#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ЭРТНИЙ_ТАНИЛ_ИРСЭН_МЭТ ХЭМЭЭХ
#ЗУРГААДУГААР_БҮЛЭГ - ЭХНИЙ ХЭСЭГ📍
Сяолюгийн биеийн онцлог хүн хүнээс онцгой өөр тул түүний шарх жирийн хүнийхээс хамаагүй хурдан эдгэж байлаа. Жин бас олон төрлийн үнэт сайн эмийн зүйлс үлдээсэн байв. Хаш уулын мана, далайн гүний болор чулуугаар хийдэг "Гэрлийн урсгалаар нисэн бүжигч" хэмээх үнэт эм ... гээд Дахуанаас олдож болох бүхий л гойд ховор эмийн зүйлс бүгд байлаа. Энэ олон үнэт эмийн ачаар Сяолюгийн шарх түргэн эдгэж байв.
Сяолюгийн хэрэглэх эм тан элбэг дэлбэг байх тул тэр бүтэн лонх үнэт эмийг хайр найргүй бүгдийг нь саванд хийгээд гараа тэрхүү үнэт ховор эмд бүтнээр нь дүрэн байлгаж шархаа эмнэж байлаа. Харин тэр өвчин намдаах эмийг л огт хэрэглэхгүй байв. Сяолю гар нь өвдсөндөө өдөр бүр хашхирч ёолон өөд уруугаа дэвхэцнэ. Шянлю анхандаа түүнийг хүйтэн харцаар ажиглан харж байснаа сүүлдээ үнэхээр түүний дуу шуунд чих нь хангинан сэтгэл нь хямарч,
- Би чамайг тамласан хүмүүсийг бүр өрөвдчихлөө. Тэд чамайг үхдэл иддэг хорхойгоор арьс махыг чинь хэмлүүлэн тамласан. Чи харин тэднийг мангасын дуугаар тархийг нь өрөмдөх аргаар тамлажээ хэмээн түүнийг тохуурхан өгүүллээ.
Сяолю түүнийг буруушаан харж,
- Би чамд биш Шюаньд шидийн цохоо өгсөндөө ёстой их харамсаж байна.
- Чи шидийн цох тэжээлээ гэхэд ядаж хүчтэй, хортой цох тэжээх ёстой байсан юм. Чиний тэжээсэн энэ цох чинь дайснаа гэмтээхийн тулд өөрөө эхлээд гэмтэх хэрэгтэй болдог хэрэггүй цох байна. Азаар чи Шюаньд цохоо өгчээ. Түүний биед цохоо оруулснаар ядаж л багахан ч гэсэн ашиг тусаа өгч болох юм. Хэрэв миний биед оруулсан бол, би бол есөн толгойтой бодгаль. Чи өвдөөд үхсэн ч надад бол нэг их сүртэй нөлөө үзүүлж чадахгүй гэж Шянлю түүнийг шоолон инээж хэллээ.
Сяолю Шянлютэй юм ярих нь өөрийгөө зовоож уураа барахаас өөр нэмэр алга гэж үзээд дахин түүнтэй тоож юм яримааргүй санагдан ганцаараа аглаг модод дунд орон "Аааа" гэж хашхиран хоёр гараа дээш өргөөд хойш урагш гүйж гарлаа.
Шянлю үнэхээр түүний хашхирахыг сонсож дийлэхээ байгаад нэг мөр цагаан бүргэдээ хөлөглөж аваад үүлэн дунд орон алга боллоо.
Өдөр хоногууд өнгөрсөөр өвдөлт нь арай намжин Сяолюгийн хоёр гар аажмаар эдгэрлээ.
Үүрээр Сяолю яг сайхан зүүрмэглэн унтаж байтал биед нь гэнэт хачин сонин үелзэл үүсэхийг мэдэрлээ. Анхандаа тэр юу болоод байгааг ойлгохгүй гайхаж байснаа хэсэг зуур бодоод гэнэт энэ мэдрэмж бол шидийн цох нь түүнд дохио өгч байгааг мэдлээ.
Сяолю яаран сандран босоод байрнаасаа гарч гүйн,
- Шянлю, Шюань ...
- Би мэдэж байна.
Хадан хавцал дээр арав гаран багтай хүн байна. Тэд бүгд уналгадаа мордоод, уналга, уналгын эзэд бүгд алалдан тулалдахад бэлэн царайтай, дайтах журмаар жагсан зогсоцгоосон байна. Тэд харваас Шюанийг ойрхон байгааг мэдэж байгаа бололтой. Бас тэдний энэ байдлаас харахад Шюань багагүй олон хүн дагуулан ирж яваа бололтой.
