Наана цаана

443 13 5
                                    

Залуу өдрийн хоолоо зам дагуу байрлах цайны газарт чимээгүйхэн идээд үд өнгөрч байх зуур Явуухулангийн цэцэрлэгт хурээлэнгээр дайрав. Бодлын мухлагаас гарах үеийн тэр бүгчим уур амьсгал салхинд туугдан алсарч хааяа нэгхэн сэтгэл хөдөлгөн таашаалд хөтлөх сэвшээ салхи хань болно. Моддын навчис бие биентэйгээ цохилдохдоо хөг аялгуу үүсгэх бөгөөд тэр аялгуу нь анх гурван настайдаа зориуд мэдрэх гэж чих тавьсан тэр мөч шиг санагдана. Би санадаг юм. Мөн усан оргилуурын ундран оргилох чимээтэй зэрэгцэн миний ойр хавьд буй гэр бүл, найз нөхдийн харилцан яриа сэвшээ салхины чимээнд эмх цэгцгүй хэрнээ бие сэтгэлд хэдийн дассан тэр л чимээг чихний хэнгэрэгт хүргэн сонорт мялаах ажээ.
Залуу өдөр бүр эсвэл хааяа нэг мэдрэгддэг хотын энэ уур амьсгал дунд гартаа зөөгчийн өгсөн өнөөх цаасыг атган цэцэрлэгт хүрээлэнгийн булангийн гэхэд хэлсдэмгүй тэр сандалд баруун хөлөө ачин сууна. Яг л үйл хөдлөл хийх цаг хугацаагаа хаа нэгтээ гээж орхисон хүмүүн мэт. Залуу эгц урагши хэрнээ хөлний чимээ дуулдах  зүг хандан яг тэр зүгтээ харцаа үл салган ширтнэ. Өөрт зуун хувийн тааламжтай тэр л бүсгүйг бодож буй нь цаасны хэлтэрхийг үрчийтэл атгах гарнаас анзаарагдахаар байв. Гэхдээ эргэн тойронд нь алхаж, харилцан ярьж буй хүмүүс анзаарсан шинжгүй өөрсдийн үйл хөдлөлөө гүйцэлдүүлнэ.
Залуугийн хөшөө мэт дүр зураг төд удалгүй арилж гартаа атгах цаасаа цүнхлэхдээ бүсгүйн үнэрийг гээснээ анзаарав. Хаана яаж гэдгээ мартжээ. Юутай ч бүх амьдралынхаа турш ердөө хоёр л удаа онцгойлон мэдэрснээ мэдэж байв. Түүний мартсан гэх дототголыг анзаарсан хэнбугай ч чи тэнэг юм уу гэмээр. Хэдий тийм ч тэр мартсан нь тэнэг эсвэл тэнэг биштэй огт хамааралгүй бөгөөд тэр зүгээр л мартагнасан хэрэг.
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээс гарч СУИС-ийн урд ирэхэд нар байшингийн цаагуур далдирч ягаан мандал төдийхөн үзэгдэх авч гэрэл гэгээ тасраагүй байв. Бүсгүйн үнэр моддын үнэрт шингэсэн гэх таамгаар залуу гүнзгий амьсгалан алхана. Гэвч залуу хүү бүсгүйг санагдуулахаар тийм үнэр огт үнэртэж чадалгүй оюутныхаа байранд ирэв. Байрны жижүүртэй мэндлээд шатаар дээш авирч хоёр давхрын харанхуйд нөмрөгдөн бүрсийх оохор өнгийн ханатай кордорт алхах зуураа цагаан өнгийн зарим хэсэгтээ халцарсан модон хаалгануудыг  тоолов. Дөрвөн цагаан хаалга өнгөрсний дараа тав дахь хаалганы урд ирэхдээ баруун тийш эргэж даавуун өмднийхөө хармаанаас дүүрэн кофетой цагаан шинжтэй аяга бүхий хуванцар түлхүүрийн оосрыг өрөөнийхөө түлхүүрийн хамт гарган хаалгыг нээлээ. Өглөө өрөөгөө өөрийнхөө хэмжээнд цэгцлээд гарсан тул нэг ч бохир зүйл үзэгдсэнгүй. Ганц өөрчлөгдсөн зүйл нь өрөө