Энэ амьдралдаа бууж өгөн нүдээ аньж биеэ сул тавилаа. Гэтэл юу болсон нь мэдэгдэхгүй өнөөх чинь хутгаа хаян савж унав. Би цочсоор дээш өндийн харвал хаанаас ч юм нэгэн сум нисч ирэн шилээр нь орж хүзүүгээр нь нэвт сүлбэсэн байх нь тэр.
Харж байгаа зүйлдээ итгэж өгөхгүй нь. Яаж дээ яаж ийм зүйл байж болно гэж...
Айж хөшин чичирч зогстол хэн нэгэн нүдийг минь дарж цээжиндээ наан тэврээд "Бурхандаа талархая. Та амьд байна." гэсээр тэврэлтээ улам чангаруулна.Хүзүүн дэх шарх хөндөгдөж дуу алдвал "Ө-өршөөгөөрэй гүнжтээн. Би би..." гэж намайг тавиад шарханд минь анхаарлаа хандууллаа. Түүнийг дэргэд минь байгаад хичнээн баярлавч саяхан харсан аймшигт дүр зурагнаас салж чадахгүй хэвээр.
Шокноосоо гарч амжилгүй манарч явтал тулаан аль хэдийн дууссан байх агаад сая нэг ухаан ороод харвал хуяг дуулга болсон хэдэн цэрэг эрс тэдгээр дээрэмчдийг дарж авсан байлаа.
Баргужин намайг түшч байтал эгч над уруу гүйж ирээд "Алив харъя. Өвдөж байгаа байхдаа." гэсээр өврөөсөө цэцгэн хээтэй торгон алчуур гарган ирээд шархыг минь даран "Аз болж хөнгөн зүссэн байна. Цусыг нь ингээд дарж бай!" Баргужинд ийн зарлигдаад цааш явж биднийг аварсан хүн дээр очлоо.
Өнөөх залуу гэнэтхэн нэг хөл дээрээ сөгдөн цэргүүд рүүгээ ширэв татвал тэд ч мөн дагж сөгдөв. Бид тэдний энэ хачин үйлдэлд бага зэрэг цочих нь тэр. "Нагац эгчийгээ цагт нь тосч амжилгүй аюул учруулчихлаа! Өршөөж болгоо! Би бээр Хожин бэхийн сүүдэр хөвүүн Харуй бөлгөө." гэж толгой бөхийн гэмшил тээн өгүүлнэ.
Хожин бэхи. Тэр бол миний дунд эгч. Ихирэс овог буюу бидний зорьж буй Ойрад аймагтай хил залгаа нутгийн захирагч бэхи юм.
Тэрээр өөрийн эзэмшил дэх ширхэг чулууг ч үл андуурах хариуцлага өндөртэй хэтэрхий гэмээр цэгц шулуун хүн гэж бусдын ярихыг сонсож байсан юм байна. Харин өнөөдөр тэр их хариуцлагынх нь ачаар бид эсэн мэнд үлдлээ.
Хэдийгээр бид шуудхан замдаа гарах ёстой ч шархадсан цэргээ эмчилж аяны алжаагаа гаргахын тулд тэдний урилгыг хүлээн авч өргөөнд нь саатахаар боллоо.
Нэг шөнө нэг өдөр зогсолтгүй явсны дараа нар жаргахын алдад хүрээ бололтой газар орж ирэв. Хэт ядарч туйлдсандаа энэ бүхнийг харах ч тэнхэл байхгүйн дээр Тогочурын бие хүнд шархадсан учраас өөр зүйлд хандуулах анхаарал ч алга.
Тусгайлан бэлдсэн бүхээгтэй сүйхэнд явсан учраас Тогочурын барааг харалгүй хэдэн цаг өнгөрчхөж. Байж суух газраа олж ядан сандарч байхыг минь эгч харчхаад "Тайван бай! Тиймхэн шарханд хүн үхнэ гэж үү?" гэж намайг тайвшруулан гараас минь атгалаа. Олон үгийн шаардлагагүй намайг ойлгодог хачирхалтай оршихуй.
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.