1|6 "Тусгай сургуулилт"

293 42 23
                                    

Lucas's P.O.V

Аюулын дохио мэт хүнгэнэсэн түгшүүртэй дуу чихэнд чангаар хадахад би огло харайн бослоо. Намайг юу болоод байгааг ч ойлгож амжаагүй байтал хаа нэгтээгээс ахмад Hill-ийн төв хоолой гарч,

"Тусгай цэргийн сургуулилтын цаг! Powell, яг одооноос 3 минутын дотор зүүн жигүүрийн 1 дүгээр хонгил дох сургуулилтын байранд ирнэ үү. Нарийн байршлыг RI-Pad руу чинь явуулсан. Би давтан хэлэхгүй." хэмээн зарлах нь тэр ээ. Би эргэн тойрноо гүйлгэн харвал тэр харагдсангүй. Саяны чимээ өчигдөр ахмад Hill-ийн надад өгсөн шилэн төхөөрөмжнөөс гарсан байжээ. Хажуудаа байсан төхөөрөмжийг аван харвал баазын газрын зураг дээр байгаа байршлыг минь тодоор үзүүлж, сая хэлсэн сургуулилтын байр хүртэлх замыг ногоон зураасаар тодорхой гэгч нь тэмдэглэсэн байв. Төхөөрөмжин дээр он, сар, цаг, өдөр шөнийн аль нь болоод байгаа нь байхгүй байсан ч унтсан цаг минь нүүрэн дээр нь тодорхой бичигдсэн байх аж.

2 цаг, 47 минут.

Гайхалтай.

3 минут гэдэг баазын нэг жигүүрээс нөгөө жигүүр хүртэл хөлөөрөө явж хүрэхэд дэндүү давчуу хугацаа тул би хурдхан шиг орноосоо өндийж, өрөөний минь буланд байсан "хуурай угаалга" гэсэн товчийг даран нүүр амаа угаах аядаад хар хурдаараа тэндээс гарлаа. Хувцсаа тайлалгүй унтчихсан байсан тул өмсөх гэж илүү цаг алдсангүй. Өчигдөр Croposp-оос гарч өрөөгөө олж ирмэгцээ ер бусын ихээр нозоорч, хувцсаа ч тайлалгүй унтаж орхисон билээ. Магадгүй эмнэлгийн хэсгээс гарсантай, эсвэл бөөлжис шиг харагддаг зутан идсэнтэй холбоотой биз. Одоо бодохнээ өрөөгөө ч сайн нягталж хараагүй юм байна. Сая харахад илүү дутуу эд хогшилгүй, ор, тавиур, хуурай угаалга гэсэн хэсгээс бусдаар цулгуй өрөө байсан. Эндхийн цэргийн өрөөнүүд бүгд л ийм биз ээ. Дүрвэгсдийн байрладаг өрөөнүүд ч мөн ийм байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэр өрөөнд их цаг зарцуулна гэж бодохгүй байлаа. Зөн совин минь тэнд зөвхөн унтахаар л орж байна гэж хэлж байв.

Би гартаа барьсан төхөөрөмжин дээрх газрын зураг руу хааяахан харж, том том алхлан явсаар, сүүлдээ гүйж эхэллээ. Бааз миний бодож байснаас хэд дахин том ажээ. Хамаг хурдаараа явсаар эцэст нь зүүн жигүүрийн нэгдүгээр хонгил руу уруудах үед RI-Pad минь хүрэх газраа ирснийг мэдэгдэв. Байдгаараа хичээсний эцэст хүрэх ёстой газартаа 2 секундын өмнө ирсэн нь энэ аж.

Сургуулилтын байрны хүнд төмөр хаалганы өмнө ирмэгцээ яахаа мэдэхгүй зогсчихлоо. Хаалгаар орохын тулд хурууны хээ, нүд, царайны хэлбэр, цусны бүлэг гээд олон зүйл шалгуулж ордог бололтой.

-Bermuda Triangle-Donde viven las historias. Descúbrelo ahora