- Шюань дайран ирж байна. Би ч гэсэн түүнийг алахыг хүснэ. Өнөөдөр үхэх сэхэхээ үзэх тулаан болно. Чи нэг газар олж аваад нуугд гэж Шянлю Сяолюд хэллээ. Шянлю баг зүүсэн байх тул түүний нүүрний хувирал мэдэгдэхгүй. Баг дотроос түүний зөвхөн хоёр нүд нь л харагдаж мөс шиг харц нь өчүүхэн төдий ч дулаан илчгүй хүйтэн хөндий харагдана.
Сяолю хэрэггүй үг хэлэхээс эмээн, хэдэн тийшээ хараад аглаг модод руу шурган ороод нэгэн том хад чулууны араар орон нуугдлаа.
Төдий удалгүй Шюань бүлэг хүн дагуулан сүртэй нь аргагүй дайран ирэхийг Сяолю харлаа.
30 гаран янз бүрийн уналга хөлөглөсөн дайчид ирлээ. Тэдний хөлөглөсөн уналгууд хүчит жигүүрээ дэлгэн нисэлдэхэд тэнгэр хүртэл харанхуйлан харагдана. Сяолю дээш өлийн тэднийг хараад, <<Шюань яг ямар хүн юм бэ? Түүний хүч нөлөө нь бүр ийм их байсан гэж үү? >> хэмээн цочиж алмайран бодлоо.
Өндөр тэнгэрт тэдний аймшигт тулаан эхэллээ.
Шянлюгийн талтай харьцуулахад, эсрэг тал хүний тоогоор хараажийн давуу талтай байх аж. Шюань гарцаагүй ялахаар харагдана.
Гэвч Шянлюгийн хүмүүс бол өдөр бүр үхлийн сүүдэр дор тэсэн амьдардаг хүмүүс. Тэдэнд халуун цус бүлээн амиараа холбогдсон итгэл сэтгэл бий. Түүнээс ч илүү, амь хайргүй тэмцэлдэхээр хатуу шийдсэн зориг зүрхтэй дайчид билээ. Хоёр тал хэн нь ч хэнийгээ ялж дийлэхгүй эн тэнцүү тулаан өрнөлөө.
Хүчтэй дэлбэрэх дуу гарч, алтан өнгийн галт бөмбөг нэгэн хүнийг онон, түүнийг хөлөглөсөн уналгатай нь хамт юутай ийтэй нь шатааж үнсэн товрог болголоо. Удалгүй бас өөр нэгэн хүн асар том мөсөн илдэнд цавчуулан хоёр хэсэг болон уналаа. Түүний хөлөглөсөн уналга нь аймшигтайгаар хэлмэгдэн орь дуу тавьна. Хоёр хүн уналгаа хөлөглөн моддын оройгоор салхи татуулан нисэж замдаа саад бологсодтой тулалдсаар тэнгэрт дүүлэн гарлаа. Сяолю тэднийг хэн нь хэн болохыг ялгаж харж мэдэхгүй тул зөвхөн тэдний аймшигтай тулалдах чимээг л сонсон харж байлаа. Тэнгэрээс нэгэн зүйл унаж ирэн түүний нуугдаж байсан хад чулууг оноход, хад чулуу тэр дороо хэдэн хэсэг болон бутран хагарлаа. Тэнгэрээс унасан тэр зүйлийг Сяолю аваад харахад цус болсон баг байлаа.
Нуугдах газар үгүй болсон тул Сяолю дайран гарч, нисэх мэт хурдлан хамгийн өндөр модонд авиран гарлаа.
Тэнгэрт дайны гал дүрэлзэн, галын дөл цоролзож, хар утаа багширна. Утаа униар дундаас Шянлюг олж харах нь харин хэцүү биш аж. Цасан цагаан хувцастай, нүүрэндээ зүүсэн мөнгөн өнгөт багийнх нь араас урт үс нь хийсэн, цагаан бүргэд хөлөглөсөн тэр будран хийсэх цасан угалз мэт, есөн тэнгэрийн оройд элэн халин дүүлэн ниснэ. Хөдөлгөөн нь бүжих мэт уран үзэсгэлэнтэй харин хөдлөх бүр нь дайсандаа мөсөн хүйтэн үхлийг бэлэглэх аж.
