Чи бидний харилцаа нэг л ойлгомжгүй.
"Найз гэхэд дэндүү хөндий
Хосууд гэх үг ч мөн адил эс зохицохоор
Танил гэхэд дутахаар
Бүр огт танихгүй хүмүүс лав биш" тэгэхээр чи бид хоёр ямар харилцаатай хүмүүс юм бэ? Ямар?
-
-
-
Завсарлах хонх дуугаран сурагчдын ихэнхи нь гадагш гарчээ. Магад бүгд доош буун хоолны газар луу явсан байх. Харин энэ үеэр би гэдэг хүн чихэвчээ зүүн дуртай дуугаа сонсон тухтай гэгч нь хүмүүсийг ажин сууж байв.Завсарлагаан их богинохон хугацаанд болдог учир тийм ч удсангүй хичээл эхлэх хонх дуугарлаа. Багшийг орж ирэхээс өмнөхөн чихэвчээ утаснаасаа салган аваад цүнхэндээ чамбай гэгч нь хийн бэлэн болоход багш ч орж ирснээр хичээл эхэлсэн юм.
Тасралтгүй хоёр цаг уйтгарт математикийн хичээл орсны эцэст аз жаргалт, цаг минь ирэх нь тэр.
Энэ нь юу гээч, түүнийг харж болох тэр хоёр цагийн хичээл. Долоо хоногийн хамгийн аз жаргалтай өдөр энэ л байх. Бүхэл бүтэн долоо хоног хүлээсний эцэст түүнтэй тааралдаж, тэр ч байтугай нэг ангид хамтдаа бүхэл бүтэн хоёр цаг хамтдаа байна гэдэг үгээр илэрхийлэмгүй аз жаргал.Хичээлээ хийж байгаа атлаа үе үехэн түүн руу харц шидэлж тэрхэн мөчдөө үл ядмаг улайн, зүрх минь ямар их догдолдог гэж санана.
Түүний хайр татам инээмсэглэлийг харах гэж би ямар их хүлээдэг гэж санана, гэхдээ чи үүнийг таамаглах ч үгүй бизээ.
Чамтай ойрхон суух тэр мэдрэмж...энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмж байх. Чиний хоолой, үг яриа, инээмсэглэл, эвтэйхэн зассан үс, өөртөө зохицох дэгжин хувцсаа өмссөн байдал, хэзээ ч алдагдахгүй тэр сэхүүн зан.
Би чиний гэх бүхий л зүйлийг маш сайн санадаг. Яагаад гэж үү? Намайг зөндөө олон удаа шархлуулж байсан атал, миний нүдэн дээр аймшигтай их шархлуулахаар үйлдэл хийсэн бүгдийг хийсэн байхад бүхнийг мартаж тэрхэн үедээ нулимс дуслуулан цөөнгүй олон өдөр уйлж, цөхөрч, чамайг маш ихээр үзэн ядсан атлаа харах бүрт өнөөх бүх гомдол цөхрөл хаашаа ч юм бэ алга болон дахин чамайг санан дурсаж эхэлдэг.
Би чамд сайхан хандах гээд зориг гарахад сэтгэл хөөрөл гэх дүрэлзсэн гал руу минь чи ус цацаж орхидог,
Харин би чамайг мартах гэж хичээх тусам чи хаанаас ч юм бэ гарч ирэн өнөөх унтарсан галыг дахин дүрэлзүүлдэг...энэ бол бидний дундах харилцаа юм даа.
Яагаад чи бид хоёр ийм эсрэг тэсрэг юм бол. Намайг үргэлж шархлуулдаг мөртлөө яагаад би чамайг хайрлахаа больж чаддаггүй юм бол.
Тэнэг байгаа биз бүхэл бүтэн 5н жил чамаас өөр хэнийг ч хайрлалгүй зөвхөн чамайг гэж байгаад уучлаарай...