Холын далайд байх хонгорхон тэр минь хэмээх арванхоёрдугаар бүлэг -1/2

18 2 0
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍#ХОЛЫН_ДАЛАЙД_БАЙХ_ХОНГОРХОН_ТЭР_МИНЬ ХЭМЭЭХ #АРВАНХОЁРДУГААР_БҮЛЭГ - ЭХНИЙ ХЭСЭГ📍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

#ҮҮРД_ЧАМАЙГАА_ҮГҮЙЛЭН_САНАНА
📍ТЭРГҮҮН ДЭВТЭР📍
#ХОЛЫН_ДАЛАЙД_БАЙХ_ХОНГОРХОН_ТЭР_МИНЬ ХЭМЭЭХ
#АРВАНХОЁРДУГААР_БҮЛЭГ - ЭХНИЙ ХЭСЭГ📍

               Өнөөдөр нэгэн сүр цуутай цуглаан болж бага ноён Жу Рун ялагчид шагнал гардуулах ёслол болно.
Өглөө эрт Рү Шөү хувцас хунараа өмсөж бэлдээд дагуулаа дагуулан ёслолд оролцохоор явлаа.
Сяолю босохоос залхууран орондоо хэвтэж байтал Жуан Шюй Анянь хоёр ирэн хүчээр түүнийг босголоо. Угаал үйлдэж, хоол идсэнийх нь дараа Жуан Шюй Сяолю Анянь хоёрыг дагуулан зугаа цэнгээн харахаар явцгаалаа.
Жуан Шюй Сяолюд,
- Намрын тэмцээний хамгийн сонирхолтой үзүүштэй өдөр нь сүүлийн өдөр нь байдаг юм. Эхэн үедээ бол хүмүүс тэмцээндээ анхаараад хэнд ч зугаалан наадах сөхөө гардаггүй. Одоо бол тэмцээн дуусаад маргааш бүгд гэр гэрийн зүгт замд гарах тул өнөөдөр л бүгд баярлан хөгжилддөг юм хэмээн түүнд өгүүллээ.
Чишүй голын эрэгт ирээд ирээд Сяолю Жуан Шюйг андуу хэлээгүй болохыг олж харлаа.
Чишүй голын хөвөө зүлэг нь ногоороод, хар ногоон өнгийн хивс дэлгэн тавьсан мэт харагдана. Цагаан, шар өнгийн хонин нүдэн цэцэгс зүлгэн хивсэн дээр алаглан үзэгдэнэ. Голын хөвөө дагуу олон өнгийн амьдрал өрнөн хөөр хөгжөөнтэй харагдана.
Энд тэндгүй бүтэн хонь өрлөн шарж, архийг ваар ваараар нь задлан ууцгаах дүр зураг харагдана. Дөнгөж үд өнгөрч байхад зарим хүн согтоод эхэлчихсэн байлаа. Тэд нар энгэрээ задгайлаад салхи сөрөн хашхирч, зарим хүмүүс Чишүй гол руу уралдан үсрэн орцгооно. Зарим хүн дуу дуулж, зарим хүн толгойгоо барин гаслан уйлна. Зарим хүн бөх барилдаж ноцолдон, зарим хүн модны сүүдэр бараадан шоо хаяж мөрийтэй тоглоцгооно. Алс холд бас хэсэг бүлэг хүмүүс эр эмээрээ цугларан нийлээд бүжиг бүжин дуулж хуурдана.
Анхандаа бол намрын ургацаа өгөөж дүүрэн хураан авсан тухай магтуу дуу дуулж, тэнгэр газартаа ерөөл хэлэн, ургац хураасан баяраа олон цугаар тэмдэглэн, чанга дуугаар дуулж хуурдан, алга ташин хөөрөн баярлаж, хөл дэвслэн бүжиг бүжиж байлаа. Удалгүй дуулах дууны өнгө аяс өөрчлөгдөн янз бүрийн дуу дуулцгааж,
САРАН МЭЛТИЙН ГАРАХ ДОР
САРНЫ ТУЯАНД БҮЖИН БАЯСАЖ
САЛАН ОДОХ ҮЕ ИРЭХЭД
ДУУЛЖ ХУУРДАН БИЕСЭЭ ҮДНЭ
Сяолю Жуан Шюй хоёр Анянийг дагуулан хурсан олон дунд орон шахцалдан явцгааж байгаад Шэнь Нун Шинь Юэтэй таарлаа. Шинь Юэ харваас хамт яваа бүсгүйчүүдээ оройлон толгойлон явна. Тэр үсээ сүлжээд, нарийн ханцуйтай хувцас өмсөн хамт яваа бүсгүйчүүдтэйгээ гар гараасаа барилцан дуулж бүжиглэж байлаа. Тэдэнтэй хамт бүжиглэж байгаа залуус үе үе алдаа гарган хөл гараа зөрүүлэн бүжиглэхэд энд тэндээс тэднийг шоолон инээх дуу дуулдана.
