Сяолю ухаан ороод, өөрийгөө нууц өрөөнд хоригдсон болохыг мэдэв.
Нарны гэрэл огтхон ч тусахгүй өрөөний хананд 2 ширхэг дэнлүү өлгөжээ. Сяолю өөрийгөө газар доорх хонгилд байна гэж таамаглалаа. Бүхий л дуу чимээнээс тусгаарлагдсан маш нууц, энэ газарт хүнийг аймшигтайгаар тамлаж хүссэн зүйлээ хэлүүлэхэд яг тохиромжтой газар аж.
Багтай 2 хүн орж ирэхэд Сяолю юм хэлэх гэсэн боловч дуу нь гарсангүй. Нэг нь өндөр нэг нь намхан хоёр хүн орж иржээ.
Өндөр хүн :
- Эзэн түүний амийг нь үлдээ гэж тушаасан. Намхан хүн :
- Түүний амийг л торгоож үлдээгээд бусдаар бол түүнд сайхан үйлчил гэсэн санаа. Өндөр хүн :
- Хаанаас нь эхлэх вэ? Намхан хүн :
- Гараас нь эхлэе, дахиж түүнийг хүн хордуулж чадах эсэхийг нь харъя.
Тэр хоёр хүн багаж хэрэгслээ гаргаж ирэв. Нэгэн нарийхан урт чулуун хайрцаг гаргаж ирлээ. Харахад яг л жижигхэн авс шиг, таг нь түгжээс мэт харагдах хэрнээ голоосоо хоёр тийшээ нээгддэг, дотроо бас давхар хаалттай, хаалтын дунд хүний бугуйны хэмжээний дайтай хоёр ширхэг дугуй нүхтэй хайрцаг харагдана.
Өндөр нуруутай хүн нь маш муухай өмхий үнэртэй тос гаргаж ирэн, Сяолюгийн гарт ямар ч зай үлдээлгүйгээр өнөөх тосоо сайтар тархаан түрхлээ. Тэгээд түүний гарыг чулуун хайрцгийн харлан харагдах хоёр нүх рүү хийлээ. Чулуун хайрцгийн доод хэсэгт тосорхог хар шороо байна. Өмхий тосны үнэрээр тэрхүү хар шороон дотроос маш олон жижигхэн чийгийн улаан хорхой мэт өт хорхойнууд язганалдан гарч ирээд Сяолюгийн гар уруу чичгэнэн дайрцгаалаа.
Намхан нуруутай хүн нь хайрцгийн тагийг хоёр талаас нь хааж түгжээд, бас нэгэн модоор хийсэн бөөрөнхий зүйл гаргаж ирэн Сяолюгийн аманд хийгээд гадна талаар нь даавуугаар сайтар даран боолоо. Өндөр нуруут :
- Хайрцаг дотор тэжээсэн хорхой бол үхдэл иддэг хорхой, тэд үхсэн хүний мах идэх дуртай. Намхан нуруут :
- Чиний гарт түрхсэн тос бол цогцсоос гаргаж авсан тос, тэдэнд чиний гарыг идэж болох зүйл байна гэж мэдрүүлэх зорилгоор түрхсэн юм. Өндөр нуруут:
- Хорхойнууд чиний гар уруу алгуур алгуур шигдэн орж, аажим аажмаар чиний гарны бүх махыг хэмлэн идэж дуусгана. Намхан нуруут :
- Тэд тийм ч хурдан идэхгүй, махыг чинь мэрж байгааг чи ухаан саруул хэвээр мэдрэхэд яг таарсан хурдаар чиний махыг зооглох болно. Өндөр нуруут :
- Гарын 10 хурууны үзүүрийг зүрхтэй шууд холбоотой байдаг гэдэг. Хурууны үзүүрийг чинь мэрэхэд, зүрх чинь мянгантаа өвдөлтийг мэдрэх болно. Зарим хүн энэ өвдөлтийг тэсвэрлэж дийлэлгүй шүдээрээ бугуйгаа тас зууж, өвдөлтөөс ангижрахыг хүсдэг. Намхан нуруут :
- Түүнээс сэргийлж чиний амыг бөглөсөн юм. Өндөр нуруут :
- Тав хоногийн дараа, хайрцгийг нээхэд чиний гараас яс л үлдсэн байна. Цэв цэвэрхэн цав цагаан, яг л хасын чулуу мэт сайхан ясан гартай болно доо. Намхан нуруут :
- Бид дэнлүүг унтраах хэрэгтэй. Өндөр нуруут :
- Ёстой зөв, харанхуйд түүний мэдрэмж улам сэргэг болно. Тэгээд ч харанхуйд цаг хугацаа илүү удаан явах шиг санагддаг. Өвдөлт мэдрэх мэдрэмж нь ч хоёр дахин нэмэгдэнэ.
