ 93 МЭӨ 318 онд Хүннү нар бусад улсуудтай нийлэн Цинь улс руу довтолсон гэж түүхийн сударт хамгийн анх дурдагджээ. Хүннү улс МЭӨ 209 онд Модунь өөрийн эцэг Түмэн шаньюйг хороож, шаньюйгийн суудлыг булаан авсан. Энэ явдлыг өмнөх үеийн түүхчид Модун шаньюй бол Хүннү улсыг байгуулсан гэж бичсээр ирсэн ч, үүнээс өмнөх үеийн хэд хэдэн шаньюйг дурддаг нь Хүннүгийн төрт ёсны түүх эртний уламжлалтай гэдгийг нотлож байдаг.]

Гэсэн байгаагаас харахнээ, Жу улсыг оршин тогтнож байхад одоогийн Монголын болон бусад  газар нутаг дээр Хүннү гүрэн оршин тогтнож байсан мэт.
Жу улс гэдэг нь Хятадын төрт ёсны гүрэн улсуудын нэрсийн жагсаалтад байхгүй байгаагаас харахад Чин гүрний үе (НТӨ 221- 207) хүртэлх Зүүн Жоу гүрэн 东周 буюу  Хавар намар улсын эхэн үе (НТӨ 770- НТӨ 476 он), Дайчин улс (НТӨ 475 – НТӨ 221 он)-ын үед хамаарах мэт. 
[Зүүн Жоуг нь бас Хавар Намрын улсын үе, Байлдаант улсын үе хэмээн хоёр үед хуваан үздэг ажээ. ]

Жич: [ ] хашилтанд байгаа агуулгыг Wikipedia хуудсаас иш татан оруулж байгаа болно. 

Хятад кино ярилцья группээс зохиолын дараагийн бүлгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now