Баасан гарагийн орой. Заримдаа энэ өдөр намайг өсвөр насны гэнэхэн үе рүү минь буцаан аваачдаг билээ. Хэрэв тав дахь өдөр ажил гайгүй байвал гэртээ оройтолгүй ирнэ. Тэгээд laptop-оо асаагаад, хажуудаа үнээтэй Trolli, америк шоколадтай жигнэмэг болон том ууттай Paprika тэврэн кино үзэж өнгөрөөнө. Яг л олоон жилийн өмнөх үе рүүгээ буцаад очсон мэт. Юунд ч санаа зоволгүйгээр, тайван гэгч нь амттан эргүүлж, кино үзэж уйлаад л. Насанд хүрсэн хүн бүрт мэдрэгддэг хариуцлага, дарамтгүйгээр өнгөрүүлэх орой... Мэдээж өсвөр насны минь тэдгээр өдрүүд Аритай холбогдоно.
Өнөөдөр ажил эрт тарсан тул би бушуухан шиг л Баасан гарагийнхаа оройг мэдрэхээр яаран гарч, замаараа дэлгүүр орж дасал болсон амттангуудаа аваад гэртээ орлоо. Өдөр хоногууд нисэн өнгөрч байгааг амнаасаа уур савсуулсаар ууттай зүйлээ барин гэр лүүгээ алхахдаа л би сая анзаарав. Нэг л мэдэхэд насанд хүрчихсэн. Нэг л мэдэхэд өөрийнхөө хүслээр хийж байгаа эсэх нь үл мэдэгдэх ажилд орчихсон. Нэг л мэдэхэд хэн нэгэнтэй төсөөлж ч байгаагүй үлгэрийн учирлаар учирч, түүнээсээ хачин гээчийн мэдрэмж авчихсан. Бас нэг л мэдэхэд тэр нэгнийг хаа явсан газраасаа хайдаг болчихсон... Бид яг 2 удаа санаандгүй учирлаар учирсан. Тэгээд л гүйцээ. Өөр зүйлгүй. Ингэж бодохыг хичнээн хичээж байсан авч тэр хүнийг толгойноосоо авч хаях нь хэцүү даваа аж. Бодож байснаас минь ч хэцүү. Гэхдээ сүүлд түүнтэй таарснаас хойш 2 долоо хоног өнгөрч байна. Тэр хүнээс сураг алга. Тэгэхээр... Ингээд л учраад өнгөрөх хүн байсан бололтой.
Би зөөлнөөр санаа алдаад гэр лүүгээ явж орлоо. Ормогцоо шуудхан ширээн дээр ууттай зүйлээ тавиад гадуур хувцсаа нүд ирмэхийн зуур тайлж, унтлагын хувцсаа өмсөн тухлав. Ямар их ядарсанаа тэгж л нэг мэдэрлээ. Том аягандаа халуун шоколад найруулж аваад би унтлагын өрөөндөө орж, laptop-оо асаагаад уутан дахь амттангуудаа орон дээрээ асгав. Ямар кино үзэхээ шийдэж ядан хэсэг эргэлзсэн ч, эцэст нь Love, Simon үзэхээр сэтгэл шулуудлаа.
Амттангуудаасаа идэж, бүдэг гэрэлтэйд ганцаараа кино үзэн суунгаа би хааяа хааяахан бодолд дарагдчихна. Юу тэгтлээ бодоод байгаагаа ч ойлгосонгүй. Эцэст нь сая л би кинондоо орж, цаг нисээд л өнгөрчихлөө. Киногоо үзэж дуусчихаад би аягандаа дахин халуун уух юм найруулж, цонхныхоо тавцан дээр очин суулаа. Гадаа нэлээд хүйтэн байгаа бололтой цонх бүр цантчихжээ. Унтлагынхаа цамцны ханцуйг урагшлуулж байгаад би цонхныхоо жижигхэн хэсгийг дугуйруулан арчвал, ойрхон зайтай баригдсан байшингийн маань цонхоор хөршийн маань цонх шууд харагдах аж. Би эхлээд харанхуйлан харагдах цонх руу хэсэг ширтэн суулаа. Бусад айлуудын цонх гэрэлтэй. Ганц харанхуй байгаа нь миний хөрш хийгээд дээврийн өрөөнүүд. Сарын өмнө энд 5 настай охинтой ганц бие ээж амьдардаг байсан сан. Өглөө ажил руугаа явахдаа таарах бүрт инээмсэглэн мэндэлдэг халуун дулаан гэр бүл байсан. Даанч сарын өмнөөс нүүгээд явчихсан юм даа.
VOCÊ ESTÁ LENDO
Fire In Our Soul
FanficХэлээгүй үгс, биелүүлээгүй амлалтууд, хуучирч орхисон мэт бидний дурсамжууд дотор минь дүрэлзэн шатах үест... [A Min Yoongi fanfiction] Love, Arinann❤