Шинь Юэ Жуан Шюйг хараад уруулд нь инээд тодрон, харцанд нь харин өдөөн хатгасан шинж үзэгдэн Жуан Шюй рүү эгц шулуун ширтэн харлаа. Хэн түлхсэнийг нь мэдэхгүй Жуан Шюй бүжиглэж байгаа хүмүүсийн дунд түлхэгдэн орлоо. Жуан Шюй бол гэрээс гарахгүй гэдсээ илэн хэвтдэг баян айлын хүүхэд биш, тэр бол ардын дунд олон жил амьдарсан хүн. Бүжин наадах бол түүний хувьд зуны оройн зугаатай сайхан мөчүүдийн нэг нь байсан. Тэргэл сар гарсан шөнө залуус хэсэг хэсгээрээ цуглан тосгоны хамгийн хөөрхөн охидыг тойрон эргэлдэн наадан бүжиглэдэг байсан. Жуан Шюйгийн олон олон найз нөхөд яг л ингэж сэтгэлт бүсгүйтэйгээ тааран учирсан байдаг. Жуан Шюй инээмсэглээд хөгжмийн аянд тааруулан биеэ хөдөлгөж, хөлөө өргөж, гараа алдлан уян сайхан бүжиглэлээ. Түүний дуулах дуу нь уран яруу, бүжин найгах нь хүчтэй чадмаг. Түүний бүжгийн алхаа нь яруу тансаг, хөдлөх гишгэх бүр нь эр хүний сүр хийморь бадраад, сүрлэг жавхаатай сайхан харагдана. Хүмүүс тэднийг шахан ойртуулсных уу эсвэл тэр хоёр өөрсдөө хүссэнийх үү нэг мэдэхэд Жуан Шюй Шинь Юэ хоёр өөд өөдөөсөө харан олон хүмүүсийн дунд оройлон бүжиглэж байлаа.
Сяолю тэднийг харан сэтгэл дотроо сайшаан магтаж байтал Анянь гэнэт эргэн хараад олон хүний дунд шахалдан орон тэндээс холдон явлаа. Сяолю бушуухан түүний араас даган бөөгнөрсөн хүмүүсээс холдон явлаа. Анянь явсаар голын эрэгт хүрээд,
- Ичдэггүй юм, үнэхээр ичмээр юм! гэж ууртай үглэн хэллээ.
Сяолю түүний хажууд зогсоод,
- Шэнь Нун бол урьд өмнө нь дотор газрын хамгийн алдартай гэр бүл байсан. Гэтэл одоо бол тэд Шюань Юаний албат болсон. Шюань Юаний ард иргэд эрмэг хурц, нээлттэй чөлөөтэй зан аягтай хүмүүс. Шинь Юэ Шюань Юанд хэдэн арван жил амьдран суусан. Шюань Юаньд бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт бүжиглэх нь байдаг л зүйл.
Анянь огцом эргээд ямар нэгэн зүйл хэлэх гэсэн боловч Жуан Шюй гүйн ирэхийг Анянь хараад царай нь хувиран гийсэн боловч ууртай өнгөөр түүнээс,
- Ах та найртай сайхан зугаацаж байсан хэр нь яагаад хүрээд ирээ вэ? гэж асуулаа.
Жуан Шюй тоомжиргүй инээсний дараа, чухал царай гарган,
- Ямар ч зугаа цэнгэл дүүгийн минь аюулгүй байдлаас чухал биш гэв.
Анянь уруулаа жимийлгэн инээхэд, Жуан Шюй Анянь Сяолю хоёрт хандан,
- Энд олон хүн байна. Та хоёр хамаагүй явж болохгүй гэж сануулан хэллээ.
Сяолю зөвшөөрөн толгой дохилоо. Анянь тэр хоёр хоёулхнаа хамт явах нь үнэхээр л аюултай хэрэг. Анянь бол хэрэг тарьдаг дэггүй чөтгөр. Сяолю түүнийг бас өөрийгөө хамгаалж чадна гэж огтхон ч найдлага тавьж харин чадахгүй.
Тэр гурав шарсан бугын мах аваад идээд байж байтал Шинь Юэ нэгэн эрэгтэй хүнийг  дагуулан тэдэн дээр ирлээ. Түүний дагуулан ирсэн хүн Шинь Юэтэй их адилхан царайтай. Гэхдээ зөвхөн царайны ерөнхий төрх нь л адилхан. Нарийн ажиглан харвал тийм ч их адилхан биш харин ч огт өөр байдалтай юм. Шинь Юэ бол хөгжил хөөртэй дур булаам бүсгүй. Тэр залуу харин тайван тогтуун буурьтай суурьтай хүн харагдана. Жуан Шюй инээмсэглэн тэдэнтэй мэндлээд, Анянь Сяолю хоёрыг тэдэнд танилцуулан.
- Энэ бол Чишүй Фөн Лун. Шинь Юэгийн ихэр ах.
Анянь, Чишүй Фөн Лун бол өндөр дээд байр суурьтай чухал хүн гэдгийг мэдэж байсан тул инээмсэглэн босоод түүнийг хүндэтгэн ёсоллоо. Чишүй, Аняний үйл хөдлөлөөс түүнийг яагаад ч жирийн нэгэн айлын охин биш гэдгийг тааж мэдээд ёс алдахгүйг хичээн инээмсэглэн хариу ёслон мэндчиллээ.
Сяолю амаараа дүүрэн бугын мах чихчихсэн тос болсон гартаа бас нэг хэрчим мах бариад нударга атган ёслон мэндчилсэн боллоо. Анянь, Шинь Юэ хоёр нэгэн зэрэг түүнийг ёозгүй нүдээр ширвэн харлаа. Нэг нь түүнийг Жуан Шюй ахынх нь нүүрийг түллээ хэмээн дургүйцэж, нэг нь Фөн Лун ахыг нь хүндэтгэн үзсэнгүй гэж дургүйцлээ.
Фөн Лун, Жуан Шюйд,
- Та нар Түшан Жинийг таньдаг болов уу? хэмээн асуулаа.
Жуан Шюй,
- Чинчюгийн залуу ноёны алдар цууг дуулсан байлгүй яах вэгэж таньдаг эсэх нь мэдэгдэхгүй тодорхойгүй хариу өглөө.
- Өвөө маань намайг худалдаа арилжаа хийж сур гээд Чинчюд хүргэж, би Түшан Жинтэй хамт сурч байсан юм. Бид хоёр суралцах явцдаа сайн анд нөхөд болцгоосон. Тэр бол миний багш ч гэж хэлж болох анд сайн найз минь байгаа юм гэж Фөн Лун хэллээ.