Намхан нуруут :
- Үүний өмнө энэ аргыг хэрэглэсэн хүн эцэс сүүлдээ галзуурчихсан. Өндөр нуруут :
- Чамайг арай галзуурахгүй байх гэж найдъя.
Өндөр, нам нуруут дэнлүүг унтраагаад, өөрсдийн барьж орж ирсэн дэнлүүгээ барин гарцгаалаа.
Сүүлчийн гэрэл гэгээ холдож, тас харанхуй болсон ч Сяолю нүдээ том болгон ямар нэгэн зүйл олж харахыг хичээнэ. Учир нь тэр саяны хоёр хүний хэлснийг үнэн гэж мэдэж байлаа. Энд байхдаа галзуурахгүй байя гэвэл нүдээ аньж огтхон ч болохгүй, түүний хийж чадах цорын ганц зүйл бол нүдээ анихгүй байх л байлаа.
Сяолю хурууны үзүүрээс ирэх өвдөлтийг мэдрэв. Хорхойнууд түүний гарт шигдэн орж, алгуур алгуураар аажим аажмаар түүний зүрхний угийг мэрэн хэмлэх шиг санагдана.
Сяолю өөрөө өөртэйгөө ярьж эхлэв. Юу л санаанд орно түүнийгээ ярьж байлаа. Аймшигт харанхуйн дунд, түүний тархинд харван орох үзэгдлүүд харин гайхалтай гоёмсог, өнгөлөг сайхан байлаа.
Час улаан цэцэгс багсайтал ургасан галт шувуу модны бүдүүн мөчрөөс бэхэлж унжуулсан савлуур дээр тэр савлан наадна. Ах нь тулааны бэлтгэл хийх дуртай. Тэр харин ахыгаа дооглож шоглох тун чиг дуртай.
- Ах аа, ах аа, би ёстой өндөрт хөөрч савлаж чадна гэхэд нь ах нь юу ч сонсохгүй байгаа мэт хөдлөх ч үгүй байдаг байлаа. Гэвч түүнийг жинхэнээсээ гэнэ алдаж савлуураас унах гэхэд түүний ах нь дандаа түүнийг унагалгүй тосож авдаг байлаа.
Тэр нов ногоон ялам модод дунд орон нуугдаж тоглох дуртай сан. Мод өөд авирч гараад, энүүгээр тэрүүгээр түүнийг хайн явах ахыгаа модон дээрээс харахдаа баярлан хөөрдөг байсан. Тэгээд ахыгаа гэнэгүй явахад нь гэнэт нуруун дээр нь үсэрч буугаад хаха чанга хөхрөн, ахыгаа явуулахгүй чаргууцалдаж заавал нуруунд нь үүрүүлж харих гэдэг байлаа. Түүнийг ээж нь хараад санаа алдан толгой сэгсэрнэ. Харин эмээ нь бол "Яг л чиний багын төрх" хэмээн ээжид нь хандан хэлнэ.
