Сэтгэлийн хөндүүрийг хэн мэднэ хэмээх арав дугаар бүлэг - 2/2

29 4 0
                                    

Тэр орой Сяолю Цагаан хаантай хамт саравчны чулуун шатан дээр суугаад зөндөө юм ярин суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр орой Сяолю Цагаан хаантай хамт саравчны чулуун шатан дээр суугаад зөндөө юм ярин суулаа.
Сяолю аавдаа хэлж ярих юм олон байгаа санагдана. Тэр анх удаа бар агнаснаа, могойн өндөг хулгайлснаа, хор найруулснаа, эмсийн хүрээлэнд очиж үзсэнээ, домчийн газар нээснээ ... уулын тосгонд түүнийг гэртээ байлгасан тарган эгч түүнд хоол хийхийг зааж өгснийг, үзэсгэлэнтэй дууч эм түүнийг эргүүлснийг, түүнийг авран гэртээ аваачсан Хөгшин Мүгийн тухай, тэр өөрөө авран гэртээ авч ирсэн Батгат, Шорлог ... дэндүү олон зүйл болж, дэндүү олон хүнтэй уулзаж танилцаж явжээ. Тэр өөртөө тохиолдсон болгоныг аавдаа ярьж өгмөөр байлаа.
Өнгөрөөсөн 200 гаруй жил нь дан зовлон шаналал байгаагүй гэдгээ тэр аавдаа хэлмээр байлаа. Түүнд бас зөндөө олон гоё сайхан баяр хөөртэй зүйлс тохиолдсон. Түүнтэй таарсан хүн бүр муу хүн байгаагүй. Тэр бас олон олон сайн сайхан хүмүүстэй учран таарсан. Үзэж өнгөрүүлсэн энэ олон өнгийн амьдрал нь түүнийг томоотойгоор ингээд гүнжийн амьдрал руу оруулж түвдэхгүй байна. Тэр түүний үзэж өнгөрүүлсэн амьдрал бол түүний туулах л ёстой байсан амьдрал, тиймээс аавдаа битгий их зов, битгий өөрийгөө буруутга гэж хэлэхийг хүсэж байлаа.
Сяолю өөрийгөө сүүлдээ яг юу юуны тухай ярьсныгаа ч санахгүй байлаа. Тэр зөвхөн инээд алдан өөрийнхөө түүхийг ярьж байснаа л санаж байна. Тэгээд тэр ядраад хүүхэд байхдаа аавыгаа налаад унтдаг байсан шигээ аавынхаа өвдгийг дэрлэн унтчихсан байлаа.
Өглөө, Сяолю муурын жижигхэн зулзага шиг сэмээрхэн гэтсээр өрөөнөөс гарлаа. Цэцэрлэг дотор хэсэг алхаад цэцэг ургасан модыг залхуутайяа налан нүдээ онийлго.н нарны цацрагийг харж аз жаргалтайгаар мишээн инээлээ.
Жуан Шюй Арвандолоо хоёр шатар тоглон сууна. Сяолюг цэцэгс дэлбээлсэн модон доор зогсоод царай нь дэлгэрсэн цэцэг шиг жавхаатай мишээн байхыг нь хараад Арвандолоогийн зүрхний хэмнэл нь алдагдах шиг боллоо.
- Чи нууцаар загас хулгайлж идээгүй биз гэж Жуан Шюй Сяолюг шоолон хэллээ.
Сяолю цэцэг цэцэглэсэн модны мөчрөөс татан хөдөлгөж,
- Өчигдөр би аавтай зөндөө их юм ярьсан.
- Чи угаасаа зөндөө их юм ярьдаг юм байж жирийн үед огт юм ярьдаггүй байсан юм шиг аашилж байх шив.
Сяолю Жуан Шюй дээр үсэрч очоод түүний хоолойг боох гэж байгаа дүр эсгэн,
- Танд анхааруулаад хэлчихье. Та намайг сүнсгүй хүчгүй болсон гээд дээрэлхэж чадахгүй шүү. Намайг уурлуулах юм бол би таныг үг хэлье гээд хэлж чадахгүй, гар хөдөлгөе гээд гараа хөдөлгөж чадахгүй болгож чадна шүү.
- За за за, Би шатар тоглож байна, чи битгий миний өргийг бусниулж орхи гэж Жуан Шюй сандран хэллээ.
Сяолю тэдний тоглож байгаа өрөг рүү хараад тэдний өрөг бол энгийн нэгэн шатрын өрөг биш харин хутагтын тоглодог шатрын өрөг болохыг нь харлаа. Дөрвөлжин энэ өрөг дээр дөрвөн зүгийн дайныг бүхэлд нь дүрсэлж болдог гэдэг.
- Би ч бас тогломоор байна гэж Сяолю хэллээ.