Дөрвөн хүн түүнийг дөрвөн талаас нь бүчин дайрлаа. Дөрвөн хүний нэг нь Шюань. Үлдсэн гурав нь бүгд тэргүүн зэргийн сүнсний хүчтэй, чадалтай хүчтэй дайчид харагдана.
Шянлю амийг амиар солих гэсэн мэт дайсан руугаа зөвхөн довтлон дайрч, хамгаалалт огт хийхгүй тулалдана.
Түүний хэрэглэдэг зэвсэг бол хавирган саран хэлбэртэй махир илд байлаа. Мөсөн шүүдэр давтаж хийсэн мэт түүний илд нь болор эрдэнийн өнгөөр нэвт туяаран гэрэлтэнэ. Түүний хөдөлгөөнийг даган саран хэлбэрт махир илд нь тэнгэрт бүжиглэх цэцэгсийн шүүдэр мэт цагаан өнгийн туяа ойлгон гялалзана.
Шянлю ар нуруугаа үл хайхран огцом урагшаа давшихад, нүд гялбам цагаан туяа цацарч нэг хүний толгой нь тасран доош хийсэн нислээ. Шянлюгийн ар нуруунд мөсөн илд зоогдон цус нь садран урслаа.
Мөсөн илд тэнгэр агаарыг зүсэн түүнийг дайран ирлээ. Шянлю огтхон ч бултаж зугталгүй, цагаан бүргэдээ давшуулан мөсөн илдийн чанх өөдөөс дайран орж, илдээ далайн буулгахад болор ир нь махийн бууж хагас тойрог үүсгэн цэцэгсийн шүүдэр бүжин хийсэж дайран ирсэн илдийн эзэн хөлөглөсөн уналгынхаа хамтаар тас цавчуулан уналаа. Шянлю ч гэсэн шархдаж түүний завжнаас цус шүүрэн урсана.
Дөрвөн зүг найман зовхист навчис хийсэж, мод махбод урсгалын хөнөөлт урхин тойрог үүслээ. Шянлю тэрхүү хөнөөлт тойргийг устгая ч гэж хичээсэнгүй, сүнсний хүчээ гэмтээх эрсдлийг ч үл тоон шууд л тойрог үүсгэсэн хүн өөд нь дайран орж түүнийг цавчин хөнөөлөө.
Эцэст нь нэгийн өөдөөс нэг боллоо. Шянлю Шюанийг нэхэн дайрна. Гэвч тэр шархдаад сүнсний хүчээ ихээхэн алджээ. Шюань харин ширхэг ч үс нь гэмтээгүй, сүнсний хүч нь бүрэн дүүрэн байна.
Шюань зүүн гартаа мод махбод урсгалын сүнсний хүчээр үүссэн урт сур атгаад, баруун гартаа төмөр махбод урсгалын сүнсний хүчээр үүссэн богино илд барьжээ. Хоёр төрлийн урсгалын сүнсний хүчийг зэрэг захирдаг хүн тийм олон биш. Шюань суран ташуураа могой мэт мурилзуулан Шянлю руу довтоллоо. Богино илд нь цусан идэшт бар амаа ангайн дайсан руугаа довтлох барын хүрхрэлт мэт.
- Шянлю, зүүн гар гэж Сяолю чанга хашхирлаа.
Сяолю зүүн гараараа модны мөчрийг хүчлэн цохиход, түүнд зүрх чичрэм өвдөлт мэдрэгдлээ. Шюаний довтлолт нь бага зэрэг хазайлаа.
- Баруун гар.
Сяолю баруун гараараа модны мөчрийг хар хүчээрээ цохиход Шюаний зэвсэг гараас нь унах дөхөв.
Шянлю завгүй тулаан дунд гэнэт чангаар хөхрөн инээлээ. Шюаний харцанд хорсон занасан өнгө тодорч, урт сураа Сяолю руу чиглүүлэн далайлаа. Сяолю толгойгоо далдичин байж мөчир дамжин модноос буулаа. Азаар модот төгөлд шигүү мод ургасан, түүний уналга ийшээ орж ирэх аргагүй тул Шюань түүний араас нэхэн ирж чадахгүй аж.
- Зүүн хөл, баруун гар гэж Шянлю тушаалаа.
Сяолю дотроо хараал тавин байвч сэтгэлээ хатамжлан түүний тушаасан ёсоор хийхээс өөр аргагүй тул өргөстэй модоор зүүн хөлөө хүчлэн цохиж, баруун гараа чулууны товойсон ирмэгт цохив.
