IV. Гал сөнөөгч

463 62 15
                                    

Тэр өдрөөс хойш би өдөр бүр тэр хүнтэй таарах болсон билээ. Ид шидийн мэт тохиолдлоор тэр хажуу байранд маань амьдардаг хөрш минь болж, өглөө бүр ажилдаа гарахдаа, заримдаа орой гэртээ ирэхдээ гэрийнхээ үүдэнд тааралдана. Тааралдах бүртээ, харц тулгарах бүртээ би хачин ихээр сандарч, балмагдахыг яана. "Галын хэрэг"-ээс хойш хэд хоногийн турш түүнтэй таарахдаа би газрын гаваар яваад орчихмоор санагдаж байсныг нуух юун. Тэнэг үйлдлээсээ болоод ичиж үхэх шахаж байхад минь тэр харин ичмээр явдлыг минь аль хэдийн мартчихсан мэт зөөлнөөр инээмсэглэн мэндчилнэ. Усны халаадтай чигтээ нүүрс болчихсон алимны бялуунуудаа хогийн сав руу хийж байхыг минь хүртэл харсан хэрнээ шүү дээ! Түүнтэй тааралдах бүртээ хацар минь халуу шатаж, улаан хүрэн болсоор харц буруулдгийг минь тэр анзаарсан нь мэдээжийн хэрэг биз.

Өглөө гэрээсээ би цүнхээ хальт мульт мөрлөж, дундаж өсгийтэй илгэн гутал жийж, энгэрийг нь товчлоогүй хүрэмтэйгээ хааш яйш гарч ирсэн билээ. Утсан дээрээ цахим шуудангаа шалгаж, амандаа өглөөний цай минь болох нутеллатай талх зуусаар гарч ирэхэд минь тэр ч бас гэрээсээ гарч ирж таарсан юм. Түүнийг хармагцаа би талхаа зуусан чигтээ том нүдлэн харлаа. Харин тэр ажилдаа явж буй бололтой цэвэрхэн бөгөөд цэгцтэй хувцасласан байв. Ингэхэд тэр ямар ажил эрхэлдэг юм бол оо? Энэ хугацаанд энэ тухай нь ерөөсөө асуугаагүй юм байна.

-Өглөөний мэнд.

Тэр өглөөний баргилдуу зөөлөн хоолойгоороо мэндлэхэд би толгой бөхийн мэндэллээ. Амандаа талхтай байсан тул хариу хэлж чадсангүй. Тэр миний энэ хааш яйш дэлбэрчихсэн байдлыг анзаарчихаад инээдээ нууж буй бололтой цааш харахад би тэр чигтээ газар өрөмдөөд яваад орчихийг хүсэв. Даанч хүслээр минь болох зүйл гэж үгүй юм даа.

Бид гудамжаар зам нийлэн алхахад би талхаа арайхийн идэж дуусгаад, утсаа халаасандаа хийн хоолойгоо заслаа. Тэр намайг аман дахиа зажилж дуусаад залгитал юм ярьсангүй. Тэгээд арайхийн залгихад минь миний зүг анхааралтай гэгч нь хараад,

-Горойж байна уу? Зам дагуу байдаг кафегаас кофе авах уу? хэмээлээ.

Би хоолой дээр минь бүхэл зүйл тээглэхийг мэдэрсээр толгой дохихдоо түүний мэдрэмжтэй үйлдэлд дотроо талархлаа.

Бид миний байнга ордог, нөгөө кафегаар дайрч, кофе авцгаав. Намайг латте авахад тэр мөстэй американо авлаа. Биднийг захиалгаа өгөх хооронд кафен эзэн эмэгтэй биднийг таниж буй бололтой жуумалзсаар ээлжлэн харах аж. Юнгиг таньдаггүй юм аа гэхэд намайг ямар ч нөхцөлд байсан таних байсныг нь би баттай мэдэж байв. Эцсийн эцэст ажлын өдрүүдийн бараг орой бүр энд эмэгтэй найзтайгаа буу халан сууж, эрчүүдийн тухай муу үгсийг харамгүй шидлэн бухимдаж суудаг байнгын үйлчлүүлэгч нь би юм хойно. Эрэгтэй хүмүүсийн тухай тэгж муулж суудаг хэрнээ энд нэг залуутай орж ирсэнд минь тэр гайхширч байгаа нь илт. Гэсэн ч тэр хэзээний л соёлт хүн ёсоор энэ тухай маань яриа өдсөнгүй. Түүний тухай сайн мэдэхгүй ч энэ кафен эзэн үйлчлүүлэгчдийнхээ хувийн нууцыг дээд зэргээр хамгаалдаг билээ.

Fire In Our SoulOnde histórias criam vida. Descubra agora