- Би арай хийн Арвандолоог ятгаж байж түүнтэй тоглож байна. Бид хоёр энэ өргөө дуусаад чамтай тоглоё болох уу гэж Жуан Шюй түүнийг аргадан хэллээ.
Сяолю хошуугаа унжуулан, Арвандолоогийн хажууд явж очоод, - Би тогломоор байна.
Бодож байсанчлан Арвандолоо хажуудаа байсан савыг аван Сяолюгийн гарын хажууд тавилаа. Сяолю Жуан Шюй рүү гайхуулан нэг хараад, өрөг рүү харж байснаа нэг газарт нүүгээд Арвандолоогоос,
- Энд нүүж болох уу? гэж асуулаа.
- Болно гэж Жуан Шюй Арвандолоо хоёр нэгэн зэрэг хэллээ. Гэхдээ нэг нь дургүйцэн тохуурхан хэлж, нэг нь тайван дөлгөөн хэллээ.
Жуан Шюй босоод Сяолюг түлхсээр өөрийнхөө сууж байсан газарт суулгаад,
- Тэртэй тэргүй чи Арвандолоог надтай тоглуулахгүй гэж шийдсэн юм бол, чи өөрөө түүнтэй тогло!
Сяолю алга ташин,
- Ах хүн ийм л байх хэрэгтэй!
Сяолю Жуан Шюйгийн өргийг үргэлжлүүлэн нүүж, нүүхдээ эргэж буцаж, аймшгийн буруу муу нүүдэл хийн тоглолоо.
Арвандолоо Сяолюг яаж ч нүүж байсан тэвчээртэйгээр түүнтэй тоглож байлаа. Гэхдээ тэр Сяолюд найр тавилгүй харин жинхэнээсээ Сяолютай тоглон, идэх ёстой газраа иднэ. Гэхдээ идсэнийхээ дараа Сяолюд хэдэн нүүдлийн өмнө өөрөөр нүүсэн бол тэр түүнийг идэж чадахгүй байсан гэж түүнд зааж үзүүлэн тоглоно.
Жуан Шюйд бол тэдний тоглох нь жоохон хүүхэд дураараа аашлан газраар нэг тийчлэн өнхөрч төрхгүй аашлахад нь том хүн түүнийг загнаж зандарч болиулахгүй бас түүний хүслээр ч болохгүй харин түүнд аажим алгуураар ёс дэг зааж өгч байгаа юм шиг харагдаж байлаа. Нэг удаа заагаад ойлгохгүй бол хоёрдохоо заана, хоёр удаа заагаад ойлгохгүй бол гурав дахиа заана. Гурав хэлээд хүлээж авахгүй бол дөрөвдөхөө хэлж заана ...
Нэг цаг өнгөрөхөд Жуан Шюйгийн хичээн хамгаалсан газар нутаг Сяолюгийн буянаар авах юмгүй болж мянган цоорхой зуун нөхөөстэй болсон байлаа. Сяолю дахин нүүхээс цааргалан, хоёр гараараа өргийг тараан бусниулаад,
- Би хожлоо гэж зарлан хэллээ.
Жуан Шюй толгой сэгсрэн санаа алдаж, Арвандолоо Сяолюг харан мишээн инээнэ. Арвандолоогийн харцнаас түүнд хоргодон салан явмааргүй байгаа нь тодхон харагдана.
Сяолюгийн зүрх гэнэт хүчтэй хэд цохилоод буцан намжлаа. Тэр чимээгүй Арвандолоог харан сууна.
- Би явах боллоо гэж Арвандолоо хэллээ.
Сяолю даамаараа оролдон чимээгүй суусаар. Арвандолоо,
- Би өмнө санаа амарч чадахгүй байсан. Гэхдээ одоо бол би Цагаан хаан Жуан Шюй хоёр чамд маш сайн хандаж байгааг олж харлаа. Чи энд байхдаа баяр хөөртэй байна. Би одоо заавал гэртээ буцан харьж өөрийнхөө ажил хэргийг цэгцлэх хэрэгтэй байна.
- Би ойлгож байна. Чи хэзээ явах гэж байна?
- Одоо ингээд Хаан эзэн дээр очиж явах болсноо хэлнэ. Би бусад хүмүүст Түшан Жин чамайг таньдаг гэж мэдэгдмээргүй байна. Тиймээс би орой эндээс яваад өөр газарт очиж хоёр хоноод дараа нь хөх нуга Чинчюд очно.
- Тэгвэл чи одоо ингээд манай аав дээр оч доо гэж Сяолю хэллээ.
Жуан Шюй босоод,
- Би чамтай хамт очъё гэж хэллээ.
Сяолю цэцэрлэгт суугаад хүлээж байлаа. Нэг цаг өнгөрсний дараа Арвандолоо ганцаараа эргэн ирлээ.
- Манай аав чамд юу гэж хэлэв?
- Гэрийн минь хэрэг явдлын тухай хэдэн зүйл асуусан. Өөр онц чухал зүйл хэлсэнгүй.