Шянлюгийн сүнсний хүч нь огцом нэмэгдэн, Шюаний зугтах замыг хаан саран илдээ шидэж түүнийг гарах гарцгүй болгоод түүн рүү дүүлэн дайрах нь түүнийг нэг мөр үгүй хийхээр шийдсэн нь илт.
Шюань нөхцөл байдал гэнэт эргэсэнд сандарч тэвдэн хөлөглөсөн уналгаасаа үсэрлээ. Шянлюгийн аймшигт дайралтад түүний уналга өртөн цусан хөөс бургилуулан хэдэн хэсэг болон бутарлаа. Шюань харин энэ завшаанаар амь гарлаа.
Шюань өндөр дээрээс шууд модон дээр унан буулаа. Түүний бие нь битүү цусанд будагдан хүнд шархадсан боловч нэг ч хором азнаж болохгүй тул тэр даруй үсрэн босоод доголон гүйнгээ дагуул дайчдаа чанга дуугаар дуудна.
Аглаг их шигүү ойд уналга шурган орох боломжгүй. Шянлю цагаан бүргэдээ хөлөглөн моддын оройгоор нэгэнтээ эргэлдээд доош үсрэн бууж ойд ганцаараа ороод Шюанийг алахаар нэхэн хайлаа.
Сяолю сармагчин шиг шаламгайлан хөдөлж нэг модноос нөгөө мод руу дүүлэн яарч сандралгүйгээр бас Шюаний араас хөөлөө. Гэнэт түүний нүдний үзүүрт нэгэн цагаан зүйл гялсхийн харагдах шиг боллоо. Амьтны сүүл мэт урт цагаан зүйл. Сяолюгийн тархи нь бодож сэтгэхээс өмнө бие нь зогтусан хөдлөхөө болив.
Сяолю цагаан зүйл байх зүгт дүүлэн хүрч очоод модны мөчирт тээглэсэн тэр цагаан зүйлийг аван харахад тэр цагаан өнгөтэй үслэг зүйл бол цагаан үнэгний сүүл байлаа.
Сяолю яг л мангуу болж орхих шиг боллоо. Түүний уруул нь хавирган сар шиг дээш өргөгдөн мишээж, нүүрэнд нь баяр хөөр тодорлоо. Гэвч түүний нүдэнд сувдан дусал гялтганаж нулимс нь гунигтайгаар урсан гарах гэнэ.
Гэнэт түүний царай хувьсхийн Шянлю Шюань хоёрын араас галзуурсан мэт элдэн нэхлээ.
Шюань нисэх мэт хурдлан зугтана. Шянлю түүний араас чөтгөр шулам мэт төрхтэй хөөн хурдална. Түүний гарын хумс нь ирт илд мэт сунан ургаад яг л тав салаалсан илд мэт болж цахилгаан цахилах мэт хурдаар Шюань руу дайрлаа. Шюань эргэж харан модон махбодын сүнсний хүчит урт сураа далайн өөрийгөө хамгаалах гэсэн боловч таван хурц илдийг хааж чадалгүй сур нь бутран уналаа.
Шянлюгийн чөтгөрийн хүүхэн хараа час улаан өнгөөр цоргиход Шюаний бие цаламдан хүлэгдсэн мэт хөдлөх аргагүй болж зугтан зайлах ямар ч аргагүй боллоо. Гэвч тэр нүдээ анихыг хүссэнгүй. Тэр хэрвээ яг одоо энд үхэхээр болбол, хэрхэн үхэхээ өөрийн нүдээр хараад үхэхийг хүснэ.
Нэгэн бие харвах од мэт Шюаний энгэрт дайран орж түүнийг Шянлюгийн цахилгаан мэт дайралтаас хамгаалан цохилтыг өөрийн бие дээр хүлээн авлаа.
"Ааа" гэж Сяолю аймшигтай дуу алдлаа.
Шюань түүний өвдөлтийг өөр дээрээ яг адилхан мэдэрч, зүрх нь салганах мэт аймшигтай их өвдөлтийг мэдэрлээ. Гэвч тэр өвдөлтийг зөвхөн мэдрэнэ үү гэхээс өөрөө яг тэр цохилтийг жинхэнэ ёсоор хүлээн авч шархадсан биш. Сяолю яагаад өөрийн амь биеийг үл хайхран түүнийг аварсныг үл ойлгон Шюань Сяолю рүү гайхаж балмагдан харна.
- Хурдан зугт! гээд Сяолю хамаг хүчээрээ түүнийг түлхэн холдууллаа.
