VII. Хурим

310 43 8
                                    

Өдийг хүртэл амьдрахдаа би өөрийгөө өөрчлөлтөнд тийм ч дуртай биш, ялангуяа эрсдэл дагуулсан үйлдэл хийж, танихгүй хүмүүстэй тэгтлээ гүн холбоо тогтоох хүсэлгүй хүн гэж бодож явсан билээ. Тийм ч хүн байсан юм. Гэвч хэзээнээс ч юм эхлээд мэдэрч үзээгүй мэдрэмж догдлол, хаанаас ч юм гарч ирсэн зориг, шийдмэг зан намайг дүүргэх болжээ. Хамгийн сүүлд хэзээ ийм байснаа ч санахгүй болтол олон жил өнгөрсөн мэт хэрнэ... Буцаад өсвөр насны хүүхэд болчихсон мэт. Хорвоо ертөнц миний өмнө дахиад л өнгө өнгөөр алаглаж, өнөөдөр маргааш юу тохиолдохыг хэлж мэдэхгүй нууцан дунд амьдрах мэт.

Түүнд хамт амьдрах санал тавьсан шөнөө би зогсолтгүй бөмбөр шиг нүдэх зүрхнийхээ цохилтноос болоод цурам ч хийж чадаагүй билээ. Бодолд ч ороогүй хэр нь ам даваад гараад ирсэн тэр үгсийг яана. Сайн ч таниж мэдэхгүй хүн байтал юунд тийм итгэлтэйгээр асуудаг байна аа? Тэгээд бүр эрэгтэй хүн шүү. Хэдий одоо буцаахаас нэгэнт өнгөрсөн ч гэсэн... Ээж, аав мэдээд юу гэх бол оо? Хэдий нас бие гүйцсэн эмэгтэй хүн, сонголт шийдвэр гаргах эрх надад бүрэн байгаа ч гэсэн... За за, мэдэхгүй ээ.

Дараагийн өдөр нь би түүнтэй таарсангүй. Тэрний дараагийн өдөр ч бас. Дөнгөж уулзчихаад дэмий тийм зүйл ярьчихав уу, эсвэл угаасаа амьдралд минь гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болох учиртай байсан хүн юм болов уу хэмээн тэр үед их эргэлзсэн сэн. Хаа ч явсан би түүнийг харцаараа хайж байгаагаа мэдэрч байв. Ажлаасаа гарахдаа, кафен хажуугаар өнгөрөхдөө, гэрийнхээ үүдэнд ирэхдээ... Гэвч тэр хоёр хоногт тэр зүүдэнд минь ч ирсэнгүй.

Хоёр хоног түүнтэй таараагүй миний итгэл бараг л унтрах дөхсөн байлаа. Гэтэл урьдын л адил ажлаасаа харих замдаа кафен хажуугаар явахдаа би үүдэнд нь танил хүн зогсож буйг олж харах нь тэр. Хар хүрэм, цасан цагаан царай, удаан гадаа зогссон бололтой улайчихсан хамар, бага зэрэг ядарсан харагдах нүд нь намайг сая олж харах үед би зогссон газраа таг хөшиж орхив. Тэрхэн хоромд тархи минь хоосорчихлоо. Ямар нэг зүйл бодохыг хүссэн ч юу ч бодож чадсангүй. Итгэл найдвар минь тасрах дөхөөд байсныг, түүнд ямар санал тависнаа ч, хүйтэн гэрт хоёр хоног яаж хоносон юм бол оо гэдэг нь ч... Юу ч толгойд орж ирсэнгүй. Тийм тул би зүгээр л өөдөөс нь хариу ширтэн зогсов.

Кафен шаргал гэрэл түүний ард талаас гэрэлтэн цацарна. Нар аль хэдийн жаргачихсан тул хаврын сэрүү хацар хайран байлаа. Хэдхэн хором л түүн рүү ширтсэн хэр нь цаг хугацаа хэд дахин удааширчихсан мэт л болов. Эцэст нь түүнийг үл мэдэг инээмсэглэх үед л би өөрийгөө сая олж авах шиг боллоо.

Fire In Our SoulOnde histórias criam vida. Descubra agora