- Орой болтол дахиад хэсэг хугацааны зай байна. Чи орой болтол юу хиймээр байна?
- Чи юу хиймээр байна?
- Юу ч хиймээргүй байна. Ингээд л наранд ээгээд, цэцэгсийн үнэрийг таашаагаад, юм идэн суумаар байна.
Сяолю нугасны хүзүү, тахианы сарвуу, галууны тавхай идэх дуртай гэж хэлснээс хойш Яруу дуут ордонд үргэлж тэдгээрийг бэлдэн тавьсан байдаг болсон билээ. Арвандолоо тэдгээрийг хийсэн том хайрцаг авч ирээд Сяолютэй мөр зэрэгцэн суугаад цэцэрлэг дүүрэн ургасан цэцэгсийг харан суулаа.
Сяолю нэг нугасны хүзүү шилж аваад мэрэн идэж эхэллээ.
- Манай аав миний дүр төрх өөрчлөгдөөд байдаг учир бол миний биен дотор байгаа нэгэн шидэт зэмсгээс болсон гэж хэлсэн. Тэр миний биен дотроос тэр зэмсгийг гаргаад авчих юм бол миний дүр төрх дахин өөрчлөгдөхгүй хэвэндээ байдаг болно. Миний жинхэнэ төрх аймшгийн үзлийн царай муутай байвал чи яана?
- Чи тийм биш.
- Тийм байвал яах юм бэ?
- Зүгээр
- Би үзлийн царай муутай байх нь чамд тэгээд зүгээр хэрэг үү?
- Гадна гоо үзэмжийг хэн ч олж харж чадна. Дотоод сэтгэлийн сайхныг л олж харахад бэрх. Би түүнийг ганцаараа эдэлмээр байна.
Сяолюгийн нүүр нь улайж зүрхний цохилт нь түргэслээ. Арвандолоо юм хэлэхгүй байвал зүгээр байна. Ам нээлээ л бол түүнийг далан таваар буулган авах юм.
- Миний сэтгэл хав хар, бэх шиг хар. Юу нь гоё байна аа?
- Хорвоогийн хэрэг явдал хачин жигтэй. Зарим хүнд хулганын хор мэт санагдсан зүйл нөгөө нэгэнд нь баавгайн сарвуу мэт сайхан харагддаг. Бүхий л зүйл хүний өөрийн сэтгэлээс урган гардаг. Би үзэсгэлэнтэй гэж бодож байвал надад үзэсгэлэнтэй л байх болно.
- Яст мэлхий ногоон вандуйтай яг таардаг гэдэг шиг үү гэж Сяолю хаха инээн хэллээ.
Арвандолоо түүний инээхийг ширтэн харна. Сяолю инээж инээж, аяархан санаа алдаад,
- Чи алив хэрэгт сэрэмж сонортой байгаараа.
- Би мэдэж байна.
- Чиний ахын хийсэн хэрэг бүгд чиний ээжээс эхтэй боловч тэр өшөө хорслоо чамаар тайлах ёсгүй байсан юм. Чи түүнийг яаж ч өрөвдөж, түүний өшөө хорслыг тайлан тайтгаруулахыг яаж ч хүссэн түүнээр дахин өөртөө хор хүргүүлж болохгүй шүү.
- Санаа бүү зов.
- Би санаа зовсон гэнээ? Би огтхон ч санаа зовохгүй байна. Би зүгээр л чамайг жоохон дүйнгэ гэж бодоод чамд сайн сэтгэлээр сануулан зөвлөж байна.
Арвандолоо инээн,
- Жуан Шюй авахгүй гэсэн тэр есөн сүүлтийн сүүлийг би аваад явъя. Түүгээр шидэт зэмсэг хийсний дараа би чамд буцаан өгье.
Сяолю толгой дохин зөвшөөрлөө. Хэрэв есөн сүүлт үнэгийг үнэгэн удмын ван гэж үзвэл, Түшан овгийн тэргүүн бол үнэгэн удмын вангийн эзэн ван ноён. Есөн сүүлт үнэгний сүүлийг яаж ашиглавал хамгийн зохиолтойг энэ хорвоо дээр Түшан Жинээс өөр илүү сайн мэдэх хүн байхгүй.
Сяолю Арвандолоотой ярингаа хажуудаа байх идэх юмыг идэн сууна. Түүний санаанд юу орно түүнийгээ ярин суулаа. Санаанд нь юм орохгүй бол тэр хоёр чимээгүй зэрэгцэн сууна.
Өдрийн наран баруунтай гудайж тэнгэр аажмаар харанхуйллаа.
Сяолю нэмж идэж чадахгүй болж, гараа угаагаад арчих гэхэд Арвандолоо түүнд алчуур аван өглөө. Сяолю гар сунган алчуурыг нь авах гэхэд Арвандолоо түүнд өгсөнгүй харин алчуураараа Сяолюгийн гарыг ороогоод алгуур аажмаар түүний гарыг арчиж өглөө. Сяолюгийн гар нэгэнт хатсан ч гэсэн тэр гараа авахгүй түүнийг гарыг алчуурын цаанаас барин суусаар байлаа.