зуны бүгчим халууныг дуурайн бүгчим агаарт автсан байв. Цүнхээ сандал дээр тавьж цааш алхан цонхоо нээж хэдэн хормын өмнө амьсгалж асан тэр агаараар амьсгалав. Тэр амьсгалахдаа бүсгүйн үнэр санагдаасай хэмээн горьдсон хэдий ч ор сураггүй алга болсон гэдгээ мэдүүлэх шиг цээжний гүнд нь хий хоосонг мэдрүүлж орхив. Өрөөстэй зургаан номны дэргэд байрлах компьютрээ асааж гурван жилийн өмнөөс цуглуулж ирсэн амьд хөгжмийн сангаасаа The BEATLES хамтлагийн 1965 онд гаргасан Help цомогт багтах Yesterday дууг тавьж түүний араас хэд хэдэн дуу явахаар тохируулсны дараа хөргөгчнөөс 2 төмс, 100гр мах болон 1 атга гоймон авснаа хаалгыг хаав. Хоёр төмсөө арилгах, махаа хэрчих гээд хоолны материалаа бэлдэхэд хагас цаг хангалттай хэдий ч бүсгүйн талаарх бодлоо үл гээснээс тэр цаг хэртэй удаж цагийн богино зүү арвыг заахад хүрчээ. Залуугийн эгшиглүүлж байсан дуунуудын чимээ тасраад удав.
*                               *                                       *
Хоолоо идэж дууссаныхаа дараа аяга тавгаа угааж цэгцлээд дууны жягсаалтанд эгнэгдсэн дуунуудаа ахин эхлүүлэв. Өрөөнд Yesterday хэмээх дуу хоёр дахиа эгшиглэлээ. Залуу хүү цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтэр болон эмхэтгэж үдсэн Муракамигийн өгүүллэгүүдийг гарган ширээн дээрээ тавив.
“Оройдоо
Чиний үнэрийг мартагнав би. Тэмдэглэлийнхээ дэвтрийг хэдэн ч удаа уншлаа гэсэн эргэлзээ төрүүлэм сонор соргог болоод урьд хожид огт мэдрэгдээгүй гэх учир битүүлэг үгс л байх юм. Ийм тохио бүрдэхийг урьдчилж таамагласан бол биеэ барилгүйгээр ил тод дүрсэлдэг байж. Надад чиний харцнаас өөр зүйл үлдээгүй бололтой. Одоо дүрслэе гэвч мартагнасан надад юу дүрслэгдэхэв дээ. Бурхан минь гэж.
Чиний үнэрийг ахин мэдрүүл гэж бурхнаас, харваж буй сүүлт одноос ч би гуйхгүй. Гагцхүү надад ахин нэг удаа мэдрүүлээрээ хэмээн чамаас л гуйя би.”
Дэлгэсэн дэвтрээ хааж эмхэтгэсэн өгүүллэгээ уншихаар зэхэхдээ өрөөнд ая дуугаа намуухан хөглөх Beatles-ийн чимээ аниргүйд автсаныг анзаарч ахин эгшиглүүлэлгүй унтрааж орхив. Уншиж амжаагүй өгүүллэгүүдээ уншихийн зэрэгцээ маргааш шинэ гарсан хамтлаг дуучдын СDг сонирхохоор HIFI руу зүглэе хэмээн бодож өгүүллэгүүдийн өгүүлбэрийг уртасган бодолхийлнэ.
Цагийн зүү өгүүллэгүүдийг уншигдаж дуусах үеэр арванхоёрыг заагаад хорин минут өнгөрчээ. Залуу ширээнээсээ босч гэрлээ унтраах гэтэл дэвтэрнийх нь завсраас хуудас цаас унахыг олж харав. Залуу таг мартжээ. Өөрт таарсан зуун хувийн бүсгүйгээ мартаж энэ явдлаар ахин санах нь бороон дусал мэт сэтгэл зүрх рүү нь дусал дуслаар буух мэт. Бага багаар дурсамж тодорсоор бүсгүйн төрхийг илхэн болгож, үнэрийг нь хүртэл эргэн санагдуулав. Яг л сонсогдоод өнгөрсөн өчигдөр шиг.
