-Саруул-
Өглөө сэрэх үед Намжүүн миний хажууд байсан юм. Бүр намайг тэврээд гүн гэгч нь нойрсож байсан юм. Түүнтэй анх уулзсанаас хойш, түүнтэй амрагийн харилцаатай болсноос хойш анх удаа л бид өглөөг хамтдаа угтсан болохоор нэг бодлын хачин санагдаж байсныг нуух юун. Гэхдээ юу юунаас илүү тайвширал, тайтгарал, аз жаргал надад мэдрэгдэж байлаа. Түүнийг эзгүй үед мэдрэгдэж байсан тэр санаа зовнил, уй гуниг хийгээд хоосон байсан сэтгэл түүний оршин буйг харах төдийд л эргээд нийлсэн мэт санагдана. Яг л аль хэдийнээ хагарсан байсан шилний хэлтэрхийнүүд эргээд бүхэл болчихсон мэт мэдрэмж.
Түүний тайван нойрсох царайг ширтэх үед би яг л энэ дэлхийн эзэн нь болчихсон мэт санагдаж байлаа. Хичнээн ихээр би уйлж, хичнээн ихээр би шаналсан ч гэлээ түүний хариуд тэр хажууд минь байгаа болохоор, тэр миний дэргэд нойрсож байгаа болохоор л тэр байх. Яагаад түүнийг гэнэт явсан шигээ гэнэт ирснийг мэдэхгүй байгаа ч би зүгээр л юунд ч санаа зоволгүйгээр энэ их аз жаргалыг амтлахыг хүссэн юм. Энгэрт минь хэвтэх энэ залууг, ганцхан шөнийн харилцаанаас бий болсон ялихгүй харьцааг энэ түвшинд авчирсан бидний холбоог л би юу юунаас илүүд үзэж байлаа. Энэхэн мөчид надад түүний гэр бүл огт хамаагүй санагдаж байсан юм. Амиа хичээсэн ч гэлээ, ганцхан удаа л хувиа бодчихъё. Дараа нь ирэх шийтгэл хичнээн хэцүү, хичнээн аймшигтай байсан ч гэлээ би тэр төлөөсийг төлж чадна. Хэрвээ тэр надтай жаахан ч атугай хажууд минь байвал, хэрвээ тэр надтай хамт өглөөг угтаад байж байвал би юуг ч хийж чадна байх. Тийм болохоор түүнийг жаахан удаан дэргэд минь байлгаж өгөөч хэмээн би бурхнаас гуйна, сэтгэлдээ шивнэнэ.
Хэзээнээс би бурханд итгэдэг болчихсоноо мэдэхгүй нь. Магадгүй Намжүүнийг явах үед байх. Хамгийн хэцүү тэр мөч ирэх үед л би хүмүүсийн тэгтлээ их найддаг тэр бурханд залбирч, гуйсан. Харин тэр эргээд ирсэн болохоор би түүнийг жаахан удаан дэргэдээ байлгахыг хүсч байна. Ердөө жаахан шүү дээ.
Намжүүний дэргэдээс холдоод би угаалгын өрөө орон өөрийгөө харлаа. Цэвхий цагаан арьс, гүнээ гэгч нь хар хөх зураас татсан нүд, хатсан уруул, турж эцсэн бие. Түүнийг байхгүйд толинд харахдаа би юуг ч олж харж чаддаггүй байсан ч одоо хартал би үнэхээр аймшигтай харагдаж байна. Намжүүнд би үнэхээр аймшигтай харагдсан байх даа.... Түүний хувьд хамгийн үзэсгэлэнтэй нэгэн болж харагдахыг хүсдэг ч би яг одоо хамгийн аймшигтай, үзлийн нэгэн болоод хувирчихсан байна. Түүний нүдэнд үзэсгэлэнтэй болж харагдах хэрэгтэй гэх бодол л тархинд эргэлдээд сэтгэлийг минь өвтгөөд байсан болохоор би нүүрээ будаж эхлэлээ. Цэвхий даасан нүүрэндээ энгэсэг түрхээд, уруулаа улаанаар будлаа. Нүднээс нулимс урсаж байсан ч би галзуу юм шиг л нүүрээ будаж байсан юм. Хамгийн хөөрхөн эмэгтэй болохыг хүссэндээ, түүнд ийм аймшигтай дүр төрхөө харуулсан болохоор гутарсандаа л тэр. Намжүүн намайг хүчирхэг эмэгтэй гэдэг байсан гэтэл өчигдрийн дүр төрх минь түүнд хичнээн өрөвдөлтэй санагдсан болоо? Тэр магадгүй надаас айсан байх...