Сяолюгийн сэтгэл үймэрч толгой гудайн доош харлаа.
Арвандолоогийн дуу дээрээс нь дуулдаж,
- 15 жил, чи өөр эрэгтэй хүнийг сэтгэлдээ битгий оруулаарай.
Сяолю тэргүүн өргөөд, түүн рүү инээмсэглэн,
- 15 жилийн дараа яах вэ? 15 жил өнгөрсний дараа би өөр эрэгтэй хүнийг сэтгэлдээ оруулж болох юм уу?
Арвандолоогийн царай нь ялимгүй хувьсхийгээд, хоёр гараараа Сяолюгийн гарыг хүчлэн атгалаа.
Сяолю гараа алгуур савлан хөдөлгөж, нам дуугаар
- Чи санаа амар яв даа. 15 жил, би чамайг хүлээе. <<Нэгэнт өөрийнхөө хоргодон санах тэр мэдрэмжийг таслан хаяж чадахгүй юм чинь түүнд 15 жилийн хугацаа өгье дөө. 15 жилийн дараа тэрхүү хоргодох сэтгэл минь устаж үгүй болох уу? Эсвэл торлон нягтарч улам бэхжих үү гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.>>
- Оройн хоол идсэний дараа Жуан Шюй өөрийн биеэр Арвандолоог Таван бурхан уулнаас үдэн гаргахаар хамт явлаа.
Жуан Шюйг эргэн ирэхэд Сяолю цэцэрлэг дотор агар модон буйдан дээр од харан хэвтэж байлаа.
Жуаншюй буйдангийн захад суугаад,
- Юу бодож байна?
- Од харж байна.
- Чамд хэцүү байна уу? Би чамайг түүнийг чамд хань болон хамт байхад дуртай гэж бодсон.
- Би түүнийг надад хань болон хамт байхад дуртай. Гэхдээ би энэ орчлон дээр хэн ч хэнд ч үүрд хань болон хамт байх боломжгүй гэдгийг бүр ч сайн мэдэж байна. Та бид хоёр дэндүү олон салалт хагацлыг үзэн өнгөрүүлсэн хүмүүс.Салан одох тэр гашуун зовлон шаналлыг дэндүү олон амссан. Дахин тийм салалт хагацлыг даван туулахыг хүсэхгүй байна. Тийм болохоор бид өөрийн мэдэлгүй өөрийгөө яаж хамгаалах ёстой вэ гэдгээ сайн мэддэг болцгоосон. Сайнаар хэлбэл ухаантай, саараар хэлбэл хүйтэн хөндий болчихсон хүмүүс. Жуан Шюй танд тийм мэдрэмж төрдөг үү? Өөрийн болсон байхад, хэчнээн дуртай байсан ч, дурлан хайрлахын хажуугаар чиний дотор орших өөр нэгэн чи өөрийгөө хажуугаас нь харан дахин алдав даа гэж сануулан хэлэх мэт тийм мэдрэмж. Ийм сэрэмж мэдрэмжийг сэтгэлдээ тээн байгаа цагт хэчнээн хайрлаж дурлаж байсан ч нууцхан гуниг давхар төрөх юм. Харин гэхдээ үнэхээр итгэл сэтгэлээ алдах үед бол аль эрт сэтгэлдээ бэлтгэлтэй болсон байх учраас хэцүү байсан ч гэсэн салалтын тэр зовлон шаналлыг амар тайван хүлээн авч чадах болно.
Жуан Шюй буйдан дээрээс гулсан бууж сүрлэн дэвсгэр дээр суугаад, толгойгоороо буйданг налан Сяолютай толгойгоо зэрэгцүүлэн тэнгэрт түгсэн оддыг тэргүүн өргөн харлаа.
Оддыг харж хэсэг байгаад тэр,
- Би үргэлж өөрийгөө энэ хорвоод цор ганцаар үлдлээ гэж боддог байлаа. Гэтэл чи буцаад ирлээ. Одоо би орь ганцаараа биш боллоо.
Сяолютэй харьцуулахад Жуан Шюй л жинхэнэ утгаараа өнчрөн үлдсэн билээ. Хархан бага насанд нь аав нь дайнд үрэгдэж, ээж нь түүний аавын булшны өмнө амиа егүүтгэсэн. Хэдэн жил ч тайван байж чадалгүй эмээ нь өнгөрөөд өгсөн. Түүнийг халамжилж байсан авга эгч нь бас дайнд тулалдаж үхсэн. Ойр дотно хүнийхээ халамж хайрыг алдсан тэр амьд үлдэхийн тулд өөрийн төрсөн газар нутгаа орхин орь ганцаараа Гао Шинд ирсэн билээ.
