Үүргэвчиндээ хэрэгтэй гэснээ хийгээд оюутны байрнаас гарав. Автобус яг цагтаа намайг хүлээж болзсон газартаа зогсоно. Автобусан дотор нэг хэвийн донж төрх бүрэлдсэн нь сонирхол нэгтэнгүүд байсных биз. Англиас ирсэн хос автобусыг харилцан яриагаараа дүүргэж зам зуур амрах завшаан олгосонгүй. Чихэвчээ зүүж болох ч орхисноо санасан нь одоогоос таван минут орчмын өмнө. Автобусны гадна нар шарж үүл үзэгдсэнгүй.
Хэсэг хугацаанд мухлаг руу цухуйгаагүй. Мөн хэн нэг эмэгтэйн догдлол дүүрэн учирлууд өдөр хоногуудыг минь сул тавин алсад оджээ. Автобус яг цагтаа хүрэх газарт минь буулгасан нь 6р сарын 24. Үүргэвчнээс өөр ачаагүй надад тасалбараа үзүүлээд дотогши ороход хүндрэл байсангүй. Дэргэд алхаж явсан хэсэг залуусыг нэгжиж тэмтрээд ард хоцорцгоосон.
Цагийн зүү хэдийн гурвыг цаах болж мухлагууд дундуур сүлбэн алхасаар модон мухлагт оров. Цонхоор ширтэнгээ аяга кофе уух бүсгүй, хажуугийн ширээнд нь найз нөхөд бололтой хэд гурван залуус. Залуусын нэг нь эмэгтэй. Бусад нь эрэгтэй ба бүсгүйгээсээ ямар нэг зүйлийг хүсэмжилнэ. Энэ бүгдийг үл анзааран цааш алхаж сул ширээнд суугаад мөстэй моча захиалав.
Хөлийн чимээ. Кетний дуун. Үдээс нь хүртэл. Түргэн хэмнэл. Амьсгаадах хоолой. Кет нь шорооноос цемент рүү. Бүр цаана REC-ON аясаа барина. Дараагийн мөчид хаалга онгойж нүдний өмнө хэн нэг эмэгтэй. Амьсгаа нь давчдаж, кет угласан хөл нь ядарснаасаа ч юм уу чичирхийлж, тэгснээ юу ч болоогүй мэт касс руу дөхөхдөө харцаа үлдээв. Харц тулгарч, түр ч болов аниргүйд эзэмдүүлэхтэйгээ зэрэгцэн моканыхаа сүүлчийн балгыг би залгилна.
Цонх ширтэх бүсгүй миний зүг харна. Надад анзаарагдав. Хоёр дахь удаа. Тэр рок наадамд ирсэн атлаа даашинзтай. Бусдыг өөртөө татах соронз лугаа нэг чанартайд нь дотроо баярлан үе үе харилцан ширтэлцэнэ. Гэвч тэр чанарт удаан хугацааны тав тух байхгүйн улмаас удалгүй өөрийг харж, илүүг хүсэмжилнэ. Сандалнаасаа өндийн хаалга руу чиглэхдээ надад зурвасхан харцаар бэлэг барив. Мэдээж илүүг хүсэмжлэх надад тийм ч онц сонирхолтой байхаа больсон тул араас нь гаралгүй мухлагт суусаар хоцорлоо.
Төд удалгүй хэд гурван залуу мухлагаас гарч сүүлд орж ирсэн бүсгүй бид хоёр л суудал дүүргэн үлдэв. Өгүүлбэрийн эхэнд үг томоор эхэлдэг шиг тэр бүсгүй бид хоёр тодоор эхэлсэн. Тэр огт өөр. Магад тэр харцыг өмнө олонтоо харсан байвч энэ удаагийнх огт өөр. Цонх нэвтлэх нарны гэрэл болон эсрэг талын хананд нуугдах хүйтэн өнгө бүсгүйг булаацалдаж хоёр талаас нь эзэрхэн тэмцэлдэнэ. Бүсгүйг эзэрхэх биш эзэмдэх нэгэн байсангүй. Би байж болох ч хүрч чадахгүй, яагаад гэдгийг мэдэхгүй. Тэр бид хоёрын голд хэдэн арван зуун жилийн хана орших мэт тийм зүйл. Хаалга онгойлгон орж ирэхэд нь анзаараагүй зүйлс. Дал шүргэм үсээ хоёр хуваан шүлжсэн, хонин бор нүдээрээ дугуй шилнийхээ араас цонхны зүг хандуулсан явлал. Мөн гартаа атгах камер нь.