"Юу хийж байгаа юм?" түүний сөөнгө хоолой ард минь дуугарав. Хэдийгээр түүнд хариулахыг хүссэн ч уйлж байсан болохоор би юу ч дуугарч чадсангүй. Намжүүн над руу хүчтэй ойртон ирээд, нүүрнээс минь бариад өөр рүүгээ харуулсан бөгөөд царай руу нь хартал тэр хөмсгөө зангидсан байлаа.
"Чи яаж ч байсан үзэсгэлэнтэй болохоор битгий ингээд бай. Яагаад ингэснийг чинь би мэдэж байна" тэр уруулын минь улаан будгийг жишим ч үгүй арчихдаа надад намуухнаар ийн шивнэсэн юм. Ямар үзэсгэлэнтэй үгс вэ? Түүний амнаас гарч байсан хамгийн үнэн атлаа хамгийн сэтгэл догдлуулам үгс энэ байх. Тэр нүд рүү минь хараад эдгээр үгсийг хэлсэн болохоор, түүний харцнаас чин сэтгэл харагдаж байсан болохоор би түүний хэлж буй зүйлсийг үнэн гэдгийг нь мэдэрсэн юм. Мэдээгүй зүгээр л мэдэрсэн.
Хүний нүд гэдэг сэтгэлийнх нь толь байдаг болохоор нүд л үнэнийг өчдөг, өгүүлдэг. Намжүүнийг худал ярих үед нүд нь ийш тийш гүйлгэнээд байдаг ч энэ удаа тэгээгүй. Мөн би зүгээр л түүнд итгэхийг хүссэн юм.
Тэр уруулын будгийг минь арилгаад, духан дээр минь нэг үнсээд намайг дагуулан гал тогооны өрөө рүү орсон юм. Тэр зүгээр л намайг ширээнд суулгаад, хагас боловсруулсан гахайн мах болон өндөг шараад, кофе чанан өглөөний цай бэлдэх ажээ. Яг л бид хэзээний гэр бүл болчихсон мэт санагдана. Хэтэрхий их аз жаргалыг би нэг дор мэдрээд байгаа мэт.
Тэр цааш харан өндөг болон гахайн махаа тавган дээр тавьж байх үед нь би араас нь очин тэврээд, нуруунд нь толгойгоо наалаа. Намжүүн гэнэтийн үйлдэлд минь цочирдсон бололтой чимээгүй л зогсох агаад би түүний үнэрийг ханатлаа уушиглана. Сүрчиг болон биеийн усны үнэр биш зүгээр л эр хүний үнэр. Түүний минь үнэр. Хэдэн мянган цэцгийн дэлбээн үнэр байлаа ч түүний үнэртэй харьцуулахад юу ч биш байна байх. Хэзээ дуусах нь үл мэдэгдэх энэ жаргалыг үүрд үргэлжлүүлэхийг хүсэх авч хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой.
Тэр төсөөлөлд минь биш дэргэд минь байгаа энэ цагт л би дураараа аашлая..
Хэрвээ намайг хэн бэ гэж асуувал би хэдэн зүйл л хэлнэ. Нэгэн залууд галзууртлаа дурласан хөөрхийлөлтэй эмэгтэй, нэгэн залууг өөрөөсөө илүүтэйгээр хайрласан эмэгтэй, ганц залуугийн өмнө хүчин мөхөс болдог өрөвдөлтэй бүсгүй гэж....
-Саруул-
Author's note
1 хэсгийн дараа дууслаа даа, дууслаа. Угаасаа бага хэсэгтэй төлөвлөчихсөн байсан болохоор сунжраад ч яахав дээ :)
YOU ARE READING
Every night // knj [Completed]
Short StoryI know this is booty call - "Every night" by EXID Highest ranking #3 in short story