Сяолю тэгэхэд л хэд хоногийн өмнө наранд ээн суухдаа Жинийг нэг хүнтэй хамт завиар явахыг нь харсан. Тэр хүн нь Фөн Лун байсан шиг санагдлаа.
Шинь Юэ,
- И Ин бол миний сайн найз. Түүнийг сүй тавихаас өмнө бид хоёр Хар усанд наадхаар очиж байсан. Жин ах, И Ин авхай хоёр бол манай ахын сайн анд найз нар. Эдгээр жилүүдэд их олон зүйл болон өнгөрсөн. Тэд нар одоо л нэг юм эргэн нийллээ. Тиймээс ах бид хоёр тэдэнд зориулан баярын ёслол зохиох гэсэн юм.
Фөн Лун,
- Зөвхөн тэдэнд ч зориулах гэсэн юм биш. Бас бид өөрсдөө ч тэдэнтэй уулзаж баяр хүргэх хүсэлтэй байна. Дахиж Жинтэй уулзсандаа би үнэхээр их баярлаж байна.
Фөн Лун, Шинь Юэгийн зүгт зөөлөн харахад Шинь Юэ,
- Өнөөдөр аав маань том цэнгээн зохиож олон хүнийг үдэн гаргана. Ах бид хоёр усан онгоцон дээр Жин ах, И Ин хоёрт зориулан жижигхэн цэнгээн зохиох гэсэн юм.
Фөн Лун,
- Уг нь дандаа урьдын танил хүмүүсээ урьсан байгаа. Дүү маань та нарыг бас урья гэж надад хэлсэн юм. Би та нарыг цэнгүүнд хүрэлцэн ирээсэй гэж үнэхээр их хүсэж байна. Манай зочид ч гэсэн та нартай танилцахдаа баяртай байх болно.
Сяолю, Фөн Луныг сайтар ажиглан харлаа. Энэ урилгаас харахад тэр Жуан Шюйг өөрийн хүрээлэлд урин оруулахыг зөвшөөрч байгаа юм байна. Зөвхөн Шинь Юэ өөрөө бол Жуан Шюйг ийн урьж чадахгүй. Харин түүний ах нь өөрөө Жуан Шюйг хүлээн зөвшөөрсөн цагт л түүнд ийм урилга ирнэ. Жуан Шюй тэр хэдэн хоногт Чишүй овгийн өргөөнд дэмий хэвтэж өнгөрүүлээгүй бололтой.
Жуан Шюй ч гэсэн мэдээж түүний санааг ойлгож байлаа.
- Урьсанд тань баярлалаа, би заавал очих болно гэж Жуан Шюй инээмсэглэн хариуллаа.
- Бидэнд хийж бэлдэх зүйл их байна. Бид ингээд явъя, орой уулзацгаая гэж хэлээд Шинь Юэ, Фөн Лун хоёр салах ёс хийгээд явлаа.
Жуан Шюй, Анянь хоёр ёслон хүндэтгэж зочдыг үдлээ. Фөн Лун, Анянь руу нэг хараад дүүгээ дагуулан явлаа.
Анянь суугаад Сяолю руу ууртай харан,
- Өөрийгөө хар даа, хэдэн үеэрээ бугын мах идэж үзээгүй юм шиг л аяглах юм гэлээ.
- Та нар оч, би харьж унтлаа гэж Сяолю Жуан Шюйд хэллээ.
Жуан Шюй бугын мах огтлонгоо,
- Би харин ч чамайг тийм газар өөрийн биеэр очиж өөрийн нүдээр хараасай гэж хүсэж байна гэж алгуур удаанаар өгүүлэн хэллээ.
Анянь Жуан Шюй рүү нэг хараад, Сяолю рүү бас харан,
- Та хоёр юу яриад байгаа юм бэ? Би яагаад та хоёрын яриаг ойлгохгүй байгаа юм бэ.
Жуан Шюй Анянд,
- Бид хоёр эрэгтэй хүмүүс бүгд хуурмаг гоё зүйл ярьдаг, чамайг хууртах вий гэж ярьцгааж байна.
Аняний нүд нь эргэлдэн, Жуан Шюйгаас,
- Та ч гэсэн тийм үү гэж асуулаа.
Жуан Шюй инээгээд,
- Би ч гэсэн тийм! гэж хариуллаа.
Анянь хөмсгөө зангидан, уруулаа чанга жимийсэн боловч удалгүй баясан инээж,
- Та сая үнэнээ хэллээ гэлээ.
Жуан Шюй инээгээд Сяолюг татан босгоод,
- Тийшээ очиж үзэцгээе гээд тэднийг дагуулан явлаа.
Нар баруунтай жаргах үед Жуан Шюй Анянийг дагуулан цэнгүүн рүү явахаар боллоо. Жуан Шюй уг нь Рү Шөүг олж очин түүнээр хамгаалагч гаргуулан Сяолюг дагалдуулан явуулах гэсэн боловч Сяолю төвөгшөөн,
- Та намайг цэцгийн саванд тарьсан цэцэг гэж бодоод байгаа юм уу? Хүнээр ийш тийшээ зөөлгөх хэрэгтэй гэж бодоогүй биз? Анянь байхгүй бол би хаашаа ч явахад асуудалгүй. Та нар өөрсдийнхөөрөө явцгаа. Би өөрийнхөөрөө зугаалан явъя гэж хэлэхэд, Жуан Шюй аргагүйдэн Сяолюг хэд сайн цохиж аваад,
- Битгий хэтэрхий оройтоорой гэлээ.