Ширээнийхээ тавцан дээгүүр гараа хий эргүүлэн дэмийрч үе үехэн бүсгүйн тухай бодож CDны дэлгүүрт тун ойр мэдрэгдсэн хэн нэгнийг ч бодолдоо багтаасаар мухлагт хэдэн цаг сууснаа мартан байх мөчид өнөөх бүсгүй байсаар л. Энэ удаад би биш өөр хэн нэгэн мухлагт суун үлдэх нь.
Тэнгэрт үүл хуралдаж, хаяа нь ягааран үзэгдэнэ. Даашинзтай бүсгүйн сураг алдарч хаа нэгтээ алхан буй. Ард хоцорсон бүсгүйг харин мэдэх зүйлгүй. Магад сураг алдраа биз, бусадтай адил. Би нэг алдсан, хоёр давтсан. Өөрөө ч мэдээгүй байхад гурав ахичихаж. CDны дэлгүүр, өмнөх мухлаг,хоёр хуваан сүлжсэн гэзэг, дугуй шил, нэг эмэгтэй. Харцаараа ойлголцсоор ирсэн хэн нэгэн. Мухлагийн зүг эргэн очвоос огт оргүй сарнин дальдарч, зайрмаг зарах цэг болон хувирчээ.
Бороо дуслав. Тэгээд ширүүсэв. Хүмүүс харсан зүгтээ гүйлдэцгээх бус майхнууд руугаа л яарцгаана. Тэдний дунд дугуй шил, кет, мөн танил харц бүхий эмэгтэй үл хөдлөн намайг ширтнэ. Усан бороонд норж, бүсгүй рүү дөхөж, аажимдаа бүсгүйд хүрэхийг тэсэн ядахдаа гараа урагши сунган тэмүүлсээр таван алхамын дайтай болоход ул мөрөө баллан сарнив. Яг л анх үзэгдээд өнгөрсөн үнэг мэт харц шиг. Ахиад л ганцаараа.
Хүмүүс шүхрээ авцгааж эргэн их тайз руу гүйлдэцгээхэд тэдний дунд уусч танихгүй хамтлагийн дуунд савж хэсэг зогслоо. Бүсгүй хажууханд дороо үсчин агаарт дүүлнэ. Нүдээ анивчаад эргэн нээхэд байхгүй. Би норсоор. Түүнийг би мэдэхгүй. Тайзнаас холдож урсах голын дэргэд шар айраг атган ирэв. Нарны туяа уулын цаагуур орсон тул эргэн тойронд нэг ч гэрэл гэгээ үзэгдэхгүй. Хөх туяатай саранд гялтганах голын эрэг хөвөө л нүд хужирлана. Бороо сулхан асгарсан энэ шөнө голын эрэгт ганцаар суух надад хань олдсонгүй. Шар айргаа балгах нь л энэ шөнийн аврал мэт санагдана.
Бороо дуслахаа болив. Гэвч дуслах дуу нь байсаар. Эргэн харав. Нойтон чулуун дээр танил кэт бүхий эмэгтэй шүхэр сунган зүүн гараараа өвдгөө тэврээд явган суух нь үзэгдэнэ. Тэр бага зэрэг урагшилж миний дэргэд ирээд бид хоёр нэг шүхэрний дор.
YOU ARE READING
Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)
RomanceТүүний тухай зарим зүйлс, надад мэдрэгдсэн төсөөлөл, Мөн тэдгээрийн үргэлжлэл...