Эмээгийнхээ бөөрөнд наалдан, ахтайгаа навчны ишээр олс таталцах тоглоом тоглож, хэн хожигдсон нь нөгөөгийнхөө хамрын үзүүрийг чимхдэг байлаа. Тэр хожихоороо ахынхаа хамрын үзүүрийг айхтар чанга чимхдэг хэр нь өөрөө хожигдсон үед бол дандаа,
- Ах аа, ах аа, аяархан чимхээрэй! гэж гуйдаг байлаа. Ах нь сүрийг үзүүлэн чанга чимхэх гэж байгаа мэт дүр үзүүлдэг боловч, яг чимхэхдээ түүний хамрыг зөөлхөөн чимхдэг байлаа.
Улаан хувцастай авга ах нь түүнд цагаан үнэгний тасарсан сүүлийг тоглож бай гэж өгсөнд нь ах нь бас их дуртай. Тэр гэхдээ үнэгний сүүлийг ахдаа өгч жоохоон л тоглуулдаг байсан. Зээлж өгөх бүрдээ оронд нь ахыгаа түүнд ялам модны жимсийг хөлдөөж хийсэн амттан хулгайлж өг гэж тулгадаг байлаа. Нэг удаа тэр хөлдүү жимсээр хийсэн амттаныг хэт их идээд, гэдэс нь гүйлгэж ээждээ сайн загнуулсан билээ. Түүнд гомдолтой санагдан ахдаа,
- Та хөлдөөсөн ялам жимсэн амттан хийгээд сурчих. Тэгвэл би хүссэн үедээ хэдий их идмээр байна төдий ихийг идэж чадна. Эмээ ээж хоёр надад саад хийж чадахгүй! гэхэд нь ах нь зөвшөөрөөд хөлдүү ялам жимсний амттан хийж сурсан. Гэхдээ түүнд хийж өгөхгүй,
- Чамайг том болоод гэдэс чинь өвддөггүй болсон хойно хийж өгнө гэдэг байлаа.
Эмээгийнх нь бие улам бүр доройтон, ээж нь эмээг нь шөнөжин сахин хонодог болж түүний ах тэр хоёрыг анхаарах сөхөөгүй болов. Хүмүүс түүний авга ах, нагац эгч хоёрыг үхсэн гэж ярьцгаан, эмээг нь ч удахгүй үхнэ гэлцэнэ. Тэр маш их айж, орой болохоор ахынхаа хөнжилд нууцаар шурган орж, ахаасаа,
- Үхнэ гэж юу гэсэн үг юм бэ? гэж аяархан асуудаг байлаа. Ах нь, - Үхнэ гэж дахиж тэр хүнтэйгээ уулзаж чадахгүй болохыг хэлдэг юм гэхэд,
- Дахиж тэр хүнтэй ярьж чадахгүй гэсэн үг үү? хэмээн асууна.
- Үгүй гэж ах нь хариулахад
- Яг л та аав ээжтэйгээ дахиж хэзээ ч уулзаж чадахгүй болсон шиг үү? гэж асуухад, ах нь,
- Тиймээ хэмээн хариулна.
- Эмээ үхэх гэж байгаа юм уу?
Ах нь түүнийг чанга тэврэхэд, нулимс нь түүний хацрыг норгоно. Тэр түүнийг хариу чанга тэврээд
- Би хэзээ ч үхэхгүй, би үргэлж чиний дэргэд байж чамтай ярьж байх болно.
Бүх хүн түүний ахыг тэсвэр хатуужилтай гэж гэлцдэг. Өвөө нь хүртэл ахыг нь хэзээ ч уйлдаггүй гэж боддог. Харин тэр бол ахыгаа уйлдаг гэдгийг мэднэ. Гэхдээ тэр энэ тухай өөрийнхөө ээжид ч хэлж байгаагүй. Тэр дандаа орой үдэш болоход ахынхаа хөнжилд нууцаар ороод, ахдаа хань болдог байлаа. Дараа өглөө нь ээж нь түүнийг загнаж
- Ийм том болчхоод ганцаараа унтаж чадахгүй, ахдаа төвөг удаж чаргууцалдаад, унтаж амрахад нь саад хийлээ гэж зэмлэхэд тэр юу ч хэлэлгүй хошуугаа мурийлган байж загнахыг нь чимээгүй сонсоод орой болоход дахин ах дээрээ нуугдан очдог байлаа.