Орой болоход, хүмүүс улам галзууран найрлацгааж байлаа. Сяолю олны дунд орон, архи ууж хөөрөн баясах гэсэн боловч яагаад ч юм өөрөө яг л баг өмсөн яваа мэт санагдан, гаднаа хэчнээн баярлаж хөөрч байгаа мэт дүр эсгэж, чанга дуугаар хашхиран, чанга дуугаар инээсэн ч дотор байгаа өөрөө бол бүгдийг хүйтэн нүдээр харан байгаа мэт түүнд санагдана. Эргэн тойронд таньдаг хүн байхгүй байхад тэр хэндээ худал жүжиглэж үзүүлэх гээд байгаа юм бол?
Өөрөө өөрийгөө хуурна гэдэг чинь үнэндээ амар хэрэг биш байна гэж Сяолю өөрийгөө тохуурхан бодол боллоо.
Чишүй голын усан дээр гэнэт галын цацраг буудаж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүллээ. Нэг усан онгоцон дээрээс галт цацраг буудуулжээ. Хүмүүс эрэгт бөөгнөрөн очиж галт цацрагийг сонирхон харцгаана. Сяолю хүмүүсийн дунд орон түрэгдэн явсаар нэг мэдэхэд хамгийн урд нь гарсан байлаа.
Улаан, улбар шар, шар, ногоон, хөх, цэнхэр, ягаан ... өнгө өнгийн өнгөтэй, сонин хачин хэлбэр дүрстэй галт цацраг усан онгоцны дээд агаарт цацран бууж усан онгоцны толгойд зогссон хоёр хүн маш тодхон харагдлаа. Эрэгтэй нь тэнгэрийн цэнхэр өнгийн хувцастай, тайван зогсоно. Түүний хувцас нь салхинд хийсэн зогсох нь ууланд ургасан уян нарийн хулс мэт. Эмэгтэй нь өндөр биетэй, улаан өнгийн хатгамалтай урт банзал өмссөн нь түүний өрөөсөн гарт атгагдам нарийн сайхан бэлхүүсийг нь улам тодотгон харуулна. Тэр бүсгүй согтсон байртай толгойгоо дээш хагас өргөн галт цацрагийг гайхан харна. Тэр урагш хэд бүдчээд бие нь найган ганхаж унахыг шахлаа. Эрэгтэй хүн нь гар сунган түүнийг түшиж, бүсгүй эрэгтэйг зөөлөн налан унах нь яг л ялдам үзэсгэлэнтэй дэгжин цэцэг мэт.
Усан онгоц алгуур холдож өнгө өнгөөр алагласан галт цацрагийг хамт аван явахад хурсан олон тарцгаалаа.
Сяолю эрэг дээр харлан үзэгдэх голын усыг харан зогссон хэвээр. Сонин юм. И Ин бол Сяолюгийн харсан хамгийн хөөрхөн бүсгүй биш. Гэтэл галт цацрагийн доор түүний бүдчин унаж, зөөлөн налан түших нь эмэгтэй хүнд л байдаг үнэхээрийн уян налархай байдалтай харагдлаа. Ийм үзэсгэлэн гоо Сяолюд хүчтэй цохилт болох шиг болж, нэг хоёр зуун жил эр хүний дүрээр явсан түүнд нэг талаар атаархам санагдаж, нөгөө талаар өөрөөсөө зовох мэдрэмжийг төрүүлнэ.
Харанхуй болоход Сяолю сая буудалдаа эргэн ирлээ.
Өрөөндөө ороход Жуан Шюй гадуур хувцсаа тайлаагүй дэнлүүний гэрэлд ном уншин түүнийг хүлээн сууж байлаа.
Жуан Шюй хажуу талаа цохин, Сяолюг ирж суу хэмээн дохилоо. - Чи юу хийж зугаацав?
- Би гэнэтхэн гоё сайхан даашинз өмсмөөр санагдчихлаа гэж Сяолю инээмсэглэн хэллээ.
- Манай эмэг эх бол тэнгэрийн доор алдар цуутай, олон түмнээрээ бишрэн хүндэлдэг нэхмэлийн бурхан байсан. Тэнгэрийн доорх хамгийн сайн торго дурдан бүгд түүний шавь нарын гараас гардаг. Би тэднээр чамд тоолж барамгүй олон сайхан хувцас хийлгэж өгье.
- Гэхдээ би хэтэрхий удаан даашинз өмсөөгүй болохоор, эвгүй байна байх даа гэж Сяолю аяархан хэллээ.
Жуан Шюй түүнийг ширтээд,
- Чи юунаас санаа зовсон юм бэ гэж түүнээс асуулаа.
- Би та нарын урмыг хугалахаас айж байна. Та нарын урам хугарвал би ч гэсэн та нарт урам хугарах болно.
-Та нар гэж чи хэнийг хэлж байгаа юм бэ? Хэрэв багш бид хоёрыг хэлж байгаа бол бид чамд хэзээ ч урам хугарахгүй. Хэрвээ та нар гэдэгт чинь өөр эрэгтэй хүн багтаж байгаа бол Сяолю ... гээд Жуан Шюй гараа түүний мөрөн дээр тавиад,
- Өөртөө битгий найдлага төрүүл. Найдлага төрүүлэхгүй бол урам чинь хугарахгүй байх болно гэлээ.
Сяолю пис хийн инээд алдан,
- Танд ямар сайхан арга байгаа юм бол гэж бодсон чинь.
Жуан Шюй түүний мөрийг алгадаад,
- Элдэв дэмий зүйл битгий бод, сайн амраад ав. Маргааш Гао Шин рүү буцна. Багш чамд гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа.
Сяолю толгой дохилоо.
Жуан Шюй өрөөнөөс гараад хаалгыг нь зөөлөн хаалаа.
Маргааш нь тэд Гао Шин явах замд гарлаа. Санаанд оромгүй явдал болж Шинь Юэ, Фэн Лун хоёр Жуан Шюйг үдэн гаргаж өглөө. Өчигдөр оройны уулзалтаар Фэн Лун ба түүний найзууд Жуан Шюйг өөрсдийн хүрээлэлд хүлээн авсан нь илэрхий.
