Хүйтэн байна. Хаа сайгүй л цас хаялж, тэнгэрийн хаяа саарал үүлсээр хучигдчихсан өөр нэгэн бүрхэг өдөр, дахиад л хүйт даан бие эрвэгнүүлнэ.
Духаар минь ямар нэг шингэн зүйл урсах мэдрэгдэхэд би амьсгаадсаар тааралдсан нэг мод тулж зогсоод, духаар урсах зүйлдээ гараараа аажуухан хүрчхээд харвал цус байх аж. Биеийн бүх хэсэг хүндүүр оргиж, тамир тэнхээ минь шавхагдаж буйгаа би мэдэрч байлаа.
Хаашаа л харна өндөр сүрлэг модод, цагаан цасаар бүрхэгдсэн газар. Ямар ч амьд амьтан байхгүй мэт ойн бүх зүйлс тун анир чимээгүй, цас хаялах чимээ нь хүртэл хулгана ч сонсож үл чадам аниргүй ажээ.
Би гэмтчихсэн баруун мөрөө барьсаар түрүүхэн түшиж байсан модынхоо хажууд удаанаар суулаа. Доороос хүйт айхтар мэдрэгдсэн ч надад одоо ийм л хүйт хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ухаалгаар сэтгэхэд хүйтэн зүйл хэрэгтэй байгаа болохоор.
Духаар урсах цус улам л нэмэгдэн, баруун нүд даван урсаж эхлэхэд би баруун нүдээ аниад, хүндээр амьсгалахад халуун уур амнаас савсан гарч, агаарт удаанаар замхрах аж. Салхи багатай байгаа нь ашгүй дээ.
Цус их алдсанаас болсон уу, ядарснаас болсон уу гэдгийг сайн мэдэхгүй ч гэнэт нойр хүрч эхлэхэд би өөрийн эрхгүй л унтчих гээд байв. Болохгүй ээ, ийм хүйтэнд унтчихвал би хөлдчихнө. Тэгвэл ч энэ хүртэл амьд явсны хэрэг гарахгүй биз.
Зүүн нүд минь аажмаар анилдаж эхлэхэд би гэнэт нэгэн модны цаанаас амьтны дүр харах нь тэр. Бүрэлзээд сайтар харагдаагүй ч яах аргагүй ямар нэг амьтан гэж хэлж болохоор байлаа.
Нүдээ дахин нэг аниад нээвэл тэр зүйл алга болчихсон байсан ч удалгүй хэн нэгэн намайг чиглэн алхаж буй нь харагдав. Дайсан уу? Намайг барихаар ирсэн үү?
Би зугтах хэрэгтэй. Ийн бодсоор хөдлөхийг хичээсэн ч яагаад ч юм хамаг бие гацчихжээ.
"Битгий хөдлөөрэй, чи цус их алдаж байна, би чамайг өвтгөхгүй ээ." гэж тэр залуу надаас нэлээд хэдэн алхмын зайд ирчхээд хэлэх агаад зугтах гэсэн хүслийг минь ойлгосон аялтай л байх аж. Итгэмээргүй байсан ч, түүний хоолой үнэхээр аюулгүй мэт санагдуулсанд би хүчлэхээ болиод биеэ суллалаа. Тосгоны иргэн юм байхдаа? Үгүй ээ, харж байгаагүй царай байна..
YOU ARE READING
A HALF WEREWOLF [Completed]
WerewolfҮзэсгэлэнт оршихуйг чинь би ярьж өгье, Харин миний түүхийг л нууж өгөөрэй. Started: 21.4.3 End:21.7.24