Сяолю,
- Уучлаарай гэж хэллээ. Тэр өөрийгөө амиа хичээсэн хатуу сэтгэлтэй хүн юм гэж бодлоо. Жуан Шюй түүнийг хүлээж байгааг мэдсэн хэр нь, Жуан Шюйд тэр хэрэгтэй байгааг мэдэж байсан хэр нь тэр гомдсон гомдлоо тайлж чадалгүй удаа дараа зугтан явсан.
Жуан Шюй Сяо Яогийн гарыг зөөлөн цохин юу ч хэлсэнгүй. Жуан Шюй өмнө нь Сяо Яог яг Анянь шиг өсөж том болно гэж төсөөлдөг байсан. Нарны гэрэлт цацраг дор, харанхуй сүүдэр бороо салхинд өртөлгүй яг л 4 сард ургасан цагаан мэлрэг цэцэг шиг ариухан хонгор охин болон өсөж том болно гэж төсөөлдөг байсан. Хэрвээ Сяо Яо тийм охин болон өссөн бол тэр түүнийг чадлаараа бөөцийлөн, түүнийг харанхуй сүүдэр, салхи бороонд өртүүлэхгүйгээр хамгаалан хаацайлах байсан. Гэтэл одоогийн Сяо Яо бол түүний төсөөлж байсан шиг биш болсон байлаа. Гэхдээ түүний урам хугараагүй. Харин ч яг энэ Сяо Яо л түүний хүссэн Сяо Яо юм шиг санагдана. Түүний төсөөлөн бодож байснаас ч хувь илүү болсон юм шиг санагдана. Тэдний хооронд холдон одсон он жилүүд жилүүд хөндөлсөн байвч, тэд бие биеийнхээ юу гэж бодож байгааг бүрэн дүүрэн ойлгож байлаа. Үзэсгэлэнтэй сайхан байна уу, үзэмж муутай байна уу тэдэнд хамаагүй. Нэг нь өөрийгөө ил гарган харуулахаас үл айж нөгөө нь түүнийг бүрэн дүүрэн ойлгож хүлээн авна.
- Би танд нэг зүйл хэлэх гэсэн юм.
Зарим нэг зүйлийн тухай Сяолю зүрхэндээ хав дараад яагаад ч амнаас нь гарч ирж чадахгүй байлаа. Тэдгээр үгс амнаас нь гарчих л юм бол тэр өөрөө буруутан болно гэж тэр айна. Гэхдээ гарган хэлэхэд сэтгэл нь өвдөх хэдий ч хэлэхгүй бол сэтгэлдээ нэгэн хорт хилэнцэт хорхой суулгаад тэр хорхой нь түүнийг хэмлэн идэж дуусгах мэт санагдана. Тэр ганцхан Жуан Шюйд л эдгээр үгсийг нууж хаалгүй хэлж чадна.
- Юу вэ? Чи хэл л дээ гэж Жуан Шюй сүржигнэж даржигналгүй асуулаа.
Сяолю дуугаа намсгаад,
- Тэр есөн сүүлт үнэг намайг хаан аавын охин биш гэж хэлсэн. Тэр ээжийг явдалтай хүүхэн, Чы Ёутай харилцаатай болсон завхай хүүхэн гэж хэлсэн. Намайг тэр цусанд дурласан зэрлэг мангас Чы Ёугийн зулбасга гэж хэлсэн.
Есөн сүүлт үнэг түүний ээжийг үргэлж занаж зүхэн хараадаг байсан. Анхандаа Сяолю түүнийг уурандаа тэгж хэлж байна гэж бодон түүний хэлсэнд огтхон ч итгэдэггүй байсан. Тэгээд есөн сүүлт үнэгтэй маргалдан мэтгэлцэж бие биеэ хараан зүхэж хэрэлддэг байсан. Гэхдээ 30 жил шүү дээ. Есөн сүүлт үнэг 30 жилийн турш эдгээр үгсээ давтсаар Сяолю эргэлзэн тээнэгэлзсэн билээ.
Жуан Шюй огцом газраас босоод Сяолюг ширтэн харлаа. Тэр одоо л Сяолю яг үнэндээ яагаад буцаж ирэхгүй байсныг нь олж ухаарлаа.
Сяолю алмайран гайхаж, харцанд нь гуниг гутрал айдас хүйдэс дүүрэн хуралдан харагдана.
- Есөн сүүлт үнэг Чы Ёу ээж хоёрыг завхай эр журамгүй эм гэж хэлсэн. Намайг тэдний зулбасга гэж хэлсэн. Ээжийг зальтай хэрцгий, ээж аавыг бас тэнгэрийн доорх хүмүүсийг бүгдийг хууран мэхэлсэн гэж тэр хэлсэн. Хэрэв хаан аав жинхэнэ бодит үнэнийг мэдэх юм бол намайг, над шиг зулбасгыг алж устгах нь тодорхой гэж тэр хэлсэн.
