Гуниг хурна гарц бас үгүй хэмээх есдүгээр бүлэг - 1/4

28 2 0
                                    

            Нар баруунтай гудайх үеэр, Цагаан хааны зарлиг дамжуулах хүн Сяалюг хаантай уулзах цаг боллоо хэмээн мэдэгдэхээр ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


            Нар баруунтай гудайх үеэр, Цагаан хааны зарлиг дамжуулах хүн Сяалюг хаантай уулзах цаг боллоо хэмээн мэдэгдэхээр ирлээ.
Сяолюг хөлдөө шархтай байгааг хараад, ордны хамгаалагчид үүрэг өгөн нуруунд үүрдэг дамнуурга авчруулахад Арвандолоо Сяолюг дэмнэн дамнуургад суулгалаа.
Ордны хамгаалагч Сяолюг үүрэн, Арвандолоо дагалдан явлаа. Тэд явсаар нэг хүж асаж дуусах хугацаа өнгөрөхөд Цагаан хааны ажил албаа эрхлэн явуулдаг Жао Хуй ордонд ирцгээлээ. Ордны үүдэн хаалган дээр ирээд хамгаалагч Сяолюг нуруунаасаа буулгаад, өөрөө ордонд орж Сяолюг авч ирсэн гэж айлтгахаар явлаа.
Дотоод ордны хамгаалагч тэднийг ор хэмээн айлтгахад, Арвандолоо Сяолюг тэврээд орох гэхэд ордны хамгаалагч түүнийг хориглон зогсоолоо.
- Түүнийг оруул гэх Жуан Шюйгийн дуу дотоод ордноос дуулдлаа.
Арвандолоо Сяолюг тэврэн дотогш орлоо. Ордны дотоод өргөөний хойморт үнэрт суудал байрлуулж, түүн дээр цагаан хувцастай эрэгтэй хүн сууж байлаа. Түүний зүс царайг хөгшин гэж хэлэмгүй, гуч гаран насны хүн харагдана. Хар үсэнд нь хэд хэдэн цагаан үс цайх нь зүс залуу хэр нь ядарч туйлдсан хөгшин хүн ч юм шиг харагдана.
Арвандолоо Сяолюг газарт зөөлөн буулгаад өөрөө сөгдөж суун ёслолоо.
- Ард Арвандолоо би хаан эзэн таны амар амгаланг тань эрье, Вэн Сяолю хөлдөө шархтай тул танд ёсолж эс чадна. Хаантан та түүнийг уучилж өршөөх ажаамуу.
Цагаан хаан түүний хэлснийг огтхон ч анхаарахгүй мэт Сяолюг л ширтэн харна.
Ордонд орохоос өмнө Сяолю их л сандарч, жирийн үед байдаггүйгээрээ чимээгүй байсан билээ. Гэтэл харин одоо их тайван байж, хаан түүнийг ажиглан харахыг ажралгүй даван Цагаан хаан руу инээмсэглэн харж байлаа. Хэсэг зуурын дараа Цагаан хаан Арвандолоод хандан гар өргөн түүнийг босож болно гэж дохилоо.
- Хэн чамайг гэмтээгээ вэ гэж Цагаан хаан түүнээс асуулаа.
Сяолю Жуан Шюй рүү харан инээмсэглээд юм хэлсэнгүй. Жуан Шюй хаан руу мэхийн ёслоод,
- Би гэмтээсэн. Тэр удаа дараа зарлиг зөрчиж зугтан явахыг оролдсон. Би тушаал буулгаж түүнийг бяцхан шийтгэсэн юм.
Цагаан хаан Жуан Шюй рүү нухацтай нэг хараад, Сяолюд,
- Чи оройн хоолоо идээгүй байгаа биз дээ? гэж хэлэв.
- Идэж амжаагүй байна.
Цагаан хаан хажуудаа байсан бараа бологчид,
- Хамт зоог барина хэмээн заавар өглөө.
- Ойлголоо хэмээгээд бараа бологч ухран гараад зоог бэлдэх тушаал дамжууллаа.
Жао Хуй ордны хажуугийн өргөөнд зоог барих боллоо. Зоог барих өргөө том биш тул ширээнүүдийг хооронд нь ойрхон тавин зассан байлаа. Цагаан хаан хоймор ширээнд суун, Жуан Шюй түүний зүүн доод талд суулаа. Сяолю хааны баруун доод талын ширээнд Жуан Шюйгийн өөдөөс харан суулаа. Арвандолоо Сяолюд тус дэм болж чадахуйц байрлалд түүний доод талынх нь ширээнд суув.
