○
Хөлстэй цамцаа тайлаад тагтан дээрээ хэсэгхэн зуур амсхийж амьсгаа аван зогсохуйд хажуу айлын залуу зэргэлдээх тагтны хаалтыг тулсан шигээ тааваараа тамхи уушгилан буй нь нүдэнд туслаа. Илч нь буурсан улбар нарны туяанд эршүүд чийрэг энгэр цээж нь гялтганаж, зөөлөн нимгэн урууландаа тамхиныхаа үзүүрийг ойртуулан сорох бүрийд чангаран зангирах түүний гарын шөрмөс өөрийн эрхгүй шүүрс алдахад хүргэсэн юм.
Нойтон үсээ хойш гараараа самнаж, тэр залуу хөмсгөө өргөн гайхсан байртай над руу хараад "Хатагтай та дургүйцэхгүй бол тагтан дээрээ тамхилах гэсэн юм" гэж хэлэв. Баргил намуун эр хүний хоолой сонсолгүй удсан надад эл хэдэн үгс нь яруу найраг мэт чимэгтэй туссан ба ухаан балартахаасаа урьтан "Дургүй байлгүй яахав" хэмээн хариулаад угсруулан "Хуваалцахгүй байхад хэн ч дургүйлхэнэ" гээд мушилзахад залуу сулхан инээд алдсаар над өөд хайрцгандаа үлдсэн цорын ганц тамхиа барилаа.
Бидний дунд ганцхан шавар хаалт байсан болохоор гал дамжуулахад асуудал огт тулгарсангүй. Асаалттай тамхины цогоо тодрохыг харж сатаарах хооронд минь тэр хувийн бус асуултыг боловсон байдлаар тойруулан асуув.
"Шинээр нүүж ирж байгаа бололтой."
"Мм."
Толгой дохивол тэр нэг хөнгөхөн сороод утаагаа миний зүг хийсгэхгүй гэсэн шиг буруу тийш харж амьсгаагаа гаргана.
Тэр "Өмнө нь энд манай найз амьдардаг байсан юм. Та мэдэх байх."
"Би энд гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдардаг... Чангюн" хэмээгээд баруун гараараа тамхиа чимхэж хаалтнаас түшээд зүүн гараараа надтай гар барилаа. Энгийн сайхан залуу мөртлөө зүүн гараа хүнд сунгасан нь надад үл ялиг мухар адын бодол төрүүлснийг нуух юун.
"Люси Ким Канделла" гэхэд түүний царайнд мэдэгдэхүйц гайхширал тодров. Угсаа гарвалийг минь асуух нь л дээ янз нь.
"Эндэхийнх гэж бодож байлаа. Та Солонгосоор их сайн ярих юм."
"Испани овог нэг иймэрхүү гэх үү дээ?"
"... Эхлээд эцгийн, дараа нь эхийн овог."
Чангюн "Сонирхолтой л юм" гэснээ үнсний савандаа татаж гүйцсэн тамхиныхаа ишийг хийж таглаад "Дараа дахиад тааралдах байх аа. Би оръё доо" гэж хүндэтгэлтэй хэлэхийн зэрэгцээ сээтэн хаях мэт нүдээрээ ирмэчхээд яваад өгөв.
![](https://img.wattpad.com/cover/316733548-288-k978142.jpg)
YOU ARE READING
The Neighborhood ○ Хөршийн Холбоо
Fanfiction"Нууцтай үхэхийн давуу тал нь юу юм бол?" "Ядаж л авсныхаа тагийг самардах шалтгаантай үхнэ. Хүн гэдэг амьтан хүсэл шуналын үүр уурхай болохоор үхэх хүртэл гэдэг асар урт хугацаанд ямар ч нүглийг үйлдээд хэлээ хазаад өнгөрөх чадалтай." 2022.©️Jiyo...