Энэ зуны ширүүнийг яана! Өдөрхөн л нар халуу шатаж хамаг амьтан ангаж байсан атал одоо болсон хойно тэнгэр нүжгэнэж хүчтэй аадар асгаж байна гээч!
Замд гараад аль хэдий нь хоёр сар болчихож. Хамт яваа улстайгаа ижилдэн дасч бараг л ах дүүс болоод авсан байна. Тогочурын дэргэд яваа мөч бүр минь дэндүү нандин байгаа учир аль болох энэ зам бүү хорогдоосой гэж нууцхан хүсэх хүслээ нуух юун билээ.
Хэдий минийх биш ч гэлээ ард хоцорсон эгч нараа бодохоор зүрх рүү хатгах шиг болно. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хүч чадал байвч хорвоо өгсөнөө хэд нугалж хясдаг хатуу жамыг яалтай вэ? Би Тогочур дээр ирсний төлөөс нь миний өөрийн амьдрал бололтой юм. Тийм учраас би урьд урьдынхаасаа илүү хүчтэй зоригтой байж түүний төлөө энэ хорвоогийн хамгийн эрх мэдэлтэй хүмүүстэй тэмцэх болно гэж шийдсэн.
"Гүнжтээн бид түр зогсож уулын нөмөр бараадсан нь дээр бололтой." нааш цааш бүдчин сэгсрэх тэрэгний гаднаас ийн хэлэх Тогочурын дуу алдарсан бодлыг минь хөвөрдөн хөрсөнд буулгах шиг.
"А-а за''
"Бид өнөөдөртөө энэ хавьдаа буудалласан нь дээр юм шиг байна." норсон дээлийн минь хормойг гөвөх зуураа ийн хэлээд зам дагуу урсах шалбааг руу заан "Энэ шалбааг мөд дөө татрахгүй нь тэнгэрийн өнгө гүн үүлс ч хаялгаа хаяж дуусаагүй байна гүнжтээн?" хэмээн над уруу зөвшөөрөл хүсэх мэт харж зогслоо.
Өндөр сүлжилдэн ургасан моддын нөмөр хэсэгт намайг зогсоож өөрөө болохоор бороон дусалд үсчих шалбаагаас мөн л намайг халхлан зогсоод бараг л шалба норсон атлаа арай гэж хуурай үлдсэн нудрагийнхаа дотроор багахан чийгтсэн гэзгийг минь зөөлхөн зөөлхөн даран арчих энэ залууд улам бүр дурлах шиг болно.
"Тэгье ээ. Яарах юу байхав! Тэнгэрийн ааш засрахаар эргээд замдаа гарч болно шүү дээ." Бусад маань бороонд нэлээдгүй зутарч би ч түүнтэйгээ ахин нэг хоног амар тайван байвал сайхан л байна.
Борооны үнэр, борооны чимээ, нүдний өмнө зураг мэт ярайх байгаль зэргийг гайхан биширч сайхан гэдгийн утга учрыг таашаан хэсэг зогслоо.
Хаа нэгтээ нэг их олон биш ч цөөнгүй морьдын төвөргөөн сонстон байтал хэвтүүлүүд ухасхийн босоцгоож биднийг тойрон хамгаалалтын байрлалд шилжив. "Сая нэг амар жимэр байлаа гэтэл бас юу болох нь энэ вэ?"
"Гүнжтээн та бүү санаа чилээ! бид их аурагийн хаяанд ирчихээд байна. Бидний тугийг таньсан хэн боловч халдаж үл зүрхлэнэ!" өврөөсөө жижгэвтэр чинжаал гарган намайг өөрөөрөө халхлан байхдаа Тогочур ийн хэлнэ.
YOU ARE READING
Өнгөрсөнд тоссон учрал
Historical FictionЦаг хугацаагаар аялдаг монгол зохиол за юу. Унш.