Намуухан аяз эгшиглэх кофены мухлагт тоотой хэдэн хүн л холхино. Ширээ алгасах зуур чихэнд элдэв бусын яриа сонсогдох ажээ. Цаг хэдийн үд дундыг заах агаад хүмүүсийн яриа ч үд дунд адил ид өрнөх юм. Хаврын энэ өдрүүдэд эргэн тойрон бүхэлдээ хайлж гэсэх үзэгдлээр нүд нүүргүй хучихыг хараад хамаг сэтгэл ичээнээсээ гарах хүсэлд бүхэлдээ захирагдав. Танихгүй олон хүмүүс дунд танил болсон аяга кофе яах аргагүй нүд хужирлана. Гэхдээ кофе л миний сэтгэлийг ойлгов уу гэлтэй ичээндээ түр хүлээ гэх шиг болно.
Кофе бид хоёр мухлагийн хамгийн зүүн талын буланд байрлах бөгөөд бид хоёроос хоёр ширээний цаана суух бүсгүй хэдэнтэй харц булаагаад амжлаа. Тэр уг нь захиалсан кофегоо уугаад дуусчихсан авч гартаа барьсан утас нь мухлагт хадах шиг. Утсаараа юу хийж байгаа бол. Цахим ертөнцөөр аялж, элдэв бусын зураг, нийтлэлүүд харсаар уйтгарлан байгаа нь анзаарагдах шиг. Гэхдээ яагаад ч юм эргэн тойрондоо хана босгосон бололтой.
... Тэр гараад явчихлаа. Дөнгөж л орчиндоо дасаад байтал тэр гараад явчихлаа. Ахиад л эл хуль байдал ноёлох шиг.
Улаан ороолт, улаан уруул мухлагийн хаалга онгойлгоход хонх нь тас тас хангинаж мухлаг дотор байх хүмүүсийг хормын төдийд өөр дээрээ хандуулсан шигээ дараагийн нэг хоромд ахиад нэг хором гээд гурван ч хормыг ардаа үдлээ. Хүмүүс хоорондын харилцаандаа эргээд орцгоов. Гэтэл кофе бид хоёр орж чадсангүй. Түүний мөрөө давсан шулуун хар үс болоод улаан уруул, улаан ороолт нь хамаг халуун дулаан уур амьсгалыг минь өөртөө сороод кофе бид хоёрт хүйтнийг үлдээх шиг болов. Тэгсэн ч би хэд хэдэн удаа кофегоо балгасны дараа халуун мэдрэмжээ эргүүлж авсан. Тийм ээ, би авсан гэхдээ эргүүлээд алдчихсан. Ийм байдалтайгаар тэр бүсгүйн гоо үзэсгэлэнд мансуурч ахин хэдэн ч хормыг өнгөрөөхөд бэлэн байвч тэр бүсгүйн кофе дуусах үед хором бүхэн минь өөртөө цэг тавихаас өөр аргагүйд хүрчээ. Польтогоо өмсөх түүнийг хараад хамаг сэтгэл минь тогтворгүйжиж сандалдаа ч тайван сууж чадахаа болилоо. Тэр хаалганы хонхыг ахин нэг дуугаргаад мухлагаас гарч одлоо. Би тэсвэр алдан хүрмээ шүүрч аваад л араас нь хавийн амьтан үргээх шахам болсоор өнөөх хонхыг нь дуугаргасаар мухлагаас гарав.
Тэр байсангүй. Хангалттай мэдэрч чадаагүй байхад тэр сарничихлаа. Сэтгэл минь ичээнээсээ гарахыг ингэж их хүсээд байхад тэр сарничихлаа. Ичээ рүүгээ буцахаас өөр сонголтгүй болсон би өдөр болгон өнөөх цагтаа мухлаг дотор хаалганы хонхыг чагнан суух болов.
Арван өдөр энэ хангалттай юу гэж өөрөөсөө асууна. Танил болсон кофегоо дуусгаад хүрмээ сугадан мухлагаас гарах гээд хаалганы тэнд хүрлээ. Хаалганы бариулаас татаад баруун хөлөө шатны зүг урагшлуултал нүдний дээд буланд улаан ороолтны үзүүр. Би толгойгоо өргөх төдийд бүсгүйн улаан уруул кофены амт шингэсэн урууланд минь зөөлөн дэр лүүгээ унаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд огцом хойшиллоо. Энэ тохиолдолд би уучлалт гуйх хэрэгтэй юм шиг санагдаад бүсгүйг кофегоор дайлав.
Бүсгүйн уруулын будаг эхлээд намайг дараа нь танил болсон кофены аяганд дардсаа үлдээх ажээ. Халуун яриа өрнөхөд халуун кофе минь ямар ч их тус хүргэв дээ.
YOU ARE READING
Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)
RomanceТүүний тухай зарим зүйлс, надад мэдрэгдсэн төсөөлөл, Мөн тэдгээрийн үргэлжлэл...