Зүүдний үнэгтэй ханилсан цаг хугацаа

194 6 1
                                    

Залуугийн сэрэл мэдрэмж гал шиг асч, зул шиг бадамласан хэдий ч уулын бэл дэх манан буданд унтарч бөхийв бололтой. Түүний ганц горьдлого үнэгний зүг тэмүүлж, татагдаж бүр шунан тачаадах аж. Учир нь үнэг манан будан руу шургаж сиймхийгээр нь ч үзэгдэхээ байсан нь залууг бүр ч ихээр өөртөө сорох шиг.
Манан арилж тэнгэр задрав. Үнэг газрын гаваар орсон аятай чимээ сураг алга. Бодвол уулын цаагуур дальдраад хаа нэгтээ идэх хоолоо хайгаа биз. Гэхдээ залуу яах билээ. Үнэгийг барьж авахын алдад мольго үмхэсэн гэнэн хүү шиг уулын өвөрт гансрана. Хаа нэгтээ бургас дуугарахыг залуу анзаарч ухасхийхэд хэзээд илхэн тулгардаг асан харцтай хормын төдийд тулгараад салав. Үнэгний харц байдаг янзаараа залуугийн зүрх сэтгэлийг цоо нэвтэлж нарны гэрэл үл хүрэх газарт хамаг бүхнээ тайчина. Үнэг зэрвэс зэрвэс хийлгэн залуугаас аравхан метрийн  зайд гэтсээр. Залуу ч сэрэмж алдалгүй ганц хоёр удаа дороо алхална. Шунал тачаал, сэрэл мэдрэмжийн цэг аяндаа буцалж залуугийн амьсгаа салхиар дамжин үнэгт хүрч, үнэгнийх гэмээргүй хүнд л баймаар тийм үнэр үнэгний зүгээс залууд мэдрэгдэнэ. Аль альных нь тавхайн гишгэлтээр өвс шажигнасаар удав. Үнэг залуугийн зүг ухас хийн харайж цээжийг нь нэвтлэв.
Залуу орноосоо цээжээ алгаараа дарсаар амьсгаадан сэрэв. Оюутны байрны цонхоор шаргалтан хаялах навчис эмх замбараагүй биш ч энд тэнд савлан газарт буух нь үзэгдэнэ.
Өчигдөрхөн түүнээс захиа хүлээн авсан. Тэр захиандаа харийн орныг зорхиор болсноо, мөн буцаж ирэх тал дээр асуудалтай буюу далд утгаар буцаж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэр надад дасаж дурласан гэдгээ дурьдсан хэд гурван өгүүлбэр бичсэн байв. Түүнээс үүдэж хэдэн удаагийн шөнө дунд үнэгний тухай зүүд зүүдлэгдэх болсон байх. Магадгүй над шиг хүнд тэр бүсгүй нэрээ бичиж үлдээгээгүй нь зөв ч болов уу? Гэхдээ мухлагт үүсдэг бидний харилцан хамаарал ямар утга учиртай юм бол. Тэр явчихсан, би тэгээд мухлагаа ганцаар харж үлдэхдээ юуг гүйцэлдүүлэх ёстой юм бол оо? Гадаад дахь хаяг руу нь захиа бичсэн хэдий ч хариу алга. Хичээлийнхээ хажуугаар өнөөдөртөө хоёр дахь захидлаа түүнд хаяглахаар болов.
" Ахиад л би. Үнэгхэн гээрээ гэж надад чи хэлээгүй ч би хэлж байхаар шийдэв. Үнэгхэн. Хэдийн дасал болж, зүүд нойрноос салахаа болив. Энэ хэт янагийн ч юм уу, аль эсвэл нялуун болоод байна."
Цаасыг базаж хогийн сав руу шидэв. Ахиад эхлэе.
" Чамд би дасаад уджээ. Зүүд нойрноос салахаа байсанг чинь энд бас бичин сууна, ахиад л. Цонхны цаана навчис хаялаад улаан шар өнгөөөр хучигдсан нь чамайг санагдуулах юм. Мухлаг руу хэзээд алхаж байдаг гждмуудаараа дайран өнгөрсөөр очдог хэвээрээ л байна. Тэмдэглэлийн дэвтэр талаасааа хэдийн хальж дуусахад хэд гурван хуудас дутуу болсон. Ихэнхи нь чиний талаар байдаг. Зүүдэндээ яг жинхэнэ үнэгтэй таардаг болоод буйгаа өмнөх дээр бичсэн.  Тэр дэ
унд илүү дэлгэрэнгүй байгаа юмсан. Чи уншсан уу?
Хүн сэтгэлийн амьтан гэдэг шиг үнэг бас сэтгэлийн амьтан мэт санагдана. Ийм л зүйл. Энд анхны цас орох шинжтэй. Салхи ширүүсч жин даадаг болсон. Сарын дараа л гэхэд цас хунгарлачихсан байх биз. Гашуун.
Улс, хот, хаяг, утасны дугаар.
Үнэгхэнд."

Шуудан орчихоод буцах замдаа бодлын мухлагт кофе амсангаа үнэгхэний суудаг асан сандал дээр сандаалж цонх ширтэн хэсэг суув. Гудмаар алхах хүмүүс бүгд л нэг хэвийн бодолд дарагдсан шавар шиг цутгамал царайтай аж. Яг л одоогийн миний гаргах царай лугаа адил.
Залуу алхана. Хотын төвд хүн үгүй аж. Залуу яарамгүй алхасаар. Байшингийн завсраар хэн нэгэн ширтэх шиг үе үе бие хүйт оргино. Газарт өөр нэг алхаа мэдрэгдсэн нь шавран үнэгнийх. Залуу мэднэ. Ахиад л харц. Хэзээ ч уйдахгүй, хэзээ ч гарт баригдахгүй, өмнө хэдийд ч тийм удаан тогтож хараагүй. Саарал шавран дунд орших тэр гялтганасан хар цог. Унтарч үзээгүй зулын гэрэл гэж түүнийг л хэлнэ.
Тэр бид хоёрын учрах энэ цэг цасгүй бас навчисгүй. Бас үүлгүй.
Залуу хэд хоног дараалан уг зүүдийг зүүдэлж хонов.
Зүүдний үнэгтэй ханилсан цаг хугацаа хэр урт вэ? Үнэгхэн минь чи таа даа. Үүрээр буцдаг нь чи юу, эсвэл тэр үү? Үлгэрт гардаг нь чи биш тэр гэдгийг мэдэх болохоор одоо би түүнтэй ханилна. Харин чамаас хариу ирэх мөчид тэр биш чи дэргэд үзэгдэнэ биз. Яг л анх харагдсан салхитай өдрийн намуухан хором шигээ. Зүүднээс эхэлсэн энэ захидал минь хэд дэхь нь вэ? Арав дахь нь уу, эсвэл арван нэг үү? Дээхэн навчис хаялах мөчүүдийг хардаг байсан цонхны цаана одоо цас будрана. Чиний арьсанд хүрэлцсэн мөч хэд хэдэн удаа бий ч гэсэн цасны зөөлнийг чиний арьстай зүйрлэхгүй. Харин цасны тунгалгыг чиний харцтай адилтгаж болох юм. Дээшээ хар даа, тэнгэр цэлмэг байна. Би тэнд байна.

Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)Where stories live. Discover now