Confused

711 141 14
                                    

Шөнө дүлээр ойн гүнд хоёр хүн газар малтана. Өвөл газар хөлдчихдөг тул хөрсийг сэндийчихэд нэн хүндрэлтэй. Үүр шөнөөр жавартай хүйтнийг хэлэх үү. Гэсэн ч бээрсэн гараа ч анзаарах сөхөөгүй бушуу түргэн малтсаар.


"Гүнзгий, гүнзгий. Дахиад жаахан гүн ух." гэж нэг нь шавдуулав.

"Одоо болно оо. Хангалттай." гэж нөгөөх нь хариу хэлэв.

Тэд ухсан нүх рүүгээ чирч ирсэн хүүрээ дамнан шидээд гарт наалдсан шороогоо хавсран унагалаа.

"Ингээд болчихлоо. Тэр эндээ үүрд булагдана. Өт хорхойны хоол болон замхарна" хэмээн Жонатан хэлээд солиотой хүн лугаа удтал амаа даран хөхөрлөө. Түүний нүд яг энэ мөчид л жинхэнэ галзуурсан амьтан шиг гялалзан эргэлдэж байсан юм. Сэмүэлд ингэх нь таатай санагдаагүй ч энэ амьтныг дахин харахгүй болсондоо түүнээс дутахгүй баярлаж байсан тул тоолгүй өнгөрсөн юм.

"Бидэнд цаг алга. Гялс булчихъя" гэж Сэмүэл Жонатаныг шавдуулав.

"Ойлголоо. Тэгэлгүй яахав" гэж тэрээр хүүрээс нүдээ салгалгүй өгүүлж, хүрзээ аван овоолсон шороог дээрээс нь цацаж эхэллээ. Тэр бүр эрч хүч орчихсон, ганцаараа тэр дор нь булж орхив. Тэгээд дээрээс нь хэд сайн дэвсэж, урьд нүх байгаагүй мэт тэгшиллээ.

Хоёр залуу өнөөдрийнх шиг ийм тайван, сэтгэл хангалуун байж үзээгүй мэт санагдана. Хүйтэн жавар ч хайрахаа больжээ. Цээжин дээр нь дарж байсан хүнд бул чулууг аваад хаячихсан мэт л хөнгөрөөд явчихсан байлаа.

Буцаад харшийн хаалгаар орж, доод хонгилд ирсэн хойноо тэд цаашид яах тухайгаа бодох сөхөөтэй болов.

"Түүний бүх түлхүүр одоо бидний гарт байна. Одоо санаа зовох юм байхгүй. Гол нь бид юу ч болоогүй юм шиг л байх хэрэгтэй. Тэр эндхийн эмч байгаагүй. Бас хэний ч мэдэхгүй газар булчихсан болохоор хэн ч анзаарахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, болгоомжтой байхгүй бол горьгүй нь" гэж Сэмүэл хэлнэ.

Жонатаны толгойноос олгойдож байсан цус нүүрэн дээр нь хатаад тогтжээ. Тэр ханцуйгаараа хэд шувтарсан боловч арилсан шинж алга. Энэ хэвээр нь үлдээж болохгүй тул Сэмүэл зүгээр зогсохын оронд явж бүлээн ус, алчуур авчрахаар болов. Түүнийг явсан хойгуур Жонатан нөгөө л янзаараа өрөөнийхөө буланд очиж хана налан суулаа. Аймшигт араатан, заналт дайсан нь хэдий үхсэн ч нэг л зүйл дутуу юм шиг санагдан одоо хэрнэ мартаж чадахгүй байв. Өөрийг нь ийм болгосон хүмүүсийг бүгдийг нь яг адилхан алаад булчих юмсан, үгүй ээ бүр илүү тамлаж тарчлааж байгаад алаад өгөөч гэж гуйх үед нь тавтайхан хоолойг нь хэрчих адын хүсэл төрж байлаа. Гэвч түүнд тэгэх боломж даанч алга даа. Тэрээр энэ залуу эмчийг ашиглаад эндээс зугтаж, амьтай бүхнийг үгүй хийе ч гэсэн бодол төрсөнд гайхах юм алга.

Faraway Asylum(Completed)Where stories live. Discover now