Энгийн хүний төсөөллөөр бол эзэн хааны зоогийн ширээнд их олон төрлийн хоол өрсөн байх гэмээр. Гэтэл Цагаан хааны оройн зоог их энгийн даруухан байлаа. Дахуаны хамгийн энгийн язгууртан айлын зоогийн ширээ шиг л ширээ зассан байв.
Цагаан хаан их идэж, архи уухгүй, цэх дөлгөөн тайван суун зоог барина. Жуан Шюй, Арвандолоо хоёр ч гэсэн чимээ аниргүй, нам тайван ямар ч дуу чимээ гаргалгүй  хоолоо идэж байлаа. Тэдний ийн суух нь харахад хүртэл тансаг сайхан.
Зоогийн өргөөнд гагц Сяолю л үе үе чих өрөмдөм чимээ гарган хооллоно. Сяолю ёсгүй бүдүүлгээр улангасан ууж идэж байлаа. Тэр савх ч хэрэглэхгүй, махыг шууд гараараа барин идэж, шөлийг ам руугаа цутган ууна.
Идэж дуусаад Сяолю гараа хувцсандаа арчлаа. Ордны зарц Сяолюгийн хажууд сөхрөн суугаад түүнд лянхуа цэцгийн хэлбэртэй хаш таваг дээр өргөн барилаа. Таваг дотор цэцгийн дэлбээ хөвсөн ус хийсэн байна. Сяолю ханцуйгаараа амаа арчаад зарцын өргөн барьсан хаш тавгийг гайхан хараад гэнэт ойлгон тавгийг аваад гар угаах зориулалттай усыг нь шоржигнуулан ууж дуусгалаа. Зарц нүдээ томруулан түүнийг гайхан харахад, Сяолю түүн рүү харан инээгээд хаш тавгийг түүнд буцаан өгөөд
- Баярлалаа гэж хэллээ.
Аз болж ордны зарц нар бол алив хэрэгт барьц алдахгүй байж сурсан Цагаан хаанд үйлчилдэг зарц нар учраас хоромхон төдий гайхаад буцан хэвийн байдалтай болж юу ч хараагүй мэт үргэлжлүүлэн Сяолюд ёсорхон үйлчиллээ. Харин түүнээс хойш дахин ямар нэгэн зүйл Сяолюд өгөхдөө эхлээд ямар зориулалттайг нь түүнд аяархан хэлж өгч байлаа.
Жуан Шюй Сяолюгийн гаргах дуу чимээнээс залхсан уу, эсвэл хоол идэж цадсаных уу, тэр савхаа тавиад, хааяа хааяа Сяолюгийн зүг рүү харан архи уун суулаа. Цагаан хаан харин хоол идэж эхэлснээс дуустал Сяолюгийн гаргаж байгаа үйл хөдлөлд ямар ч хариу үзүүлсэнгүй.
Сяолю хоолныхоо махыг идэж дуусаад ясыг нь бас зүгээр байлгахгүй энгийн үед иддэг шигээ ясыг чимээ шуугиантай нь аргагүй ховх сорон мөлжлөө. Гэхдээ энгийн үед бол олуулаа суугаад хоол идэхэд бүгд л дуу шуу гарган хоолоо идэцгээдэг. Түүнийг тэгж дуу чимээ гарган идэх нь ердөө сонин санагддаггүй байсан. Гэтэл одоо бол тэд хааны ордон өргөөнд зоог барьж байгаа билээ. Ордны зарц шивэгчид чангахан амьсгалахаас ч эмээж анир чимээгүй байх орчинд Сяолюгийн ясны чөмөг сорох чимээ аянгын дуу гэлтэй чанга сонсогдоно.
Зарц нар Сяолюгийн чанга чимээ гарган яс сорох дууг сонсон тэдний зүрх савлан, бие нь хөшөөд, хөдөлж ч чадахгүй зогсоцгооно. Арвандолоо харин нүүрэнд нь ямар нэгэн хувирал гарахгүй тайван сууж хоолоо алгуур иднэ. Жуан Шюй харин дургүйцэл зэвүүцэл нь хүрэн хөмсгөө зангидна.
Цагаан хаан Сяолюг анхааран харахад л Сяолю зоогийн өргөөн дахь сонин уур амьсгалыг анзаарлаа. Тэр амандаа яс хийсэн хэвээр, нүдээ том болгон орчин тойрноо хараад аман дахь ясаа юу ч болоогүй мэт нулиман гаргахад нэг зарц хурдан шаламгай хөдлөн түүний тургисан ясыг шүүрэн тосож авлаа.
