-Өршөөгөөрэй. Саяхан утсаар ярьсан юм л даа. Мин Юнги гэж өвчтөн аль орон дээр-
-Еэ-...рин?
Ухаан сөхөөгүй орж ирээд түргэний тасгийн хүлээн авах дээр шалгаан зогсож байсан би танил хоолой нэрээр минь дуудахтай зэрэгцэн тэр чигтээ хөшчихлөө. Тэгээд хоолой гарсан зүгт түүнийг өвчтөний хувцастай биш, энгийн гадуур хувцастайгаа зогсож байгааг хармагц сэтгэл сая онгойж, бүтэн амьсгалахтайгаа болов.
-Энд юу хийж байгаа юм? Бие чинь өвдсөн юм уу?
Санаанд оромгүй асуусан асуулт нь намайг бүр л гацаж орхиход хүргэх аж. Харц, хоолойнд нь тодорч ирсэн санаа зовнингуй өнгө аяс... Тэр том том алхалсаар урд минь ирээд яарч гарсандаа үс нь сэгсийчихсэн, сандарснаас болж хүйтэн хөлс нь цувж, хувхай цайсан намайг хоёр мөрнөөс минь зөөлхөн барин ажиглалаа. Тэгээд духан дээр минь гараа зөөлөн тавьж үзсэнээ,
-Ашгүй халуунгүй байх шиг байна. Түр зуур суух уу? Толгой чинь эргэж байна уу? хэмээхэд л миний хаашаа ч юм гараад явчихсан байсан ухаан санаа сая эргэж ирэх шиг болох нь тэр.
-Би зүгээр ээ. Харин чи зүгээр үү? Утас руу чинь залгатал эмнэлгийн түргэний тасаг байна гэхээр нь... Аа тэрнээс өмнө утасны дугаарыг чинь яаж олсон бэ гэвэл нөгөө... тэгэхэд хуриман дээр байсан- үгүй ээ хурим хийсэн сүйт бүсгүй нь надтай нэг газар ажилладаг юм. Тэгээд сүйт залуу нь чамтай нэг газар ажилладаг болохоор утасны дугаарыг чинь мэдэж байж магадгүй гэж бодоод... Аа гэхдээ тэрнээс өмнө яагаад залгах болсон бэ гэвэл... цаг оройтоод, чи ирэхгүй байсан болохоор ямар нэг муу юм болсон юм биш байгаа даа гэж бодоод тэгээд- Гэхдээ чи яагаад энд байгаа юм? Бэртэж гэмтсэн юм уу? Хэр хүнд? Яаж байгаад бэртчихсэн юм?
Нэг амьсгаагаар ярьж дуусаад түүнийг харцаараа гүйлгэн зүгээр эсэхийг нь дахин шалгасаар асуухад тэр бүдэгхэн инээмсэглэл тодрууллаа. Тайван хариу үйлдэл нь яагаад ч юм намайг ч бас нэг гүнзгий амьсгаа аван тайвшрахад туслах шиг болов. Мин Юнги яг л бүх юмны урсгал, хурдыг тогтоож өгдөг нэгэн юм шиг. Тэрхэн хоромд яагаад ч юм түүнийг тэнд байгаад, түүнтэй хамт байгаа нь хэчнээн азтай хэрэг вэ гэх бодол хамаа замбараагүй болчихсон ухаан санааны минь хэсэгхээн буланд гялсхийгээд өнгөрлөө.
-Би бэртээгүй ээ. Би биш хамт ажилладаг хүн маань бэртчихээд, гэр бүлээсээ хол, манайхнаас надаас өөр асрах хүн байхгүй гэхээр нь ирсэн юм. Утас... сая асран хамгаалагчийн мэдээлэл бөглөж байгаад хүлээн авах дээр үлдээчихсэн байна. Яг саяхан олж аваад байж байтал чамайг харлаа.
BẠN ĐANG ĐỌC
Fire In Our Soul
FanfictionХэлээгүй үгс, биелүүлээгүй амлалтууд, хуучирч орхисон мэт бидний дурсамжууд дотор минь дүрэлзэн шатах үест... [A Min Yoongi fanfiction] Love, Arinann❤