Төсөөлөгдөнө. Төсөөллөөсөө үлдэн хөөх эсэхээ шийдвэрлэж чадахгүй ч угаас үлдэн хөөх шалтаг байхгүй тул төсөөлөлд өрнөсөн өрнөлийг сэтгэлдээ тээхээс өөр аргагүй. Хуудас цаасаа атгаад хөнжил рүүгээ шургаж тааз ширтнэ. Дөрвөн ханыхаа заагаар хязгаарлагдах таазны хэсэгхэн талбайд бүсгүйн дүр тодрох нь залуугийн төсөөлөлд өрнөсөөр эцэстээ оффист ажилладаг гэмээр хүрэн хослол дотроо юу өмссөнийг мэдэхгүй ч задгай энгэртэй сорочкон цамцан дээр хүрэн баантаг баймаар санагдана. Нүүр царайны хувьд хацарлаг хэзээ ч билээ үзэж явсан танил харц, хачин дотно хүрэн улаан уруулын будагтай ялдам уруул. Өндөр өсгийт өмссөн ба түүний дээр хар шилэн тирко байх аж. Бүх биеэр нь ажвал мяраалагдуу, гэхдээ өмсөх хувцас байгаа байдал нь тэр галбирийг тун их дэгжин харагдуулна. Тийм л донж төрх.
Дүр сарниж залуу нэгэнтээ зүүд нойрны ертөнцөт хөл тавьлаа. Гартаа атгасан цаас нь гарнаас нь мултарч шалны зүг унахдаа газарт хөнгөн гуниглал тодруулав. Сарны туяа цонх нэвтлэн чимнэ.
Ургах нарны туяанаар залуугийн зүүд нойр бүдгэрч орноос босохдоо танил харцтай тэр бүсгүйг бодсоор аж. Залуугийн адилаар хуудас цаас ч өөрийн гуниглал бодролоо үл гээжээ. Сарны нөлөө арилаагүй мэт.
Угаалгын өрөөн дэхь толинд залуу нүүрээ ажив. Нуухтаж гархилсан харцны дор ухархай нь тодрох ба уруул нь хатаж хальс нь сааралтана. Карантны усаар гурвантаа шавшаад ахин харвал өчигдөр хэн байсан тэр хэвээрээ үзэгдэв. Хий харсан бололтой. Гэвч үнэн байх вий гэхээс чимээгүй айдаст автлаа.
Хагас цаг орчмын дараа хаалгаа түгжээд байрныхаа хаалгаар гарахад шувуудын чимээ угтаагүй ч дасал болоод удсан хүмүүсийн холхих дуун болоод машинуудын агаар зүсэх чимээ угтсан юм. Улсын их дэлгүүрийн замын эсрэг талд орших Hi-Fi рекордсын хаалгыг нээн дотогши орохдоо Playtime 2016 наадмын самбарыг олж харлаа. Залуу наадмын тухай мартсанаа гэнэт санав. Дэлгүүрээс гарах үедээ тухтай сонирхоё хэмээн түрхэн бодол хийлснээ алхаагаа үргэлжлүүлж монгол хамтлаг дуучдын хэсэгт хөл тавив. Залуугийн бага зэрэг тонгойж өмнө хаа нэгтээ гудамжинд алхаж явах үесээр зэрвэс сонсогдсон дууны цомгийг гартаа атгах нь худалдагч бүсгүйд юу сонгохоо үл мэдэн цаг нөхцөөж буй эгэл залуу  шиг илт мэдэгдэнэ. Гэвч тийм биш.
Залуугийн дэргэд саяхнаас нэг бүсгүй ирж зогссон ба тэр бүсгүйн гадна төрх, хэв маяг нь амьд хөгжимд дурладгийн баталгаа мэт. Өвдөг хүрэх төдий бор тютю, хар тирко болон кэт. Дээгүүрээ ноосондуу маягийн цагаан сул цамц өмссөн нь хэдий эв хавгүй санагдах мэт боловч хоёр хуваан сүлжсэн хар үс нь нүдний шилийн хамтаар тэр эв хавгүй байдлыг намжаана. Тормогор алаг нүдэндээ эгэл биш зүйл нууж залуугийн анхаарлыг яг энэ цаг мөчид өөртөө уриалан дуудав. Бүсгүй харин залууг анзаарсан шинжгүй гартаа барих CDгээ ажин зогсоно.
