[16]

342 65 12
                                    

Миний нэр Тогочур. Энгийн цэрэг гаралтай айлын дунд хөвүүн болон мэндэлж бусдын адилаар өсөж торнив.

Ах дүү нар минь бүгд цэргийн улс бөгөөд хамгийн сайн эрс. Гэвч би тэднээс өөр. Энэ бие минь өчүүхэн жижиг, илдний ч нум сумны ч ухаан дутмаг. Хэдий тийм боловч сайн эцгийн буянд эрдэм номын мөр хөөж өссөн.

Ямар гээч заяа нь түшсэн юм мэдэхгүй. Их эзэнд зүтгэх хувь надад оногдож өсөхөд үзсэн мэдлэгээ ашиглан алтан урагт үхтлээ үнэнч амьдрахаар шийдсэн. Ингээд л эзний ивээлээр хааны гүнжтэй сүйлж их ургийн нэг хэсэг болон амьдарч эхэллээ.

Гэхдээ хүний шунал гэдэг хязгаар үгүй. Энэ насандаа хүртэж болох бүхнийг хүртсэн мэт боловч түүнтэй учирснаар бие сэтгэл минь зөрчилдөх болов.

Бүхнээс онцгой содон нэгэн.
Таниа нь үгүй хэрнэ энгүй дотно нэгэн, ганцхан алдын зайд орших ч мацаад мацаад хүрэхгүй оргил. Ярьсан бүхэн нь сонирхол татаж, хэлсэн бүхэн нь сэтгэл гижигдэх эмэгтэй.

Би хэрээ мэдэх ёстой... Үгүй ээ мэднэ...

Түүнд ойртох зориг үгүй.
Түүнээс холдох итгэл үгүй.
Түрүүнээсээ гарч чадахгүй.
Түүдгийн дөл уруу тэмүүлэх хачиг шиг.

Ганцхан зүрхнийхээ гүндэх томоо авдарт түгжиж орхиод нандигнаж явах гэтэл дулаан уруул гэгч сэтгэлийн түлхүүрээрээ юу ч үгүй нэвтэлчихлээ.

----

Харсан зүгтээ гүйсээр нэг өргөөний булан эргэж гүйсэндээ юу эсвэл ичиж сандарсандаа юу мэдэхгүй учиргүй амьсгаадан тавхан хормын өмнө юу болсон талаар санах гэж хичээн явган сууж өвдгөндөө нүүрээ дарж суулаа.

Би юу хийгээд байгаа юм бол? Галзуурчихсан юм байх даа. Тэнэг хүн шиг тийм яаруу үйлдэл хийж болохгүй шүү дээ. Энийг би хийгээгүй. Түмэлүн. Тиймээ Түмэлүн л хийсэн. Намуун лав биш!
Ёо би энэ биеэр юу хийгээд байгаа юм бэ???

"Чи юу хийчихсэн юм?" өндөр сүрлэг хоолойгоос нь сарвайтлаа цочин эргэн харвал Хожин бэхи зогсож байлаа.
"Мнн. Нөгөө юу..юу.." толгой дайвалзаад ёстой л тархинд минь олон янзын амьтад чуулаад байх шиг.

"Явган суухаа болиод бос! Хүн амьтан харах нь байна. Биеэ зөв авч яв!" том биетэй хүн болоод ч тэр үү их л сүглэгэр ийн хэлэх агаад над уруу урам нь хугарсан шинжтэй харж амьсгаагаа гаргаад цааш эргэн яваад өглөө.

Айсандаа бараг л өмдөндөө авах шахлаа. Би хэт сандарсан байсан уу эсвэл тэрний байгаа нь өөрөө ийм хүчирхэг юм уу.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now