Анянь нэг талаар баярлаж нөгөө талаар сэтгэл нь үймэрнэ. Сяолю харин цэвэр сэтгэлээр баярлалаа. Ямар ч гэсэн Жуан Шюйгийн намрын тэмцээнд ирсэн хэрэг зорьсон зорилго нь бүтжээ. Усан онгоц хөдлөх гэж байхад нэгэн зарц яаран гүйн ирж Жуан Шюйд мэхийн ёслоод, нэгэн том сагстай зүйлийг түүнд өргөн бариад,
- Энэ бол манай залуу ноёны салах ёс үйлдэх бэлэг. Ноён та аян замдаа сайн яваарай. Хожим өдөр Чинчюд ирвэл заавал Түшан овогт мэдээ хүргээрэй гэж манай залуу ноён хэлүүллээ.
Жуан Шюй түүний гараас бэлгийг аваад,
- Талархлыг нь минь ноёндоо дамжуулан хэлээрэй.
Фөн Лун инээмсэглэн,
- Чамайг Жинтэй ингэж сайн дотносон танилцана гэж бодсонгүй шүү. Сайн хэрэг боллоо!
Жуан Шюй Фөн Луны найртай угтсан явдалд талархал илэрхийлээд, Фөн Лун ч бас дараа боломж гарвал дахин уулзъя гэж найр тавин хэллээ.
Усан онгоц зогсоолоос алгуур хөдлөн хурдаа аажим нэмсээр нэлээн холдон явсан байхад ч Шинь Юэ эрэг дээр зогссон хэвээр байлаа.
Анянь хамраа үрчийлгээд, бардамнан “Хн” гэж гэж дуугараад Жуан Шюйд хандан,
- Тэр Чинчюгийн залуу ноён харахад их хүйтэн хөндий юм шиг хэр нь ах танд харин их найрсаг байлаа шүү. Өчигдөр орой Тан овог, Жян овгийн тэр гурван дүргүй залуус ахад хандан зохисгүй үг хэлж, ахыг эвгүй байдалд оруулах гэхэд ашгүй Фөн Лун, Жин ах хоёр туслан өмгөөллөө. Анянь тийм нөхцөл байдалд анх удаа орохдоо эвгүй байдал гаргавал, ирээдүйд тэр хүрээлэлд орж чадсан ч гэсэн хамаагүй их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдгийг мэдэж байлаа.
Жуан Шюй нэгэнт харагдахаа больсон зогсоол руу нэг хараад эргэн Сяолюг хайн ирэхэд, Сяолю салхинаас хамгаалсан нөмөр хэр нь наранд ээх боломжтой газар олоод тааламжтай хэвтээд амран байхыг нь олж харлаа.
Жуан Шюй Анянийг дагуулан түүний хажууд ирэн суулаа. Анянь Сяолюгийн нүүрэн дээрээ тавьсан сүрлэн малгайг нь аваад, түүнд бага зэрэг атаархсан өнгөөр,
- Чи нээрээ хаана ч явсан санаа амар явдаг хүн юм аа гэлээ.
Жуан Шюй Жиний өгсөн том модон сагсыг нээн үзэхэд дотор нь хулсан жижиг хайрцгуудад дан идэх юм хийсэн байлаа. Бас дөрвөн лонх архи хийсэн байна. Анянь инээд алдан,
- Энэ чинь харин Сяолюд л таалагдах бэлэг байна даа гэлээ.
Сяолю залхуутайяа суниан босоод,
- Надад нэг нугасны хүзүү аваад өг дөө гэлээ.
Жуан Шюй нугасны хүзүү хийсэн жижиг хулсан хайрцгийг гаргаж ирээд Сяолюгийн хажууд тавилаа. Сяолю дотроос нь нугасны хүзүүг аваад мөлжин идлээ. Нугасны хүзүүг яг л түүний Чиншүй тосгонд байхдаа идэх дуртай байсан амтаар амтлан болгож Хөгшин Мүгийн хийдэгтэй яг адилхан амттай хийсэн байлаа.
Сяолю нэг лонх архи аваад амтлан уухад бас л түүний өмнө нь таашаан уудаг байсан исгэлэн ногоон чавганы архи байлаа. Сяолю санаа алдлаа. Гэхдээ тэр өөрийгөө бодож санаа алдсан уу, эсвэл Жиний төлөө санаа алдав уу гэдгээ ялгаж мэдсэнгүй.
Буцах замдаа их л хурдан явах шиг санагдана. Шөнө нь хурхиран унтаж, өдөр нь амттан идсээр, шоо хаяж, наранд ээж, салхинд сэрүүцэн явсаар удалгүй тэд Таван бурхан ууланд ирлээ.
Рү Шөү Цагаан хаанд явсан хэргээ тайлагнахаар хүн дагуулан явлаа. Анянь ээж дээрээ очин амар мэндийг нь эрхээр явлаа. Жуан Шюй Сяо Яо хоёр Яруу дуут өргөөндөө буцан ирлээ.
Дотор газар нэгэнт сэрүү орсон байхад, Гао Шинд харин их дулаахан бараг халуун гэмээр байлаа. Жуан Шюй Сяолю хоёр угаалга үйлдээд, зуны нимгэн хувцас сольж өмсөөд саравчинд суун сэрүүцэн салхиллаа.
Сяолю сэрүүхэн дэвсгэр дээр хэвтээд, Жуан Шюйтэй юм ярин сууж байгаад нойр нь хүрэн унтчихсан байлаа.
Хэн нэгэн хүн ярилцахыг сонсох шиг болоод нүдээ нээн харахад хаан аав нь Жуан Шюйтэй хамт бас өөр хоёр хүний хамт зогсож байлаа. Сяолю сандран өндийгөөд босон суулаа.
