I бүлэг: "Хүйтэн дайн"

899 90 17
                                    

1940-1990 оны үед, дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Хүйтэн дайны дараа хүмүүс "Дахин дайн битгий болоосой" гэж хүссэн гэдэг. Гэсэн ч яг тэр үеийн нөхцөл байдал шиг хүйтэн, хэрцгий дайн тэндээс 200-аад жилийн дараа болсон юм. Дэлхий ертөнцийг донсолгосон 2 дахь Хүйтэн дайн.

Хүнээс хэд дахин илүү ухаантай, хэд дахин илүүг хийх чадалтай роботууд технологийн хөгжил дэвшлээр олноор бүтээгдэж эхэлсэн билээ. Тэд энгийн хүмүүсийн хийх ажлыг хийж, хүнээс илүү байх тусам түүнийг бүтээсэн хүмүүс, эрх мэдэлтнүүд дэлхийг тэр чигт нь алдаа оноогоор дүүрэн, сул дорой хүмүүсийн оронд энэ хүйтэн төмрүүдээр дүүргэхийг хүссэн гэдэг. Ингэж л хүн төрөлхтөн, хүйтэн төмрүүдийн хоорондох дайн эхэлсэн юм.

Өөрсдөд нь хэрэгтэй, төмөр хүмүүстэй нь адил хэмжээний ухаантай хүмүүсийг л амьд үлдээн өөрсдийнхөө талд оруулж, бусдыг нь ганцыг ч үлдээлгүй хүйс тэмтрэхэд чиглэсэн энэ дайн нь чөмөг царцам хүйтэн байсан билээ. Хэрэв энэ дайн байгалийн шалгарал байсан гэвэл хүн төрөлхтөнд тохиож байсан хамгийн аймшигтай байгалийн шалгарал байсан биз. Тэд ердөө роботноос илүү ухаан муутай, роботноос илүү сул дорой байснаасаа болж үхлийг хүртсэн юм. Энэ дайнаар бүх хүн төрөлхтний 99.99999% нь мөхөж, үлдсэн 0.00001% нь л сохор азаар амьд үлдэж, үлдсэн амьдралаа нуугдаж, тэр хар дүр зураглалыг өдөр бүр санаж өнгөрүүлэх болсон нь харамсалтай. Мэдээж шинэ дэлхийг бүтээх тэр өдөр хүртэл.

Хүйтэн дайны хамгийн аймшигтай үеийн дараа дэлхийн зүг булан бүрээс амьд үлдэж чадсан дүрвэгчид ирж, энэ нь биднийг тэр хүйтэн төмрүүд, түүнийг бүтээсэн араатнуудаас өөрсдийгөө хамгаалах нууц бааз байгуулах түлхэц болж өгсөн юм. Тэдний амьдрахыг хүсэх хүсэл, энэ хэрцгийллийг зогсоох эрмэлзэл бүгдэнг нь нэгтгэсэн.

Бааз доторх зохион байгуулалт цэргийн бүтэцтэй ба энгийн хүмүүсээс сайн дураараа энэ албанд орсон хүмүүс хатуу чанга бэлтгэл сургуулилт хийж, амьд үлдсэн бүх хүмүүсийг хамгаалахийн тулд чанга дэглэмд байдаг билээ. Мөн баазын байршлыг анх үүнийг байгуулсан хүн болох генералаас өөр хүн үл мэднэ. Цэргүүд даалгаварт явахынхаа өмнө нүдээ боож, даалгавраас ирэхдээ ч нүдээ бооно. Энэ бүхэн нь амьд үлдсэн бүх хүмүүсийн хамтаар шинэ дэлхийг бүтээхэд ихээхэн хувь нэмэртэй гэдэг юм. Цэргүүд дундаас урвагч гарч ирсэн ч, нууц баазын маань байршлыг мэдэхгүй учир "хүйтэн төмрийн эцгүүдэд" мэдэгдэнэ гэж айх зүйлгүй.

Шинэ дэлхийн төлөө баазын бүх хүмүүс сард нэг удаа хөгшрөлт, өсөлтийг зогсоох тарилга хийлгэнэ. Дарга, цэргүүд, дүрвэгчид бүгд адил. Ингэснээр амьд үлдсэн хүмүүсийн хөгшрөх үйл явц маш удаан болох бөгөөд энэ нь бидний харж байгаа 18-тай охин яг үнэндээ 118-тай байх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Мэдээж шинэ дэлхийг бүтээх тэр өдөр үүний оршин суугчид хэрэгтэй болно. Харин тэд нь гагцхүү амьд хүмүүс бид л байх учиртай. Тарилга зарим нэгэн сөрөг нөлөөтэй ч, үүнтэй тэмцэх аргыг гал тогоо тэднийг хооллодог хоолонд хийнэ. Бааз газар доор байрлах тул хүмүүст махан хоол тийм ч их өгөхгүй. Тэдний гаднаас авах амин дэмийг хоолоор нь дамжуулж өгөхөөр хичээнэ.

