[21]

162 30 8
                                    

Тогочурыг ирснээс хойш Түмэлүн бага багаар сэргэж байлаа.

Хамаг улс амьтан дор бүрнээ үгээ цэнэж мөн гашуудан халаглаж байв. Түмэлүн гэрээсээ сая нэг гарч Цэцэйхэн бэхийн өргөө уруу явлаа. Үүдээр нь орвол хорвоогийн хамгийн сайхан бүхнийг тэнд хуруусан юм уу гэлтэй өнгө төгөлдөр боловч цаанаа нэг л эзгүй ханхай оргих бөгөөд Бэхи эзнийхээ сэнтийд заларч байх ажээ.

Тэрээр Түмэлүний зүг хараа билчээж гуниг тээсэн гүн нүдээр энхрийлэх мэт харан инээвхийлээд дуудах мэт толгойгоо зөөлхөн дохилоо. Түмэлүн хөлөө зөөж ядсаар хэрэг хийсэн хүүхэд аятай гэмшингүй алхлан түүн дээр очиход "Бие чинь сайнгүй байна гэж дуулсан. Овоо илааршаа юу?" гараас нь зөөлхөн атгаж илэнгээ ийн асуувал "Би зүгээр дээ. Харин та? Та яаж байна?" гэж болгоомжлонгуй хариу асуув.

Цэцэйхэн бэхи дүүгийнхээ гарыг атгасан чигтээ тулганд ноцох галыг ширтэн хэсэг бодол болон суусанд Түмэлүн ахин юу хэлэхээ мэдсэнгүй дуугүй л тулганы зүг ширтэн байтал эгч доголон нулимс унаган уртаас урт яриа дэлгэлээ.

"Намайг энэ газарт анх ирэхэд хань болсон зүйл нь гагцхүү энэ хөсөр тулга болоод хэзээ ч бөхдөггүй галын дөл хоёр л байсан. Хэдэн зуун хүн , хэдэн мянган албат байгаад намайг тайвшруулан аргадаж чадах зүйл энд нэгээхэн ч үгүй. Эх эцгээ ахан дүүсээ санан бэтгэрч гансран байсан яг л тэр үед дөнгөж хөлд орж яваа бяцхан амьтан энэ тулгийг паацагнан тойрч, манцуйдаа бүдрэн унаад инээд бэлэглэж билээ. Амьд явахад утга уянга минь болон элэг дэвтээж эх хүн байхын жаргал эдлүүлж ирсэн үр минь. Буцахдаа авч ирсэн жаргалаа хэд дахиж нугалж зүүд зүрхийг минь хэмлэн байж амьнаасаа тасалсан амийг минь аваад явчихлаа." аньсган дээр нь арай хийн тогтож байсан нулимс зовихонд нь даруулан урсана.

"Би хэнээс амиа нэхэж өслөх юм бэ? Би хэнийг зүхэж хэнд гомдох юм бэ?"

Амьтан хүнээс өмгөөлөн хар хир халдаахгүй гэсэндээ хайраа дэлгэж энхрийлэн өсгөсөн үр хүүхдээ алдана гэдэг эхийн хясланг хэн хэрхэн үг болгон буулгаж чадах билээ.

Түмэлүн эгчийнхээ царай өөд эгцлэн харж зүрхэлсэнгүй өвдөгөнд нь бохирч суугаад өөрийнхөө эхийг өөрөөс нь хойш яажшуухан байгааг төсөөлөх төдийдөө дааж давшгүй нүгэл үйлдсэн мэт цээжээр нь хөндүүрлэж гэмээ наминчлах мэт дээлийнх нь хормойд хацраа наан мэгшлээ.

Хэсэгхэн зуур боловч үрээ алдсан эх, эхээ санасан үр биесээ аргадан тайтгарах мэт болцгоов.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now