CHAPTER ONE
ШИРЭНГЭН ОЙН ДҮРЭМ✭ ✭ ✭ ✭ ✭
Хүн ч биш хүүхэд ч биш хараал идсэн өсвөр насныхан гэх тодорхойлолттой ахлах сургуулийн сурагчид болох бид. Мөн хөрөнгө мөнгө, цол хэргэм болон алдар нэрээрээ Солонгосын эхний байруудад жагсах бидний ар гэр.
Төрсөн цагаасаа алтан гулдмай дээр өссөн бидэн шиг өсвөр насныханд ганц л дүрэм үйлчилдэг юм. Ширэнгэн ойн дүрэм буюу хүчтэйн хүчгүйгээ барьж идэх.
Тийм учраас энэ сургуулийн төв хаалганы дээр тод томруунаар сийлсэн эшлэл "Үргэлж хүчтэй нь бай" хэмээсэн байдаг биз.
Хаалттай хашааны гадаа хоцорсноосоо болоод зогсох сурагчдын хажуугаар явахдаа машиныхаа цонхоор тэрхүү эшлэлийг дахин уншсан юм. Тэгээд үргэлжлүүлэн жолоочоосоо "Намайг хүчтэй гэж бодож байна уу?" гэж урт хар үсээ янзлан асууна.
- Өршөөгөөрэй?
- Би хүчтэй юу?
Нас ахисан жолооч маань удаан бодсонгүй "Тэр ард үлдсэн сурагчдыг хараад асуултынхаа хариултыг авах байхаа хатагтай" хэмээсэнд нь хашааны гадаа үлдсэн тэднийг хараад, хоцорсон ч хаалга онгойлгуулан сургуулийн үүдэнд жижүүр багшаар угтуулах өөрийгөө хараад инээвхийлэв.
- Манай Жиа өглөөний гүйлтээ хийгээд жаахан хоцорсон уу, тийм үү?
Машинаас буухад жижүүр багш ийн асуух бол түүний өөдөөс "Үгүй ээ, зүгээр хувцсаа сонгох гээд удчихсан юм" гэж хэлээд цүнхээ үүрэн сургууль руу орлоо. Дараагийн цаг тусгай хичээлийн цаг тул тэрхүү ангийг чиглэн алхаж байтал шатны доор зогсоо зайгүй өршөөл эрэх нэгний хоолой сонсогдсонд толгойгоо гилжийлгэн харсан юм.
Дахиад л тэд. Дахиад л хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж байгаа бололтой.
Газар өвдөглөн суух хөөрхий хүү болон түүнийг зодох сургуулийн хөлбөмбөгийн шигшээгийн залуус. Хамгийн гол нь тэдний ард кино үзэж байгаа аятай инээлдэн хоорондоо яриа өрнүүлэн ажин зогсох гурвал.
- Юу болоод байгаа юм?
Намайг харсан даруйдаа шигшээгийнхэн хийж байснаа зогсоож "Энэ новш бидний тухай дээрэлхэлтийн цуу яриа тараасан байна лээ" хэмээн нэг нь өгүүлсэнд би өөр лүүгээ зааж "Миний тухай бас уу?" гэтэл ихэд болгоомжлон толгой дохих нь тэр.
Нэг хүнд гэгч нь санаа алдаад гараараа хийж байснаа үргэлжлүүлэхийг дохиод өнөөх гурав руу хяламхийн "Явахгүй юм уу, тусгай хичээл эхлэх нь" гэхэд тэд хөлбөмбөгийн шигшээд үлдсэнийг нь даатгаж хамтдаа анги руу явна.
Удалгүй хичээл эхлэх бөгөөд багш бидний нэрийг нэг нэгээр нь дуудан мэндлэж зөвхөн бид дөрвийн суудаг философийн хичээл эхэлсэн юм.
Пак Сонхүн.
Шим Жэюүн.
Ян Жонвон.
Чүэ Жиа.
Хүч гэх үгтэй үргэлж хамт байсаар ирсэн бидний нэрс.