Бужигнасан олон дундаас аажмаар холдохдоо би тэр их чимээ шуугианыг ч үл анзаарав. Гадны бүх чимээ тээр цаана сонсогдож, цээжний минь гүнээс цуурайтах зүрхний цохилт л хамаг биеийг минь дүүргэх шиг. Гарынх нь дулаан одоо хэр нь мөрөнд минь мэдрэгдэх нь хацар улаа бутрахад хүргэнэ. Түүнтэй дэндүү ойрхон байсан би бүрэн гүйцэт ч амьсгалж үл чадав.
Хүмүүсээс холдон нэг булангийн сандал дээр намайг суулгасныхаа дараа тэр урдаас минь харан нэг өвдгөн дээрээ суулаа. Тэгээд,
-Шагайгаа эвгүйдүүлээгүй биз? хэмээн үл мэдэг санаа зовсон хоолойгоор асуув.
-Үгүй ээ. Удаан зогссоноос болоод жаахан чилсэнээс өөрөөр зүгээр юм шиг байна.
-Ашгүй дээ.
Тэгээд тэр толгойгоо өргөн над руу эгцлэн харлаа. Нөгөөх л гүн хар нүд рүү нь ширтэх үед арайхийж намдаж байсан зүрхний минь цохилт дахиад л түргэсээд ирэх аж. Бидний хэн хэн нь ийн таарах юм гэж санаагүй билээ. Гэвч хэн нь ч энэ тухай ам нээгээгүй байв.
Ийн хэдэн хором өнгөрлөө. Ёслолын танхимд хүмүүс шуугилдах сонстож микрофоноор юу ч юм ярих сонсогдоно. Харин бидний хооронд нам гүм хөшиглөсөн байв. Ямар нэг юм хэлж энэ нам гүмийг эвдэх ёстойгоо би мэдэж байсан ч, яагаад ч юм түүнийг түрүүлж ам нээгээсэй гэж хүсч байлаа. Сайхан хоолойгоороо юу ч хамаагүй хэлээсэй гэж хүснэ. Утга учиргүй хий хоосон яриа байсан ч түүний хоолой гэвэл сонсоод л баймаар юм шиг.
-Юу...
Нам гүмийг эвдэн бид хоёул зэрэг ийн хэлэхэд би багахан сандрах шиг болох нь тэр. Тэгээд түүнийг хөмсгөө өргөн хүлээх мэт харахад сандрангуй инээмсэглэл тодруулж,
-Би мартчих шиг боллоо. Чи хэл, хэл хэмээв.
Мартчих шиг боллоо гэнэ шүү. Юу хэлэхээ ч мэдэхгүй байсан юм байж.
Юнги зөөлхөн инээмсэглэл тодрууллаа. Тэгээд нэг л намуухан, зөөлөн харцаар ширтсээр,
-Өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээх нь тэр.
Хацар минь тэр дороо халуун оргилоо. Бие минь тэр чигтээ хөшчих шиг, хөрчих шиг, сандралаа дийлэхгүй нураад уначих гэж байгаа мэт. Хэтэрхий догдолсноосоо болоод зүрх нь зогсоод үхсэн хүн байдаг болов уу? Магадгүй би анхных нь болох бололтой.
-Чи ч бас.
Хэлсэн хариу минь ердөө энэ л байв. Хэлсэн үгнийхээ утгыг ч сайн ойлгосонгүй. Ийм үг нэг их сонсож байгаагүй тул ямар хариу хэлэх ёстой байдгийг ч мэдсэнгүй. Зүгээр л "баярлалаа" гэх ёстой байсан юм болов уу? "Чи ч бас" гэдэг яаж сонсогдсон бол оо?
ESTÁS LEYENDO
Fire In Our Soul
FanficХэлээгүй үгс, биелүүлээгүй амлалтууд, хуучирч орхисон мэт бидний дурсамжууд дотор минь дүрэлзэн шатах үест... [A Min Yoongi fanfiction] Love, Arinann❤