Тэр хоёр танихгүй хүн нэг нь залуу эрэгтэй. Хар хувцастай, царайлаг сайхан төрхтэй, үнэгний нүд шиг хөөрхөн нүд нь уг нь бол зальжин харагдах ёстой боловч тийм биш харин тайван дөлгөөн харагдана. Нөгөө нь бол цагаан хувцастай идэр залуу, бие нь бүрэн өсөж гүйцээгүй бололтой, царай төрх нь гоо хээнцэр, хар ногоон нүднээс нь дайрч давшилсан хурц харц мэдрэгдэнэ.
Сяолюгийн зүрх нь бөмбөр нүдэх мэт чанга цохилон, үг ч хэлж чадахгүй Цагаан хаан руу мэгдэн харлаа.
Цагаан хаан ам нээн үг хэлж амжаагүй байхад цагаан хувцастай залуу гэнэт бүхий л бие нь цав цагаан өнгийн шувуу болон хувирч Сяолю руу дайран нисэн ирж түүнийг хорсолтойгоор хэд тоншлоо. Сяолю толгойгоо даран айн зугтах боловч яаж ч зугтаад түүнээс нуугдах аргагүй аж. Тэр Цагаан хааны өвөр лүү үсрэн налаад,
- Хаан аав аа, намайг авраарай гэлээ.
Цагаан хаан шувууг хорин зогсоож, Ле Яан одоо болно гэлээ.
Ле Яан нисэхээ болин хар хувцастай хүний мөрөн дээр нь буулаа. Хар хувцастай хүн Сяолюг харах харцанд нууцхан зэмлэл үзэгдэнэ.
Сяолю Цагаан хаанд наалдсан хэвээр түүнийг харж,
- Та Аби юу?
Залуу эр толгойгоо дохиод жинхэнэ төрхдөө хувиран орж хар өнгийн жигүүрт үнэг болон хувирлаа. Сяолю шулам төрөлтөн бол нэгэнт хүний төрхийг олсон бол хүний өмнө жинхэнэ төрхдөө орохоос их дургүйцдэг гэдгийг мэдэж байлаа. Гэвч Аби түүнд танихгүй хүн шиг харагдахгүйн тулд огтхон ч эргэлзэлгүйгээр жинхэнэ төрхдөө орлоо.
Сяолю доош суугаад хамаг хүчээрээ Абигийн хүзүүнээс тэврэн,
- Уучлаарай, та нарын санааг зовоосонд намайг уучлаарай.
- Бид л чамайг сайн харж хамгаалж чадсангүй. Ингээд аюул осолгүй эргэн ирсэн бол боллоо гэж Аби хэллээ. Жигүүрт үнэгнүүд бол үнэгний омог дотроо сайхан дуу хоолойтой гэдгээрээ алдартай. Абигийн дуу хоолой намуун бөгөөд уян дөлгөөн, уран сайхан сонстоно.
Сяолю түүнийг эрэгчин гэдгийг санан, санаа нь зовон түүний тэврэлтээс мултран гарлаа.
Аби, Ле Яан хоёрын сэтгэлд хэлж гаргаж боломгүй гуниг төрлөө. Сяолю бол А Ханы охин, амь амьдралынх нь үргэлжлэл боловч тэр бол тэдний ээж биш байлаа.
Аби Сяолюд,
- Цагаан хаан Ван ахайтанд чиний байдлыг мэдүүлэн хэлсэн. Чиний биен дотор байгаа зүйл бол “Төрх өөрчлөгч цэцэг”. Хаш уулын тоорын цэцэрлэгт түмэн жил боловсрон гарсан шидэт зэмсэг. Тэр бол хүний төрхийг үүрд хадгалж чаддаг бас хүний төрхийг өөрчлөн хувиргаж чаддаг шидэт зэмсэг.
-Тэгвэл Ван ахайтан надаас тэр “Төрх өөрчлөгч цэцэг”- ийг гарган авч өгч чадах уу гэж Сяолю яаран тэднээс асуулаа.
Аби толгой сэгсрэн,
- Ван ахайтан түүнийг чиний биеэс гарган авч чадахгүй. Гэхдээ Ван ахайтан чиний жинхэнэ төрхийг буцаан өгч бол чадна.
Сяолю түгжсэн амьсгаагаа гэнэт суллан, хормын зуурт эргэн хараад Цагаан хааны мөрөнд наалдаад нулимс нь чимээгүй урсан гарлаа. Хэсэг зуурын дараа тэр сэмээрхэн нулимсаа арчаад, эргэж Аби руу харан,
- Бид нар Хаш ууланд очиж Ван ахайтантай уулзах хэрэгтэй юу?
- Тийм ээ.
- Би одоо хурдхан очмоор байна гэж Сяолю Цагаан хаанд хэллээ.
Цагаан хаан толгой дохин зөвшөөрч,
- Жуан Шюй чамд хань болон хамт яваг. Чамайг эргээд ирэхээр би Гао Шиний их гүнж аюул осолгүй гэртээ эргэн ирснийг тэнгэрийн дор зарлан тунхаглана.
Сяолю толгой дохилоо.
Аби Сяолюд,
- Би чамайг аваад явъя, Ле Яан Жуан Шюйг аваад яваг гэв.
Сяолю Абид,
- Тэгвэл танд төвөг удъя гэж хэлээд Абигийн нуруун дээр гаран суулаа.
Ле Яаны бие нь томрон, Жуан Шюй эхлээд түүнийг хүндэтгэн ёслоод,
- Танд баярлалаа гэж хэлээд Ле Яаны нуруун дээр үсрэн гарлаа.
Аби, Ле Яан хоёр тэнгэрт дүүлэн гарч Хаш уулыг чиглэн нислээ.
