Надаас л боллоо... Би л ядраад байна гэж гомдоллоод... Надаас болсон байхад би гэж маанаг ингээд уйлаад гүйж байх гэж дээ.
Мод уруу гүйгээрэй гэхээр нь айсандаа юу ч бодолгүй гүйгээд л байлаа. Нүдэнд нулимс дүүрээд юу ч харагдахгүй байгаа би зүгээр л хар хурдаараа гүйж байлаа. Гэнэтхэн хөлд юм тээглээд уначхав. Газар унасан чигээрээ нүүрээ дараад уйлж гарлаа. Би чинь ингэхэд яг хэнээс юу болсон гэж зугтаж яваа билээ?
Юунаас ингэтлээ айна вэ? Үхлээс үү? Өвдөхөөс үү? Ганцаараа амь гараад яана гэж? Би чинь хэдийн нэг удаа үхээд үзчихсэн хүн биз дээ.
Хурдхан босч хормойгоо гөвөн эргэж харвал сайн харагдахгүй байгаа ч одоо болтол тулаан болж байх шиг байна. Ямартай ч модон дунд орж нуугдаад араас нь дагахаар болж модон дундуур сүлжин морины янцгаан сэлэмний харшилдаан дуулдах газар луу гүйв.
Манайхаас тулалдаж чадах нь ердөө л гурван хүн. Хоёр хуяг тэгээд Тогочур. Эгч харвахаас өөрөөр яаж эдгээр чац сайт арваад эрстэй тулах билээ.
Тэд нэлээдгүй удаан тулалдсан бололтой ядарч цуцсан харагдана. Баргужин Сорта хоёр Цэцэйхэн эгчийн хоёр талд хаанаас ч юм гар хутга гарган барьжээ. Эгч харин саадаг агсаж нумаа татан завсар зай гарах бүрийд хэн нэгнийг харван зогсоно.
Хархад л сэтгэл сэртийлгэх эдгээр үзэгдэл, таних ч үгүй хэрнээ алалдан тэмцэлдэх. Энэ бол аллага. Хамгийн хачин нь тэд биесээ мэдэх ч үгүй шүү дээ.
Манай талынхан туйлдаа хүрчээ. Сайн харагдахгүй байгаа ч Тогочур баруун мөр болоод гуядаа нилээн хүнд шархадсан харагдана. Мөнөөх хуягууд ч гэмтэж. Дайсны тал олуулаа тулдаа л бага хохирол амссан харагдах ч ганц хоёр хүн үхлүүд газар хэвтэнэ.
Тулаанаас холгүйхэн зайд ганц эр эмээл дээрээ хажуулдан үйл явдлыг бахтай гэг чинь ажин сууж байна. Тэр л толгойлогч нь байж таарлаа.
Би яах вэ? Юу хийх вэ? Энэ янзаараа удахгүй манайхан бүгд алуулах нь байна.
Тэнэг үйлдэл гэдгийг нь мэдэх ч гэлээ энэ байдлаар тэдний үхлийг харж чадахгүй учраас Тулуй ахын заасан туулай агнахдаа хэрэглэх аргыг туршиж үзэхээр зориг шулуудлаа.
Тогочурын өгсөн хэт хутгыг гарган ишнээс дээлийнхээ бүсийг тайлж уяад баруун гартаа нэг ороон чанга гэг чинь атгалаа. Энд ирснээс хойш олонтаа гайхширсан Түмэлүн гүнжийн хариу үйлдэлд анх удаа сохроор итгэв.
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.