Шянлю харин Шюанийг зугтаалгахгүй хэмээн дахин түүн рүү дайрлаа. Сяолю эргэж хараад дахин шархдахаас үл эмээн Шянлюгийн хурц илд болон хувилгасан гарыг хамаг хүчээрээ зууран түүнийг Шюань рүү дайрахыг хориглолоо.
Шюаний дагуул дайчид энэ үед амжин ирж Шюанийг түшээд хурдхан зугтан зайллаа. Шюань хурдлан зугатангаа Сяолю руу гайхаш тасран эргэн харна.
Шянлю зорилго нь нүдэн дээр нь бүтэх гэж байтал Сяолю нурааж орхихыг хараад уур хилэн нь бадарч Сяолюгийн хөлийг хүчтэй өшиглөхөд Сяолю газарт гулдайн уналаа. Гэвч тэр газар унасан хэр нь хамаг хүчээ шавхан Шянлюгийн хөлөөс зуурна.
Шюанийг дагуул нь уналгадаа суулган тэнгэрт дүүлэн гарч үүлэн дунд орон харагдахаа болилоо.
Шюань дагуулынхаа араар сундаллан амаа чанга жимийн өвдөлтөө тэсвэрлэн ниснэ.
Түүний цээж өвдөнө, гарын бугалга өвдөнө. Бие нь тэр чигтээ маш их өвдөлтийг мэдэрч бүхий л бие нь хормын зуурт хэдэн хэсэг болон тасчигдах гэж буй мэт санагдана. Гэхдээ тэр өөрийгөө хэдэн хэсэг болохгүйгээ мэдэж байлаа, учир нь энэ өвдөлт бол түүнийх биш харин Сяолюгийнх гэдгийг тэр мэдэж байв.
Шюань эргэлдэн хуйлрах үүлэн далайг харан гайхан бодлогоширно. "Яагаад, чухам яг яагаад? Сяолю эхлээд Шянлюд тусалж өөрийг нь алах гэсэн. Гэтэл сүүлийн мөчид тэр өөрийнхөө амь биеийг үл хайрлан түүнийг авран хамгааллаа. Тэр Сяолюг зовоон тамлах тушаал буулгасан. Сяолю түүнийг үзэн ядаж алахыг хүсэх нь зүйд нийцэх байтал яагаад тэр өөрийг нь аврах болов?"
Шянлюгийн уур уцаар бүхнийг нөмрөн авах далайн догшин шуурга шиг эрчлэн оргилно.
Сяолю Шянлюг өөрийг нь алах гэж байна гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ түүнд огтхон ч аймшигтай санагдсангүй.
Час улаан цусны өнгө түүний нүдэнд гал улаан өнгийн галт шувуу цэцэгсийг харагдуулах шиг боллоо. Галт шувуу модон дор ээж нь түүнд зориулан савлуур бэхэлж өгсөн. Тэр савлуур дээр суугаад дээрээс будран буух агч модны цэцэгсийн дэлбээг харж, өндрөөс өндөрт хөөрөн дүүлнэ. Хөөр баяртай инээх дуун эргэн тойронд нь хадан сонстоно. Ах нь агч модны дор зогсоод түүн рүү инээмсэглэн харна. Савлуур нь буцан доошлоход ах нь түүнийг дахин түлхэж өөд нь хөөргөнө. Савлуур дээш нэг хөөрч, доош дахин бууна, дээш хөөрч, доош бууна...
Шянлю хурц хумсаа Сяолюгийн хүзүү рүү ойртуултал Сяолю харин нүдээ томруулан түүн рүү харж яг л хаврын салхины сэвшээнд цэцгийн дэлбээ аажим дэлгэрэх шиг нүүр дүүрэн мишээл тодруулан инээмсэглэлээ.
Шянлюгийн гарт базуулсан түүний арчаагүй нарийхан хүзүүг аяархан имрэх төдийд тэр энэ хорвоогоос оргүй алга болох байлаа.
Сяолю инээмсэглэсэн хэвээр санаа алдаад, сэтгэл нь нь зүйрлэшгүй ихээр тайван амгалан болох мэтээр толгойгоо унжуулан нүдээ алгуур анилаа.
Шянлю гэнэт гараа огцом татаж аваад, Сяолюг өргөж аван тэндээс холдон явлаа.
Сяолю нүдээ нээхэд тэр уулын агуйд, бүх биеэрээ нэгэн цөөрмийн усанд булхан хэвтэж байлаа.