Сяолю санаа зовнин инээж Цагаан хаанд мэхийгээд,
- Би бол хөдөөгийн хүн. Анх удаа л ийм сайхан хоол идэж үзэж байна. Би ёс журам сайн мэдэхгүй, хаантан та намайг битгий зэмлээрэй гэлээ.
Цагаан хаан Сяолюг ширтэн хэсэг хараад,
- Чи юу идэх дуртай вэ? гэж түүнээс асуулаа.
- Би юу? би юу ч хамаагүй иддэг. Хоолноос гэвэл шарсан маханд хамгийн их дуртай.
- Амттанаас бол?
- Нугасны хүзүү, тахианы сарвуу ... гээд Сяолю шүлсээ залгин,
- Бас галууны тавхай.
- Ямар шанзтайд дуртай вэ? Би тогоочид хэлж хийлгүүлье. Чи унтахаасаа өмнө үлгэр сонсонгоо идэж болно.
Сяолю чимээгүй болон Цагаан хаан өөд харлаа.
Жуан Шюйгийн харцанд гайхан хэрдхийх өнгө зурсхийгээд түүний гар нь чичирч архи нь асгаран хувцсыг нь норголоо. Тэр архиа асгаснаа ч анзааралгүй Сяолюг ширтэн харна.
Сяолю гэнэт инээгээд,
- Ямар шанзтай ч байсан яах вэ, хөдөөний хүн голж шилнэ гэж байхгүй.
Цагаан хаан ардаа байсан зарцад,
- Бүх шанзтайгаар нэг нэгийг хий.
Сяолю Арвандолоо руу харан,
- Би идэж боллоо, одоо харьж амармаар байна.
Арвандолоо Цагаан хаанд ёслон мэхийхэд Цагаан хаан,
- Чи Сяолюг хүргэж өг гэлээ.
Арвандолоо Сяолюг өргөн тэврээд өргөөнөөс гаран явлаа. Жуан Шюй өөрийн мэдэлгүй босоод Сяолюг харагдахгүй болтол түүний араас харан зогслоо. Тэр гэнэт огцом эргэн Цагаан хаанаас,
- Багшаа, тэр хэн юм бэ? гэж асуулаа.
Цагаан хаан түүнээс,
- Чи түүнийг хэн гэж бодоо вэ?
- Багш та намайг түүнийг авч ир гэхдээ, түүнийг урьд өмнө нь таньдаг байсан хүний тань хүүхэд байж магадгүй гэж хэлсэн. Би түүнийг эсэргүүцэн боссон таван вангийн нэгнийх нь хүүхэд байх гэж бодсон. Жун Рун ваны нэгэн татвар эм хор хэрэглэхдээ гаргууд сайн, багш таныг ч хордуулахыг оролдож байсан гэж би дуулсан. Сяолю ч гэсэн хор хэрэглэхдээ сайн. Би түүнийг ... гэхдээ, гэхдээ багшаа, та сая түүнд унтахаасаа өмнө үлгэр сонсонгоо амттан идэж болно гэж хэлсэн. Сяояо, Сяояо... Жуан Шюй сандран догдолж, бас айн эмээнэ. Түүний хоолой нь өнгө алдан чичирхийлж, үг ч хэлж чадахаа байлаа.
- Дүү минь бага байхын л нагац эгчийг үлгэр ярихад амттан идэнгээ үлгэр сонсох дуртай байсан. Орой унтахынхаа өмнө амттан идэх гээд оройн хоолоо албаар олигтой сайн иддэггүй байсан. Эгч түүнийг зэмлэхэд тэр өөдөөс нь аав байсан бол намайг амттан ид л гэх байсан гэж тунирхдаг байсан.
Жуан Шюйгийн энэ мэгдсэн байдалтай харьцуулахад Цагаан хаан огтхон ч сэтгэлийн хэлбэлзэл үгүйгээр,
- Би түүний дүрээ хувиргасан аргыг тайлж харж чадахгүй байна. Түүнийг яг хэн бэ гэдгийг баттай хэлж эс чадна.
Жуан Шюй Цагаан хааны өмнө газарт сөхрөн сууж гайхан алмайран хэсэг боллоо. Дараа нь тэр,
- Багш та гэхдээ бараг л тэр мөн байх гэж бодож байгаа биз дээ?
Цагаан хаан юм хэлсэнгүй. Жуан Шюй огцом ухасхийн босоод гадагш яаран гарах хэмээн, 
- Би түүнээс асууя. Би түүнээс яг хэн гэдгийг нь асууж мэдье. Тэр яагаад надтай уулзаж, надад хэн гэдгээ хэлээгүйг нь асууя.