Хүйтэн дайны дараанаас бид бүгд хэд хэдэн адил талтай болсон юм. Бид шөнө бүр тэр цус урсгасан аймшигтай өдрүүдийг зүүдлэн хар дардаг. Зарим нь алдсан гэр бүлээ үгүйлэн гашуудна. Зарим нь үймээн самуун дунд хөнөөхөөс аргагүйд хүрч, цааш харуулсан хүмүүсийнхээ хойноос гэмшинэ. Хүйтэн дайны дараа баазад байгаа хүмүүст ч, ер нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа "хүмүүс"-т шөнө бүр энэ аймшигтай дүр зураг зүүдлэгддэг болсон. Хүйтэн дайн сайн зүйлийг авчраагүй ээ. Энэ магадгүй хүмүүсийн амьдрах хүслийг бадраасан байж болох ч амьдрах утга учрыг нь бараг үгүй хийж орхисон юм. 

Мөн бид шинэ дэлхийг бүтээхийг хүсч байгаагаараа адил. Дайн болж, дахин гэм зэмгүй хүмүүсийн цусыг урсгасан тулаан болохыг хүсэхгүй байгаагаараа. Энэ л бүх хүмүүсийг нэгтгэж байгаа болов уу. Маш ховор тохиолдолд баазад шинэ дүрвэгч ирнэ. Тэр дүрвэгсэд хаа нэгтээ хоргодож байгаад нууц баазын талаар дуулан ирсэн байдаг. Гэхдээ энэ маш ховор тохиолдол. Учир нь роботуудыг бүтээсэн хүмүүс, роботуудынхаа хамтаар дэлхийн өнцөг булан бүрт тархан байрласан. Энэ нь тэдний дайнд ялсныг илтгэж байгаа хэрэг. Нууц баазаас цэргүүд тэр салан байрласан байрнуудыг хүйс тэмтрэхээр даалгаварт явах нь олонтоо. Тэдний зарим нь эргэж ирнэ. Заримийнх нь сүүдэр дахиж хэзээ ч үзэгдэхгүй. Хүйтэн дайн үүнд ялсан зүрхгүй хүмүүсийг улам л араатан лугаа болгосон билээ.

Үнэндээ хүйтэн дайн одоо ч чимээгүйхэн үргэлжилсээр байна гэдэг. Ямар нэг хөндлөнгийн зүйл үүнийг зогсоох хүртэл тэд нууц баазыг хайж, бид ч тэднийг чимээгүйхнээр отсоор байх болно. Тэр хөндлөнгийн зүйл нь байгаль дэлхийн зарласан дайн л байх биз ээ.

Хүйтэн дайн бүхнийг өөрчилсөн. Энэ нэрийг сонсох бүрт хүмүүсийн сэтгэл дэх бул хар чулуу хүндрэн чичирч эхлэх шиг болж, цус нь царцах шиг санагддаг. Энэ нь хүмүүсийг галзууруулна. Дайн ийм л хор уршигтай. Үүний хохирогчид үргэлж гэмгүй хүмүүс байдаг болохоор л тэр.

Дэлхий ертөнцийг донсолгосон хоёр дахь хүйтэн дайн бүх зүйл Бермудын гурвалжны мэдэлд ирэх хүртэл чимээгүйхэн үргэлжилсээр...

Note: За тэгэхээр Bermuda Triangle нь нийтдээ 2 том бүлгээс бүтнэ. Бүлэг бүртээ ойролцоогоор 15 хэсэгтэй байна байх гэж бодож байна. Эхний бүлэгт хүйтэн дайны дараах нөхцөл байдал, тиймэрхүү зүйлийн талаар гарах бол 2-р бүлгээс жинхэнэ утгаараа Бермудын гурвалжин, байгаль хүн хоорондын дайн гарч эхэлнэ. Энэ хэсгээс ерөнхийдөө хүйтэн дайны талаарх ойлголтыг авч чадсан байх гэж найдаж байна. Дараагийн хэсгээр бүх юм эхлэх нь байна шүү дээ. Чадах ядахаараа хурдан оруулах болохоор бүгдээрээ тэвчээртэй хүлээж байгаарай. Уншиж байгаад баярлалаа:))))💕❣

-Bermuda Triangle-Where stories live. Discover now