Хаш ууланд ирэхэд Сяолю маш их сандарч байлаа. Гэхдээ тэднийг нисэн буухад энд түүний явсан үетэй яг адилхан байхыг хараад тэр өөрийн эрхгүй инээд алдан, түүний сандарсан сэтгэл ор мөргүй арилан алга боллоо. Дахуаны олны дунд яригддаг үлгэр домогт,
- Нэгэн уул орчлон хорвоогоос мартагдан тусгаарлагдсан, хоёр улс хоосрон хийссэн... гэж ярьцгаадаг. Хаш уул бол үнэхээрийн хорвоогийн түмэн хэргээс ангид тусгаар байдаг газар. Цаг хугацаа энд царцан зогссон юм шиг л байдаг. Мянган бээрийн тоорын төгөл тасралтгүй үр жимсээ өгөн, үүрийн туяа алтран шаргалтаж, үдэш болоход жаргах нарны туяа ягаан өнгөөр туяаран тусан өгүүлэн хэлж, дүйцүүлэн зүйрлүүлэмгүй үзэсгэлэн төгөлдөр газар билээ. Гэвч өдөр бүр ав адилхан, бүр өдөр бүрийн цаг агаар нь хүртэл хэдэн мянган жил, хэдэн түмэн жилд огтхон ч өөрчлөлт гардаггүй тийм газар билээ.
Тоорын төглийн урт жимийг даган явахад замд хүн таарсангүй нам гүм байлаа. Учир нь Ван ахайтан дуу шуугианд дургүй тиймээс түүнд шивэгчин зарц ч бараг байдаггүй. Тэднийг харсан цөөн хэдэн шивэгчин зарц нар нүүрэндээ өчүүхэн ч хувирал үзүүлэхгүй мэхийн тэдэнд ёслоод чимээгүй холдон явж байлаа. Энэ замаар ирэх явцад тэдний алхан явах хөлийн чимээнээс өөр ямар ч дуу чимээ огтхон ч сонстохгүй байлаа.
Сяолю тэсэлгүй дуу гаргамаар санагдаж, Жуан Шюйд хандан,
- Ахаа, харж байна уу? Дахин намайг сонго гэсэн ч би дахиад л эндээс зугтан явахыг сонгох байсан. Би хэсүүчлэн тэнэн явсан ч хамаагүй, эндхийн ийм үхэл шиг анир чимээгүй газар байхыг хүсэхгүй гэж хэллээ.
Жуан Шюй нам дуугаар,
- Битгий хамаагүй ярь гэж түүнд анхаарууллаа.
Ван ахайтан Яочи цөөрмийн хажууд зогсон тэднийг хүлээж байлаа. Түүний ард мянган бээрийн тоорын төгөл үргэлжилж, урд нь цэнхэрлэн харагдах ус долгилон байна.
Тэр эргэн Жуан Шюй, Сяолю хоёр руу харахад түүний хөгширсөн царайн дээрх харцнаас үхэл гансрал нэвчин харагдаж Хаш уулыг тэр чигт нь дүнсгэр дүлий болгох мэт.
Жуан Шюй Сяолю хоёр түүний урд очиход, Сяолюгийн сэтгэлийг гунигт мэдрэмж эзэмдэн авч, тэр Ван ахайтны сөхрөн суулаа. Жуан Шюй бас түүнийг даган сөхрөн суулаа. Ван ахайтан хүйтэн өнгөөр тэдэнд,
- Бос гэж хэллээ.
Сяолю Жуан Шюй хоёр сөгдөн мөргөөд босон зогслоо.
Ван ахайтан Сяолюгийн тохойноос татаад түүний судсыг барин үзлээ. Хэсэг зуур болоод Ван ахайтан Сяолюгийн гарыг тавиад зөөлөн дуугаар,
- Чи Хаш ууланд үлдвэл, чиний сүнсний хүчийг дахин сэргээх арга байж болох юм. Надад одоо нэг хоёр зуун жилийн нас л үлдсэн. Хэрэв чи зөвшөөрвөл, миний дараа үеийн Ван ахайтан болж Хаш уулыг хариуцан захиран сууж болно.
Хаш уулыг хариуцан захирна гэдэг бол олон хүний зүүдэндээ ч санамгүй сайхан хэрэг байж магад. Гэхдээ Сяолю бол Хаш уулын хориг гэж юу болохыг мэдэж байлаа. Тэр огтхон ч эргэлзэлгүйгээр,
- Би яг одоо энэ байдлаараа, маргааш юу болохыг мэдэвч, дараа жил юу болохыг мэдэхгүй хэвээр амьдахыг хүсэж байна. Онцгой содон хэрэг өрнөхгүй ч хэтэрхий уйтгартай биш амьдралыг би сонгож байна.
Ван ахайтан толгой дохих төдий болж, түүний үгийг сонссоноо тэдэнд мэдүүллээ. Түүний царай төрхөд ямар ч хувирал гарахгүй, юу ч болж байсан түүнийг гайхшируулахгүй, ямар ч хэрэг түүний сэтгэлийг хөдөлгөхгүй байх. Ван ахайтны хуруунаас тоорын мөчир урган гарч, тэр урган гарсан тоорын мөчрөө Сяолюгийн духанд аяархан хүргэхэд Сяолюгийн духанд тоор цэцгийн хэлбэртэй төрөлхийн толбо нь тодрон гарлаа.
Сяолю түүнээс,
- “Төрх хадгалагч цэцэг” бол Хаш уулын ариун зэмсэг, гэтэл та яагаад түүнийг миний биеэс гарган авч чадахгүй юм бэ гэж түүнээс асуулаа.
Ван ахайтан сэтгэлийн хөдлөлгүйгээр,
- Энэ орчлон хорвоод миний хийж чадахгүй зүйл олон бий гэж хариуллаа.
