Цас хаялсан цагаан шөнө би энэ захидлыг чамд хаяглан байна. Чиний хэлсэн үгс сэтгэлд хүрч цасан бүжиг зүрхэнд наадуулах адил намайг баясгав. Хэрэв энэ үзэгдэл зүүд бол би хувьдаа зүүднээсээ сэрэхгүй л байх байсан. Зүүд л юм чинь хамаагүй биз дээ, чи дэргэд хүрээд ирээч. Чамтай хамт мухлагт суух хүсэл оргилж, тэр бүү хэл үйл хөдлөл бүрийг чинь даган ажихыг энэ бие хамгийн ихээр хүснэ. Би эргэж очихооргүй болсон. Уучлаарай.
Чамтай л байхыг хүссэн юмсан. Нулимс унаган буйгаа нуухыг хүсэхгүй байна. Сэтгэлд дотно чинийхээ нөмөрт ахин орж чадахгүйгээс хойш зүүдэнд чинь л үнэгчлэн оршъё. Зүүдэн дунд чинь үнэг айлчилваас тэр нь би шүү, хонгор минь. Хэд хоног дараалан үнэгчилж сэтгэл зүрхэнд тань санахын жаргал эдлүүлэхээс хэтрэхгүй ч түүнээс хавь илүү хайр зүрхэнд минь байдаг юм.
Чи минь гадарлаа л байлгүй, харц тулгарах бүртээ хэрхэн яаж сандардгийг минь. Магадгүй одоо хэр нь анзаарч амжаагүй яваа байх. Бүх сэтгэл хөдлөлөө дотроо нууж харц дээгүүр алхаж байсан болохоор тэр л дээ. Хачир нэмээгүй ил захидал минь үүгээр дуусч байна. Баяртай. Зүүдэнд уулзъя.
Монгол улс, Улаанбаатар хот.
Нулимс цаасанд хэдэнтээ нэвчинэ. Хэзээ ч билээ энэ мэдрэмжийг авсан, одоо ахин мэдэрч байна. Яагаад, яагаад заавал чи бид хоёр учрах, учрах учрахдаа хоромхон шахуу учирлуудаар учирцгаадаг байсан юм бэ? Тэгээд одоо болохоор ахин учрахгүй. Яасан харамсалтай, яасан гунигтай юм бэ? Би бүр уйлж орхилоо. Сэтгэл хөдлөнө.
Залуу урт зүүднээсээ сэрэв. Тэгээд өрөөнийхөө цонхоор харахад яг л зүүд эхэлсэн тэр өдрийн цаг агаар буй за. Залууг өрөөнөөс гарч гудманд холхилдох хүмүүстэй зөрөлдсөөр хэвийн гэж тодорхойлсон цаг агаартаа зог тусав. Өөрт тохирох 100%-ийн үнэгэн харцтай бүсгүй. Тухайн мөч ахин олдохгүй ба ирэх хором мөч бүхэн өнгөрөх зуур тэд бие биедээ дөхсөөр.
Одоо л биш бол ахиад гэж үгүй. Чи мэдэх үү? Яг энэ цаг агаарын байдлыг, бас чамайг урьд шөнө зүүдэлж хоносныг. Тэр зүүд яг энэ үйл хөдлөлөөр эхэлж байсныг би тод санана. Эргээд харах төдийд чи байгаагүй, харин одоо байлгах болохоор бүү санаа зов. Гэвч ахиад л чи сарних болов уу? Гэнэт намайг айдас бүрхэж орхилоо.Чи хэдийдээ хорин метрийн зайд тулаад ирэв ээ. Цаг хугацаа ийм хурдан, эсвэл хурдан. Байж боломгүй. Харц чинь намайг олж харах хэдий ч чи тогтоож харахгүй байх шиг. Хэдий тийм ч зүүдэнд минь чи ийм л байсан. Эрхэмсэг бас ялдам. Мөн нууцлаг. Салхи салхилж чиний үс намирах үзэгдлийг хачин ихээр санаж байна. Одоо тэр дутаад байх шиг. Тийм хэдий ч одоогийн нөхцөл байдалд тааруулан олдсон боломжоо ашиглах хэрэгтэй болов уу.
Яг одоо бол чи миний, би чиний дэргэд эсрэг зүгт харан байна. Хором ч хүрэхгүй хугацаа, эмэгтэйн зөөлөн арьс гарт мэдрэгдэв. Тэр эмэгтэй бугуйнаас минь атгаад чихэнд шивнэсэн. Салхи эрчээ авч нүдний минь урд эмэгтэйн үсний үзүүр намирсан. Салхинаас өөр чимээгүй ганц хором, эргэж харсан. Тэр бугуйг минь атгангаа үнэгэн харцаараа мишээж байсан.
Түүний чихэнд шивнэсэн үг тэр бид хоёрын дурсамж байсан.
YOU ARE READING
Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)
RomansaТүүний тухай зарим зүйлс, надад мэдрэгдсэн төсөөлөл, Мөн тэдгээрийн үргэлжлэл...