19 нас хүрсний дараах тэр нэг хаврын хэвийн гэж тодорхойлж болох амралтын өдөр. Ааш нь олдохгүй тэнгэр урьдын адил өнөө л сурсан зангаараа цэлмэх хэдий ч хотын гудамжинд салхи дэгдээж хамаг амьтны ундуйцлыг хүргэнэ. Гэхдээ надад зүгээр. Тийм болоод ч хэвийн гэж тодорхойлсон юм.
Байз, хаанаас вэ? CHANNEL №5, биш ээ түүнээс өвөрмөц. Эргэн тойронд буй хүмүүс хэт их болохоор олж чадахгүй нь. VERSACE биш ээ. Dior ч биш, GUCCI бас л биш. Гэхдээ...
Тэр, тэр тэнд байна. Хар Converce, хөлнийх нь хэлбэрийг хадгалж үлдсэн даавуун дотортой хар өнгийн женс. Мөн гуя орчмыг нь давах шахуу шаргал пальто, хүзүүгээ дөрөв давхарлан ороох боломжтой боловч хоёр л давхарласан сулбагар хэрнээ нэг тийм дэгжин цайвар ороолт. Тэр бүгд салхинд хийсэн намайг давахдаа үнэрээ үлдээх шиг үзэгдэл. Бас болоогүй юм байна. Түүний үс зэрэгцэн хийсч, биш ээ намирч... Нүүр нүдээ халхалан намирч байсан. Намирч байх зуураар нүдийг нь олж харах тэр мөчид яагаад хамгийн түрүүнд олж хараагүйгээ хамгийн ихээр гайхсан.
Хүн нүдээ цавчлахгүйгээр хэр удах вэ? Тэр хэр удаан нүдээ цавчлаагүй бол. Тэгэхээр тэр бодлогоширсон байх. Хэн нэгэнтэй болзсон байгаад товлосон газар луугаа алхаж явахад нь замын эсрэг талд орших кофены мухлаг дотор болзоот хүн нь өөр танихгүй аль эсвэл танил байж болох нэгэнтэй ярилцан буйг олж харах тэрхэн агшнаасаа хойш бодолд орсон байх.
Эсвэл тэр юу ч бодоогүй. Зүгээр л эргэн тойрноо харах харц нь тийм байх.
Үнэр үү? Үнэр одоо хэнд хамаатай юм бэ? Нүдний минь өмнө урьд хэдийд ч, ямар ч цаг хугацаанд нүдэнд өртөөгүй, бүр мэдрэгдээ ч үгүй тийм харц оршиж байхад тийм үнэр түүнд оршихгүй гээд яах юм. Амьд байгаа эсэхдээ эргэлзэж мэднэ. Шал утгагүй.
Converse-ийн чимээ хэзээ ийм байлаа. Чихэнд ирэх давтамж нь хачин өөр юм. Магад энэ чимээгээр хаа нэгтээ хэзээ ч юм төрж өссөн хөгжмийн зохиолч аясаа хөглөсөн бол тэр аялгууг би хамгийн түрүүнд сонсох байв уу?
Хором өнгөрөх, биш ээ биш хором яав ч өнгөрөөгүй, хэдхэн агшин. Агшин ч хүрэхгүй байж болох юм. Тийм ээ биш. Тоолж чадахааргүй тийм хугацаанд тэр над руу хагас метрээр дөхнө. Дараа дараачийн хугацаа өнгөрөх бүрт тэр дөхсөөр л... Дөхсөөр мөртэй минь зэрэгцэх үед ганц түүний л мэдрүүлсэн үнэр, сонин эргэлзээтэй харц. Үүнээс цаадахыг мэдэхгүй. Ухаан ороод цааш алхахад тэр алга байсан. Яг л үнэг шиг. Үнэг шиг гэдэг нь заль мэхтэйдээ биш эргэлзээ төрүүлэм харц нь үнэг адил байсных.
Бидний зөрөг учрал хэдэнтэй тохиосны дараа гарнаас нь атгаад эргэж харах даруйд нь харц мөргөлдсөн. Үнэг шиг харцтай... Тэр мөч өмнөх тулгаралтуудаас нэг л өөр дотно байсан.
Харин одоо тэр харц дотно, энхрийгээр над руу ширтнэ. Хэр удаан ширтээ бол.
YOU ARE READING
Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)
RomanceТүүний тухай зарим зүйлс, надад мэдрэгдсэн төсөөлөл, Мөн тэдгээрийн үргэлжлэл...