Цөөрөмд хаш уулын мана, далайн гүний болор, тангү рашаан, фүсан модны навч зэрэг есөн жорын эмийн зүйлсийг хийжээ. Өөр хүн байсан бол ийм хүнд шарх аваад дээрээс нь ийм олон төрлийн эм танг эмийн үйлчилгээ, найруулах тунг ялгалгүй ингэж хамаа замбараагүй хэрэглэвэл, үхлийн шарх аваагүй байсан ч үхэж орхихоор байлаа. Гэвч Сяолюгийн бие нь бусдаас онцгой өөр. Энэ холион бантагнуулсан эм тан түүнд харин ч сайнаар нөлөөлжээ.
Эдгээр эм тан дотор өвчин намдаах эм ч байгаа бололтой. Сяолюд зөвхөн бие нь сулбайн ядрах мэдрэмж төрж, өвдөх нь харин гайгүй байлаа.
Цөөрмөөс холгүй Шянлю болор хашин тавцан дээр завилан сууна. Хөмсөг нь атиралдан зангирч хормын дараа уурандаа дэлбэ үсрэх гэж байгаа мэт харагдана.
Сяолю юм хэлэх нь байтугай хөдлөхөөс ч айж нүдээ алгуур буцаан анилаа.
- Яагаад түүнийг аварсан юм бэ? гэж асуухдаа Шянлюгийн хоолой нь мөс шиг хүйтэн сонстож уур зэвүүцлээ дарж ядан байгаа нь тодхон мэдрэгдэнэ.
Сяолю юу гэж хариулахаа хурдхан сэтгэн, нэг ч хором алгуурлалгүйгээр,
-Учир нь би түүнийг хэн болохыг мэдсэн юм хэмээн тодхон дуугаар хариуллаа.
Шянлюгийн хөмсөг нь бага зэрэг чичрэн хөдлөв.
-Хэд хоногийн өмнөөс л би гайхаад байсан юм. Чамайг яагаад ийм завтай зайтай байж өдөр бүр намайг харан суугаад байна гэж гайхан бодож байлаа. Сүүлд нь би чамайг, надад санаа тавин хамт байгаа юм биш харин Шюанийг хүлээж байгааг чинь ойлгосон. Жин намайг энэ ууланд нуугд гэж үлдээсэн учир нь тэр та нарыг Шюань Юаньтай хэдэн зуун жил тэмцэлдсэн, Шюань Юань ч та нарыг яг хаана байрладгийг олж мэдэж чаддаггүй гэдгийг бодолцож намайг энд байхад аюулгүй гэж бодон үлдээсэн. Хэрэв чи хүсвэл Шюань намайг яагаад ч олж чадахгүй байх байсан. Гэтэл чи түүнийг хэн бэ гэдгийг нь олж мэдээд, дээрээс нь тэр намайг яагаад ч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг мэдэж байсан учраас намайг ашиглан түүнд урхи бэлдсэн. Түүнийг энд ирүүлж байгаад алах гэж надаар урхи хийсэн.
-Би чамайг урхи болгон ашигласан, тэгээд юу гэж?
-Уг нь ч сүртэй хэрэг биш л дээ. Угаасаа тэр ч гэсэн намайг алахыг хүсэж байгаа. Гэтэл би түүний нэрийг Жуаньшюй гэдэг, тэр бол Шюань Юаны ханхүү, Шюань Юань хааны ууган ач хүү гэдгийг мэдсэн! Хэрвээ би чамд туслаад түүнийг алчих юм бол, хаан тэнгэрийн доорхыг түйвээж байгаад ч хамаагүй өш хонзонгоо авах болно. Тэгээд би дахин хэзээ ч амар амгалан, тайван сайхан амьдарч чадахгүй болно. Дахуан даяар миний орогнон суух газар үгүй болно гэдгээ ойлгож мэдсэн!
Шянлю нүдээ нээгээд Сяолюг ширтэн харж, -Би чамайг уг нь овоо зоригтой гэж бодож байсан юм гэлээ.
-Өршөөгөөрэй, урмыг чинь хугалсанд. Чи хаантай тэрсэлдэж чадах ч би бол харин тэгж чадахгүй. Эзэн хааны хилэн мянган бээрт цус урсгадаг! гэдэг. Би лав тийм уур хилэнг өөртөө татаж чадахгүй.
- Чи түүнийг хэн гэдгийг яаж мэдсэн юм бэ?