Өдрийн цагаар ах нь тэсвэр хатуужилтай, хичээл чармайлтайгаар сурах ёстой зүйлсдээ шамддаг. Гэхдээ зөвхөн тэр л ахыгаа шөнө дунд гэнэт айж сэрээд хөнжил дотроо атийн, бие нь салганан чичирдгийг мэддэг байлаа. Тэр дахиад л ээжийнхээ чинжаал хутгаар өөрийгөө егүүтгэсэн мөчийг саналаа гэдгийг нь мэддэг байв. Тэр өөрийнхөө модон хүүхэлдэйг тэврэх мэт ахыгаа тэврээд, түүнийг зөөлөн аргадаж, нам дуугаар ээж, нагац эгч хоёрынхоо дуулж өгдөг байсан дууг түүнд аялан өгдөг байлаа. Ахынх нь нулимс чимээгүй урсахад тэр нэг удаа нулимсыг нь амтлахад нулимснаас нь давс мэт гашуун шорвог амт амтагдсан.
Нэг удаа ах нь дахиад л хар дарж зүүдлээд нулимсаа гаргахгүй тэсэн байхыг нь хараад, тэр сандран ахыгаа тэврээд,
- Ах аа, та уйл л даа! Хурдхан уйл л даа!
- Тэд намайг уйлж болохгүй гэсэн. Тэгэхэд чи яагаад намайг дандаа уйл гэдэг юм бэ? Чи намайг уйлж болохгүй гэдгийг мэдэхгүй байна уу? Тэр нусаа татаад,
- Надад тэдний юуг болох юуг болохгүй гэх нь хамаагүй. Би зөвхөн танд хэцүү байгаа гэдгийг л мэдэж байна. Нулимс хүний сэтгэл дэх гашууныг урсган гаргаж чаддаг. Гашуун урсан гарч байж л сэтгэл чинь аажмаар гайгүй болно.
Түүнийг Хаш уул руу явахын урд орой, ах нь өөрөө түүнийг хамт унтъя гээд, түүнийг зүүрмэглэн унтаж байхад ах нь түүнийг тэврэхийг мэдэрсэн. Түүний нүүрэнд нулимс мэдрэгдэхэд тэр ахыгаа дахиад л хар дарж зүүдэллээ гэж бодон, алгаараа түүнийг зөөлөн цохилж,
- Битгий ай, битгий ай, би чамтай хамт байна гэхэд нь ах нь харин давтан давтан
- Уучлаарай, намайг уучлаарай, би л хэрэггүй болохоор чи эндээс явах боллоо. Би хурдхан том болно. Би чамайг бас эгчийг заавал хамгаалах болно. Би заавал чамайг очиж авна. ....
Шөнийн хав харанхуйд цаг хугацаа өнгөрч буй нь ч мэдэгдэхгүй. Сяолю сэтгэлдээ өөрөө өөртэйгөө ярина. Хэд хэдэн удаа өвдсөндөө юу ярьж байснаа ч мартлаа. Гэвч тэр бүрд Сяолю аймшигтай чанга хатуу тэсвэр гарган үргэлжлүүлэн өөрөө өөртэйгөө ярина.
Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд, Сяолю загас шарж болгох тухай өөртэйгөө ярьж эхэлснээ л санаж байлаа. Тэр загас шарж болгох нийт 39 төрлийн арга, шарсан загасаа амтлах 127 төрлийн амтлагчийн тухай бас бодов.
Хаалга чахран нээгдэж, дэнлүүний гэрэл гэнэт орж ирлээ. Харанхуйд хэтэрхий удаан байсан тул дэнлүүний гэрэл Сяолюгийн хувьд хэтэрхий нүд сохлом хурц санагдаж Сяолю нүдээ анилаа. Өндөр нуруут :
- Түүний байгаа байдал нь миний урьд өмнө харж байсан хүмүүсээс огт өөр байна. Намхан нуруут :
- Тэр их сонин юм.
