.10.

2.9K 448 6
                                    



Хүн бүрт тэдний төөрөг тавилан бий гэж би итгэдэг. Эхлэл төгсгөлгүй цаг хугацаа, хязгааргүй орон зай, тоо томшгүй од гаригийн дундаас, энэ нарны ертөнц, энэ дэлхийд би гэдэг хүн болж төрөхдөө ямар нэгэн зүйлд зориулдагдсан л байж таарна.

Ямар нэгэн зүйлийг гүйцээхээр, эсвэл эхлүүлэхээр.

Би тэгж итгэхийг хүснэ. Үгүй бол энэ ертөнцөд ирээд буцах хоромхон зуурын хугацаа дэндүү харамсмаар, богинохон биш гэж үү? биднээс юу ч үлдэхгүй бол, биднийг бүгд мартчихвал тэр гунигтай биш гэж үү?

Үхлийн орон дээр хэвтэж буй нөхрөө орхин гарсан миний аялал эцсийн зогсоолдоо хүрэх үед би ийм шийдвэрт хүрээд байлаа.

"Би дахиад бичиж эхлэх болно. Хэцүү байсан ч, хэн ч намайг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, бусдад чадваргүйгээрээ дуудуулж, хэзээ ч хэнд ч өөрийн бичсэн зүйлсээ уншуулж чадахгүй байсан ч хамаагүйгээр, би өөрийгөө, нөхрийгөө үүрд мөнхлөн бичиж үлдээх болно"

Английн Брадфорд хот.

Дундад зууны үеийн барилгууд, орд харш, хуучин хэрэм цайзууд өдгөө ч тэр чигтээ хадгалагдан үлдсэн энэхүү хотын гудамжаар би өөрийнхөө том хар цүнхээ чирсээр алхана.

Буудаллах буудлынхаа өмнө ирээд шилэн хаалганд тусах өөрийнхөө төрхийг хараад инээмсэглэхгүй байж чадсангүй.

Би буцаад би болсон мэт санагдаж байлаа.

Царай минь гэрэлтэж, үсээ ч сайхан засжээ. Нутгаасаа авч гарсан хөх үүргэвчээ орхиод гартаа барьсан байх хар цүнх минь ч таалагдаж байна.

Хацар минь турж, хонхойсон байсан нь больж, харц минь үхчихсэн байснаа буцаад амь орчихож.

Би эргээд ирчихэж.

Буудалдаа орж ачаагаа үлдээчихээд гартаа нөхрийнхөө тэмдэглэл болон өөр ойр зуурын зүйлс хийсэн жижиг цүнхээ барьсаар гарахад уйтай энэ хотод өнөө л бүүдгэр тэнгэр ноёрхоно.


- Намайг үхчихвэл чи уйлах уу?

- Уйлна.

- Битгий, уйлж хэрэггүй. Харин оронд нь өөрийнхөө дуртай шүлгийг уншиж өгөөрэй.

- Тэр шүлэг намайг тайтгаруулна гэж үү?

- Тэгнээ. Тэр шүлэг чамд юуны төлөө инээх ёстойг чинь сануулна. Хайр шүү дээ, хайр. Хонгор минь...

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now