Надад мэдрэгдэх зүйлийг хайр сэтгэл гэхэд хэлсдэнэ. Өөрийг нь ч мэдэхгүй хүнд дурлахтай ижил зүйлээр хандсан энэ мэдрэмж хий хоосон агаар л гэсэн үг. Яг л агаар биднээс алсрахад ард үлдсэн би хий хоосонг мэдрэхтэй адил. Цаг мөч бүхэн алхам алхамаар урагшилж бүсгүй хажуу эгнээний CDн дунд анхааралтай гэгч нь зогсох нь анзаарагдмаар цоглог байлаа. Гэвч залуу анзаараагүй юм. Бүр сүүлд бүсгүйн хоолойгоо засах чимээнээр л хажуу эгнээнд шилжснийг мэджээ. Мөн өөр лүү нь ялимгүй зүглээд эргэн харсан харцыг...
-Тав тухгүй байдлаар эргэн тойронг чинь бүрхэсэн бол уучилна биз. Гадаа цэлмэг байна. Яг л өчигдөр шиг. Гэхдээ би сая сааралтуулчих шиг боллоо, бороо орох нь. Та нэг хүнтэй тун адилхан юм. Магад өөр хүн байх л даа. Гэвч тэр бүсгүйн харц над руу зурвасхан хараад дальдарсан чиний харцтай тун адилхан. Хэдэн өдөр тасралтгүй бодохлоор ямар ч зүйлийг андахааргүй болох юм байна шүү дээ. Эсвэл чи өдөр болгон өөр өөр дүртэйгээр гудам талбайгаар алхадаг юм уу? Хэрэв тийм бол сонирхол улам төрнө дөө. Төсөөллөөрөө бий болгосон ертөнцөд тийм хүнтэй учирна гэдэг. Би барагтаа бол хэв маягаа өөрчлөөд байдаггүй болохоор чи намайг анзаарна. Хоёулаа хэдэн ч удаа таарлаа даа. Түүнтэй өчигдөр мухлагт таарсан. Гэхдээ ярилцаагүй л дээ. Тэр гэхдээ гараад явахдаа зурвас үлдээсэн. Намайг анзаарсан байх. Түүнээс өмнө гудманд яг л тэр харц чамтай адил харц яваад өнгөрсөн. Гэвч эргээд харах зуур алга болсон. Одоогийн чиний хэв маягаас арай ондоо байсан санагдана. Та хоёрт адил тал их юм. Их гэж тэр нь ганцхан л даа. Инээмсэглэлийг чинь уруулны чинь хэлбэрийг адилтгая гэвч би түүнийхийг мартчихсан юм. Яг л жаахан хүүхэд шиг.
Залууг өөртэйгөө ярих зуур хажуу эгнээ болон залуугийн зогсох эгнээ хоёр нэг болох мэт санагдаад ирэв. Бүсгүй залуу руу гараа сунгах агаад хүрэн улаан будагтай уруулаараа инээмсэглэнэ. Залуу аажим гар луу нь гараа сунгах ба нүдэнд үл харагдах CDны хавцсанд гар нь тулав. Төсөөлөлд автснаа бүсгүйн чанга дуу гэмээр инээднээс олж бодит байдалд эргэн ирэх үеэр зуун хувийн бүсгүйтэйгээ хананы наана цаана төдийхөн буйгаа ухаарчээ. Хэдий ухаарсан ч хожимдсон байв. Бүсгүй алга. Аль хэдийн хаалгаар гараад хаа нэгтээ одсон бололтой. Өмнөх өдөр шиг явахдаа ямар нэг зүйл үлдээсэн эсэхийг шалгасан авч юу ч анзаарагдсангүй. Гэвч бүсгүйн үлдээсэн ул мөр нь инээмсэглэл болоод хүрэн улаан уруул нь болохыг залуу бүр сүүлд гудмаар алхах зуураа анзаарав. Мөн Playtime-ийн тасалбар авахдаа цагаан өнгийн сул цамцтай, үсээ хоёр хуваан сүлжсэн нүдний шилтэй бүсгүйг тасалбар авсныг мэджээ.
   

Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)Where stories live. Discover now