Өндөр нуруут хайрцгийг онгойлгон, намхан нуруут Сяолюгийн хүлээсийг тайлж, түүний аман дахь модон чигжээсийг сугалан авлаа. Өндөр нуруут Сяолюгийн гарыг цэвэрлэхэд Сяолю өвдсөндөө гиншин дуу алдлаа. Ухаан санаа нь манарч эхлэх үед Арвандолоогийн дуу сонсогдох шиг болоход түүний тархин дахь тултал нь эрчилсэн утас гэнэт тасрах шиг болоод тэр өвдөлтдөө ухаан алдан уналаа.
Сяолю нүдээ нээхэд, харанхуйд байгаа хэвээрээ байв. Гэхдээ тэр өөрийгөө цэвэр хувцас өмсөн, дулаахан зөөлхөн оронд хэвтэж байгаагаа мэдрэв.
Хажууд нь нэг хүн сууж байна. Сяолю хүчлэн хичээж түүнийг хараад, өөртөө ил итгэн,
- Арвандолоо, Жин?
- Би байна аа.
- Цонх.
Жин яаран босож, цонхыг түлхэн нээхэд цонхоор уулын салхи үлээн орж ирж Сяолю цээж дүүрэн гүнзгий амьсгаа авлаа.
Жин дэнлүү асаагаад, түүнийг түшин суулгалаа. Сяолю тонгойн гараа харахад, түүний хоёр гарыг яг л хоёр том Зунзи шиг боосон байлаа. Шарх нь гэж аймаар байсан бололтой. Гэхдээ шарханд нь дээд зэргийн үнэт сайн эм түрхсэн бололтой, өвдөх нь харин гайгүй байна.
Жин аяга бариад Сяолюд татсан махаар хийсэн шөл оочуулан уулгалаа. Сяолю өлбөрч үхэх гэж байсан ч шөлөө нэг дор ууж чадахгүй, арайхийн тэсвэрлэн халбага халбагаар ууна.
Шөлөө ууж дуусахад, Жин нэгэн үрлийг түүний аманд хийгээд, -Уусгаад уу гэлээ.
Сяолю үрлийг хэлэн дороо хийгээд, ойр орчмоо ажиглан харлаа. Их л борог бааз модон өрөө харагдана. Газарт амьтны арьсан дэвсгэр байх нь их л танил төрх. Сяолю гайхан,
- Бид Шэнь Нуны цэргийн хуаранд байгаа юм уу?
- Би Шянлю жанжнаас чамайг аврахад туслаач гэж хүссэн. Шянлю хүн дагуулан Шюань руу дайрсан. Би газар доорх шоронд очиж чамайг аварсан.
Шянлютэй хэлэлцээ хийж, газар доорх шоронг хайж олон, хүн аврах төлөвлөгөө боловсруулсан энэ бүх хэрэг явдал их л адармаатай байсан байх. Гэвч Жин тэр бүхнийг ганц хоёр үгээр түүнд тайлбарлан хэллээ.
- Үнэндээ чи намайг аврах гэж ирэх шаардлагагүй байсан юм гэж Сяолю хэллээ.
-Би ингэсхийгээд Чиншүй тосгон руу буцна. Чи надад Анянийг хордуулсан хорны ерөндгийг өг.
- Үнэндээ Анянь хоронд хордоогүй! Тэр харваас сайн эмч домчоор дутагдахгүй хүн. Би түүнийг ямар ч хороор хордуулсан тэр хорыг тайлах ерөндөгийг тэд нар олж чадна гэж бодоод, худлаа дүр үзүүлэн түүнийг хуурсан юм. Түүний хажууд байх хүн түүнийг их л энхрийлэн хамгаалдаг. Домч түүнийг шалгаж үзээд юу ч олж мэдэхгүй, зүгээр байна гэж хэлэх тусам тэр улам бүр эргэлзэж сандарч таарна. Тэгж баймааж л Шюань түрдээ намайг алахгүй амьд байлгана гэж би бодсон юм.
-Чи .... гээд Жин аргагүйдэн түүний гарыг харахад, нүдэнд нь түүний амнаас гарч чадаагүй зовнил харуусал тодхон харагдана.
