"Тэр хэн бэ?"
Сургуулийн хашаагаар орж ирэх үзэсгэлэнтэй нэгний талаар хүн бүр дор дороо ам уралдан ярилцах аж.
"2-1-ийн Ким Жиа л байна."
Тэхён уншиж байсан номоо алгуурхан хажуудаа тавихдаа бүгдийн анхааралд өртөх өнөө охины зүг ширтлээ. Урт хар үс нь салхинд зөөлөн намилзан, цасан цагаан арьс нь нарны гэрэлд гялалзаж, улаахан уруулаа жаахан өнгөлсөн нь интоор жимс шиг харагдана.
Үзэсгэлэнтэй юм.
Бусдын сэтгэлд анхны сэтгэгдэл үлдээх нь магадгүй насан туршид үлдэх торгон мөч ч байж мэдэх юм. Хэн нэгнийг анх удаа харахдаа сайхан мэдрэмж төрж байвал магадгүй тэр нэгэн чамд л зориулагдсан хүн байх гэсэн горьдлого ч төрүүлж амждаг сан.
"Кан Тэхён? Наад нүд чинь бүлтрэх нь."
"Тэр шилжиж ирсэн юм уу?"
"Үгүй дээ. Тэр зүгээр л барагтай бол алхаж ирдэггүй юм."
Тэхён толгойгоо дохин номоо авахаар зэхтэл түүний хуучирсан номын хавтсан дээр булбарай цагаан арьстай, нарийн урт хуруунууд үзэгдэв.
"Ямар нэртэй ном юм бэ?" саяхан түүний харцыг булааж байсан гоо үзэсгэлэн яг түүний өмнө морилон иржээ. Охин үсээ чихнийхээ араар хийн ичингүйрэн инээмсэглэсээр Тэхён руу харахад хорвоо дэлхий тэр чигтээ тэднийг тойрон эргэх мэт... Тэхён номоо аван эргүүлээд түүнд нүүрийг нь харуулахдаа Жиа руу ширтэхээ больж чадсангүй.
"Бүх цаг мөчид чи байсан." Жиа номын нэрийг амандаа зөөлхөн шивнэхдээ Тэхёны нүд рүү нь хариу ширтэж эхлэв.
"Тэхён... Кан Тэхён ах байх аа?"
"Чи намайг мэддэг хэрэг үү?"
"Энэ сургуульд танаас өөр харчих нохой ч байхгүй."
"Юу?"
"Тэгээд л ойлгочих."
Жиа аальгүйхэн инээсээр сургуулийн хаалга руу зүглэх бол Тэхёны сэтгэл дотор ямар нэгэн жижигхэн оч бадамлаж байсан юм.
YOU ARE READING
Her Two Sides || Mgl
Conto[Short Story] {Book2} Оршуулган дээр минь дуссан нулимс чинь булшин дээр минь цэцэг ургуулна. *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, газар орон, үйл явдал зэрэг нь бүгд зохиомол болно.