- Зогс!
Цагаан хааны хүйтэн дуу түүнийг зогсоолоо. Жуан Шюй гайхан эргэн хараад,
- Багшаа та мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Сяояо бол таны охин шүү дээ!
Цагаан хаан баруун гараараа зүүн гарынхаа чигчий хуруунд зүүсэн цагаан ясан бөгжийг эргэлдүүлэн илэн,
- Тэр хэн байхыг бид шийдэхгүй, харин тэр өөрөө шийдэх болно.
Жуан Шюй ойлгохгүй байлаа. Гэхдээ тэр багшийгаа хэзээ ч дэмий зүйл ярьдаггүйг мэдэх тул аргагүйдэн хааны өмнө сөхрөн суугаад түүний ярихыг чимээгүй сонслоо.
- Энэ орчлонд хүн хүнээ гомдоохдоо, хар санаж гомдоохоос гадна бас хайрын нэрээр гомдоох нь их байдаг. Чи түүнийг хэн гэдгийг мэдэхийг хүсэж байна гэлээ. Би ч гэсэн мэдэхийг хүснэ. Гэхдээ битгий түүнээс шахаж асуу. Түүнд цаг хугацаа өг. Тэр өөрөө бидэнд хэн гэдгээ хэлэг.
Жуан Шюй толгой сэгсрэн,
- Би ойлгохгүй байна, яагаад ...
- Чи ойлгох болноо гээд Цагаан хаан босон ордноос гаран явлаа.
Жуан Шюй алмайран удаан суулаа. Тэгээд босоод согтуу хүн мэт хөл нь хүндрэн алхаж Хуа Инь ордон руугаа буцлаа.
Сяолю Арвандолоо хоёр оройн сэрүүнд сэрүүцэн ордны баганыг налаад сүрэл сүлжиж хийсэн дэвсгэр дээр сууж байлаа. Арвандолоо хөлөн дээрээ тавьсан амтат жимстэй болор тавгаас лууны нүд жимс аван Сяолюд өгөхөд,
- Авахгүй гэж Сяолю хэллээ.
Арвандолоо жимсээ өөрийнхөө аманд хийгээд, дахин өөр нэг жимс аван талыг нь Сяолюд өгөхөд Сяолю тэр жимсийг заадлаар нь хуваан идлээ.
Жуан Шюй ирэхийг хараад Арвандолоо босож зогсоод ёсорхон мэхийлээ. Сяолю харин багана налан хэвтсэн хэвээр хөдөлсөнгүй. Тэр нүүр дүүрэн инээн түүн рүү гараараа даллан мэндэллээ.
Жуан Шюй тэдэн дээр ирээд өмнө нь суулаа.
Сяолютай учирсан мөчүүд тархинд нь бичигдсэн мэт түүний өмнүүр урсан үзэгдлээ.
Тэр түүнийг тамлан зовоох тушаал өгсөн. Түүний хоёр гарыг арьс махнаас нь салгасан. Тийнхүү өс хонзон зангидсан хэр нь тэр түүнийг өөрийн биеэр амиа золин авран хамгаалсан. Гэтэл тэр түүнийг өөрөөс нь аврал хүссэндээ түүнд тусаллаа гэж бодсон. Түүнийг өөрт нь урхи тавьж байна гэж бодсон.
Есөн амьт Шянлю түүнийг алахаар хөөж байхад цагаан үнэгний сүүл хийсэн хаш унжлага нь хагаран унасан байхад үнэгний сүүл нь харин алга болоогүй дараа нь түүний өврөөс олдсон.
Фанфөн овогтынхонд харвуулан үхэх гэж байхдаа тэр түүнийг ашиглах гэж дуудан ирүүлсэн. Хэрэв хэрэгтэй бол түүний цээжийг харваад өөрийнхөө шархаар түүнийг халдварлуулан цус алдуулж Түшан Жинг шахан Фанфөн И Инээс цус тогтоох ерөндөг авхуулах зорилготой байсан. Тэгээд Түшан Жинг нууцаар даган ерөндөг авах үед нь ерөндгийг булаан авъя гэж тооцоолсон. Гэтэл тэр ямар ч эргэлзээгүйгээр түүний төлөө Түшан Жин дээр очиж түүнээс мөсөн болор хулгайлан авч ирье гэсэн.