Сяолю сандран нүд нь эргэлдэнэ.
-Нөгөө ... худал дүр үзүүлэх нь хэсэг зуур л амийг минь хоохойлно. Тиймээс ... би Аняньд хор өгөөгүй боловч харин Шюанийг хордуулсан.
Жин түүнийг алмайрч гайхан харлаа.
-Би Аняний биеийн гадна өнгөнд хор түрхсэн. Шюань айж сандарсандаа түүнийг илж, тэвэрч ... тайтгаруулсан. Тэгээд тэр хор Шюаний бие рүү алгуур нэвчин орсон. Хор нэгэнт цус, шөрмөсөнд нэвчин орсон бол тэр хорыг тайлахад нэн хэцүү. Аняний ааш аягаас харахад энэ хэдэн хоногт тэр өдөр бүр уйлж унжин, Шюань түүнийг аргадаж тайтгаруулан байнга хамт байсан байж таарна. Намайг үнэндээ бол өөрийг нь хордуулсан гэдгийг мэдээ ч үгүй яваа байх.
- Чи түүнийг ямар хороор хордуулсан юм бэ?
Сяолю санаа нь зовнисхийн,
- Үнэндээ бол, яг хор ч бас биш л дээ. "Шидээр хордуулах арга" гэж хэлбэл зохилтой. Шидээр хордуулах арга бол Жю Ли овгийн нууц тарнийн арга. Хэдэн зуун жилийн өмнө, Жю Ли овогт нэгэн шидээр хордуулах чадвар нь гоц гойд нэгэн зайран ван байсан юм гэнэ билээ. Дахуанд түүнийг хорны ван гэж нэрлэцгээдэг байсан. Шидээр хордуулах арга бол хор найруулах, эм найруулахаас огт өөр, тусдаа бие даасан нууц тарнийн арга. Олноо ил гаргамгүй хордуулах арга. Хүмүүс энэ нууц тарнийн аргыг шулмын арга хэмээн жигшин зэвүүцдэг. Тэр аргын тухай дуулж сонссон хүн бий ч яг жинхэнээр тэр аргыг хэрэглэж мэддэг хүн бол маш цөөхөн байдаг.
- Ойлгомжтойгоор тайлбарлая гэвэл би өөрийн биедээ нэгэн төрлийн шидийн цох суулгаж тэжээсэн. Одоо Шюаний биед бас тэр төрлийн шидийн цох орсон гэж ойлгож болно. Хойшид миний бие өвчин мэдрэхэд тэрний бие ч гэсэн адилхан өвдөлтийг өөрийн бие дээр мэдэрнэ гэсэн үг гэж Сяолю түүнд тайлбарлан хэллээ.
- Энэ цохыг биедээ суулган тэжээхэд хэцүү юу?
- Мэдээж! Маш хэцүү! Бүр маш их хэцүү! Хэрвээ амархан байсан бол Дахуан даяар энэ арга аль хэдийн тархах байсан.
Сяолюгийн бусдаас онцгой биед хүртэл хэдэн жил оролдож баймааж амжилттайгаар цохыг суулган тэжээсэн билээ.
- Яагаад өөрийн биед шидийн цох оруулан тэжээсэн юм бэ?
Сяолю сэтгэлээр унан санаа алдаж,
- Шянлю гэж нэг мангасан толгойтыг л аргалах гэж! Тэр бол есөн толгойтой чөтгөр, зуун хоронд ч үл хордоно. Би маш удаан бодож байж, энэ гайхалтай аргыг бодож олсон юм. Гэтэл түүнд хэрэглэж амжаагүй байтал, харин Шюаньд хэрэглэчихлээ. Зэрлэг догшин амьтны сонор сэрэмж төрөлхөөсөө сайн. Сяолю Шянлюд шидийн цох суулгахыг оролдвол тэрийг сэрэмжлэн мэдчих болов уу гэсэндээ л Шянлюг түүний цусыг сороход нь эсэргүүцэхгүй томоотой байж, нэгэн өдөр түүнд мэдэгдэлгүйгээр шидийн цохыг Шянлюгийн биед оруулахыг хичээж байсан билээ.