- Чухам хэн миний биед Хаш уулын тэнгэрийн зэмсгийг хийдэг байна аа? Үнэхээр та биш гэж үү?
Ван ахайтан хүйтэн өнгөөр түүнд хариулан,
- Хэн түүнийг хийсэн нь тийм чухал хэрэг биш, би чамд тусалж чадна гэдгийг мэдэхэд л болно. Чиний бие чинь онцгой содон боловч одоо нэгэнт сүнсний хүч чинь сул дорой болсон тул бусад хутагт авхайстай харьцуулахад чиний царай төрх чинь тэднээс хурдан хөгшрөх болно. “Төрх хадгалагч цэцэг” биед чинь байх нь муу зүйл биш шүү.
- Би хэзээ өөрийн жинхэнэ төрхдөө орж чадах вэ гэж Сяолю асуулаа.
- Хувцсаа тайлаад Яочи цөөрмийн усанд ор гэж Ван ахайтан түүнд хэллээ.
Сяолю Жуан Шюй рүү харахад, Жуан Шюй Ван ахайтанд мэхийн ёслоод Яочи цөөрмөөс холдон тоорын төгөл рүү орон явлаа. Аби, Ле Яан хоёр бол адгуус амьтан жигүүртэн шувууд боловч тэд ч бас Яочи цөөрмөөс холдон явцгаалаа.
Сяолю бүх хувцсаа тайлаад, нүв нүцгэн болон цөөрмийн усанд үсрэн орлоо. Яг л шинэ хувь тавилангаа тосон авах мэт.
Ван ахайтан амандаа тарни уншин, гараараа шидийн тамга зурахад цөөрмийн ус долгилон давлагаалж, мянган бээрийн тоорын төгөл тэр чигтээ чичрэн дайвалзаж, тоорын навчис, тоорын цэцэгсийн дэлбээнүүд нэг нэгээрээ нисэн ирж орой дээгүүр бүжин нисэлдээд, хуйлран нийлсээр нэгэн том бүтээлэг шиг хэлбэртэй болоод цөөрмийн усыг түмэн давлагаатай нь хамт бүрхэн хучлаа. Удалгүй тэр бүрхүүл алгуур жижгэрэн хорогдсоор нийлэн нийлсээр тоорын навч тоорын цэцэгс улам бүр жижгэрэн жижгэрсээр эцэс сүүлд нь онцгой содон нэг ширхэг тоорын цэцэг болон хувирлаа.
Долгилон давлагаалах цөөрмийн ус буцаж тогтуун болоход, цөөрөм дотор нэгэн бадамлянхуа суудал шиг том хэмжээтэй тоорын цэцэг байж байлаа. Хэдэн ширхэг нялх ногоон өнгөтэй тоорын навчис түүнийг түшин тогтоон байх нь тэр цэцгийг улам илүү энхрий ялдам харагдуулна. Ван ахайтан тэр цэцэгт зөөлөн хүрэхэд, тоорын цэцэг дэлбээгээ алгуур дэлгэрүүлэн нээхэд, түүн дотор нялх хүүхэд шиг чармай нүцгэн нэгэн бүсгүй цэцгийн дохиур дээр ухаангүй хэвтэж байлаа. Тас хар үс нь биен дээрээ асгаран бүрхсэн нь түүний арьсыг тоорын цэцгийн дэлбээнээс ч илүү уян энхрий харагдуулна.
- Сяо Яо сэрээрэй, гэж Ван ахайтан дуудлаа.
Сяо Яо алгуур нүдээ нээн удаанаар босон суулаа. Тэр доош харан өөрийгөө харлаа. Энэ би мөн гэж үү? Тэр өөрийнхөө нүүрийг иллээ. Энэ би мөн гэж үү? Сяо Яо эргэлзэн гайхаж цэцгээс цухуйн, цөөрмийн усанд өөрийгөө харлаа. Гэтэл энэ цөөрөмд усны гүнд нь сүлжилдэн сэлэх таван өнгийн загаснууд нэвт харагдах хэр нь өөрийгөө тольдож болдоггүй аж.
Ван ахайтан гараараа дохиход, нэгэн ногоон өнгийн хувцас нисэн ирж тоорын цэцгэн дээр буулаа.
- Би чамайг хүүхэд байхдаа цагаан өнгө, ногоон өнгөнд дуртай байсныг чинь санаж байна. Сяо Яогийн сэтгэл нь хөдлөөд үг хэлж чадсангүй, зөвхөн толгойгоо дохилоо.
100 гаран жил эмэгтэй хүний хувцас өмсөөгүй Сяо Яо өөрийгөө ёстой болхи толхи байна гэж бодон байж арайхийн хувцсаа өмсөж дууслаа. Тэр эрвээхэй зангилаагаар бүсээ зангидаад, тоорын цэцгэн дээр босон зогсоод итгэлгүй нүдээр Ван ахайтан руу харлаа. Ван ахайтан түүнийг харан толгойгоо үл мэдэг дохилоо.
Сяолю ам нээн Жуан Шюйг гараад ир гэж дуудах гэсэн боловч догдолсондоо дуу нь гарахгүй, бас гэнэт үсээ самнан янзлаагүй байгаагаа санан хурууны үзүүрээрээ үсээ зассан боллоо. Түүнд үсний хатгуур байхгүй. Тэр угаас хэдийн яаж эмэгтэй янзаар үсээ самнан боодгийг мартсан байлаа. Тэгээд тэр үсээ ар нуруу руугаа уртаар нь сул унжуулахаас өөр аргагүй боллоо.
- Та нар одоо гарч ирж болно гэж Ван ахайтан хэллээ.
Сяо Яо гүнзгий амьгаа аваад, сандарч бас хүсэн хүлээж гар хөл нь аяархан чичрэн зогслоо.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now