Тэр түүнд шидийн цох суулгасан. Тэр шидийн цох суулгаснаар зөвхөн өвдөх мэдрэмж л адил байна. Өөр ямар ч айх зүйл байхгүй гэж хэлсэн боловч тэр түүнд нь огтхон ч итгээгүй. Тэр янз бүрийн шалтаг хэлэн түүний цохыг тайлж өгөхгүй байхад нь тэр түүнийг өөр зорилго агуулан, шидийн цохоор түүнийг барьцаалах гэж байна гэж бодсон. Тэр Ү Чөнд захиа илгээн шидийн цохыг гарган авснаа мэдэгдэхэд ч түүнд итгээгүй. Захиа ирснээс хойш тэр дахин өвдөлт мэдрээгүй боловч тэр түүнийг үнэхээр шидийн цохоо гарган авсанд нь итгэхгүй хэвээр л байсан.
Багш нь түүнтэй уулзахыг хүсэхэд тэр түүнийг гэмт Вангийн үр сад гэж бодсон. Түүнд ойртож нөхөрлөсөн нь ач тусаараа түрий барин түүнийг ашиглах гэж байгаа хэрэг гэж бодож байсан.Тэр түүнд хатуу зан гаргахад тэр харин түүнийг харан инээмсэглэсэн. Түүний тэр инээмсэглэлд өөрийг нь буруушаасан өнгө аяс өчүүхэн ч байхгүй харин ч түүнийг хүйтэн, хахир байгааг нь хараад санаа нь амарч баярлаж байх шиг харагдсан.
Бас тэдгээр цастай оройн уулзалтууд. ...
Нэг нэгээр нь, нэг бүрчлэн эргэн санахад бүх зүйл алган дээр тавьсан мэт ойлгомжтой байлаа. Гэвч түүний хатуу сэтгэл, түүний хар сэр нүдийг нь харалган болгон юуг ч анзаарч үл харуулжээ.
Жуан Шюй Сяолюгийн хөл рүү харахад, түүний хөлийг чиг барин олон давхар цагаан даавуугаар боосон нь инээдэмтэй болхи харагдаж байлаа.
Жуан Шюй гараараа Сяолюгийн хөлд хүрэх гэхэд, Арвандолоо түүнийг дахин Сяолюг гэмтээх нь гэж айн гар нь салхи мэт хурдан хөдлөн хуруунууд нь сэлэм шиг хурц болон түүний гарыг хатгалаа. Арвандолоо уг нь Жуан Шюйг ухран зайлах болов уу гэж бодтол Жуан Шюй түүний дайралтаас бултсангүй, сэлэм шиг хурц болгосон хуруу нь түүний гарт зоогдон Жуан Шюйгийн гараас цус урслаа.
Жуан Шюй гараа Сяолюгийн хөлөн дээр тавиад,
- Өвдсөн үү? гэж аяархан асуулаа.
Сяолю эргэж хараад нүдээ анин,
- Өвдөөгүй гэлээ.
Жуан Шюй босоод,
- Түүнийг сайн харж хандаарай гэж Арвандолоод хэллээ.
Жуан Шюй ордноос гараад шөнийн харанхуйд зорилгогүй алхан явлаа. Чөн Энь ордонд цэцэгс дэлгэрэн дэлбээлжээ. Сонин жигтэй ургамал мод цэцэрлэг дүүрэн ургасан байна. Оройн салхинд анхилуун үнэртэй цэцэгсийн дэлбээ бужигнах нь цасан ширхэг будран бүжих мэт. Гэхдээ далайн салхитай энэ газарт агч модны улаан цэцэг л үгүй. Дэлбээгээ дэлгэхдээ жаргах наран шиг хурц улаан өнгөөр туяаран, дэлбээгээ гөвөхдөө галын дөлийн бүжиг шиг хурц тод бүжин нисэлдэх улаан цэцэгс л энд байсангүй.
Арвандолоо Сяолюг харахад тэр нүдээ аньсан хэвээр байлаа. Жуан Шюйгийн гаран явах хөлийн чимээ холдон одоход Сяолюгийн нүдний үзүүрээс нулимсан дусал бөнжгөнөн гарлаа.
Арвандолоо Сяолюг энгэртээ тэврэхэд Сяолю түүний мөрөнд толгойгоо наагаад нулимс нь бороо мэт асгаран урслаа.

📍Орчуулагчийн тайлбар
⌚️Нэг хүж асаж дуусах хугацаа
Хүжний урт богиноос хамаараад 15 минутаас 1 цаг хүртэлх өөр өөр цагийг заана.
🕍Жао Хуй ордон
朝晖殿 Zhao hui dian
Үүрийн туяа ордон

Хятад кино ярилцъя бүлгэмээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now