- Шидийн цох чиний биед муу нөлөөтэй юу гэж Жин түүнээс асуулаа.
- Үгүй!
- Чи яг сайн мэдэж байна уу?
- Амь насаараа андгайлъя, баталгаатай муу нөлөөгүй!
Жин санаа нь үл амрах хэдий ч тэр өөрөө шидийн тухайд ямар ч ойлголт байхгүй тул дараа энэ тухай сайн мэдэх домч олж уулзаж сайтар лавлаж асуухаас өөр зам үлдсэнгүй.
- Би баригдсанаас хойш хэдэн хоног өнгөрсөн бэ?
- 4 хоног.
- Хугацаа нь болж байгаа юм байна гээд Сяолю бөхийн өөрийнхөө гарыг харан "Магадгүй одооноос өвчин намдаах түрхлэг хэрэглэхгүй байх хэрэгтэй юм уу" хэмээн бодлоо.
- Сяолю, Шюаний хэргийг надад даатга. ...
Сяолю тэргүүн өргөн Жинийг хараад,
- Шянлю аль эрт надад Шюань намайг айхтар хатуу шийтгэх болно гэдгийг сануулан хэлсэн. Тэгээд намайг өөртэй нь хамт бай гэж хэлсэн, би зөвшөөрөөгүй.
Би хэрвээ том модны араар орж нуугдан салхи шуурганаас толгой хоргоддог хүн байсан бол тэр жил би чамайг аврахгүй байх байсан. Би бол ганцаараа яваад сурчихсан хүн, ганцаараа хэрэн хэсэж, бүгдийг ганц биеэрээ даван туулаад сурчихсан хүн. Би өөрөө шийдээд хийсэн хэргийнхээ үр дагавартай өөрөө нүүр тулж чадна.
Жиний харц зөөлөрч түүнийг өрөвдөн хайрласан шинжтэйгээр, - Чи ганцаараа.
Сяолю цааш харан,
- Би чамайг нэг удаа аварсан, чи ч гэсэн намайг нэг удаа аварлаа. Би чамд аманд чинь хоол унд хийж өгөн идүүлж байсан. Чи ч гэсэн тэглээ. Бид одоо тэнцлээ. Цаашид харилцан өргүй боллоо. Одооноос чи миний хэрэгт санаа тавих хэрэггүй!
Жин чимээгүй хэсэг суугаад, дахиж юм хэлэлгүй гаран явлаа.
Сяолю унтах гэсэн боловч, магадгүй ухаангүй удаан унтсан бололтой, нойр нь хулжих тул тэр орноос арайхийн буугаад гадагш гарлаа.
Түүний байгаа газар нь цэргийн хуаран биш харин анчдын хөлөө амраадаг оромж бололтой. Хадан хавцал дунд зөвхөн энэ л нэг модон байр байх аж. Бодоод үзэхэд бас арга ч үгүй юм. Шянлю Жинд тус болон хүн аврахдаа мэдээж өөрийнхөө хувийн хүч нөлөөг л ашигласан байх. Шэнь Нун цэргийн хүчийг хөдөлгөөгүй байх учиртай.
Тэнгэрийн өнгө харанхуйлаад, хадан хавцал тэр чигтээ эзгүй хоосон. Уулын салхи үүү, үүү хэмээн сийгж, үүлс түүний хөл дор хөшиглөнө. Сяолю үүлсийг удаан хараад, дараагийн мөчид л тэдгээр үүлс дээш хөөрөн түүнийг бүрхэн авах мэт санагдсанд өөрийн мэдэлгүй аяархнаар,
- Шянлю чи энд байна уу? гэлээ.
Ард нь шувууны жиргээ сонстоход, Сяолю эргэн харлаа. Шянлю модон байрны хажуу дахь том ургаа модон дээр сууж байлаа. Мөнгөн өнгөт сарны туяан дор, цагаан дээл цагаан үстэй тэр яг л цасаар урлан хийсэн хүн мэт цэвэрхэн бөгөөд хүйтэн, ойртон хүрэх хүсэл төрүүлэвч бас давхар айдас төрөм харагдана.