- Чи түүнийг хөнөөхөөр дайрахад түүний нэг дагуул нь сандарч хэлмэгдэн гэнэ алдаж түүний нэрийг хэлж Жуаньшюй вантанг авраарай гэж хашхирсан. Бүдэг бадаг сонстсон боловч чиний хүнд шархдахаас ч үл айн заавал хороох гэж хичээх хүн бол Дахуан даяар тийм ч их биш байж таарна. Жоохон нэмээд бодоход л нарийн учрыг нь таахад тийм хэцүү хэрэг биш.
Шянлю босоод цөөрөм рүү шууд орон, гараараа Сяолюгийн хүзүүнээс атгаж түүний толгойг цөөрмийн хананд хүчтэй наагаад,
- Чи намайг түүнийг ямар ч аргаар хамаагүй хөнөөх зорилготой байсныг мэдэж байсан гэв үү!
Сяолю нэгэнт эсэргүүцэж чадахгүй тул нэг мөсөн ухран буулт хийснээр урагшлан давших арга хэрэглэн,
-Би том зорилгод тань саад боллоо. Чи хэрэв намайг алахыг хүсвэл алж орхи! гээд дуулгавартайгаар нүдээ аниад цагаан хүзүүгээ түүнд ойртуулав.
Шянлю хүйтэн инээн, -Ална гэнээ? Дэндүү багадах юм биш үү? гээд толгой бөхийн Сяолюгийн хүзүүнээс хазаж өөрийн сэтгэл дэх уур хилэнгээ гаргах мэтээр түүний шинэхэн цусыг хүчлэн шимэн уулаа.
Сяолю цөөрмийн ирмэгт толгойгоо налан арагш гэдийгээд өөрийгөө ашгүй Шянлюд хэрэгтэй хэвээр байгаа юм байна гэж баярлан бодов. Шянлю бол есөн толгойт мангас. Түүнд тохирох шарх эмчлэх эм тийм амар олдохгүй. Харин онцгой биетэй Сяолю бол түүнд яв цав таарч тохирсон увдист эм л гэсэн үг.
Яг энэ үед орон дээрээ хэвтээд шархаа илаарьшуулж байсан Шюань гэнэт өндийн суугаад өөрийн хүзүүг иллээ.
Тэр амьд хэвээр байна!
Анхандаа түүний хүзүүнд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, яг л хүзүү рүү нь хурц соёо зоогдон орох шиг мэдрэмж төрөв. Харин удалгүй өвдөх мэдрэмж нь аажмаар сонин мэдрэмжээр солигдлоо. Өвдөлтийн хажуугаар бас гижиг хүрэх мэт болж, бага зэргийн таашаал төрж эхэллээ. Яг л хэн нэгэн хүн түүний хүзүүг уруулаараа илэн таалж, аяархан долоож зөөлхөн үнсэх мэт мэдрэмж төрнө.
Шюаний хоолой ам хатах мэт болж гэнэт маш ихээр уур нь хүрлээ. Тийм хүнд шархадчихаад тэр залуу арай солиороогүй байгаа, яг юу хийж байгаа хэрэг вэ?
Шянлю тэргүүн өргөн Сяолюг ширтэн харна. Түүний уруулын үзүүр цус болж, харц нь сүүмийгээд амьсгал нь түргэсжээ.
Сяолю түүнийг өөрийнх нь цусыг нь сорж байхад яасан ч яахав гэсэн гудиггүй царай гарган байснаа гэнэт нугдайн агшиж бие нь доош гулсан өөрийн мэдэлгүй хоёр гараа урдаа аван цээжээ гараараа халхлах гэснээ хурдхан сэхээ авч өөрийнхөө энэ сонин хариу үйлдлийг булзааруулах гэж урьдын адил юу ч болоогүй царайлах хэнэггүй төрхөндөө буцан орлоо.
Шянлюгийн гар түүний хүзүүнээс алгуур доошлон, эгмийн ясан дээгүүр нь хурууны үзүүрээ гүйлгэн хэсэг байснаа гараа дахин доошлуулан түүнийг иллээ.
Сяолю хоромхон зуурт түүний гарыг холдуулаад,
- Би эрэгтэй хүн шүү. Чи эрэгтэй хүнд татагддаг байлаа гэхэд надаас илүү зүстэй эрд хандвал дээргүй юу? гэж инээд алдан хэллээ.
- Чи эрэгтэй хүн гэж үү? Шянлюгийн цус болсон уруул нь мушилзан инээж түүнийг тохуурхан харж, - Чи хэрвээ үнэхээр эрэгтэй хүн мөн юм бол Фэйфэйг яаж урхидан гаргаж ирсэн юм бэ?
