X. Үүнээс эхлээд

222 37 7
                                    

Тэгж л бидний хамтын амьдрал эхэлсэн билээ. Хэсэгхэн зуур байсан ч, магадгүй бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй гэх мөчүүд тэр л хугацаанд хадгалагдаж үлдсэн. Гэвч одоо эргээд харвал түүнтэй учирсан мөчөөс авахуулаад, амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй гэх мөчүүд түүнтэй хамт бүтээгджээ. Магадгүй тэр байсан болохоор үнэ цэнэтэй мөч болж үлдсэн байж ч мэдэх юм. Тэр хажууд минь байсан болохоор, амьдралд минь гэрэл гэгээ татуулж, сэтгэлийг минь илчээрээ ээж өгсөн нэгэн тэр байсан болохоор...

● ● ●

Бурхан минь, хуримын маргааш ажлын өдөр байсан бол ч би ёстой балрах байжээ.

Хамаг бие минь буларсан байхыг мэдэрсээр сэрэхдээ би ийн бодлоо. Өдөржин өндөр өсгийт дээр зогсчихоод гэр лүүгээ алхаж ирдэг... Сайн зүйл хийж дээ, Мин Еэрин.

Орон дотроо нурууныхаа чилээг гарган, дахиад жаахан унтах уу, босох уу гэдэг дээр өөртэйгөө мэтгэлцсээр хэдэн хормыг өнгөрөөлөө. Тэгээд эцэст нь амралтын өдрийн нойр минь дийлэх шиг болж, хариу ч үгүй нүд анилдахын даваан дээр утас дуугарах чимээ сонсогдох нь тэр. Би нойрмог хөдөлгөөнөөр утсаа ойр хавиараа хайлаа. Орны хажууд алга. Ойрхон л сонсогдоод байх юм. Хаана дуугараад байна аа?

Нүдээ хагас аниатай чигээр ойр тойрноороо хэчнээн хайсан ч олсонгүй. Эцэст нь хөнжлөө хуу татан сөхөж хайхаас өөр аргагүйд хүрсэн нь энэ аж. Хөнжлөн дотроосоо эцэст нь нэг юм утсаа хайж олмогцоо би өглөөний нойрмог хоолойгоор хариу өгсөн билээ.

-Байна уу?

-Боссон уу? Өнөөдөр юу хийх гэж байна даа?

-Ари?

-Юу вэ? Одоо хүртэл нойрмог байгаа юм уу? Цаг хэд болж байгаа билээ дээ.

-Өнөөдөр амралтын өдөр ш дээ.

-Сэргэ, сэргэ. Нээрээ өчигдөр хуримын ажиллагаа яасан бэ? Дажгүй болсон уу? Цэцгийн баглаа барьж авсан уу?

Өчигдрийн тухай санамагц нүд минь сая бүтэн нээгдэх шиг боллоо. Хуримын ёслол дээр болсон зүйлс, өчигдөр түүнтэй ярьсан зүйлсээ санамагц нойр минь шууд л сэргэв. Нүдний урдуур түүний хослол өмссөн зөөлхөн төрх үзэгдээд өнгөрөх шиг болоход би өөрийн мэдэлгүй инээмсэглэлээ.

-Өчигдөр би хуримын ёслол дээр хэнтэй таарсан гэж санана.

-Юу вэ? Арай-

Утасны цаана Аригийн дуу алдах сонстоход би хөнжлөөр нүүрээ халхлан бас дотроо чимээгүйхэн хашгирлаа.

Fire In Our SoulOnde histórias criam vida. Descubra agora