Сяолю түүнийг алмайран харж хэсэг зогссоноо гэнэт нэгийг санан,
- Чи наанаа хэр удаан байсан бэ? гэж болгоомжтойгоор асуулаа.
- Надад шидийн цох хэрэглэхээр зэхэж байсан гэхийг чинь сонссон хэмээн Шянлю аажим хариуллаа.
Сяолюгийн царай хувьсхийлээ. Жинтэй ярихдаа тэр элдэв арга саам зохиож худал үнэн ярихгүй байгаад сурчихсан. Гэтэл сая гэнэ алдаж, тэд Шянлюгийн газар нутаг дээр байгаагаа мартаж орхиж. Сяолю хуурай инээн,
- Үгүй, тэгээд чамд хэрэглэсэнгүй шүү дээ? Шюанд өгч орхилоо гэлээ.
Шянлю түүнийг алуулахаа хүлээх анг харж байгаа харцаар дээрээс ширтэн,
- Чи өвдвөл, тэр бас өвдөнө гэсэн үү? Тэрний биен дэх шидийн цох хэзээ үйлчилж эхлэх вэ?
Шянлю түүнийг яг одоо хоёронтоо дүрэх гэж байгаа мэт, Сяолю арагш хоёр алхам ухраад,
- Одоогоор цаг нь арай болоогүй байна. Гэхдээ би түүнд шидийн цох суулгаж чадсан хойно, түүнийг зүгээр лав өнгөрөөхгүй гэлээ.
Шянлю хадан хавцлын дор хөшилдөх үүлсийг харан, аажмаар түүнд,
- Чи эхлээд түүний дүүг доромжилсон, дараа нь түүнд шидийн цох суулгасан, тэр чамайг өршөөхгүй. Чиний наад цох чинь тайлахад бэрх, тэр чамд халдахаас эмээнэ гэж найдъя.
- Энэ бол чамд зориулах гэж байсан шидийн цох, энэ хорвоод ганцхан би л тайлж чадна.
Шянлю нүдээ аниад,
- Одоо явж унт, гараа хурдхан эдгээ гэлээ.
Сяолю дахин дэмий үг ярихаас айж, унтаж чадахгүй байсан ч унтахаар явлаа.📍Орчуулагчийн тайлбар.
🔥Галт шувуу мод
凤凰树
Phoenix tree
Улаан навчтай энэ модыг бас Агч мод гэж нэрлэдэг бололтой. Цаашид харж байгаад хааяа галт шувуу мод, хааяа агч мод гэж бичиж байх болно. Тухайн нөхцөл байдалд аль нэрээр нь бичихэд гоё санагдана, тэр нэрээр нь бичнэ.🌱Навчны ишээр олс таталцаж тоглох.
Хоёр навчийг нарийн ишээр нь хооронд нь бөхлөөд, хоёр хүн тус тусын навчнаас татаж хэнийх нь навчний иш түрүүлж тасрахыг шийддэг тоглоом.🍃Зунзи
Түүхий будааг амтлан далдуу модны том навчинд ороож, удаан жигнэж болгодог хоол.🏹Жю Ли
九黎 Jiu Li
Есөн хар гэдэг нэртэй овогХятад кино ярилцья бүлгээс зохиолын дараагийн хэсгүүдийг уншаарай.
YOU ARE READING
Үүрд Чамайгаа Үгүйлэн Санана
خيال (فانتازيا)#Хайрлаж_чадахгүй_ч_бас_мартахын_аргагүй 📍Үүрд чамайгаа үгүйлэн санана зохиолын уншигчдад хүргэх гэсэн миний гол санаа бол "#АМЬДРАХ" гэсэн хүсэл тэмүүлэл. Энэ орчлонд, хайр бол сэтгэл догдлом агуу сайхан зүйл мөн боловч, амьдралын утга учир зөвхө...