❂ ⁎ ❂ ⁎ ❂
#Кармен
Адгуус
(Гуравдугаар бүлэг)
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Ийм байдаг юм. Оргил өөд хар цагаан хөлс цусаа урсгаж мацахдаа түлхсэн үйлийн үрээсээ болоод төдөлгүй эрчээрээ унахаа мэдсэн бол ясаа бутлаад ч атугай зуурч үлдэх гарцыг хайх болдог нь үнэнтээ. Нүдээрээ ийш тийш сүүмийлгэн сандчихдаа урьдад нүүр лүү нь нулимж байсан нэгэн рүү ч амь авраач гэх шиг хардаг. Тэрхүү царайны хувирал ямар ой гутам байдаг гэж санана вэ, та минь?
Турьхан цонхигор цагаан бие дээр минь оюу цэнхэр бошинз, туулайн арьсан захтай хөвөн нэхмэл хүрэм, өмсгөл өнгө дагуу тосон шаахай углуулж өмсүүлээд тэд намайг ахин гэртээ авчрав. Авхайн заяаг үнэхээр хүртэх эрхтэй эсэхээ үнэндээ би мэдэхгүй шүү дээ.
Энд гурав хоног цас орж зам мөстсөн гэж надад жолооч албат хэлсэн. Дээр нь бид нялх амьтны амь авраад ирсэн юм болохоор товлосон цагаасаа нэлээдгүй хоцорч эдлэнд хүрлээ. Жолооч албат машинаасаа түрүүлж буугаад надад хаалга нээж өгчээ. Эдлэнгийн даамал эм түүнтэй зөрөн "Залуу авхай, тавтай морилно уу" гэж хамгийн түрүүнд инээмсэглэж угтаад, гараас минь зөөлөн атган машинаас түшиж буулгана. Одоо л эрх дархтай эцгийнхээ царайг харах шив дээ. Миний дурдсан инээмсэглэл гэхдээ яагаад зөвхөн түүнд биш энэ харшийн бүх хүмүүсийн нүүрний арьсанд хадаатай байдаг билээ?
Ээж минь өнгөрч, эцэг минь намайг хаясны дараа "үр минь" хэмээн дуудаж, төрснөө хэмээн хайрласан ээжийн минь дүү намайг үдэж өгөхдөө хэлсэн үгийг энд санагалзам.
- Амьтан нь адгуус байх гэж үгүй. Хүн л адгуус нь байдаг юм. Амьтад хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг журмаар зөвхөн амьдралынх нь төлөө нэгэндээ улаан голоо бэлэглэдэг бол хүмүүс эдэнд шунаж, аминд бахдан, өшөө хорслоо дийлж чадахаа болихоороо бусдыгаа хөнөөдөг. Тэд юуны ч арьс нөмөрч болно. Тиймээс зөвхөн өөртөө л итгээрэй, яг энэ зүрхэндээ гээд цээжин тушаа газарт минь гараа тавиад духан дээр минь үнэрлэсэн сэн.
Дээдэс эцэг минь инээд хангинуулсаар миний зүг алхаж эхлэхэд ч би итгэл муутайхан түүн рүү чиглэнэ. Гэхдээ түүнийг турьхан биеийг минь цээжиндээ багтааж тэврэхэд саяхан нөмөрсөн жавар замхарчих шиг санагдсан.
Ямар бөх бөгөөд дулаахан тэврэлт вэ, аав аа? Арван гурван жил энэ тэврэлтийг ямар ч эрдэнээр солихыг хүсээд, тэтгэмжээр илгээсэн эд мөнгөөр бялхсан хүйтэн гэрт бээрч суухад минь та хаана байсан юм бэ?
YOU ARE READING
- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -
Short StoryГундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун. Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе. Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье. Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун Хэрвээ атал би хүмүүн төрсө...