- Амаа тат! гэж хэлээд Жуан Шюй түүний гарыг хүчтэй атган,
- Чи очиж очиж есөн сүүлт үнэгний хэлсэн үгэнд итгэлээ гэж үү дээ? Чы Ёу бол авга эгчид алуулж үхсэн. Багш маань хэдий ухаантай хүн билээ. Тэр чамайг өөрийнхөө охин мөн бишийг мэдэхгүй байна гэж үү? Чи өөрөөсөө асуугаад нэг үз, багш чамд яаж хандаж байна?
Сяолю Жуан Шюй руу харах харцанд түүнээс тийм гэсэн үг олж сонсох гэсэн тэвчишгүй их хүсэл оргилон харна, -Би хаан аавын охин мөн тээ?
Жуан Шюй бат шулуунаар,
- Чи мэдээж багшийн охин мөн!
Хаан аав бас түүний ах нь бол хамгийн ухаантай хүмүүс. Хоёрын хоёр ийм ухаантай хүн ийн хэлэхийг сонсоод, Сяолю арайхийн санаа нь амран инээмсэглэлээ.
- Тийм ээ, Би өөрөө л тэнэг байж. Би мэдээж хаан аавын охин мөн шүү дээ!
Жуан Шюй санаа алдаад, Сяолюгийн толгойг илэн,
- Дараа дахиж хэн нэгэн хүн дэмий балай юм яривал чи надад хэл, би зохицуулна.
Сяолю толгойгоо дохиод,
- Та мэдэж байна уу? И Чин хүрээлэнгийн саравчийг олон удаа засаж сэлбэсэн хэр нь миний зурсан зураг хэвээрээ байгааг.
- Багш их сайн хүн. Тэр үед дөрвөн ван авга ах хуйвалдан үгсэж намайг устган зайлуулах гэсэн. Би тэгэхэд аав амьд байхдаа надад Цагаан хаан том авга ах хоёрын тухай ярьж өгч байсныг санасан. Авга эгч ч гэсэн надад хэлж ярьдаг байсан. Тэр Цагаан хаантай эхнэр нөхөр байхаа больсон ч гэсэн, хожмын өдөр зовлон бэрхшээл тохиолдвол Цагаан хаанд захидал илгээн зөвлөгөө хүсэж болно гэж надад хэлж байсан. Аргагүйн эрхэнд би Цагаан хаанд захидал бичсэн. Цагаан хаан тэр даруйд нь хариу ирүүлсэн. Таван бурхан уул хэдийд ч намайг тосон угтана гэж тэр хариу захиандаа бичсэн байсан. Би энд анх ирэхдээ их санаа зовж байсан. Гэтэл багш надад төрсөн хүүдээ хандах мэт сайхан хандсан. Тэр надад аршид суух аргаас эхлээд улс удирдах ухаан гээд бүгдийг зааж сургасан. Би ч сайн сурсан. Би сайн суралцвал тэр надаар бахархаж, би харин муу хийвэл тэр огтхон ч найр тавилгүй намайг зэмлэн буруушаадаг байсан. Нэгэн удаа би алуурчинд алуулах шахсан. Тэр намайг өөрийн гэсэн хамгаалагч дагуулуудтай болохыг дэмжин тусалсан. Чи мэдэж байна уу? Миний хамгаалагч дагуулууд Цагаан хааны үгийг ч сонсохгүй байж болдог. Цагаан хаан нэг удаа тэднийг тандан шалгаж албаар хоёр тушаал өгүүлсэн. Нэг нь миний тушаал, нэг нь түүний тушаал. Тэгээд түүний тушаалыг сонссон хүмүүсийг тэр бүгдийг нь хороосон. Энэ хамгаалагч дагуулууд бол миний амь амьдралыг хариуцсан хүмүүс зөвхөн миний тушаалыг л дагах ёстой гэж тэр хэлсэн.
Сяолю санаа алдан, - Хаан аав чамд ийм сайн хандаж байхад, ээж маань яагаад өөрөө ааваас салан явсан юм бол доо? Та юу гэж бодож байна. Өмнө нь би хаан аав л ээжид эндэж осолдсон гэж боддог байлаа. Гэхдээ та Аняний ээжийг хар л даа. Аняний нэрийг Гао Шин И гэдэг. Багын нэрийг нь Анянь гэдэг. И ч гээд Нянь ч гээд дурсан санах гэсэн үг. Аав маань өнгөрсөн дурсамжаа мартаж чадахгүй, сэтгэлд нь цор ганц миний ээж байдгийн баталгаа нотолгоо биш гэж үү. Гэтэл ээж минь яагаад аавыг минь орхин явсан юм бол? Олон олон удаа, би үнэхээр түүнийг үзэн ядах юм!
