New place

3.6K 197 6
                                    

Он жилүүдийн тэртээ, олон уулын цаана, хүний хөлөөс зайдуу ойн шугуйн дунд энэ түүх өрнөсөн юм. Хүний түүхэнд үүн шиг явдал үеийн үед олон тохиолдсон ч өнөөг хэрнэ мэддэг нэг нь ховор. Харин одоо нэг болтугай хүн болсон явдлыг олж мэдэн, хэзээ ч бүү мартаг хэмээн би бээр бичиж сууна.

Их Британи, Лондон хот, 1899 он. Тэр жилийн өвөл тэсгим жавартай хүйтэн байлаа. Нойтон цас өдөр шөнөгүй бударч нүүр нүдгүй шавхуурдана. Хүмүүс урдах замаа ч харах сөхөөгүй явах хэдий ч бүгд ажил төрөл рүүгээ яарсан байдалтай. Нүүрсний өтгөн хар утаа барилгуудын дээвэр дээрээс суунаглан цасыг хөө тортог болгоно. Тэр хар цас, хар өвөл байлаа.

Өгүүлэх түүхийн маань эзэн залуу эр уушийн газраас гарч ирээд шавар шалбааг, хөө тортог холилдсон зам дээгүүр туучин замын нөгөө тал руу гүйв. Бортгон малгай, өндөр захтай хүрэм өмссөн тэр бээр нэг гартаа чемодан, нөгөө гартаа цаг атгасаар замын баруун талд зогсож буй сүйх тэргэнд үсрэн суув. Тэгээд сүйх тэрэгний урд талын жижиг цонхоор сүйхчинд хэдэн фунт өгөн хүрэх газраа хэлмэгц тэр даруй сүйхэнд хөлөглөсөн хоёр морь ухасхийн давхилаа. Тэрэгний явж өнгөрсөн замын хоёр талаар шавхай үсчин орчныг будаж орхино.

Залуу эр малгайгаа тайлан хажуудаа тавьлаа. Тэгмэгц алтан шаргал үс нь духных нь урдуур унжиж ирэх бөгөөд залуу хойш нь нэг илээд л магнай нь илхэн гарав. Магнай тэнэгэр сайхан хархүү, Лондонгийн утаанд дарагдсан гоо үзэсгэлэн. Хаа хүрэх гэж яваа нь таашгүй. Ганцхан хором нүдээ аниад орхитол дуг хийчихжээ. Урьд орой нь явах бэлтгэлээ базаагаад нойргүй хоносон бололтой. Сүйх гэнэт зогсох үед цочин харвал хаа нэгтэй хөдөө газар ирсэн бололтой чимээ аниргүй байх бөгөөд агаар нь ч цэнгэг ажээ.

"Үүнээс цааш ганцаараа яв даа, хүү минь" гэхийг сонсоод сүйхнээс буувал өтгөн манан татсан байх бөгөөд сүйх цааш явах аргагүй болсон байв. Залуу талархснаа илэрхийлээд чемоданаа аван урагшлав. Очих ёстой газар нь энүүхэнд л байх ёстой боловч үзэгдэх орчин муутайн тул хаа нэг өндөр газрыг бараадан алхлаа. Хэсэг бэдчин явсны эцэст өндөр толгодын дээр гараад ирэв. Эндээс эргэн тойрон арай танагтай харагдана. Ирсэн газраа баримжаалан хаа хүрэх ёстойгоо бодвол баруун зүгт л бололтой. Хүрэх газрынхаа баримжааг гаргачхаад толгодын уруу жирийж гарав. Дээрээс үзсэн тайгын хэсэгхэн чөлөөнд зогсоо тэрбээр гадаа хүйтэнд даарч бээрээд цаашаа явахаас халшран зогссон ч алгаа хавсран үрж дулаацуулж аваад хөл мэдэн алхаж эхэллээ.

Faraway Asylum(Completed)Where stories live. Discover now