Сяолю аргагүйдэн нүдээ анивчаад, -Би чамайг биеэ хувиргаж, хоолойгоо өөрчилж чаддаггүй гэж лав итгэхгүй? хэмээн инээн хэллээ.
- Би зэрлэг амьтны зөн совиндоо илүү итгэж байна.
- Зэрлэг амьтны зөн совин тийм сүрхий хэрэг болдог байсан бол чиний тэр Өдөн бөмбөлөг миний хоронд хордохгүй байсан биш гэж үү? Зэрлэг амьтны зөн совин тийм итгэл төгс мэдрэмж мөн байсан бол тэнгэрийн дор урхи гэдэг зүйл байхгүй, анчин хүн хэзээ ч ан агнаж чадахгүй байх байсан.
- Чи яг ямар дүр хувиргах арга хэрэглэсэн юм бэ? Чиний сүнсний хүч ийм сул дорой, гэтэл чиний энэ дүр чинь тандаж мэдэх ямар ч ул мөргүй, яг л чиний өөрийн чинь төрсөн төрх мэт харагдах юм!
- Энэ төрх бол угаасаа миний төрсөн төрх мөн за! гэж Сяолю дургүйцэн өгүүллээ.
Шянлю түүнийг ширтэн харахад түүний нүдний цөцгий нь бэх шиг гүн хар өнгөтэй харагдана. Сяолюгийн зүрхний цохилт нь түргэсэж, Шянлюгийн гарыг огцом түлхэн холдуулаад нүдээ аниад үхсэн гахай буцлам халуун уснаас айдаггүй гэдэг шиг,
- Ил, илээ ил. Илж дуусаад харин дахиж намайг эмэгтэй хүн гэж хардахгүй бол сайн байна!
Шянлю түүнийг хэсэг зуур ширтээд,
- Би чиний энэ хуурамч биед сонирхол алга! Тэр Сяолюг тавиад эргэн цөөрмөөс гарч хаш тавцан дээрээ хэвтэн бясалгал хийн биеэ илаарьшуулж эхэллээ.
Сяолюгийн зүрх нь амаар нь гарах мэт санагдаж байсан мэдрэмж нь алгуур сарнин ариллаа. Хүнд шархадсан тэр нэмээд Шянлюд цусаа соруулаад тархи толгой нь манаран бие нь хүндрэх тул усны мандал дээр дээш харан хэвтээд бас бясалгал хийн биеэ тэнхрүүлж эхэллээ.
Нэг хоногийн дараа Жин түүнийг хайсаар ойрхон ирлээ.
Шянлюгийн шарх бүрэн эдгээгүй. Түүний сэрэмжтэй зангаар бол мэдээж өөрт нь аюул учруулах магадлалтай хүнтэй нүүр тулахыг хүсэхгүй. Жин тэдний нуугдсан агуйг олон ирэхээс өмнө тэр хөдлөх тэнхэлгүй Сяолюг орхин ганцаар агуйг орхин явлаа.📍Орчуулагчийн тайлбар.
🪨Хаш уулын мана
玉山玉髓
玉山 хаш уул 玉髓 chalcedony мана / хальцедон /
🍥Далайн гүний болор
归墟水晶
Домогт гардгаар бол далайн ёроолын хамгийн гүний гүнийг "Хоосонд эргэн буцах" 归墟Gui xu гэж дүрсэлдэг. Энд хорвоо ертөнцийн бүхий л ус урсан нийлдэг гэж үздэг байна.
💃Гэрлийн урсгалаар нисэн бүжигч
流光飞舞
🌊Тангү рашаан
汤谷水
Домогт гардаг нэгэн зүйлийн шидэт рашаан ус
🌿Фүсан модны навч
扶桑叶
Домогт гардаг эмчилэх чадвар гоц гойд шидэт мод.
👑Жуаньшюй
颛顼 Zhuanxu
Домогт гардаг эртний нэгэн хааны нэрХятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн хэсгүүдийг уншаарай.
YOU ARE READING
Үүрд Чамайгаа Үгүйлэн Санана
Viễn tưởng#Хайрлаж_чадахгүй_ч_бас_мартахын_аргагүй 📍Үүрд чамайгаа үгүйлэн санана зохиолын уншигчдад хүргэх гэсэн миний гол санаа бол "#АМЬДРАХ" гэсэн хүсэл тэмүүлэл. Энэ орчлонд, хайр бол сэтгэл догдлом агуу сайхан зүйл мөн боловч, амьдралын утга учир зөвхө...