Жуан Шюй өөрийнхөө ээжийг дурсан санаад санаа алдан, - Мэдэхгүй юм даа! Бид тэднийг хэзээ ч жинхэнэ ёсоор ойлгохгүй байх. Заримдаа би ч гэсэн ээжийгээ үзэн яддаг. Тэр амиа егүүтгэхдээ намайг тэврэн уйлсан. Надад түүнийг уучлан өршөөгөөрэй гэж хэлсэн. Тэр намайг төрүүлсэн хэр нь намайг хаяад явчихсан. Чи хэл дээ, би түүнийг яаж өршөөх билээ?
- Би хэрвээ хүүхэдтэй болбол юу ч болж байсан хүүхдээ орхин явахгүй гэж Сяолю хэллээ.
- Би эхнэр авахдаа эхлээд түүнээс би үхчихвэл чи намайг дагаад үхэх үү, эсвэл үргэлжлүүлэн амьдрах уу гэж түүнээс асууна. Хэрвээ тэр бүсгүй надтай хамт үхнэ гэж хариулбал би тэр бүсгүйг эхнэр болгон авахгүй гэж Жуан Шюй хэллээ.
Сяолю Жуан Шюй хоёр бие биеэ харан чангаар инээд алдлаа.
Жуан Шюй эрүүгээрээ буйданг тулаад, нүүрээ Сяолюгийн гарны хажууд ойртуулан,
- Би бэлэн болохоор хоёулаа хамт Шюань Юань руу буцъя. Би Өглөөний үүл ордны агч модны цэцэгс урьдын адил үүрийн туяа шиг гялалзан байгаа эсэхийг, эмээгийн тарьсан ялам модод хаш ногоон өнгөө хадгалан байгаа эсэхийг өөрийн нүдээр үзмээр байна.
Сяолю түүний үсийг илбэн,
- Үүрийн үүл ордонд хүрэх зам цус татуулсан зам байх болно.
Жуан Шюй тоомсоргүй инээмсэглэн,
- Эрх мэдлийн оройд хүрэх зам бол хэдийд ч цусан далай, ясан овоогоор дүүрэн зам байдаг. Би зөвхөн Үүрийн туяа ордонд очихыг хүссэн юм биш би Шюань Юанийг бүхэлд нь авахыг хүсэж байна.
Тэр хүмүүсийн өмнө үргэлж эелдэг даруу, ёс журамтай хүн харагддаг. Тэр бол ятга тоглож шатар нүүн, архи дарж төмөр давтдаг дөлгөөн сайхан залуу ноёнтон. Түүнтэй хамт байхад хүн бүр түүнийг бахдан, сайшаан магтдаг. Гэвч тэр Сяо Яогийн өмнө л өөрийн жинхэнэ төрхийг, өөрийнхөө хүсэл эрмэлзэл хатуу хөтүүг нууж хаалгүй ил гарган харууллаа.
Сяолю инээгээд,
- Та тэмцэн өөрийн болго!
Галт шувуу есөн тэнгэрт элэн халин нисэх тавилантай байдаг шиг Жуан Шюй бол эрх мэдлийн төлөө төрсөн хүн. Үүнийг нь тэр бага байхын л мэддэг байсан.
- Одоо ордны зөвлөлд байгаа сайд нар ихэнх нь авга ах нарын хүмүүс. Би өмнө нь тандах маягаар өргөх бичиг хүнээр явуулсан. Жуан Шюй ванг Шюань Юаньд эргэн очих зөвшөөрөл хүссэн өргөх бичиг. Ордны зөвлөл бараг тэр чигтээ эсэргүүцсэн. Би хэрвээ эргэн очъё гэвэл надад шалтаг хэрэгтэй байна. Хэн ч эсэргүүцэн сөрж чадахгүй тийм шалтаг надад хэрэгтэй байна. Би чамайг ашиглах болох нь дээ.
Сяолю мишээл тодруулан инээгээд,
- Хүссэнээрээ ашиглана уу!
Жуан Шюй духаа Сяолюгийн алганд наагаад, аяархан дуугаар,
-Чи эргээд ирдэг ямар сайхан юм бэ! Надад одоо цор ганцаараа тулалдаж байгаа юм шиг санагдахгүй байна.
- Хөөе, би танд тусалж тантай хамт мөр зэрэгцэн тулалдана гэж хэлээгүй шүү.
Жуан Шюй толгойгоо өргөөд түүн рүү бахархалтайгаар харан,
- Чи надад туслахгүй гэж үү? Хэн намайг чиний ах бол гэсэн юм дээ! Чи надад туслахаар төлөвлөөгүй байсан ч гэсэн, би үнэхээр аюул осолд өртвөл чи надад туслах л болно шүү дээ!
Сяолю түүнийг нэг цохиод,
- Та ёстой ичгүүргүй хүн юм аа! Хүний ах нар бол дандаа дүүгээ хамгаална гэдэг, гэтэл та, надаар хамгаалуулна гээд байж байдаг.
Жуан Шюй санаа алдан,
- Одоо өөр яах билээ, бага байхын л зодолдоод чамайг дийлдэггүй байсан.
- Бас ичихгүй хэлж байна аа?
- Сяо Яо.
Жуан Шюйгийн нүүрэн дэх инээмсэглэл алгуур арилан, ноцтой өнгөөр түүнд хандан,
- Би чамайг эрх дураараа яваад сурчихсан гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ би чамайг миний нөхцөл байдлйг хараагүй мэт тоохгүй орхихгүй гэдгийг чинь бүр ч сайн мэдэж байна. Би Шюань Юаньд буцан очих л юм бол хийх хэрэг маань чамд нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Миний өрсөлдөгч нар надад урхи тавихдаа чамайг ч бас зүгээр өнгөрөөхгүй. Чамайг энэ хэрэгт татан оролцуулмааргүй байна гэж  худал хэлэх хэрэг алга. Чамайг энэ хэрэгт орооцолдуулахгүй гэж хэлээд хажуугаар нь чамайг энэ хэрэгт хутган орооцолдуулж байснаас эртхэн шиг үнэн байдлйг чамд хэлбэл чи ядаж бэлтгэлтэй байх болно.
Сяолю Жуан Шюйгийн гарыг цохин түүнийг ойлгож байна гэдгээ илэрхийллээ.
- Жуан Шюй, та санаж байна уу? Эмээ өнгөрөхийнхөө өмнө бид хоёрын гарыг бариад бид хоёрыг зовлонт амьдрал туулах хүүхэд гэж санаа алдан хэлсэн. Тэр биднийг хожмын өдөр заавал бие биедээ хань болон бие биеийнхээ түшиг тулгуур болж харилцан бие биеэ хамгаалж хаацайлан яваарай гэж захисан.
- Санаж байна.
Тэр түүнийг аль эрт зүрхэндээ сийлсэн. Яахин мартах билээ? Жуан Шюй, эмээ нь тэдэнд дахин дахин захин хэлж байсныг санаж байна. Аав ээж нь үхэн үрэгдсэн тул тэр юмсыг эрт ойлгон ухаардаг болж, эмээдээ чин сэтгэлийн угаас андгай тангараг өргөн дүүгээ сайн харж хамгаалж байх болно гэж хэлсэн. Сяо Яо харин орчлон хорвоогийн нарийн ширийн зүйлсийг ойлгохгүй, зөвхөн тухайн үеийн ноцтой  байдлын сүрд дарагдан түүнийг дуурайн ахыгаа хамгаалж байх болно гэж эмээдээ хэлсэн билээ.
- Би тэгэхэд эмээг өвчиндөө шаналан ухаан санаа нь орж гаран эргүүтэж байна л гэж бодсон. Чиний амьдрал бол зовлон бэрхшээлээр дүүрэн байсан. Гэтэл миний амьдрал яахаараа бэрх болдог билээ гэж бодож байсан. Одоо эргээд харахад, эмээ бидний хувь тавиланг урьдчилан таамаглан мэдсэн байжээ.
- Тэр үед Үүрийн үүл ордонд инээд хөөрөөр дүүрэн байдаг байсан. Одоо бид хоёр л үлджээ гэж Жуан Шюй аяархан дуугаар хэллээ.
Сяолю чимээгүй боллоо. Тэр тэнгэрт түгсэн оддыг харна. Жуан Шюй бас тэргүүн өргөн тэнгэр рүү харна.
- Баярлалаа эмээ, том авга ах, авгын гэргий, хоёрдугаар авга ах, аав, ээж, авга эгч, Жүюү эгч, та нартаа баярлалаа. Намайг дүүтэй минь дахин учруулсанд баярлалаа.

📍Орчуулагчийн тайлбар
🐢Яст мэлхий ногоон вандуйтай таарна.
王八对绿豆
Хэлц үг. Нэг ширхэг ногоон вандуйг яст мэлхийний өмнө тавих юм бол яст мэлхийний нүд нь том жижгээрээ ногоон вандуй шиг хэмжээтэй тул, яст мэлхий ногоон вандуйг хараад өөртэй нь адил яст мэлхийний нүд өөрийг нь харан байна гэж андууран бодно. Ногоон вандуй ч тэр,  яст мэлхий ч тэр өөд өөдөөсөө харан нүд цавчилгүй харилцан ангайн ширтэж бие биенээ гөлрөн харна гэсэн утга. Энэхүү хэлц үг нь эр эм залуус бие биенээ шохоорхон харж дурлах сэтгэл төрөхийг илэрхийлдэг байна.
🌳Агар модон буйдан
沉香榻
🌸Цагаан мэлрэг цэцэг
栀子花 Zhi zi hua / cape jasmine
🎭Гао Шин И
高辛忆 Gao Xin Yi
И гэдэг нь дурсах гэсэн үг.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now